Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

   2020            12              26                                       2020/ДШМ/26

 

 

                                   П.Ад холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

цагаатгагдсан этгээд  П.Агийн  өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд П.Ад холбогдох эрүүгийн 1908033111257 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гал овгийн П.А, 1997 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Тунамал үйлс” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: АК97090710/;

П.А нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол керамик тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Батсайхантай “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Ад холбогдох эрүүгийн  хэргийг “аргагүй хамгаалалтын нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Галт овогт П.Аг цагаатгаж, П.А хохирогч С.Батсайханд сайн дураараа  төлсөн 800.000 төгрөгийг шүүх хөндөлгүй орхиж, харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар буцаан нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч П.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.    

Прокурор А.Ганзориг бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хохирогчоор тогтоогдсон С.Батсайхан өөрийг нь шооллоо гэсэн үл ялих шалтгаанаар П.Агийн эрх чөлөөнд халдан довтолсон, харин шүүгдэгч П.А уг довтолгоог үргэлжилж байх үед хариу нэг удаа цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан С.Батсайханы хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг, гэрч Р.Наташаагийн мэдүүлэг,  хохирогч С.Батсайханы Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж  тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгуулсан шийтгэлийн хуудас, шүүгдэгч П.Агийн урьд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, мөн түүний хоолойд гэмтэл учирсныг нотолсон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.Аг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хандлага довтолгоо хийсэн С.Батсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Хохирогч С.Батсайхан нь мөрдөн байцаалтын шатанд “...П.А баруун гартаа барьж байсан дэгээ төмөр барьчихсан гараараа нэг удаа цохичхоод дахиад цохих гэсэн чинь тэнд байсан 2 хүн П.А бид хоёрыг салгасан юм. ...” гэж мэдүүлсэн,

Гэрч Р.Наташаа нь мөрдөн байцаалтын шатанд “...би 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ажил болох Монгол керамик тоосгоны үйлдвэрт өөрийн ажил болох тоосго тоолох ажлаа хийгээд байж байсан чинь С.Батсайхан П.А хоёр хоорондоо маргалдаад бие биенийхээ цамцны захаас зуурч аваад С.Батсайхан, П.Аг толгойгоороо нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Тэгсэн чинь П.А гараараа С.Батсайханы нүүр, хамар орчим цохисон. С.Батсайханы хамарнаас цус гараад “чи намайг доромжлоо” гэж маргалдаж байгаад би дундуур нь орж боль гэж хэлээд салгасан. ...” гэж мэдүүлсэн, яллагдагч П.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Батсайханыг 2-3 удаа цохисон миний уур хүрээд цохисон...” талаар тус тус мэдүүлсэн байхад шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж “довтолгоог үргэлжилж” байх үед аргагүй хамгаалалт хийж, нэг удаа цохисон гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхээс П.Аг аргагүй хамгаалалт хийж нэг удаа цохисон гэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагаа явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн.Хохирогч С.Батсайхан, гэрч Р.Наташаа, П.Агийн яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийн аль алинд П.Аг харилцан довтолж, уурлаж, хохирогчийг цохисон болох нь тогтоогдсон.

Шүүхээс дүгнэсэн довтолгоо үргэлжилж байх үед гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.  Хохирогчийн хувьд нэг цохиод, мөргөсний дараа 3 дахь үйлдлээ хийж буюу довтолгоо үргэлжилж байсан гэх баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч С.Батсайхан нь яллагдагч П.Аг нэг удаа цохиж, нэг удаа мөргөөд довтолгоо төгссөний дараа яллагдагч П.А нь өөрийгөө хамгаалж бус уурлаж,өширхөж цохисон болох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Яллагдагч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Тэгээд тухайн үед нэг эгч явж байхаар нь танай найз чинь явж байна гэж хэлсэн чинь эргэж хараад шууд миний баруун шанаа болон нүүр лүү мөргөсөн. Хохирогч Батсайхан намайг эхэлж зодсон. Тэгээд намайг заамдсан байх үед нь би хохирогчийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон юм. Над руу дайраад байсан болохоор нь би цохисон бөгөөд цохихгүйгээр салах боломж байгаагүй юм....” гэх мэдүүлгийг шүүх цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон.

Гэвч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй...” талаарх хуулийн үзэл баримталд нийцэхгүй бөгөөд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг дэмжих баримт хавтас хэрэгт байхгүй байхад дээрх шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь үнэлсэн учир дутагдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын агуулга нь нэг талын идэвхитэй довтолгооны эсрэг нөгөө талын биеэ хамгаалсан үйлдэл байдаг. Гэтэл гэрч Наташаагийн “...С.Батсайхан П.А хоёр хоорондоо маргалдаад бие биенийхээ цамцны захаас зуурч аваад С.Батсайхан, П.Аг толгойгоороо нэг удаа нүүр рүү нь мөргөсөн. Тэгсэн чинь П.А гараараа С.Батсайханы нүүр, хамар орчим руу цохисон...” гэх мэдүүлгээр хохирогч С.Батсайхан яллагдагч П.А нар нь зодолдож эхлэхээсээ өмнө харилцан бие бие рүүгээ довтолж буюу бие биенийхээ цамцны захаас зуураад байж байсан гэдэг мэдүүлгээр болон П.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би уурлаад 2-3 цохисон” гэх мэдүүлгээр нотлогдоно.Аргагүй хамгаалалт нь субъектив шинжийн хувьд уурлаж, өширхөж хийгддэг үйлдэл бус өөрийгөө болон бусдыг хамгаалахад чиглэж хийсэн үйлдэл байдаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.Агийн өмгөөлөгч Ч.Мөнх-Ачит тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...П.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт /хх 16/ “2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр байхад нэг эгч урдуур явахаар нь би тоглоод “Батсайхан ахаа танай найз чинь энд явж байна шүү дээ” гэсэн чинь уурлаж миний баруун шанаа руу цохиод, толгой руу мөргөсөн” гэсэн байдаг. Уг мэдүүлгээс харахад хохирогч С. Батсайханаас хууль бус халдлага эхэлсэн. Гэрч Р.Наташа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Батсайхан,А хоёр хоорондоо маргалдаад бие биенийхээ цамцны захаас зуурч аваад С.Батсайхан толгойгоороо П.Агийн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгсэн “П.А гараараа М.Батсайханы нүүр, хамар орчимд нэг удаа цохисон” гэсэн байдаг. Халдлага эхэлсэн даруйд П.А нь аргагүй хамгаалалтыг хийсэн болох нь харагдаж байна. Үүнийг баталж хохирогч  С.Батсайхан хавтас хэргийн 14 дүгээр хуудсанд мэдүүлэхдээ “тухайн үед П.Агийн шанаа руу гараараа цохиж, толгой руу нь мөргөсөн. Мөн цамцны захаас нь зуурч хүзүүний зүүн хэсэгт нь урсан. Урд өгсөн мэдүүлэгтээ би дутуу хэлсэн байна” гэсэн байдаг. П.А нь С. Батсайханы довтолгоо төгссөн хойно аргагүй хамгаалалт хийгээгүй байна. Улсын яллагч эсэргүүцэлдээ гэрч Р.Наташагийн мэдүүлгийг үндэслээд “ С.Батсайхан, П.А нар нь зодолдож эхлэхээсээ өмнө харилцан бие биерүүгээ довтолж буюу бие биенийхээ цамцны захаас зуураад байж байсан. Аргагүй хамгаалалт нь субъектив шинжийн хувьд уурлаж, өширхөж хийгддэг үйлдэл бус өөрийгөө болон бусдыг хамгаалахад чиглэсэн үйлдэл байдаг” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж заасан. Аргагүй хамгаалалтын объектив талд заавал довтолгоон байх ёстой бөгөөд уг довтолгоон хууль бус бодиттой байх шинжийг агуулсан байх учиртай. Прокурорын дүгнэлтээс үзэхэд С.Батсайхан, П.А нар бие биенийхээ цамцны захаас зуурсан үйлдлийг харилцан бие бие рүүгээ довтолсон гэж дүгнэж байгаа нь буруу юм. С.Батсайханы хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон нөхцөл байдал байдаг. П.А хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалтыг өрсөж хийгээгүй.С.Батсайханаас хууль бус халдлага эхлүүлсний дараа уг довтолгоо дуусаагүй байхад нь аргагүй хамгаалалтыг хийсэн. Уг хамгаалалтыг хийгээгүй бол С.Батсайханд үргэлжлүүлэн зодуулах нөхцөл байдал байсан. П.А нь С.Батсайханыг цохисон  үйлдэл нь өширхөж хийсэн бус өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл юм. Түүнчлэн П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... зөрүүлээд би Батсайханы нүүр рүү нь гараараа хоёроос гурван удаа цохиж зодсон” гэсэн мэдүүлэг болон шинжээч Энхбаярын өгсөн /хх 23-24/ мэдүүлэгт “хохирогч С.Батсайханы биед учирсан хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлгээс үзэхэд гэмтэл нь нэг удаагийн цохилтоор учирсан. Энэ үйлдэл нь аргагүй хамгаалалт хийсэн болох нь нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 1091 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө. үү...” гэв.  

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос П.Аг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол керамик тоосгоны үйлдвэрийн хашаан дотор иргэн С.Батсайхантай “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд П.Ад холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 Анхан шатны шүүх “П.Аг хохирогч С.Батсайханаас довтолгоон үргэлжилж байхад хариу нэг удаа цохисон үйлдэл нь  аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж үзсэн байна.

 Хохирогч С.Батсайханы “...П.А гэдэг цуг ажилладаг залуу намайг нэг эмэгтэй хүнтэй холбож хэл амаар доромжлоод байхаар нь би юундаа доромжлоод байгаа юм гэж хэлээд очоод би толгойгоороо мөргөх гээд урагшилсан чинь П.А баруун гартаа барьж байсан дэгээ төмөр барьчихсан гараараа нэг удаа цохичихоод дахиад цохих гэсэн чинь тэнд байсан 2 хүн П.А хоёрыг салгасан ...”, цагаатгагдсан этгээд П.А “...2019 ны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил дээр ажиллаж байсан чинь нэг эгч явахаар нь би тоглоод С.Батсайхан ахад танай найз чинь энд явж байна ш дээ гэсэн чинь уурлаж миний баруун шанаа руу цохиод толгойгоороо мөргөсөн. Тэгээд би зөрүүлээд С.Батсайханы нүүрлүү гараараа 2-3 удаа цохиж зодсон. Хажууд байсан 2 хүн салгасан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд П.А нь хохирогч С.Батсайханыг 2-3 удаа цохисон гэж байхад анхан шатны шүүх чухам ямар үндэслэлээр нэг удаагийн цохилт нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол өгөх нотлох баримтуудын алиныг хүлээн авч, прокурорын яллахаар оруулж ирсэн ямар баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар зүйлд заасан “ Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг“ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос ирүүлсэн яллах талын нотлох баримтыг үгүйсгэж байгаа бол үндэслэлийг тодорхой дүгнэж байх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохооор  заажээ.

    Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурор А.Ганзоригийн бичсэн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 37 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1091 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, П.Ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл цагаатгагдсан этгээд П.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ