| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2019/00887/И |
| Дугаар | 151/ШШ2019/01036 |
| Огноо | 2019-10-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2019/01036
| 2019 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 151/ШШ2019/01036 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын 05 баг, Уртбулаг05 хороолол, 02 байр, 51 тоотод оршин суух, Ч Д -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 03 баг, 02 гудамж, 09 тоотод оршин суух, Т.Д / холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Т.Д, гэрч П.Д, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Миний бие нь Т.Дашдондовт 5722031679 тоот дансанд 2019 оны 06 сарын 21-нд 1000 000 төгрөг 1 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, түүний 5722031679 тоот дансанд шилжүүлж зээлүүлсэн.Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.Д зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Удаа дараа утсаар ярьсан боловч цалин буугаагүй, захирал ирээгүй байна гэж шалтгаан хэлээд өгөхгүй байна. Иймд Т.Дашдондовоос үндсэн зээл 1000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг,нийт 1200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Хариуцагч Т.Д нэхэмжлэгч Ч.Д мөнгө зээлэх санал тавьж, өөрийн утаснаас нэхэмжлэгчийн 9914 утас руу дансны дугаараа явуулсан. Ч.Дөөрийн дансаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр 1000 000 төгрөгийг хариуцагчийн 5722031679 тоот данс руу шилжүүлснээр тэдгээрийн хооронд 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нь мөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болно. Т.Дашдондовын мөнгө зээлэх саналыг хүлээн авч мөнгө шилжүүлсэн болох нь дансны хуулга, гар утаснд хийсэн үзлэгээр нотлогдож байна. Хариуцагч Т.Д гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 1000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, нийт 1200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Миний бие болон найз П.Д бид Өмнөговь аймагт хүнд даацын машин барьдаг. Надад мөнгөний хэрэгцээ болоод найз П.Д мөнгө зээлэх үү, цалин буухаар хүүтэй өгье гэхэд тэр зөвшөөрч Ч.Д утас руу дансны дугаараа явуулчих гэсэн. Би нэхэмжлэгч Ч.Д танихгүй, мөнгө зээлэх талаар огт ярилцаагүй. П.Д хэлсний дагуу Ч.Д утас руу дансаа явуулснаар надад 1000 000 төгрөг дансаар орж ирсэн.
Би П.Д мөнгө зээлсэн тул түүний хэлснээр мөн Б.Болоргэгээ гэж найзынх нь данс руу 3 удаа шилжүүлэг хийж 1000 000 төгрөгөө хүүтэй хамт төлсөн. Иймд Ч.Д нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэв.
Гэрч П.Д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ... “Миний бие Ч.Д үерхэж, хамт амьдарч байгаад 2019 оны 07 сарын сүүлээр хоорондоо таарамжгүй харьцаатай болж, тусдаа амьдарч эхэлсэн. Би Өмнөговь аймагт ачааны машин барьдаг, цалин хөлсөө Ч.Д дансаар авдаг байсан. Т.Д хамт ачааны машины барьдаг, бид найз нөхөд бөгөөд надаас мөнгө зээлээч гэхэд Ч.Даваахүүд хэлээд түүний дансанд байгаа өөрийн мөнгөнөөс Т.Д зээлсэн. Т.Д нь миний хэлснээр Б.Болоргэгээ гэж хүний дансанд зээлсэн 1000 000 төгрөгөө, хүүтэй шилжүүлсэн. Б.Болоргэгээ надад өгсөн, Т.Д надаас зээлсэн мөнгөө төлсөн” гэв.
Гэрч Б.Болоргэгээ шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ... “Т.Д нь Томо гэсэн нэрээр 2019.07.26-нд 384400 төгрөг, 2019.07.30-нд 110 000 төгрөг, 649400 төгрөг шилжиж орж ирсэнийг би П.Дашцэрэнд өгсөн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан журмаар бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д хариуцагч Т.Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1200 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Т.Д нь мөнгө зээлээч гэхэд нь өөрийн данснаас түүний дансанд 1000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ...П.Дашцэрэнтэй тохиролцож мөнгө зээлж буцаан төлсөн, энэ мөнгө нь Ч.Д дансаар шилжиж орж ирсэн тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Днь Хаан банкны 5090533446 тоот данснаас хариуцагч Т.Дашдондовын 5722031679 тоот дансанд 99146993 дугаарын утсаар 2019 оны 06 сарын 21-ний өдөр 1000 000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн, хариуцагч нь хүлээн авчээ. /хх3/ Зохигч талууд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан талаар маргаагүй байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж..., мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд мөнгөн хөрөнгө шилжснээр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Ч.Днь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 1000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт болох гар утсанд хийсэн үзлэгт ...нэхэмжлэгч Ч.Д 99146993 тоот утас руу хариуцагч Т.Д 90116787 тоот утаснаас мөнгө зээлэх, өөрийн дансны дугаар явуулсан хүсэлтээр нотлогдож байгаа бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд мөнгө шилжсэнээр бодит үйлдлээр хийгдсэн байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.
Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуулиар зохицуулсан. Талуудын хооронд хүү тогтоож бичгээр гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 200 000 төгрөгийн хүү шаардах эрхгүй байна.
Хариуцагчийн ...Ч.Д шилжүүлэн авсан мөнгө нь гэрч П.Д хөрөнгө, П.Д мөнгө зээлэхээр тохиролцсон, түүнд буцаан төлсөн гэх тайлбар, гэрч П.Д... Ч.Д дансан дах мөнгө өөрийн цалингийн орлого, миний зөвшөөрлөөр Т.Дашдондовт шилжүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Б.Б...Т.Д миний дансанд шилжүүлсэн нийт 1143800 төгрөгийг П.Д өгсөн гэх мэдүүлгийг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй талаас нь үнэлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 1000 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Т.Д 1000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33 350 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН