Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-1979 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б, 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 01 жил ******* сарын хугацаагаар хорих ялаар

- 1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар

- 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хорих ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзсан

- 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 01 жил ******* сарын хугацаагаар хорих ялаар

- 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар

- 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 01 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар

- 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 сарын хугацаагаар баривчлах ялаар

- 2015 оны 12 дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймигийн ******* сум дахь сум дундын шүүхийн № 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар, нийт эдлэх ялыг 02 жилийн  хугацаагаар тогтоож, 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МИ63**************11/

 

           Шүүгдэгч А.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Б. хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг жижиг модон суран ташуураар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн …. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Жижиг модон ташуураар нүд рүү 2 удаа, дал руу нэг удаа цохисон. ******* архи уусан байсан эсэхийг нь би мэдэхгүй. Ороод сайхан хаваржиж байна уу гээд мэндэлсэн чинь миний сайхан муухай хаваржих чамд хамаагүй гэж хэлээд намайг ташуураар цохисон. ******* нь манай хүргэн ах байгаа юм. ..Миний толгой одоо хүртэл таллаж өвдөөд байгаа тул байнгын өвчин намдаах эм ууж байгаа. Цаашид эмчилгээ хийлгээд гарах зардлыг нэхэмжлэх болно. Өөр гомдол санал байхгүй. Одоогоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2023 оны 04 дүгээр сарын 14-нд 16 цагийн үед Сэлэнгэ аймаг ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* гэх газарт гэртээ нөхөр *******ийн хамт сууж байхад гаднаас Б. орж ирсэн. Тэр үсний машин авахаар манайд ирсэн. Манай нөхөр ******* чи нөгөө хүүхнээсээ салсан гэсэн буцаад суусан юм уу гэж асуусан. Тэгээд манай нөхөр ******* ташуур авч Б.ын араас дал руу нь нэг удаа ороолгосон. Тэгсэн уурлаад босч ирээд нөхөр *******ийг орон дээр боож унагаасан. Би болиоч гээд ын гарнаас татаж авсан боловч дийлэхгүй байсан. Харин нөхөр *******ийг орхиод гэрээс гарч явсан гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 84 ...... Дүгнэлт:

1.Б.ын биед зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн эгэм хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхиноос зүүн хацар хүрсэн зулгаралт, зулгаралт эдгэрч сорви тогтсон, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн туё бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 21-22 дугаар хуудас/

Яаралтай тусламжийн хуудас №1302, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 17-18 дугаар хуудас/

Шүүгдэгч А.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 52 дугаар хуудас/

А.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 57 дугаар хуудас/

Хохирогч Б.ын Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан эмчилгээний зардалд 300000 төгрөг авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  65 дугаар хуудас/

Шүүгдэгч А.*******ийн Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 66 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Сэлэнгэ аймаг ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч Б. хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг жижиг модон суран ташуураар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас, 15 дугаар хуудас/, гэрч Л.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн № 84 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч А.*******ийн хохирогч Б.ын нүүр болон дал руу нь жижиг модон суран ташуураар цохиж зодсон үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний ар хэсэг, зүүн эгэм хэсэгт цус хуралт, зүүн нүдний доод зовхиноос зүүн хацар хүрсэн зулгаралт, зулгаралт эдгэрч сорви тогтсон, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.*******  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.