| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0257/3 |
| Дугаар | 221/МА2025/0451 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0451
“О у” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “О у” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б
Нэхэмжлэгч: “О у” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З, Д.Х
Нэхэмжлэлийн шаардлага: “2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0289 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Х.А, Б.Г,
Хариуцагч Э.З, Д.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц
Хэргийн индекс: 128/2025/0257/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О у” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Золзаяа, Д.Халиунцэцэг нарт холбогдуулан “2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0289 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг тус тус баримтлан Огторгуйн урсгал ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Золзаяа, Д.Халиунцэцэг нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Золзаяа, Д.Халиунцэцэг нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Манай компани нь Орхон аймгийн Баян-өндөр сум, Хүрэн булаг багийн нутагт байрлах газарт үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу барьж, техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэхээр “Л С Э Э” ХХК-тай анх 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Түүнээс хойш тус гэрээнд өөрчлөлтүүдийг оруулан 2020 болон 2021 онуудад нэмэлт гэрээнүүдийг байгуулсан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад бүх татвар, зардал багтсан 10,368,060,000 төгрөгийн үнэлгээтэй байхаар тохиролцсон байдаг. Энэхүү гэрээт ажил нь одоог хүртэл дуусаагүй байгаа бөгөөд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа болно. Татварын улсын байцаагч нар манай компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2021 оны санхүүгийн тайланд “Урьдчилж олсон орлого” дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.0 төгрөгийн орлогыг барилгын ажлын гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн ба нөхөн ногдуулалтын акт үйлдэхдээ 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогыг албан татварын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн акт ногдуулсныг үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.
3.2. Анхан шатны шүүх тус захиргааны хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд байдалд огт дүгнэлт өгөөгүй, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар илэрсэн бодит нөхцөл байдал, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлүүдэд тухайлан нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй, харин маргаан бүхий актыг зөвтгөхдөө хариуцагчаас гаргасан тайлбар үндэслэлийг хуулбарлах байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн салбарын онцлогт тохирсон холбогдох стандартад заасны дагуу гаргасан нягтлан бодох бүртгэлийн тайлан баланс, төлбөрийн баримтууд болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын дагуу маргааны үйл баримтад тулгуурлан хууль тайлбарлах замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
3.3. Энэхүү маргааны хувьд дараах бодит нөхцөл, үйл баримтуудыг тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2021 онд “Урьдчилж орсон орлого' дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.00 төгрөгийг тухайн онд нь хүлээн зөвшөөрөх ёстой орлог) гэж үзсэн нь хуульд нийцсэн эсэх, Барилгын ажлын гүйцэтгэлийг тодорхойлж буй ярилцлагын тэмдэглэлүүд нь журамд заасны дагуу хүчин төгөлдөр эсэх, гүйцэтгэлийг зөв тодорхойлсон эсэх, Стандартад заасан иж бүрдлийн хувийн жингийн аргаар орлогыг тооцсон тооцоолол нь хуульд нийцсэн эсэх, Барилгын ажлын гүйцэтгэлээс хамааран 2022-2024 онуудад орлого хүлээн зөвшөөрч холбогдох албан татваруудыг ногдуулж төлсөн нь 2021 онд нөхөн ногдуулж буй татвартай давхардуулан ногдуулж байгаа нь хуульд нийцсэн эсэхийг тогтоох юм.
3.4. 2021 онд “Урьдчилж орсон орлого” дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.00 төгрөгийг тухайн онд нь хүлээн зөвшөөрөх ёстой орлого гэж үзсэн нь хуульд нийцсэн эсэх тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “2021 оны “Урьдчилж орсон орлого” дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.00 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсад болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно., 7.1.1-д үйл ажиллагааны орлого, 8.1.1-д “бараа ажил үйлчилгээний орлого” гэж тус тус зааснаар урьдчилж орсон орлого буюу татвар ногдох орлого гэж үзнэ” гэсэн байна. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. “Урьдчилж олсон орлого” гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага аливаа үйл ажиллагаа явуулахаасаа өмнө үйлчлүүлэгчээс төлбөрийг урьдчилан хүлээн авахыг хэлэх бөгөөд энэ нь өр хэлбэрээр пассивт бүртгэгдэх бөгөөд харин ажил үйлчилгээгээ гүйцэтгэмэгц энэ нь орлого болж бүртгэгдэнэ.” гэж шүүхээс дүгнэсэн боловч “Урьдчилж орсон орлого” дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.00 төгрөгийг татвар ногдох орлого гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтууд нь албан татвар ногдох орлогыг тодорхойлсон заалт бөгөөд 2021 онд урьдчилж олсон орлого нь тухайн ондоо орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан орлого мөн эсэхийг тодорхойлж, хэрэв хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан орлого гэж үзсэн тохиолдолд дээрх заалтуудыг үндэслэл болгох нь зөв юм. Гэтэл 2021 оны 2,545,863,930.00 төгрөг нь санхүүгийн тайлан балансын богино хугацаат өр төлбөрийн хэсэгт бүртгэгдсэн шууд орлого гэж үзэх боломжгүй буюу барилгын зохих ажлыг хийж гүйцэтгэсний дараагаар түүнийг орлого хэмээн хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байдаг. Талууд энэхүү орлогыг хэзээ хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой вэ гэдэг дээр маргасан. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлдөг. Өөрөөр хэлбэл энэ нь хуцалдах худалдан авахаас эрс ялгаатай бөгөөд тухайн ажлын үр дүнг хүлээлгэж өгч байж түүнд тохирсон хөлсийг авдаг Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын гүйцэтгэл хувь хэмжээг тухай бүрд тогтоож хэмжих талаар гүйцэтгэгч болон захиалагч талууд тохиролцоогүй бөгөөд ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг тогтож үйлдсэн акт, баримт гэх зүйл байхгүй, гэрээт ажил нь одоог хүртэл дуусаагүй. Энэ талаар барилгыг улсын комисст хүлээж аваагүй тухай тодорхойлолт хэргийн материалд авагдсан. Уг урьдчилж орсон орлоготой холбогдох барилгын ажлын 2021 онд гүйцэтгэж дууссан эсэхийг шүүхээс ямар нэг байдлаар тогтоогоогүй, дүгнэлт хийхгүйгээр, шууд дээрх хуулийн заалтуудыг үндэслэл болгон татвар ногдох орлого гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
3.5. Барилгын ажлын гүйцэтгэлийг тодорхойлж буй ярилцлагын тэмдэглэлүүд нь журамд заасны дагуу хүчин төгөлдөр эсэх, гүйцэтгэлийг зөв тодорхойлсон эсэх тухайд:
Хариуцагч талаас татварын хяналт шалгалтын явцад хийгдсэн ярилцлагын тэмдэглэлүүдийг үндэслэн 2021 онд барилгын ажлын гүйцэтгэлийг 97-98 хувьтай байсан хэмээн тайлбарлаж урьдчилж орсон орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан гэж үзсэн. Гэтэл уг ярилцлагын тэмдэглэлүүд нь татварын төлөгчийн гарын үсгээр баталгаажаагүй, нэг өдөрт адил хугацаанд хоёр өөр дугаартай ярилцлагын тэмдэглэл үйлдэгдсэн, мөн компанийн нягтлан бодогч нь татварын албанд дуудагдаж очоогүй өдрөөр ярилцлагын тэмдэглэл үйлдэгдсэн байдаг ба татвар төлөгчид нөхөн ногдуулалтын актыг гардуулж өгөхдөө ярилцлагын тэмдэглэлүүдийг хавсаргаж өгөөгүй зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс ярилцлагын тэмдэглэлүүдийг хүчин төгөлдөр бус хэмээн маргасан. Гэтэл шүүхээс ярилцлагын тэмдэглэлүүдийг хүчин төгөлдөр эсэх, хариуцагчаас тайлбарлаж байгаа ажлын гүйцэтгэлийн хувь бодитой эсэх дээр дүгнэлт хийхгүйгээр 2021 онд урьдчилж орсон орлогыг тухайн онд нь хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Татварын хяналт шалгалтын уйл ажиллагааны журмын 7.3-д “Нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт.илтгэх хуудсыг тус бүр 3 хувь үйлдэж, хувийг архив, татвар төлөгч, татвар төлөгчийн хувийн хэрэг хариуцсан нэгжид тухай бүр шилжүүлнэ. ” 7.7-д “Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудсанд дараах баталгаажуулсан маягтыг хавсаргана: ” 7.7.2,-д "Ярилцлагын тэмдэглэл" Маягт-ХШ0З; гэж заасан. Мөн журмын 1.5-д “Хяналт шалгалт хийж байгаа татварын улсын байцаагч нь хяналт шалгалтын үе шат бүрд хэрэгжүүлсэн үйлдэл, үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл баримт, тайлбар, үндэслэл, нотолгоо, дүгнэлт, шийдвэр зэрэг холбогдох баримт бичгийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгэнэ. ” гэж заасан. Эндээс үзвэл татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх явцдаа холбогдох мэдээлэл, баримт тайлбар болох ярилцлагын тэмдэглэлүүдийг тухай бүрд буюу татвар төлөгчтэй ярилцлага хийсэн өдөр бүрд татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас нөхөн ногдуулалтын актын хавсралт болсон ярилцлагын тэмдэглэлүүдийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагчаас татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас авсан ярилцлагын тэмдэглэл биш харин татварын төлөгчийн хувийн хэрэг /архив/-ээс хуулбарлан авсан материалд хуулбар үнэн тэмдгийг дарж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана.
3.6. Стандарт заасан иж бүрдлийн хувийн жингийн аргаар орлогыг тооцсон тооцоолол хуульд нийцсэн эсэхийг тогтоох тухайд:
Гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрөөгүй байх тул гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар тооцооллыг хийж гэрээний дүн 10,368,060,000.00 төгрөг 2018-2021 онуудад “Л С н Э"ХХК-иас 8,013,267,000.00 төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Дээрх хугацаанд “Огторгуйн урсгал ” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд 6,558,413,999.50 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнасан байх бөгөөд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан орлого нь 7,027,333,635.95 төгрөг тул урьдчилж олсон орлогын зөрүү 468,919,636.45 төгрөгийн зөрчилд...” үндэслэх хэсгийн 6-д “ Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох стандартын 4-т Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно. ”, 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн ”, 4.2-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй тусгайлан байгуулсан барилгын гэрээ нь дараах шалгууруудын аль нэгийг хангаж байвал уг гэрээг урт хугацааны эцэст гэрээт ажлын иж бүрдлийн хувийн минд суурилан хэсэгчлэн хүлээн зөвшөөрнө" гэж тус тус зааснаар гүйцэтгэлийн хувийн жингийн аргаар ажлын гүйцэтгэлийг тооцоолсон нь зөв болно” гэж дүгнэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. 2021 онд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байсан гэх орлогыг тооцоолохдоо гүйцэтгэлийн хувийн жингийн арга /стандартад заасан нэр томьёоны хувьд гүйцэтгэл биш иж бүрдлийн хувийн жингийн арга гэж томьёологдсон байгаа./-ыг ашиглаж тооцоолол хийсэн гэж татварын улсын байцаагч нар тайлбарласан. Гэтэл Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн хуралд ирүүлсэн хариуцагчийн эхний тайлбарт дээрх стандартад заасны дагуу иж бүрдлийн хувийн жингийн аргыг ашиглаж тооцоолол хийсэн талаар ямар ч тайлбар, баримт байдаггүй ба харин “ ...Зөрчлийн тооцооллыг хийхдээ Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо, 6.5-д Хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасны дагуу хяналт шалгалтад хамрагдаж буй хугацаанд хамаарах татварын тайланг залруулах болон хугацаа сунгах хүсэлт гаргахгүй” гэж заасныг үндэслэл болгосон” гэсэн тайлбарыг өгсөн нь маргаан таслах зөвлөлийн тогтоолоос харагдах ба нөхөн ногдуулалтын актад ч мөн адил тусгагдаагүй. Үүнээс үзэхэд нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ иж бүрдлийн хувийн жингийн аргыг ашиглаж тооцоолол хийсэн эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс тооцоолол хийж буй аргачлал буруу, ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд хамгийн чухал асуудал нь тооцооллыг гаргахдаа иж бүрдлийн хувийн жингийн аргыг ашигласан эсэх алаар биш харин энэхүү аргыг ашиглахдаа ямар дүн тоо, үзүүлэлтийг суурь болгон авч ашигласан буюу өөрөөр хэлбэл иж бүрдлийн хувийн жинг тодорхойлохдоо суурь болгож буй дүн нь буруу гэж маргасан. Хариуцагчийн зүгээс уг аргыг ашиглаж тооцоолол хийхдээ “Лотус Си Эн Эм” ХК-иас харилцах дансаар орж ирсэн төлбөр, санхүүжилт, мөнгөн урсгалыг суурь болгон авч тооцоолол хийсэн талаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр тайлбарласан. Гэтэл стандартын 4.7-д “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь барилгын гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинг тодорхойлохдоо захиалагчаас гэрээний дагуу хүлээн авсан гүйцэтгэлийн төлбөр болон урьдчилгаа төлбөрийн хувийн жинг ашиглахгүй” гэж заасан.
3.7. Барилгын ажлын гүйцэтгэлээс хамааран 2022-2024 онуудад орлогоо хүлээн зөвшөөрч холбогдох албан татваруудыг ногдуулж төлсөн нь 2021 онд нөхөн ногдуулж буй татвартай давхардуулан ногдуулж байгаа нь хуульд нийцсэн эсэх тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Огторгуйн урсгалт ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу урьдчилж орсон орлого дансанд бүртгэгдсэн 2,545,863,930.00 төгрөгийн төлбөрөөс 2022 онд 1,400,017,824.56 төгрөг, 2023 онд 63,636,363.63 төгрөгийн орлогыг тус тус хүлээн зөвшөөрч аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайланд тусгасан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Албан татвар төлөгч барааг ажил үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө" орлого орж ирсэн үед нь буюу ... 2021 онд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байхад түүнээс хойш 2022, 2023 онд тайлагнасан тайланг хяналт шалгалт, түүний үр дүнд хамааруулан авч үзэхгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль, журамд нийцэхгүй байна. Энэхүү гомдлын 3.2, 3.3-т дурдсанчлан урьдчилж орсон орлогыг гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсний дараа орлого хэмээн хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчийн зүгээс 2021 онд урьдчилж орсон орлоготой холбогдсон ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэсний дараа буюу 2022, 2023, 2024 онуудад орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнасан байдаг. Хариуцагчийн зүгээс Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6-д “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд татвар төлөгчийн оролцоо, 6.5-д Хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасны дагуу хяналт шалгалтад хамрагдаж буй хугацаанд хамаарах татварын тайланг залруулах болон хугацаа сунгах хүсэлт гаргахгүй" гэж заасныг үндэслэн 2022-2024 онуудад орлогоо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт ирүүлсэн байдаг.
Гэтэл энэ заалт 2022-2024 онуудад орлогоо хүлээн зөвшөөрөх эсэхтэй ямар ч хамааралгүй бөгөөд татварын хяналт шалгалтын явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд тус компанийн 2019-2021 онуудад хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг залруулах болон хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаагүй гэдгийг хариуцагч талаас зөвшөөрснөөр энэ асуудал дээр маргаагүй. Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч нь 2021 онд урьдчилж орсон орлого дансанд бүртгэгдсэн орлогыг гэрээт ажлын үе шат, гүйцэтгэлээс хамаараад 2022, 2023 онуудад хүлээн зөвшөөрч төлсөн болон 2024 онд хүлээн зөвшөөрч төлөх талаар хариуцагчид тайлбарласан байдаг. Нөхөн ногдуулалтын акт нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлд 2024 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2,181,818,181.81 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаснаар нийт 9,684,294,518.30 төгрөгийн орлогыг хүлээн зөвшөөрч холбогдох албан татварыг төлсөн нь хэргийн материалд авагдсан санхүү, татварын тайлангууд болон “Л С Э Э” ХХК-руу шивсэн НӨАТ-ын падаанаас тус тус харагдана. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг нөхөн ногдуулалтын акт гарахтай зэрэгцэж орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнасан гэдэг зүйлийг шүүх хурлын үеэр тайлбарлаж нэхэмжлэгчийг буруутгасан. Нэхэмжлэгч нь татварын хяналт шалгалтаар ямар зөрчил илэрсэн, түүнд ямар шийдвэр гаргаж байгааг урьдчилан мэдэх боломжгүй юм. Учир нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.5.9-д “татварын алба, татварын улсын байцаагч эцэслэн баталгаажуулаагүй шийдвэрийг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь татварын багц хуулиудад заасны дагуу хуулийн хугацаанд татвараа өөрөө тодорхойлон төлөх үүргийн дагуу 2022-2024 оны аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг гаргасан. Анхан шатны шүүхээс энэхүү гомдлын 6.2-6.4-д заасан бодит нөхцөл байдал, маргааны үйл баримт, нотлох баримтыг үнэлж дүгнэлтгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Албан татвар төлөгч бараа ажил үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө ” орлого орж ирсэн үед нь буюу ... 2021 онд хүлээн зөвшөөрч тайлагнах ёстой байхад түүнээс хойш 2022, 2023 онд тайлагнасан тайланг хяналт шалгалт, түүний үр дүнд хамааруулан авч үзэхгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангав. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “О у” ХХК-аас Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З, Д.Х нарт холбогдуулан “2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Золзаяа, Д.Халиунцэцэг нар нь “О у” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар
“-2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэгдсэн 440,775,589.72 төгрөгийн зардлыг хасч, зөрүү 28,144,046.74 төгрөгийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, төсөвт төлөөгүй,
- 2021 онд 468,919,636.45 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэх зөрчлүүдэд ... 48,296,410.00 төгрөгийн нөхөн татвар, 18,765,785.46 төгрөгийн торгууль, 9,032,330.04 төгрөгийн алданги, нийт 74,681,079,15 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 48 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Л С Э Э” ХХК болон нэхэмжлэгч “О у” ХХК нарын хооронд анх 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “О у” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэн булаг багийн нутагт байрлах үйлчилгээ орон сууцны зориулалт бүхий 12 давхар барилгын ажлыг барилгын зураг төсөл, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгэх, техникийн комисс ажиллуулан ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэхээр, харин “Л С Э Э” ХХК нь уг ажлыг гүйцэтгэсний үр дүнд гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Улмаар 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр талууд тус гэрээний хугацааг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж өөрчлөлт оруулан гэрээний нэмэлт гэх нэмэлт гэрээг байгуулжээ. Үүний дараагаар буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Л С Э Э” ХХК, “О у” ХХК нарын хооронд дээрх гэрээнд тусгасан ажлыг гүйцэтгэхээр дахин Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээний нэмэлтийг тус тус хүчингүйд тооцсон байна.
2.5. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гэж, 5.1.2-д “тодорхой байх” гэж зааснаар ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогод татварыг хэрхэн яаж тооцоолох нь татвар төлөгч нарт анхнаасаа ойлгомжтой тодорхой байх зарчимтай, үүний дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд татварыг ямар журмаар, яаж тооцохыг нарийвчлан, тодорхой дараалал тогтоож зохицуулсан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд урьдчилж орсон орлого дансанд 2,545,863,930 төгрөгийн орлогыг бүртгэж, 2022, 2023 онд тайлагнаагүй атлаа хяналт шалгалт явагдаж байх үед буюу 2024 оны 2 сард хүлээн зөвшөөрч тайлагнаснаар зөрчилд тооцож татвар төлөх, эсхүл 2021 онд орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх зөрчилд тооцсон актын хүрээнд нөхөн татвар, алданги, торгууль төлөх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн байна.
2.6. Гэтэл татварын улсын байцаагч нараас хуульд заасан хугацаагаар тайланд засвар хийх боломжтой гэж тайлбарлаж байгаа хэдий ч орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнах нь татвар төлөгчийн эрхийн асуудал байхаар зохицуулсан байхад 2021 онд тайлагнасан байх ёстой гэж шууд буруутган нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь дээрх хуульд заасан зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгч компани урьдчилж орсон орлогоо хэзээ хүлээн зөвшөөрч тайлагнаж болохыг дахин хяналт, шалгалт хийх замаар тухайн маргааныг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн “...татварын улсын байцаагч нар нь тухайн барилгын ажлын гүйцэтгэл, бодит нөхцөл байдал, холбогдох нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу тодорхойлон гаргасан санхүүгийн тайлан балансад үндэслээгүй” гэх гомдол үндэслэлтэй.
2.7. Тодруулбал, нэхэмжлэгч “О у” ХХК-аас “Л С Э Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжиж дуусаагүй, гэрээний үүрэг болох орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, улсын комиссын акт гараагүй гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Стандарт батлах тухай” 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зарлагын нягтлан бодох бүртгэлийн стандартын 4-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь гэрээний орлогыг дараах үеүдэд хүлээн зөвшөөрч болно”, 4.1.2-т “Гэрээт ажлыг гүйцэтгэх тайлант хугацаа бүрийн эцэст хэсэгчлэн”, 4.2-т “Барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж захиалагчтай тусгайлан байгуулсан барилгын гэрээ нь дараах шалгууруудын аль нэг нь хангаж байвал уг гэрээг урт хугацаат гэрээт ажил гэж үзэх ба барилгын гэрээний орлого ба зардлыг тайлант хугацааны эцэст гэрээт ажлын иж бүрдлийн хувийн жинд суурилан хэсэгчлэн хүлээн зөвшөөрнө” гэж заасанд хамаарах эсэхээс зөрчилд тооцогдох эсэх нь шийдвэрлэгдэх учиртай.
2.8. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө”, 12.1.2-т “ажлыг гүйцэтгэлийг хувиар” тооцохоор хуульчилсан тул татварын улсын байцаагч нар нь “О у” ХХК-ийг 2021 онд урьдчилж олсон орлогоо хэзээ хүлээн зөвшөөрч тайлагнасныг тодруулсны дараагаар түүнийг зөрчилд тооцож нөхөн татвар, алданги, торгууль төлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.
2.9. Татвар ногдуулах, төлөхтэй холбоотой асуудал нь нийтийн эрх зүйн хүрээнд үүсдэг харилцаа бөгөөд маргааны үйл баримтад холбогдуулан татварын хууль тогтоомжийг хяналтын шатны шүүхээс тайлбарлан хэрэглэж буй агуулга нь Татварын ерөнхий хуулийн “зайлшгүй байх”, “шударга байх” зарчмын хүрээнд, хуулийг нэг мөр хэрэглэх зорилгод нийцэх учиртай тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий актыг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд, татвар төлөгч нь татвар ногдох орлогыг хугацаанд нь үнэн зөв тайлагнах үүрэгтэй бол захиргааны байгууллага хяналт шалгалт явуулахдаа үүссэн бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж, хууль зүйн үндэслэлтэйгээр зөрчилд тооцох нь татварын улсын байцаагчийн үүрэг тул тухайн тохиолдолд “урьдчилж олсон орлогыг тайлагнаагүй, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй” гэх үндэслэлээр ногдуулсан татварын актыг шүүхээс шууд дүгнэх боломжгүй, дээр дурдсанаар зөрчлийг дахин нягтлах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актыг 3 сарын дотор дахин акт үйлдэх хүртэл түдгэлзүүлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 0289 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.2, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.З, Д.Х нарын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №НА24***** тоот нөхөн ногдуулалтын актыг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг тайлбарласугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА