Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 107

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

           

      Улсын яллагч                                              А.Золзаяа

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                         А.Ариунзаяа

      Хохирогч                                                 Х.Бямбаа

      Нарийн бичгийн дарга                           С.Энхтайван нар  оролцов.

 

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Содномцэрэнгийн Төмөрт холбогдох эрүүгийн 201618000172 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

          Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, ээж нарын хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3-р баг, 2-р хэсэг, 58 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 20-р шүүхийн 2014 оны 08-р сарын 27-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  өршөөлийн хуульд хамрагдан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн  01 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг  өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Содномцэрэнгийн Төмөр, /РД: МЖ-94022616 /,

 

        Шүүгдэгч Төмөр нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ”Ноён-Уул” эмийн санд нэвтрэн орж 349,500 төгрөг, 13,500 төгрөгний үнэ бүхий автомашины эмийн сан, 28,500 төгрөгний үнэ бүхий цахилгаан сахлын машин зэрэг эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж Д.Ундрахчимэгт 391,500 төгрөгний хохирол учруулсан, мөн 2016 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Элгэмсэг” нэртэй дэлгүүрт нэвтрэн орж 185,000 төгрөг, 30,000 төгрөгний үнэ бүхий “Нокиа” 35-10 маркийн гар утас, 85,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Галакси” эс 1 маркийн гар утас, “Соёмбо” нэртэй архи 2 ширхэг, “Монгол” нэртэй архи 2 ширхэг, “эссэ” тамхи 10 хайрцаг, /1 блок/, “улаан шонхор” тамхи 20 хайрцаг /2 блок/ зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлан Л.Алтанзулд 481,000 төгрөгний хохирол учруулсан, мөн согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг “Охиндий” гэх газар байрлах иргэн Х.Бямбаагийн өвөлжөөнд байх байшинд нэвтрэн орж их гарын, дунд гарын мөнгөн аяга, ясан савхтай үүсэн бариултай хэт хутга зэргийг хулгайлан Х.Бямбаад 780,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

          1. Шүүгдэгч С.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын  21-нд  сэжигтнээр  өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд оршин суудаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Дархан-Уул аймгийн хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаад суллагдсан. Ингээд Зүүнбүрэн сумандаа очоод 2 хоногийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед ганцаараа Зүүнбүрэн сумын төвд байдаг “Ноён уул” нэртэй эмийн сангийн хашаагаар дамжин орж хойд хаалгыг нь хашаан дотор байсан лоомыг авч хаалганы цагаан өнгийн төмөр цоожийг доош нь дарж мултлан дотогш орж барилгын материалын дэлгүүр байрлах хэсэгт орж 1 блок “улаан шонхор” нэртэй тамхи, 1 блок “парламент” нэртэй тамхи хулгай хийж аваад цааш дамжин эмийн сангийн өрөөний хаалганы цагаан өнгийн төмөр цоожийг лоомоор эвдэн дотогш орж цагаан хуванцар олон шүүгээтэй шургуулгад байсан 300,000 орчим мянган төгрөг аваад арын өрөөнд нь байсан хар өнгийн эмэгтэй хүний гар цүнхнээс 47,000 төгрөг хулгай хийж авсан. Тэгээд буцаад орж ирсэн газраараа гарсан ба гарахдаа цоожийг нь хийж байгаад лоомоор цохиж оруулаад эвдрээгүй мэт болгоод явсан. Ингээд шөнөдөө гэртээ ирж хоноод Улаанбаатар хот руу явсан.

          ...Түүний дараа 2016 оны 04 дүгээр сарын ихээр шиг санагдаж байна. Цагааннуур суманд хөдөө айлд очихоор явсан. Ингээд Самбуу гэж айлыг сумын төвд ирээд хүнээс асуухад хөдөө хол байдаг гэхээр нь очихоо болиод Зүүнбүрэн сум руу буцах гэсэн боловч замын зардал байхгүй мөн гэдэс өлсөөд байхаар нь шөнө 02 цагийн үед Цагааннуур сумын төвд байдаг “Элгэмсэг” гэдэг дэлгүүрийн таазаар нь дамжин 2 банзыг нь холдуулж байгаад дэлгүүр лүү орж дэлгүүрийн лангуун дээр байсан “Соёмбо” архи нэг шил, “Монгол” нэртэй архи нэг шил, “Эссэ” тамхи нэг блок, “улаан шонхор” тамхи нэг блок, Нокио 33-10 загварын утас нэг ширхэг, цагаан өнгийн мэдэрдэг дэлгэцтэй утас зэргийг хулгай хийж авсан. Ингээд орж ирсэн газраараа дамжин гарсан ба дэлгүүрийн хажуугийн буланд 2 шил архи хагалаад, 3 ширхэг гар утсаа Улаанбаатар хотод очоод Хархорин зах дээр танихгүй хүнд 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр бодож зарчихсан. Би тэр хүнээ хараад танихгүй.

          ...Түүний дараа Зүүнбүрэн суманд байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр голд орж байгаад цагдаа нараас зугтаах зорилгоор Зүүнбүрэн сумын Охиндий гэдэг газар явж байгаад цагаан өнгийн байшинтай малтай айлын хажуугаар явахад хүн харагдахгүй байхаар нь цонхыг нь дотогш түлхэж ороод дотроос нь гал тогооны өрөөнд байсан модон шкафанд их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, авдар дээр нь байсан хэт хутга зэргийг хулгай хийж авсан. Тухайн үед намайг тэр айлаас гараад явж байхад морь барьж байгаа 2 хүн тааралдаад “намайг хаа хүрч байгаа юм бэ” гэж асуухаар нь “би загасанд явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би загас барих хэрэгсэлтэй явж байсан ба хар зүстэй нохой дагуулж явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 69-р ху/,

          2.Шүүгдэгч С.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 25-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2015 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед ганцаараа Зүүнбүрэн сумын төвд байдаг “Ноён уул” нэртэй эмийн сангаас хулгай хийхээр орж барилгын материалын дэлгүүрт байрлах хэсэгт орж 1 блок “улаан шонхор” нэртэй тамхи, 1 блок “парламент” нэртэй тамхи хулгай хийж аваад цааш дамжин эмийн сангийн өрөөний хаалганы цагаан өнгийн төмөр цоожийг лоомоор эвдэн дотогш орж цагаан хуванцар олон шүүгээтэй шургуулгад байсан 300,000 орчим мянган төгрөг аваад арын өрөөнд нь байсан хар өнгийн эмэгтэй хүний гар цүнхнээс 47,000 төгрөг хулгай хийж авсан.

          Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын ихээр шиг санагдаж байна. Цагааннуур суманд хөдөө айлд очихоор явсан. Ингээд Самбуу гэж айлыг сумын төвд ирээд хүнээс асуухад хөдөө хол байдаг гэхээр нь очихоо болиод Зүүнбүрэн сум руу буцах гэсэн боловч замын зардал байхгүй мөн гэдэс өлсөөд байхаар нь шөнө 02 цагийн үед Цагааннуур сумын төвд байдаг “Элгэмсэг” гэдэг дэлгүүрийн таазаар нь дамжин 2 банзыг нь холдуулж байгаад дэлгүүр лүү орж дэлгүүрийн лангуун дээр байсан “Соёмбо” архи нэг шил, “Монгол” нэртэй архи нэг шил, “Эссэ” тамхи нэг блок, “улаан шонхор” тамхи нэг блок, Нокио 33-10 загварын утас нэг ширхэг, цагаан өнгийн мэдэрдэг дэлгэцтэй утас зэргийг хулгай хийж авсан. Ингээд орж ирсэн газраараа дамжин гарсан ба дэлгүүрийн хажуугийн буланд 2 шил архи хагалаад, 2 ширхэг гар утсаа Улаанбаатар хотод очоод Хархорин зах дээр танихгүй хүнд 1 ширхэгийг нь 5000 төгрөгөөр бодож 10.000 төгрөгөөр зарчихсан. Би тэр хүнээ хараад танихгүй.

          ...Түүний дараа Зүүнбүрэн суманд байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр голд орж байгаад цагдаа нараас зугтаах зорилгоор Зүүнбүрэн сумын Охиндий гэдэг газар явж байгаад цагаан өнгийн байшинтай малтай айлын хажуугаар явахад хүн харагдахгүй байхаар нь цонхыг нь дотогш түлхэж ороод дотроос нь гал тогооны өрөөнд байсан модон шкафанд их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, авдар дээр нь байсан хэт хутга зэргийг хулгай хийж авсан. Тэгээд галт тэргээр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод мөнгөн аяга, хэт хутга зэргийг Сонгинохайрхан дүүргийн Хархорин захаас хойш 12 дугаар байрны ар талын ломбарданд 2 ширхэг аяга, хэт хутга бүгдийг нийлүүлээд 65,000 төгрөгний барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа гудамжинд явж байсан танихгүй хүний бичиг баримтаар барьцаанд тавьсан. Ломбардны бичиг нь надад байж байгаад би хаячихсан. Одоо надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, тэр бичиг баримтаар нь тавьсан хүнийг одоо хараад танихгүй, мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 76-р ху/,

3. Шүүгдэгч С.Төмөрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Нийт гурван удаа бусдын орон байр болон дэлгүүрт нэвтрэн орж хулгай хийсэн. Ээжийн тэтгэврээр хохирогч Д.Ундрахчимэгийн 391.500 төгрөгийн хохирлыг барагдуулсан Дандаа архи уусан байхдаа хулгай хийсэн.  Хулгайлж авсан эд зүйлүүд тохирч байгаа. Хулгайлсан эд зүйлээ зарж ээжийнхээ эм тарианд зарцуулдаг байсан. Эгч хүүхдээ хараад гэр зуур байдаг, ээж тэтгэвэрт гарсан. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг,

          4. Хохирогч Х.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06-р сарын 30-ны өдөр өгсөн:  ...Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт Бэлчирийн 2 дугаар багт эхнэр Сэржмядаг, хүү Сундуй нарын хамт оршин суудаг. 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /ням/ гаригт өдрийн 12 цагийн үед Охиндий зуслангийн гэртээ байж байгаад би эхнэр хүүхэд нарын хамт Улаанбаатар хот явах гээд Сэлэнгэ аймагт орж ирэх гээд замд Шаамар дээр явж байхад миний таньдаг Хүлгүүнээ залгаад “танай өвөлжөөний байшин дээр нэг танихгүй дугуй унасан хүн явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр би “ямар учиртай юм болоо, та очоод мэдээдэхээч” гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа Хүлгүүнээ рүү би залгаад юу болсон талаар асуухад “танай өвөлжөөн дээр байсан хүнийг би дагуулаад явж байна, загсанд явж байгаа хүн юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за” гэж хэлээд утсаа салгасан. Маргааш нь буюу 2016 оны 06 дугаар сарын 20-ны 11 цагийн үед залгаад “танай байшинд хулгай орчихсон байна” гэж яриад утсаа салгасан. Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар луу утасдаж дуудлага өгсөн. Цагдаагийн газар дуудлага өгсний дараа төрсөн ах Х.Даваа руу залгаж “манай гэрт хулгай орчихсон байна, та очоод цагдаагийн ажилтан очтол байж байгаач” гэж ярьсан. Манай байшингийн үүдний амбаарны монгол цоожийг хөшиж, эвдээд хаалга онгойлгоод дотор талын хаалганы нууц цоожийг бас эвдэж орсон байсан. Гадна талын цонхийг хаасан байсан модон хаалтыг газар унагаасан. Гарахдаа хаалгыг дотор талаас нь хаагаад цонхоор гараад явсан байсан гэж манай ах Даваа хэлсэн. Манай байшингийн авдар дотор байсан их гарын, дунд гарын мөнгөн аяга, ясан савхтай, үүсэн бариултай хэт хутга алга болсон байсан. Том мөнгөн аяга нь ямар нэгэн онцлог шинж тэмдэг байхгүй. Дунд гарын аяга болохоор хажуу хэсгээрээ унаад бага зэрэг хонхойосон, хутга нь гал гаргадаг цохиуртай, мөнгөн нарийн гинжтэй бүсэд бүсэлдэг оосортой 30 гаран см урттай. Манай хамаатан садангийн хүмүүс, хөрш айлын хүмүүс мэддэг. Баяр ёслолоор хэрэглээд бусад үед нь хадгалдаг. Зарж борлуулах талаар ямар нэгэн хүнтэй уулзаж байгаагүй. Манай аав, ээжээс өвлөж ирсэн эд зүйлс их гарын мөнгөн аягаа 350,000 төгрөг, дунд гарын мөнгөн аягаа 300,000 төгрөг, хэт хутга 350,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 44-р хуудас/,

5.Хохирогч Х.Бямбаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. 2016 оны 06 дугаар сарын 19-нд бүтэн сайн өдөр байсан. Тэр өдөр би Улаанбаатар явах гээд урдуураа Шаамараар явах болсон. Гэтэл тэнд явж байсан чинь Хүлгүүнээ гэж хүн утсаар “танай өвөлжөөн дээр нэг хүн байна” гэж хэлсэн. Би “ямар хүн байна, та очоод хараад өгөөч” гэж хэлэхэд “нэг банди байсан, загасанд явж байгаа хүн юм болов уу” гэж хэлсэн. Би ч гэсэн тэгж бодсон. Тэр үед гол их үертэй байсан. Тэгээд ч манай тэр хавьд загас их байдаггүй. Би “манайд тийм хүн байх ёсгүй та тэр хүнээ дагуулаад гарчих” гэж хэлсэн. Дагуулаад явж байхад нь “юмаа мартчихлаа гээд буцаад явсан” гэсэн. Тэр хүнийг явуулаад өөрөө юмаа мартчихлаа гэж хэлээд очиж манайхыг ухсан байсан. Манай хажуу айлын хүн “танай гэрийг хүн ухчихаж” гэж маргааш нь хэлсэн. Би надтай холбоо барьсан Хүлгүүнээ гэдэг ахаас “манай өвөлжөөн дээр байсан хүн ямархуу? царайтай хүн байсан бэ” гэж асуухад “жижигхэн биетэй шар царайтай хүн байсан” гэж хэлсэн. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан болохоор хэргийн газарт ирж чадаагүй. Би нэгдүгээр багт байдаг ахыгаа “очоод үзээд өгөөч” гэж хэлсэн. Манай ахыг очоод үзэхэд манай гэрийг орвонгоор нь эргүүлсэн байна гэж хэлсэн. Тэр үед мөнгөн аяга хэт хутга гэх мэт эд зүйлүүд алдагдсан байна гэж бодож байсан. Гэтэл сүүлд манай эхнэр гэртээ очоод гэрээ цэвэрлэж байхад бууны сум, өөрийнх нь хэрэглэдэг байсан жижиг савтай ээмэг зүүлт гэх мэт зүйлүүд алга болсон байсан  Үнэлгээгээр тогтоосон 780.000 төгрөгөө нэхэмжлэнэ. Энэ хүүхдийг ажил төрөл хийлгэж хохиролоо төлүүлмээр байна.  ...гэх мэдүүлэг,

6.Хохирогч Л.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06-р сарын 18-ны өдөр өгсөн:  ...Би 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ амарч байхад над руу худалдагч Даваасүрэнгийн нөхөр Чинзориг залгаад “дэлгүүрт хулгай орчихож, та цагдаа аваад хүрээд ирээч” гэхэд нь  би дэлгүүр лүүгээ очсон юм. Дэлгүүртээ очтол манай дэлгүүрийн гадна хаалга цоож нь бүрэн бүтэн байсан. Дотогшоо ортол хөлдөөгчний дээд талын дүүжин тааз нурсан байдалтай шавар шохой доошоо унасан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Чинзориг руу залгатал “аймгийн төвд ажилтай явна” гэхээр нь дэлгүүрээ түгжиж хүлээж байгаад өдрийн 15 цагийн үед Чинзориг ирэх үед нь дэлгүүрээ онгойлгон үзүүлж зургийг нь авахуулсан. Манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын шувуун нурууны баруун булан хэсгээс 4 ширхэг банз хууларсан, дэлгүүрийн модон баганы хэсгийн дээд талын дүүжин тааз хэсгээс 2 ширхэг банз хуулан, дүүжин таазнаас 2 ширхэгийг доош унагаад орсон байдалтай байсан. Манай дэлгүүрийн архины лангууны хамгийн дээд тавцангаас 2 шил Соёмбо архи, 2 шил 0,75 литрийн Монгол гэх архи, ертөнцийн зүгээр зүүн талын төв лангууны хамгийн доод талын лангуун дээрээс нэг блок дотроо 10 ширхэг ESSE тамхи, Улаан шонхор гэх тамхи 2 блок, дотроо 20 хайрцаг, Нокиа 35-10 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Галакси S1 маркийн гар утас 1 ширхэг, мөн зүүн талын лангууны хамгийн доод талын тавцан дээр тавьсан байсан 185,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,

          7.Хохирогч Л.Алтанзулын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 01-ны  өдөр өгсөн:  ...Би эд зүйлийн үнэлгээгээр гарсан үнэлгээгээр нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцсан. Ямар нэгэн хүсэлт байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р ху/,

          8.Хохирогч Д.Ундрахчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06-р сарын 18-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хувиараа эмийн сан ажиллуулдаг байж байгаад өөрөө ажиллах боломжгүй болоод өөрийн найз Одонтуяаг гуйж ажиллуулсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны орой 17 цагт манай найз эмийн сангаа хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед нөхөр бид 2 барилгын гадна хаалга онгойхгүй газаар халааж байгаад онгойлгож дотогш орсон. Дотор хаалгыг онгойлгох гэхэд түлхүүр нь таарч өгөхгүй онгойхгүй байсан тул нөхөр Отгонбаяраар хаалганы цоожийг бээрсэн байна гэж бодоод газаар халааж байгаад онгойлгож орсон. Ингээд манай нөхөр Отгонбаяр, Одонтуяа бид 3 эмийн сан руу ороход юу ч анзаарагдаагүй. Тэгээд Одонтуяагаас орлогоо авах гэсэн чинь “байхгүй байна” гэсэн. Тэгээд “цүнхэн дотор нь байсан 47,000 төгрөг бас алга болсон байна” гэсэн. Эмийн сан дотроос машины эмийн сан 1 ширхэг, барилгын дэлгүүр дотроос цахилгаан сахлын машин 1 ширхэг тус тус алга болсон байсан. Машины эмийн сан 13,500 төгрөг, сахлын машин үнэ болох 28,500 төгрөгөөр зарагдаж байсан юм. Би хулгайд алдсан бэлэн мөнгө болох 302,500 төгрөг, машины эмийн сангийн мөнгө болох 13,500 төгрөг, сахлын машины үнэ болох 28,500 төгрөг нийт 344,500 төгрөгөө нэхэмжилж байна. Би хохирлоо барагдуулж авчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

         9. Хохирогч Д.Ундрахчимэгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 16-ны өдөр өгсөн:... Эмийн сан дотроос машины эмийн сан 1 ширхэг, барилгын дэлгүүр дотроос цахилгаан сахлын машин 1 ширхэг, бэлэн мөнгө болох 302,500 төгрөг алга болсон.. Би хохирлоо барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/,

          10.Гэрч А.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06-р сарын 18-ны өдөр өгсөн:  ...2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутын үед өөрийн ажилладаг “Элгэмсэг” гэх дэлгүүрийг онгойлгоод ортол дэлгүүрийн дүүжин тааз хэсэг нь нурчихсан хулгай орсон байдалтай байхаар нь би өөрийн дарга Алтанзул руу залгаад дуудсан юм. Тэгээд удалгүй Алтанзул эгч ирсэн бөгөөд ирэнгүүтээ сумын хэсгийн төлөөлөгч Чинзориг руу залгасан юм. Хэсгийн төлөөлөгч Чинзориг “аймгийн төвд ажилтай явна” гээд 14 цагийн орчим ирээд зураг хөргийг нь авч бид нараас болсон асуудлын тайлбар мэдүүлэг аваад явсан. Миний ажилладаг дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын шувуун нурууны баруун булан хэсгээс 4 ширхэг банз хууларсан, дэлгүүрийн модон баганы хэсгийн дээд талын дүүжин тааз хэсгээс 2 ширхэг банз хуулан, дүүжэн таазнаас 2 ширхэгийг доош унагаад орсон байдалтай байсан. Манай дэлгүүрийн архины лангууны хамгийн дээд тавцангаас 2 шил Соёмбо архи, 2 шил 0,75 литрийн Монгол гэх архи, ертөнцийн зүгээр зүүн талын төв лангууны хамгийн доод талын лангуун дээрээс нэг блок дотроо 10 ширхэг ESSE тамхи, Улаан шонхор гэх тамхи 2 блок, дотроо 20 хайрцаг, Нокиа 35-10 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Галакси S1 маркийн гар утас 1 ширхэг, мөн зүүн талын лангууны хамгийн доод талын тавцан дээр тавьсан байсан 185,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,

         11.Гэрч М.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 01-ний өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Элгэмсэг-1” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажил хийдэг. 2016 оны 04 дүгээр сарын 17-ны орой манай дэлгүүрийн худалдагч Даваасүрэн 22 цагт дэлгүүрээ хааж цоожлоод явсан байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө ирээд дэлгүүрээ онгойлгох үед дэлгүүрийн баруун урд булангийн хажуу шанааны банзыг салган авч дэлгүүрийн таазаар хулгай орсон байсан. Тэгээд дэлгүүрийн эзэн Алтанзул, нягтлан Рэнцэн нарын хамт дэлгүүрийн барааг тоолсон. Барааг тоолоход 2 шил Соёмбо архи, 2 шил 0,75 литрийн Монгол гэх архи, ертөнцийн зүгээр зүүн талын төв лангууны хамгийн доод талын лангуун дээрээс нэг блок дотроо 10 ширхэг ESSE тамхи, Улаан шонхор гэх тамхи 2 блок, дотроо 20 хайрцаг, Нокиа 35-10 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Галакси S1 маркийн гар утас 1 ширхэг, мөн зүүн талын лангууны хамгийн доод талын тавцан дээр тавьсан байсан 185,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,

          12. Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 10-ны өдөр өгсөн: ...С.Төмөр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний цалин буух үеэр Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сум руу хөгшин настай ээжийгээ эргэж ирнэ гээд явсан. Ингээд ирэхгүй байж байгаад “2015 оны 12 дугаар сарын 31-ний орой галт тэргээр Улаанбаатар хот руу явлаа шүү” гэж ярьсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Улаанбаатарт ирсэн. Тэгээд бид 2 уулзаж байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-р ху/,

          13. Гэрч Я.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06-р сарын 18-ны өдөр өгсөн: ...Би бага эмч мэргэжилтэй учир өөрийн найз Ундрахчимэгийн хувийн эмийн санд хэсэг хугацаанд ажиллаж байсан юм. Уг эмийн сан нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноён уул” дэлгүүрийн хажуугийн залгаа байранд эмийн сан байдаг бөгөөд намайг ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эм зарж борлуулж байгаад орой 17 цагт эмийн сангийн хаалгыг гаднаас нь цоожлон эмнэлэгт ээлжийн ажилдаа явсан. Ингээд маргааш өглөө нь 10 цагийн үед гаднах хаалгыг онгойлгон дотогш орох үед эмийн сангийн дотор хаалгыг онгойлгох гэтэл түлхүүр таарахгүй онгойхгүй байхаар нь Ундрахчимэгийн нөхөр Отгонбаярын дуудан хаалганы цоожийг бээрсэн байна гэж бодоод газаар халааж үзэхэд онгойхгүй болохоор нь хаалгыг эвдэж орсон. Ингээд эмийн санд ороход эмийн сангийн шилэн лангуун дээр маскны гялгар уут тавьсан байхаар нь гайхаад хойд өрөөнд ороход миний гар цүнхэнд байсан 47,000 төгрөг, лангууны дээд талд 3 шургуулагтай хуванцар саванд орлого болон бусад мөнгийг хийдэг байсан тэр дотор бүтэн өдөр болон хагас өдрийн орлогоны мөнгө болох 302,500 төгрөг алга болсон байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р ху/,

          14. Гэрч З.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 08-р сарын 16-ны өдөр өгсөн:  ...С.Төмөрийн төрсөн эгч Ариунжаргалтай 8 жилийн өмнө танилцаж гэр бүл болоод амьдарч байна. Ариунжаргал бид 2 Зүүнбүрэн суманд тусдаа амьдардаг. Манай хадам ээж хараагүй, сонсгол муутай хөгшин байдаг. 3 хүүхэдтэй. Хамгийн бага нь С.Төмөр. Хүргэн болсон цагаасаа хойш Төмөрийг танина хамт амьдарч байсан. Төлөв даруу, томоотой, хар ажилд сайн хүүхэд. Сүүлд гэмт хэрэг зөрчилд холбогдох болсон. Ямар учраас гэмт хэрэгт холбогдоод байгааг мэдэхгүй. Уруу татах, тулгаж шаардах хүн байхгүй. Хадам ээж өндөр насны тэтгэвэртэй. Өрхийн орлого тэтгэврийн мөнгөнөөс өөр байхгүй. Амьдрал ахуйн хувьд тааруухан. С.Төмөрт мал ахуй, эд хөрөнгө байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-р ху/,

         15. Гэрч Х.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 04-ний өдөр өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1 дүгээр багт Корпуст гэртээ амарч байхад манай дүү Х.Бямбаа над руу залгаад “манай гэрт хулгай орчихсон юм шиг байна, та очоод хараадах” гэж хэлээд утсаа салгасан. Би 1 цаг орчмын дараа дүү Бямбаагийн гэрт очиход Батаа, Ягаанаа гээд урд, хойд талын хөршүүд ирчихсэн байсан. Манай дүү Х.Бямбаа нь “цагдаагийн газар мэдэгдсэн” гэж хэлэхээр нь бид нар дотогшоо ороогүй гадаа хүлээж байсан. Намайг очиход гадна талын хаалганы цүү, цоожийг эвдсэн, вакуум цонхны гадна талын модон хаалтыг аваад газар тавьчихсан, цонхны поорчиг онгорхой, хаалганы гадна талын цоожийг эвдэж ороод дотроос нь түгжээд жижиг цонхоор гараад явсан байсан. Тухайн үед Бямбаагийн байшингаас мөнгөн аяг, хэт хутга алдагдсан байсан. Би тухайн үед утсаар дүүтэй холбогдож асуухад “мөнгөн аяга, хэт хутга байна уу” гэж байсан. Эдгээр зүйлс байхгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 60-р ху/,

          16. Гэрч Б.Хүлгүүнээгийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 07-р сарын 04-ний өдөр өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед би Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 2 дугаар баг бэлчир гэх нэртэй газар өөрийн адуугаа хашиж байхад манай хуурай дүү болох Х.Бямбаагийн хашаан дотор өвөлжөөний байшингийн амбаарны сүүдэрт нэг хүүхэд унадаг дугуйгаа хажуудаа тавьчихсан сууж байсан. Би Бямбаагийн зусланд буусан гэдгийг мэдэж байсан болохоор өвөлжөөний байшинд нь хүн байхгүйг мэдээд Бямбаа руу утасдаж “танай өвөлжөөний байшингийн гадаа унадаг дугуйтай хүүхэд сууж байна, таних юм уу” гэсэн чинь “би танихгүй, хамаатан садангийн хүн биш та наад хүүхдээ хөөгөөд явуулчих” гэж ярьсан. Би тэгэхээр нь гадаа нь очоод тэр хүүхэдтэй уулзаад “эзэнгүй айлын гадаа юу хийж байгаа юм, одоо яв” гэсэн чинь “ахаа би энд загас барих гэсэн юм” гэж хэлээд нарийн утас барьчихсан жижиг хүүхдийн унадаг дугуйтай урд ачааны хэсэгтээ бор өнгийн цүнхтэй боодолтой зүйл тавьчихсан байсан. Би тэр хүүхдийг дагуулаад хашаанаас нь гаргаад явуулсан. Тухайн хүүхэд 160-167 см орчим нуруутай, 19-20 орчим насны эрэгтэй, долгионтой халимаг үстэй, том сартгар хамартай, бараан өнгийн хувцастай байсан. Унадаг дугуйны урд талын ачаан дээр бор цүнхтэй, боодолтой зүйлс байсан. Бас сатурк маягийн нарийн утас барьчихсан, надад хэлэхдээ “сая утас тасарчихлаа, би загасанд явж байгаа юм” гэж хэлсэн. гэх мэдүүлэг, /хх-ийн 61-р ху/,

17.Шүүгдэгч С.Төмөрийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 107-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 67,70-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 68-69, 71-73-р ху, яллагдагчаар татах тогтоол, /хх 74-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 75-78-р ху/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 9-10, 12, 16-18-р ху/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, /хх 11,13-15, 19-21-р ху/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол,  /хх 34-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, /хх 80-83, 84-87, 88-89-р ху/, эд зүйлийн үнэлгээ, /хх 91, 95, 97-р ху, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар,  лавлагаа,/хх 103-104-р ху/, /, шүүгдэгчийн урьд шийтгэгдэж байсан талаархи шийтгэх тогтоолын хуулбар, /хх 108-110, 112-114, 119-121-р ху/, Ялаас өршөөн хэлтрүүлсэн тухай баримтууд, /хх 63-64-р ху/, шүүгдэгчийг эрэн сурвалжилсан тухай баримт, /хх 125, 135, 137-139-р ху, зэрэг болно.

 

Шүүгдэгч  С.Төмөр нь согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд үйл ажиллагаа явуулдаг ”Ноён-Уул” эмийн санд нэвтрэн орж 349,500 төгрөг, 13,500 төгрөгний үнэ бүхий автомашины эмийн сан, 28,500 төгрөгний үнэ бүхий цахилгаан сахлын машин зэрэг эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж Д.Ундрахчимэгт 391,500 төгрөгний хохирол учруулсан,

         мөн 2016 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Элгэмсэг” нэртэй дэлгүүрт нэвтрэн орж 185,000 төгрөг, 30,000 төгрөгний үнэ бүхий “Нокиа” 35-10 маркийн гар утас, 85,000 төгрөгний үнэ бүхий “Самсунг Галакси” эс 1 маркийн гар утас, “Соёмбо” нэртэй архи 2 ширхэг, “Монгол” нэртэй архи 2 ширхэг, “эссэ” тамхи 10 хайрцаг, /1 блок/, “улаан шонхор” тамхи 20 хайрцаг /2 блок/ зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлан Л.Алтанзулд 481,000 төгрөгний хохирол учруулсан,           

мөн согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг “Охиндий” гэх газар байрлах иргэн Х.Бямбаагийн өвөлжөөнд байх байшинд нэвтрэн орж их гарын, дунд гарын мөнгөн аяга, ясан савхтай үүсэн бариултай хэт хутга зэргийг хулгайлан Х.Бямбаад 780,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

         Шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт  шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, тайлбар болон бусад нотлох баримт болох хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,  эд зүйлийн үнэлгээ, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Төмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “...орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

Шүүгдэгч С.Төмөрт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ шудрагаар хүлээсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх, шүүгдэгч нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, оногдуулсан хорих ялыг  жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна     

Шүүгдэгч С.Төмөр нь энэ хэргийн улмаас 2016 оны 07-р сарын 09-ний өдрөөс эхлэн  87 хоног цагдан хоригдсон,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч С.Төмөрөөс 1.261.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Алтанзулд 481.000 төгрөг, хохирогч Х.Бямбаад 780.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Төмөр нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 20-р шүүхийн 2014 оны 08-р сарын 27-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлийн хуульд хамрагдан Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 04 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсаны  дараа  удалгүй 2015 оны 12-р сарын 23, 2016 олны 04-р сарын 17, 2016 оны 06-р сарын 19-ны өдрүүдэд дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р   зүйлийн  290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Содномцэрэнгийн Төмөрийг мөн хуулийн  тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт заасан “...давтан үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрийн эд хөрөнгийг хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрт оногдуулсан  02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Энэ гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрийн 2016 оны 07-р сарын 09-ний өдрөөс эхлэн  цагдан хоригдсон 87 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.     

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй алхыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Иргэний хуулийн 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Төмөрөөс 1.261.000 төгрөг гаргуулан хохирогч Цагааннуур сумын “Шинэ нуур” ХХК-д менежерийн ажилтай гэх Монгол овогт Лхагвасүрэнгийн Алтанзулд  481.000 төгрөг, хохирогч Зүүнбүрэн сумын Бэлчирийн 2-р багт оршин суух Боржигон овогт Хишигдоржийн Бямбаад 780.000 төгрөг тус тус олгосугай.

8.Шүүгдэгч С.Төмөрт урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН