Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0365

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн прокурорын газрын

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн

хяналтын прокурор А.Т дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хяналтын прокурор А.Т

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т

Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялагын яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Ц

Гуравдагч этгээд: “Н т ю” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Аж үйлдвэр, Эрдэс баялагийн яамны салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Цгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0303 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Дүгнэлт гаргагч прокурор А.Т

Хариуцагч Г.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б

Хэргийн индекс: 128/2025/0284/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т нь хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялагын яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Цд холбогдуулан “2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0303 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэсгийн 1.1 дэх заалт, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.3 дахь заалтыг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт 33 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалд авагдсан баримтуудаар “Н т ю” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цацрагийн үүсгүүр импортлох 2024/04-66 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу 16 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг импортоор оруулан “О Т” ХХК-д 8 ширхэг, “Ф С м” ХХК-д 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг “Н т ю” ХХК болон “О Т” ХХК, “Ф м” ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдсан байхад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай худалдах, худалдан авах  гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. “Н т ю” ХХК нь импортлох тусгай зөвшөөрөлтэй байсан боловч Цөмийн энергийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт зааснаар худалдах тусгай зөвшөөрлийг аваагүй байгаа болно. Цөмийн энергийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно” гэж заасан байхад “Н т ю” ХХК нь “О Т” ХХК болон “Ф С ” ХХК-д тус бүр 8 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй худалдсан нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлд засан зөрчил биш, Эрүүгийн хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байхад “Захиргааны шүүх зөрчлийн хэрэг үү, эрүүгийн гэмт хэрэг мөн эсэхийг шалган тогтоох эрх хэмжээгүй” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, мөн хуулийн 2 дахь хэсэгт аль нэхэмжлэгч эгэн шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн нь шалгалтаар илэрвэл шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан прокурорын дүгнэлт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчилд хамаарч байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0303 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Шүүх дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор А.Тээс Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Цд холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гээд 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” гэж зааснаар улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхийг, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 8.1-д “шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох” гэж, 9 дэх хэсэгт “Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно” гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 1.1-д зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална” гэж зааснаар прокурорт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар олгосон байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Ц нь “Н л ю” ХХК нь 16 ширхэг Цезий-137 /137CS/ цацрагийн үүсгүүрийг худалдсан гэх зөрчилд хяналт шалгалт хийж, “Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан, тусгай зөвшөөрөлгүй этгээдэд хүлээлгэн өгсөн” гэх үндэслэлээр “Н л ю” ХХК-д шийтгэл оногдуулсан байна. Улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор А.Т нь Улсын байцаагчийн шалган шийдвэрлэсэн дээрх зөрчлийн хэргийн материалыг татаж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянасан болох нь №0**** дугаар Шийтгэлийн хуудасны арын нүүрэнд тэмдэглэснээр тогтоогдож байна. Харин прокурор уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар Прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх, үүргийг олгосон ба зөвхөн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн зөрчлийн хэрэгт хяналт тавих биш, харин прокурорын хяналтгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхэд ч хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх ёстой. Прокурор зөрчлийн хэргийн материалыг хүлээж авсан боловч хуульд заасан хугацаа өнгөрсөний дараа хяналт шалгалтын үр дүнд илэрсний дагуу уг зөрчлийн хэрэгт ногдуулсан шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бичиж ирүүлснийг шүүх хүлээн авч, хянах боломжгүй.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.”, 3 дугаар зүйлийн 3.1.11-д ““гомдол” гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг” гэж шүүхэд нэхэмжлэл гаргах буюу прокурор дүгнэлт гарган маргах хугацааг хуульд тусгайлан тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, дээрх дүгнэлтийг хүлээн авч хянан  шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

2.6. Хэдийгээр анхан шатны шүүх “...дээрх ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах бөгөөд “Н т ю” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 2404*** дугаартай цацрагийн үүсгүүр импортлох тусгай зөвшөөрлийг 2024/04-66 дугаартай гэрчилгээгээр авсан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн лавлагаагаар нотлогдлоо” гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлтэй боловч дүгнэлт гаргагч прокурор 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №0**** дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 33 дугаар дүгнэлтийг шүүхэд гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

2.7. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдүүд хуулийн хүрээнд адил тэгш эрхтэй оролцох ба гомдол гаргах, дүгнэлт бичих хугацааг нарийвчлан зааснаас гадна зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг аль болох хурдан, шуурхай, түргэвчилсэн  байдлаар шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан. Ялангуяа прокурорын дүгнэлтэд дурдсанчлан зөрчлийн хэрэг биш эрүүгийн хэргийн шинжтэй гэх энэ тохиолдолд эрх бүхий этгээдээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж прокурорын байгууллагад хүргүүлэх үед уг зөрчлийн хэргийг хянах эрхийг прокурорт олгосон байна.

2.8. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хүлээлгэн өгсөн барааны жагсаалт”, “Цацрагийн үүсгүүрийг тээвэрлэж, хүлээлгэн өгсөн тухай тайлан”, “Цацрагийн үүсгүүр тээвэрлэж, хүлээлгэн өгсөн тухай акт”, “Э Ү” ТӨҮГ-ын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 107-12/*** дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж заасантай нийцээгүй байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Тээс Аж үйлдвэр, Эрдэс баялагийн яамны салбарын хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хэлтсийн улсын ахлах байцаагч Н.Цд холбогдуулан гаргасан “2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан 0**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан дүгнэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА