Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00295

 

  

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийдвэр

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2020/00021 дүгээр магадлалтай,  

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

Учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. *******, ******* нар нь ******* ХХК-д холбогдуулан учирсан хохирол шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3, 286 дугаар зүйлийн 286.4-т заасныг баримтлан ******* ХХК барьцаалан зээлдүүлэх газраас 2,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,100 төгрөгөөс 3,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын төсвийн орлого буюу 100090000941 тоот данснаас 3,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Цагаанбанид олгож шийдвэрлэжээ. 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2020/00021 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5 гэснийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь хэсэг, мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...******* нь ******* ХХК-ийн барьцаат зээлийн үйл ажиллагааны журамтай танилцан гэрээний нөхцөлийг зөвшөөрч ******* ХХК-тай 2016.12.05-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, ******* ХХК-аас 500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд мөнгөн хазаарыг үлдээж, гэрээний хугацааг дахин 1 сараар сунгасан. ******* ХХК барьцааны зүйлийг хадгалах, хамгаалах талаар хууль, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан МNS5274:2017 стандартыг мөн хэрэгжүүлж ажилладаг. Уг стандартад зааснаар Барьцаалан зээлдүүлэх газар нь эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, сейфтэй байна гэж заасан. ******* ХХК стандартыг хэрэгжүүлж барьцааны зүйлийг тусгай зориулалтын сейфэнд хадгалдаг байсан. Түүнээс гадна барьцаалан зээлдүүлэх газар нь 24 цагаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг хамгаалалтын албатай, бүрэн камержсан, Баруун бүсийн худалдааны төвд байр түрээсэлдэг төдийгүй салбарын цонх төмөр торон /решетка/ хамгаалалттай, дотор гадна талыг хянах камерын хяналттай. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан техникийн ололтыг ашиглан бүхий л боломжит аргаар барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэрээний үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн. Шүүх магадлалдаа барьцаалан зээлдүүлэх гэрээний хугацаанд ******* ХХК-ийн байранд хулгай орж барьцааны зүйл хулгайд алдагдсан үйл баримт шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, гэмт хэрэгт А.Анхсайханыг гэм буруутайд тооцсон байна гэж барьцаалан зээлдэх газрын хүсэл зоригоос хамаарахгүйгээр гэм хор учруулагчийн үйлдэлтэй холбоотой барьцааны зүйл устаж үгүй болсон гэдгийг дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэж бусдын буруутай үйлдлийг харьцуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Гэм хор учруулагч А.Анхсайханы үйлдлийн улмаас иргэн *******д хохирол учирсан. Гэм хор учруулагч гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг. Гэтэл Иргэний хуулийн 228 дугаар зүйл буюу гэм хор арилгах журмыг баримталж ******* ХХК-д гэм хор арилгах үүрэг хүлээлгэж Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нэхэмжлэлийн шаардлагаа мөнгөн хазаарыг 2,800,000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 2,250,000 төгрөг болгон өөрчилжээ.

7. Анхан шатны шүүх ******* ХХК барьцаалан зээлдүүлэх газраас 2,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хууль хэрэглээниий хувьд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна

8. ******* Туна далай ХХК-тай 2016.12.05-ны өдөр өөрийн 7 цэнгийн 5 ширхэг товруутай мөнгөн хазаарыг 5,000,000 төгрөгөөр үнэлүүлэн барьцаалж 500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулж, гэрээний хугацааг дахин нэг сараар сунгасан болох нь тогтоогдсон байна.  

9. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасан зээлийн гэрээ гэж үзсэн ба мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар ******* ХХК буюу барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагчийн мөнгөн хазаарыг нь барьцаанд авсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

Гэрээний хугацаанд Туна далай ХХК-ийн байранд хулгай орж, *******гийн өмчлөлийн мөнгөн хазаар болон бусад эд зүйл алга болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй.

10. Үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардахаас гадна хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй шалтгаант холбоотой эсэх нь нотлогдсон байх учиртай.    

Өөрөөр хэлбэл хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох үүргээ биелүүлээгүйгээс хор уршиг учирсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна. 

11. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 412 дугаар тогтоолоор барьцааны зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт А.Анхсайханыг гэм буруутайд тооцож, хохирлыг мөнгөөр тооцож Туна далай ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.  

12. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, Туна далай ХХК-ийн Барьцаат зээлийн үйл ажиллагааны журмын 3.1, 3.4, талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн №0004682 дугаартай гэрээнд тус тус зааснаар хариуцагч барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. 

13. Хоёр шатны шүүх Туна далай ХХК барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс барьцааны эд зүйл хулгайд алдагдаж барьцаалуулагч *******д хохирол учирсан, барьцааны зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт А.Анхсайханыг гэм буруутайд тооцож, хохирлыг Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2016.12.05-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэд 2,800,000 төгрөгт үнэлснээр Туна далай ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримтад үндэслэж, нэхэмжлэгч ******* хариуцагчаас үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг мөнгөөр гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.  

14. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, барьцааны зүйлийн үнэ болох 2,800,000 төгрөгөөс зээлийн гэрээний үүрэг 550,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2, мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

15. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 205/МА2020/00021 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Г.БАНЗРАГЧ  

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ

                                             ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                 Д.ЦОЛМОН