Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

 

“УМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00221 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “УМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТХ” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 92 286 757 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТХ” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 52/УБМ дугаартай зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 61 524 505 төгрөгийн барилгын арматур, катанка төмрийг 14/11 барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажилд нь зориулан 58 хоногийн хугацаатайгаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр нийлүүлсэн. Гэрээний үүргийн дагуу зээлээр нийлүүлсэн бараа материалын нийт төлбөрийг эргэн төлөх хугацаа дууссан боловч зээлээр худалдан авагч “ТХ” ХХК нь зээлийн төлбөрөө барагдуулаагүй. Манай компанийн зүгээс маш тэвчээртэй хүлээн, цаг хугацааны хувьд боломж олгосон боловч тухайн компани шийдвэртэй хариу өгч төлбөр тооцоогоо дуусгахгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч “ТХ” ХХК-иас гэрээгээр авсан бараа материалын үндсэн төлбөр 61 524 505 төгрөг гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцох алданги 30 762 252.5 төгрөг, нийт 92 286 757.5 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хүсэлтээр 2014 оны 10 дугаар сарын 24-нд дахин бараа материалыг хүлээлгэсэн өгсөн, мөн тэдний зүгээс гэрээний хугацаа сунгах хүсэлтийг ирүүлж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасарсан гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч “ТХ” ХХК-иас 92 286 757.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “УМ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “УМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТХ” ХХК-иас 619 390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ТХ” ХХК-ийн захирал О.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нэхэмжлэгч “УМ” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 52/УБМ дугаартай зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 61 524 505 төгрөгийн бараа материал авсан бөгөөд анхан шатны шүүх уг төлбөрийг алданги болох 30 762 252 төгрөгийн хамтаар манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг зөрчсөн асуудал болсон байна. Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Мөн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан ба энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын эрх тэгш байдлыг хангах “мэтгэлцэх зарчим” хэрэгжээгүй явдал болжээ. Шүүхийн зүгээс мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх бололцоотой байсан гэж үзэж байна. Шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч компанийн захирал миний бие шүүгчийн туслахад орон нутгаас амжиж очиж чадахгүй урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаагаа тайлбарлан хэлсэн ба энэ нь баримтаар нотлох боломжгүй байсан. Хариуцагчийн хувьд шүүхийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн үүргүүдээ зохих ёсоор биелүүлж байсан явдлыг ч давж заалдах шатны шүүх харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 183/ШШ2018/00221 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

  Нэхэмжлэгч “УМ” ХХК нь хариуцагч “ТХ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 92 286 757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  Зохигчид 2014 оны 9 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “УМ” ХХК нь барилгын арматур, катанка худалдах, худалдан авагч “ТХ” ХХК нь гэрээний зүйлийн үнэд 52 094 425 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд гэрээгээр 52 094 425 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авахаар тохиролцсон байх боловч худалдагч нь 61 524 505 төгрөгийн үнэ бүхий барилгын арматур, катанкыг худалдан авагчид шилжүүлсэн болох нь хариуцагч “ТХ” ХХК-иас нэхэмжлэгч “УМ” ХХК-д удаа дараа хандсан төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай албан бичгүүд болон бараа хүлээн авсан зарлагын падаанаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 12-15 дугаар тал/

 

 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаархи баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгөөгүй тул анхан шатны шүүх гэрээний үндсэн үүрэг болох 61 524 505 төгрөг, гэрээний 3.4-т зааснаар хугацаа хэтрүүлсний алданги 30 762 252 төгрөг, нийт 92 286 757 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн гэж хариуцагч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 4 сарын 06-ны өдөр талууд авлага, өглөгийн тооцоо гэх баримтаар тооцоо нийлж, 64 749 505 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагчийн төлөөлөгч О.Уянга хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. /хх-ийн 20 дугаар тал/

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаархи баримтыг ирүүлээгүй байх тул шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нөгөө талаар хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан атлаа хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.

  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                               

                                                          ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                            

                                                                                                       Г.ДАВААДОРЖ