Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн  Х сумын 4-р багт оршин суух, Х овогт Х ын Г /ЗМ64081916/-ын ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.С ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие 1981 оны 6 сарын 30-ны өдрөөс илгээлтээр Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад томилогдож, цэрэгт явах хүртлээ буюу 1982 оны 6 сарын 7-ны өдөр хүртэл мал малласан. 1985 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарыг дуустал Талын цэцэг нэгдэлд төллөх мал маллаж байсан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрүүтэй, шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтууд зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,  шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч  Х.Гын 1981 оны 6 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 9 сарын 19-ний өдрийн 298 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 9 сарын 19-ний өдрийн 298 дугаартай “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн 1981 оны 6 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал баримтанд Х.Гтой холбоотой баримт байхгүй” гэх тодорхойлолт

-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 4 сарын 15-ны өдрийн 15/1712 дугаартай “Х овогтой Г нь Дундговь аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 6 сарын 7-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0131 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 5 сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 сарын 17-ны өдөр халагджээ” гэх архивын лавлагаа

- Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлээс Х.Год олгосон 1981 оны 6 сарын 30-ны өдөр Бүлээн бригадад малчнаар, илгээлтээр гэсэн тушаалын бичилттэй, 1981-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-Дундговь аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 9 сарын 20-ны өдрийн 3/346 дугаартай “Х сумын иргэн Х.Г нь тус сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн багт малчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалингийн тодорхойлолт, 1982, 1985-1990...онуудын малын А дансны материалыг тус архиваас гаргуулан авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт

-Х.Гын 1982, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн баримтууд

-Гэрч С.Гын “...Х.Г нь дунд сургуулиас гараад хөдөө малчин болсон хүн. Мал маллаж эхэлсэн он сарыг нь санахгүй  байна. Х.Г Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдэл тартал буюу 1990 он дуустал малчин байсан.  Нэгдэл татан буугдсан ч мал маллаж л байсан хүн. Би 1972-1990 он дуустал Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад үхэр, хонь маллаж байсан. Бид нэг бригадын малчин байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Х.Бү-н “...Х.Г нь 1981 онд илгээлгээр хөдөө гарч, Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад гарч  хонь маллаж байсан. 1982-1985 онд цэргийн алба хаасан. 1985-1990 он дуустал Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад хоньчин байсан хүн  байгаа юм. Би 1973-2003 он хүртэл Дундговь аймгийн Х суманд малын эмч, мал зүйч, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. Бид нэг суманд оршин суудаг, Талын цэцэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Ш.Х-н “...Х.Г нь 1980-1981 онд Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад гарч  мал маллаж байсан. 1982-1984 он хүртэл цэргийн алба хаасан. 1984 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдэл татан буугдах хүртэл буюу 1992 он хүртэл хонь маллаж байсан. Х.Г нь нэгдэл татан буугдсаны дараа ч хувийн малаа маллаж байсан, одоо ч мал маллаж байгаа хүн. Би 1978 оноос эхлээд 10 гаруй жил Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр ажиллаж байсан. Х.Г бид нар нэг бригадын хүмүүс, хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна. Х.Г Талын цэцэг нэгдлээс өөр газар ажил хийж байгаагүй хүн...” гэх мэдүүлэг  зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Х.Г нь 1981 оны 10 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар Х овогт Хавгын Г /ЗМ64081916/ нь 1981 оны 10 сарын 1-ний өдрөөс 1982 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл, 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Х сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У