| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 185/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/329 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/329
2023 03 29 2023/ШЦТ/329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Төгс-Оюун
улсын яллагч Ц.Гэрэлбаатар
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Б.Балжидмаа, Р.Булгамаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 2209025162415 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Маркюу" баарны гадна талбайд хохирогч Ц.Мг цохиж унаган эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би найз охинтойгоо уригдаж очсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Маралмаа намайг дуулж байхад манай найз охинтой маргалдсан байсан. Намайг дуулж дуусаад хоёр давхарт гараач очиход хоорондоо маргалдаж үсдэлцэж байсан. Би Маралмааг танина гэхдээ дотно харилцаа байхгүй. Би салгаад найз охиноо авч гарсан. Гадаа мөн дахин маргаан болсон. Би найз охиноо хамгаалж болиулах гэж түлхсэн. Би санаатай үйлдэл хийсэн зүйл байхгүй” гэв.
Эрүүгийн 2209025162415 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.М буцаж ирээд баруун талын хацар орчимд гараараа 1 удаа цохиж унагаасан. Тухайн үед би өндөр өсгийтэй гуталтай байсан тул хойшоо унах үедээ шатны булан мөргөж унаад духны баруун талд хагарсан. ...шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд үүссэн гэмтлийг Д.М миний нүүрний баруун хэсэгт гараа цохих үед духанд шарх гэмтлийг цохиулсны улмаас газар унах үедээ шат мөргөж өвдөгт цус хуралт гэмтлийг газар унах үедээ өвгөөр цохих үед учруулсан ...би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн Liu гэсэн цахим инстеграм хаягаар Д.Мын "............." гэсэн хаягт чи намайг яаж байгаа юм бэ би чамаас болж духандаа найман оёдол тавиулсан гэж хэлэхэд уучлаарай гэж хэлсэн тухайн үед бичсэн чатууд нь надад байгаа..." гэх мэдүүлэг /хх-н 30-32/
Хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "2022 оны 09 дүгээр арын 04-ний өдрийн 7 минут 3 секундийн бичлэгт байгаа цэнхэр өнгийн жинсэн өмд цайвар өнгийн цамцтай эмэгтэй бол би байгаа юм. тухайн үед би өөрийн цэнхэр өнгийн Даавуун пиджакыг гартаа барьсан байсан бөгөөд манай хуучин найз Д.М миний үсний араас барьж аваад түлхэж улмаар би газар унасан унах үедээ шат мөргөж духны баруун талд болон нүд орчимд гэмтэл авсан" гэх мэдүүлэг /хх-н 36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12188 дугаартай "Ц.Мгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, ооч баруун бугалга, сарвуунд зулгаралт, баруун бугуй, сарвуу, өвдөгт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-н 20-21/
Шинжээч эмч О.Болороогийн "Ц.Мгийн биед учирсан сарвууны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Ц.Мгийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал баруун зовхи өвдөгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-н 51/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 38/
Эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-н 39-41/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 42-44/
Шүүгдэгч Д.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Маркюу" баарны гадна талбайд хохирогч Ц.Мг цохиж унаган эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Маркюу" баарны гадна талбайд хохирогч Ц.Мг цохиж унаган эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.М буцаж ирээд баруун талын хацар орчимд гараараа 1 удаа цохиж унагаасан. Тухайн үед би өндөр өсгийтэй гуталтай байсан тул хойшоо унах үедээ шатны булан мөргөж унаад духны баруун талд хагарсан. ...шинжээчийн дүгнэлтэд дурдсан зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд үүссэн гэмтлийг Д.М миний нүүрний баруун хэсэгт гараа цохих үед духанд шарх гэмтлийг цохиулсны улмаас газар унах үедээ шат мөргөж өвдөгт цус хуралт гэмтлийг газар унах үедээ өвгөөр цохих үед учруулсан ...би 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн Liu гэсэн цахим инстеграм хаягаар Д.Мын "............." гэсэн хаягт чи намайг яаж байгаа юм бэ би чамаас болж духандаа найман оёдол тавиулсан гэж хэлэхэд уучлаарай гэж хэлсэн тухайн үед бичсэн чатууд нь надад байгаа..." гэх мэдүүлэг /хх-н 30-32/, хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "2022 оны 09 дүгээр арын 04-ний өдрийн 7 минут 3 секундийн бичлэгт байгаа цэнхэр өнгийн жинсэн өмд цайвар өнгийн цамцтай эмэгтэй бол би байгаа юм. тухайн үед би өөрийн цэнхэр өнгийн Даавуун пиджакийг гартаа барьсан байсан бөгөөд манай хуучин найз Д.М миний үсний араас барьж аваад түлхэж улмаар би газар унасан унах үедээ шат мөргөж духны баруун талд болон нүд орчимд гэмтэл авсан" гэх мэдүүлэг /хх-н 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12188 дугаартай "Ц.Мгийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, ооч баруун бугалга, сарвуунд зулгаралт, баруун бугуй, сарвуу, өвдөгт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-н 20-21/, шинжээч эмч О.Болороогийн "Ц.Мгийн биед учирсан сарвууны зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, Ц.Мгийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал баруун зовхи өвдөгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-н 51/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 38/, эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол /хх-н 39-41/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 42-44/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар шинэчлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мгийн биед хөнгөн гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Мын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, Ж.Ганболд нар нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд энэ нь хохирогч Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д.М буцаж ирээд баруун талын хацар орчимд гараараа 1 удаа цохиж унагаасан. Тухайн үед би өндөр өсгийтэй гуталтай байсан тул хойшоо унах үедээ шатны булан мөргөж унаад духны баруун талд хагарсан...гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12188 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-44/ зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж шүүгдэгч Д.Д.Мын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт ”...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Д.Д.Мын хохирогч Ц.Мг түлхэж, түүний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичмэл нотлох баримт эд мөрийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэйг ухамсарлаж, хохирогчийг түлхсэнээс цааш унаж түүний бие эрүүл мэндэд гэмтэл учрахыг мэдэж, түүнийг хүсч үйлдсэн тул шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр мөн гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ц.М нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байдал болон үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Маралмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Тухайн гэмт хэрэг нь сонгох санкцитай. Торгох ялын санкци буюу 450 нэгжээс 1350 нэгжийн хооронд торгох санкцитай. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид энэ интервалд тохируулж 450.000 төгрөгөөс 1.350.000 төгрөгийн хооронд торгох ялыг оногдуулж өгөөч. Д.М нь торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой. Шүүгдэгч нь хувийн уран бүтээл хийдэг, тус ажил нь ямар нэг цагт баригдсан зүйлгүй, үргэлж студид сууж дуу хоолойгоо бичүүлдэг тул нийтэд тустай ажлыг олны танил болсон хүн хийж явах нь зүй ёсонд нийцэхгүй байна. Гэм буруугаа хүлээхгүй байгаа, гэмшихгүй байгаа үйл баримт бол өмгөөлөгч нарын байр суурь байсан. Түлхсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ өмгөөлөгч нар цагаатгах байр суурьтай орсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгчид хохирогчид хохирол учруулъя гэсэн санаа зорилго, урьдаас төлөвлөсөн зүйлгүй. Шүүгдэгч “Би түлхсэн, холдуулсан” гэдгээ илэрхийлсэн учир гэм буруу дээр маргасан гэж битгий хүндрүүлж үзээч. Энэ хүн Монгол улсын Үндсэн хуульд заасан өөрийгөө илэрхийлэх эрхэд нь хүндэтгэлтэй хандах ёстой шүү гэдгийн онцолж хэлмээр байна. Миний үйлчлүүлэгчийн хамтран амьдарч байгаа найз бүсгүйн хувьд хорт хавдар тусаж Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа. Иймд асарч, халамжлах зүйлийг Д.М хариуцаж байгаа. Иймд заавал нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэхгүйгээр торгох хариуцлага хүлээлгэх хууль зүйн боломжтой байгаа юм. Өөрөө шүүх хуралдаанд энэ олон гэмтлийг учруулаагүй, холбогдсон үйлдэлдээ уучлалт гуйсан баримт байгаа гэдгийг анхаарч үзээсэй. Миний үйлчлүүлэгчийг 450 нэгжээр торгох ял оногдуулж өгөөч гэж шүүхээс хүсмээр байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Эрүүгийн хариуцлагын зорилго бол хохирогчийн эрхийг сэргээхэд оршиж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд олны танил дуучин байгаа. Д.М 2022 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын үүдийг сахиж тодорхой хэрэгт шалгагдаж байгаадаа дүгнэлт хийсэн байх. Түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж өгөөч. Тус ялыг оногдуулахдаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна” гэх саналуудыг гарган мэтгэлцэв.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатараас шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнд үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
6. Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ