Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 124/ШШ2022/0009

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би иргэн Б.А-ийн“Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Б. Алтан нь 2016 оны 11 сард аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажилд орж ажиллаж байгаад 2020 оны 03 дугаар сард аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдож ажиллах болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажлаа хуулийн хүрээнд шударгаар хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаал гаргаж намайг албан тушаал бууруулж тус хэлтсийн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагын чиг үүргийг хариуцсан мэргэжилтэн болгосон.

Тус албан тушаал бууруулсан шийдвэрийг миний бие хууль бус гэж үзэж байна. Учир нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь миний 2020 оны ажлыг одоо болтол дүгнээгүй байгаа атлаа намайг хангалтгүй биелүүлсэн гэж тушаалын үндэслэлдээ дурдсан түүнчлэн би төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үйлдэл гаргаагүй байхад 37.1.1-37.1.3, 37.1.13-37.1.14, 37.1.16 дахь хэсгүүдэд заасан нийтлэг үүргүүдийг намайг зөрчсөн гэж үзэж албан тушаал бууруулсан байна. Миний бие дээрх нийтлэг үүргүүдийг зөрчсөн үйлдэл гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийг зөрчиж намайг хууль бусаар албан тушаал бууруулсан. Би Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөөгүй байна

Иймд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож өгнө үү ” гэжээ.

2. Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А намайг аймгийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар албан тушаал бууруулсныг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл танай шүүхэд гаргасан.

Монгол улсын төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаар тогтоолоор албан тушаал бууруулсан тушаалыг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон. Энэ тогтоолыг үндэслэн тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилсон учир өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд “Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ань хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаал гаргаж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргажээ.

5. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Б.А-г 2022 оны 01 сарын 18-ны өдрөөс Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.А-г ажилд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг үндэслэлээр  нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн“Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Г.Б-ийн2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ