Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2019/01037

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2019/01037

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Орхон аймгийн Баян-Өндөр сумын 05 баг, Уртбулаг05 хороолол, 02 байр, 51 тоотод оршин суух, Ч.Д ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 05 баг, УАА-16-04 тоотод оршин суух, И.Б  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гэрч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Миний бие нь И.Б 5721439667 тоот дансанд 2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөг нийт 700 000 төгрөгийг шилжүүлж,  21 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч И.Б нь төлбөрөө төлөөгүй өдий хүрч байна. Утсаар холбогдоход өгнө гэдэг, мессэж бичихэд хариу өгөхгүй байна. Үндсэн зээл 700 000 төгрөг, хүү 110 000 төгрөгийг И.Баярсайханаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “И.Б нь нэхэмжлэгч Ч.Даваахүүгээс мөнгө зээлэх саналыг тавьсан. Ч.Д өөрийн дансаар 2019 оны 07 сарын 04-нд 500 000 төгрөг, 2019 оны 07 сарын 14-нд 200 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авснаар тэдгээрийн хооронд 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ нь мөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болно. И.Б 700 000 төгрөгийн зээлдүүлэхийг нэхэмжлэгч Ч.Д гар утас руу мессэж бичиж, өөрийн дансаа явуулж мөнгөө хүлээн авсан болох нь гар утаснд хийсэн үзлэгээр нотлогдож байна.  И.Б гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 700 000 төгрөг, хүү 110 000 төгрөг, нийт 880 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч И.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан тайлбартаа ...  “Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. И.Б нь өөрийн найз П.Д 700 000 төгрөгийг хугацаа заахгүй, амаар тохиролцон, хүүгүй  зээлсэн.  П.Д нь Өмнөговь аймагт уул уурхайн компанид ажилладаг, өөрийн цалингаа нэхэмжлэгч Ч.Д дансаар авдаг байсан. П.Даваахүүгээс зээлсэн мөнгө нь П.Дашцэрэнгийн мөнгө юм.  Энэ мөнгө нь П.Дашцэрэн, И.Б нарын хоорондын тохиролцоо бөгөөд нэхэмжлэгч Ч.Д нь энэ мөнгөнд хамааралгүй зөвхөн түүний дансыг ашиглаж шилжүүлсэн учир нэхэмжлэл гаргах эрхгүй, Ч.Д дансанд байсан мөнгөний эх үүсвэр нь П.Дашцэрэнгийн цалингийн тогтмол орлого юм. П.Дашцэрэнгийн дансны хуулгаас үзэхэд Ч.Д данс руу тогтмол мөнгө шилжүүлж байсан нь тодорхой харагдана. Мөн нэхэмжлэгчийн яриад байгаа 21 хоногийн 15 хувийн зээлийн гэрээ ерөөсөө байгуулагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх12/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “И.Баярсайхан, П.Дашцэрэнтэй найз нөхдийн холбоотой, хамтдаа ажилладаг хүмүүс юм. П.Д нь нэхэмжлэгч П.Д хамтын амьдралтай бөгөөд өөрийн цалин хөлсөө Ч.Д дансаар авдаг байсан.

И.Б мөнгөний хэрэгцээтэй болоод П.Д 200 000 төгрөг, 500 000 төгрөг зээлээч гэхэд Ч.Д дансаар мөнгө орж ирсэн. П.Д зээлсэн 700 000 төгрөгийг буцаагаад түүнд төлсөн. Харин П.Д мөнгө зээлэх талаар огт ярилцаагүй тул шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.

Гэрч П.Д шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ ... “Миний бие П.Д үерхэж, хамт амьдарч байгаад 2019 оны 07 сарын сүүлээр хоорондоо таарамжгүй харьцаатай болж, тусдаа амьдарч эхэлсэн. Би Өмнөговь аймагт ачааны машин барьдаг, цалин хөлсөө Ч.Д дансаар авдаг байсан. И.Б нь надтай хамт ачааны машины барьдаг, бид найз нөхөд бөгөөд надаас мөнгө зээлээч гэхэд Ч.Даваахүүд хэлээд түүний дансанд байгаа өөрийн мөнгөнөөс И.Баярсайханд зээлсэн. И.Б надаас зээлсэн 700 000 төгрөгөө бэлнээр төлсөн” гэв.

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, дансны хуулга, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан журмаар бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ч.Д хариуцагч И.Баярсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 810 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... И.Б нь мөнгө зээлэх тухай санал тавьсаны дагуу өөрийн данснаас түүний дансанд 700 000 төгрөгийг, 21 хоногийн хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ... П.Д тохиролцож мөнгө зээлж буцаан төлсөн, энэ мөнгө нь Ч.Д дансаар шилжиж орж ирсэн тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ч.Д нь Хаан банкны 5090533446 тоот данснаас хариуцагч И.Б 5721439667 тоот дансанд 99146993 дугаарын утсаар 2019 оны 07 сарын 14-ний өдөр 200 000 төгрөг, 2019 оны 07 сарын 04-ний өдөр 500 000 төгрөг тус тус зээл гэсэн утгаар шилжүүлсэн, И.Б хүлээн авчээ. /хх3,4/ Зохигч талууд мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан талаар  маргаагүй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж ... мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд мөнгөн хөрөнгө шилжснээр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 700 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан  нотлох баримт болох гар утсанд хийсэн үзлэгт ... нэхэмжлэгч Ч.Д 99146993 тоот утас руу хариуцагч И.Б 88944488 тоот утаснаас мөнгө зээлэх, өөрийн дансны дугаар явуулсан хүсэлтээр  нотлогдож байгаа бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд мөнгө шилжсэнээр бодит үйлдлээр хийгдсэн байх тул тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.

Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуулиар зохицуулсан. Талуудын хооронд хүү тогтоож бичгээр гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь 110 000 төгрөгийн хүү шаардах эрхгүй байна.

Хариуцагчийн ...Ч.Д шилжүүлэн авсан мөнгө нь гэрч П.Д хөрөнгө, П.Д мөнгө зээлэхээр тохиролцсон, түүнд буцаан төлсөн гэх тайлбар, гэрч П.Д... Ч.Д дансан дах мөнгө өөрийн цалингийн орлого, миний зөвшөөрлөөр И.Б шилжүүлсэн гэх мэдүүлгийг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй талаас нь, мөн гэрчийн мэдүүлгийн эх сурвалж болох түүний ХААН банкны 5721674168 тоот данснаас нэхэмжлэгчийн 5090533446 тоот данс руу цалин орлогыг шилжүүлсэн баримт /2019.07.05/ нь мөнгө зээлэх талаар зохигч талуудын хэлцлийн  дараа хийсэн байх тул хариуцагч талаас гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолгүй талаас нь тус тус үнэлсэн болно.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 700 000 төгрөгийг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус зааснаар хариуцагч И.Б 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 110 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 24 230 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагчаас 21 350  төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН