Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч Ч.******* /онлайн/

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Орхон аймаг *******-******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт амьдрах, Орхон аймаг *******-******* сумын 10 дугаар баг, Нарангийн 26-05 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хорих ******* дугаар хорих ангид хорих ял эдэлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Балжин овогт -ийн *******. /РД:ФБ83**************10/

 

           Шүүгдэгч Ц.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ******* дугаар хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд хорих ангийн даргын баталсан хоригдлын чөлөөт цагийн хуваарийн дагуу хоригдлын чөлөөт цаг эдлэх хугацаандаа хоригдол Ч.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний баруун шанаан тус газарт зүүн гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн …. ... 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр оройн 20 цагаас чөлөөт цаг эхэлсэн. 21 цагийн үед би теннис тоглож байсан хүмүүс дээр очсон. Эд нар тоглож байхаар нь би *******д хандаж чи сая тоглосон ш дээ би тоглоно гэхэд надад цохиур модоо өгөөд сандал дээр очиж суусан. Би теннис тоглож дуусчихаад нойл орчихоод буцаж ирээд *******гийн хажууд суусан. Чи камертай газар томроод байх юм айлгах хүнээ айлгаарай гэхээр нь одоо хоёулаа больё хэн хэндээ гай болоод яахав гэж 4 удаа сануулсан. Эсвэл гараад зодолдъё эсвэл нойл ороод зодолдох уу гэж ******* хэлэхээр нь би зүүн гараараа баруун шанаа руу нь нэг удаа цохисон. ******* намайг заамдаж авахад хоригдол Өнөболд бид хоёрыг салгасан. Хэсэг сууж байгаад ******* дээшээ хоёр давхар луу шатаар гарч явсан. Буцаж бууж ирээд нойлын өрөөний үүдэнд намайг дуудахаар нь би очиход эрүү сонин болсон байна гэж амаа ангайлгаж надад харуулсан. Шүднийх нь завсраар цус шүүрч байсан. Тэгээд би өрөө лүүгээ явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч Ч.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... Миний хувьд эрүү гажигтай болж эдгэсэн. Би дахин хагалгаанд орох зардлыг *******өөс нэхэмжилж байсан боловч ******* сая өмнөх хэргийнхээ хохирол төлбөр төлж байгаагаа хэллээ. Иймд би хагалгаанд орох зардлыг нэхэмжлэхгүй. Тэр өдөр ******* хүрч ирээд хуцаад байлгүй зүгээр суу гэж дээрэлхэнгүй хэлсэн. Тэгээд дараа нь миний хажууд суугаад чи сая юу гээд байсан бэ гэж хэрүүл маргаан өдөхөөр нь би хоёр хүүхэдтэй хүн шүү хэрүүл маргаан хийгээд яахав гээд босох гэхэд намайг цохисон. Намайг дөнгөж ирээд 7 хонож байсан болохоор дээрэнгүй хандсан байх. Одоо миний хувьд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй. Би уул нь анхнаасаа *******т гомдол гаргана гэж бодоогүй. Эвшээж байгаад ийм болчихлоо гэж тухайн үед хэлж байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ш.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2022 оны 11 лдүгээр сарын 17-ны өдөр ээлжийн бүрэлдэхүүний хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ... Тэгээд 21 цаг ******* минутын орчимд хоригдол ******* над дээр ирээд эвшээж байгаад эрүүгээ эвгүй болгочихлоо сувилагчид үзүүлээд өгөөч гэхээр нь би сувилагчийг дуудаад үзүүлтэл гаднаас нь харахад хавдсан барьсан эрүү шархалсан ямар нэгэн бэртсэн зүйл харагдаагүй.... Тэгээд би төлөөлөгч ахлах дэслэгч Г. танилцуулаад уулзуулсан. Тэгсэн Болдбаатарт хоригдол ******* намайг хоригдол Ц.******* цохисон гэж хэлсэн байсан. Тэгээд би орой 22 цаг ******* минутын үед утсаар ангийн дарга хурандаа Б. болон бусад удирдлагуудад танилцуулсан гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 14 ...... Дүгнэлт:

1.Ч.*******гийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн гэмтэл, эрүүний хугарлыг хадаж бэхэлсэн мэс заслын дараах байдал тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх /Хх-н 73-74 дүгээр хуудас/

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 439 ..... Дүгнэлт:

1.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны Мандал сум дахь ШШХэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн № 14 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Ч.*******гийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, эрүү ясыг хадаж бэхэлсэн мэс ажилбар /2022.11.22/ гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Ч.*******гийн биед дээрх гэмтлүүдээс өөр гэмтэл тогтоогдсонгүй гэх /Хх-н 156-157 дугаар хуудас/

Хоригдол Ц.*******ийн хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /Хх-н 99-100 дугаар хуудас/

Хоригдол Ц.*******ийн ялын тооцоог 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон бодсон тодорхойлолт /Хх-н 101 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг Мандал сум дахь ******* дугаар хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21-22 цагийн орчимд хорих ангийн даргын баталсан хоригдлын чөлөөт цагийн хуваарийн дагуу хоригдлын чөлөөт цаг эдлэх хугацаандаа хоригдол Ч.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний баруун шанаан тус газарт зүүн гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан  болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.*******ийн хохирогч Ч.*******гийн баруун шанаан тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хоригдлын чөлөөт цаг эдлэх хугацаандаа би теннис тоглоно чи сая тоглосон биз дээ гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******т энэ шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 жил 05 сар 11 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд 08 жил 06 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******т оногдуулсан 08 жил 06 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, Ц.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Ч.******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч Ч.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан болон гарах зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Балжин овогт -ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******т энэ шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 01 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 жил 05 сар 11 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн бүгд 08 жил 06 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******т оногдуулсан 08 жил 06 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            7. Хохирогч Ч.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан болон гарах зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.