Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/327

 

 

 

 

   2023        03         29                                   2023/ШЦТ/327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал

улсын яллагч Ц.Төгөлдөр

            шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Төгөлдөрөөс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Шд холбогдох эрүүгийн 2309003100252 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн,

                                               Холбогдсон хэргийн талаар:                            

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................тоотод эхнэр А.Отэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, уруулд шарх, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

  Эрүүгийн 2309003100252 дугаартай хэргээс:

Хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед хорооллын тэнд байдаг найз Солонгын гэр рүү найз Аззаяа, нөхөр Б.Ш нарын хамт гурвуулаа очоод шинэ жил гээд ууж, идсэн. Тэгээд тэндээс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үүрээр 05 цагийн үед гараад гэр рүүгээ дуудлагын жолооч дуудаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, ................тоотод бид 3 ирээд нэмж архи уусан. Тэгээд нөхөр байж байсан чинь уухгүй би унтлаа гээд байхаар нь чи одоо ямар сонин юм. Найз ирчхээд байхад гээд хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь би нөхрийг цохих гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр өнгөрсөн амьдрал яриад над руу орилоод байсан. Элбэгжаргал нь манай нагац ах байгаа юм. Тэгээд би уурлаад нөхөртэй маргалдаад байсан. Тэгээд миний нүүр рүү цохиод байх шиг байсан. Хаана хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Тэгээд манай найз Аззаяа намайг гэрээс аваад өөрийнхөө гэр рүү Хангай хотхоны руу явсан. Тэгсэн чинь нөхөр ирээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд найзын гэр рүү оролгүй гадаа сууж байсан чинь манай найз Аззаяа миний нүүрийг хараад хавдсан байна гээд байсан. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа дээр ирсэн байсан. Миний нүүр рүү гараараа цохисныг санаж байна. Хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгээд би гадаа явж байхдаа нүүрээрээ унасан. Тэгээд бас халтираад өвдгөөрөө унаад байсан. Манай нөхөр Б.Ш миний нүүрний зүүн хэсэгт гараараа цохисон. Тэгээд нүд болон шанаа хавдсан. Баруун шанаа болон толгойны чамархай хэсэгт өвдөж байгаа. Мөн 2 өвдөг хөхөрсөн байсан. Намайг 2022 оны 11 дүгээр сард нэг удаа зүүн хацар руу алгадаж байсан. Тэгээд бас 2018 онд бас алгадаж байсан. Тухайн үед цагдаад хандаж байгаагүй. 2015 оноос эхлэн хамт амьдарч байгаа. 2017 онд гэрлэлтээ батлуулж байсан. Би шүүх эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Оюун-Эрдэнийн нөхөр Б.Ш унтах гээд хэвтээд өгсөн. Тэгээд эхнэртэйгээ хэрэлдээд байх шиг байсан. Би юунаас болсныг нь сайн мэдэхгүй байна. Оюун-Эрдэнийг хэл амаар өдөөд, чи ийм тийм танайхан ингэдэг гээд байх шиг байсан. Тэгээд байхаар нь би Оюун-Эрдэнийг аваад гэр рүүгээ явъя гээд хэлээд аваад гарах гэж байсан чинь нөхөр нь босож ирээд найзын маань ар талаас нь цохиод авах шиг болсон. Сайн хараагүй. Тэгээд би яаж байна гээд хэлсэн чинь болчихсон. Тэгээд тэдний гэрт байсан Б.Ший дүү нар гээд 2 залуу гарч ирээд Б.Шг салгаад байж байсан. Тэгээд намайг хувцсаа өмсөөд байж байхад тэр хоёр хэрэлдээд л байсан. Нэг нэгнийгээ алгадаад байх шиг байсан. Би сайн хараагүй. Тэгээд Оюун-Эрдэнийг аваад гэр рүүгээ явж байсан чинь араас нөхөр нь гарч ирээд араас дагаад хэрүүл хийгээд яваад байсан. Тэгээд бид хоёр явж байгаад хамт халтираад унасан. Тэгээд миний зүүн хацар бага зэрэг шалбараад хавдсан. Тэгээд Оюун-Эрдэнийг сайн хараагүй. Тэгээд бид 2 шууд манай гэр рүү явсан. Тэгээд лифтэнд бид 3 хамт ороод 7 давхарт буусан чинь Оюун-Эрдэнэ манай гэрийнхнээс санаа зовоод байна гээд орохгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд шууд гэр рүү орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ший яллагдагчаар өгсөн: "...манай эхнэр уучихаараа бага зэрэг агсан хүн байгаа юм. Тэгээд миний мөр хэсэг рүү алгадаад түлхээд цохиод байхаар нь би зөрүүлээд зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд Аззаяа эхнэр 2 тэдний гэрт очно гээд гараад явахаар нь би эхнэрийг гэрт нь оруулах гэсэн чинь үгүй гээд явсан. Тэгээд би араас нь дагаад явж байсан чинь манай эхнэр, Аззаяа хоёр халтирч унаад байсан. Тэгээд явж байгаад Аззаяагийн байрны лифтэнд суусан чинь Аззаяа суулгүй үлдсэн. Тэгээд бид 2 Аззаяагийн гэрийг мэдэхгүй учир лифтээр хамгийн дээд давхарт нь гарсан. Тэгээд эхнэр дахиад л хатгаад мөр рүү цохиод байхаар нь би зөрүүлээд нүүр рүү нь зүүн гараараа алгадсан. Тэгээд бид хоёрыг маргалдаад байж байхад цагдаа ирсэн... Би гэрт байхад нүүр рүү нь гараараа 2-3 удаа, харин лифтэнд 1-2 удаа цохисон байх. Одоо сайн санахгүй байна... Би тухайн дүгнэлттэй санал нийлж байна. Тухайн дүгнэлтэд байгаа гэмтлийг би үүсгэсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 936 дугаартай шинжээчийн “...А.Оюун- Эрдэнийн биед уруулд шарх, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Унах үед учрах боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохиж, зодох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна. А.Оийн биед учирсан нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 джгаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ший эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч А.Оийн бичгээр гаргасан: “Гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Ший бичгээр гаргасан: “...Би эхнэр Оюун-Эрдэнэтэй маргалдаж зодсон нь үнэн. Хэргийг хялбаршуулж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч Б.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, бусдад төлөх төлбөргүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Шд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ................тоотод эхнэр А.Отэй маргалдаж, улмаар түүний биед халдаж, уруулд шарх, зүүн нүдний зовхи, баруун зүүн бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Ший мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.О, гэрч Б.Аззаяагийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 936 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ший гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч А.Оий биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Ший энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн гишүүн болох эхнэр А.Оий биед хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч А.О нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  тул шүүгдэгч Б.Шийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн  торгох ял шийтгэж  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл,  36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Шийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Б.Шийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор шүүгдэгч, хохирогч, өөрөө гардан авсан эсхүл эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн тохиолдолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ