Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00919

 

           Б.С-гийн нэхэмжлэлтэй,

           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00363 дугаар шийдвэртэй, Б.С-гийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох

 Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нийт 77 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

  Нэхэмжлэгч Б.С шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-тэй 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Д.Б-д шилжүүлсэн 77 500 000 төгрөг, эд зүйлээ үнэлүүлсний тайлангийн төлбөр 400 000 төгрөг, нийт 77 900 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Д.Б,  Б.С нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлахаар тодруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тоглоомын газарт байгаа эд зүйлийг 77 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, гэрээнд заасан 77 500 000 төгрөгийг Д.Б-д шилжүүлж үүргээ биелүүлсэн. Компьютерын гарал үүслийн бичгийг хаанаас худалдаж авсан нь тодорхойгүй, 70 ширхэг компьютерыг дагалдах хэрэгслүүдийн хамт толгой компьютертэй, 1 компьютерийг 980 000 төгрөгөөр авсан гэж танилцуулсан. Гарал үүслийн гэрчилгээ, компьютерийн дагалдах бичиг баримтуудыг өгнө, компьютер ландаас худалдаж авсан гэрээ байгаа гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Д.Б-ээс гаргаж өгсөн гэрээ хэрэгт байна. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сү-Хүннү гэдэг газраас 70 ширхэг компьютерийг сервер буюу толгой компьютерийн хамт худалдаж авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс тийм үнэтэй компьютер биш гэдгийг олж мэдсэн. Б.С, Д.Б нарын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Гэрчилгээгүй бол тоглоомын газрыг худалдаж авах, үйл ажиллагаа явуулах боломжгүй. Д.Б тоглоомын газрыг худалдахаар тохиролцож байх үедээ гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрчилгээнд галын аюулгүй байдлын дүгнэлт, эрүүл ахуй ажлын байрны дүгнэлт, Цагдаагийн байгууллагын саналыг шилжүүлж өгөх ёстой.

 Мөн худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй. Дандаа худлаа мэдээлэл өгсөн үнэтэй худалдаж авсан, орлого 400 000-450 000 төгрөгийн хооронд байдаг, бүх бичиг баримт байгаа гэх мэтээр худал мэдээлэл өгсөн. Мэргэжлийн үнэлгээний газраар компьютерийг үнэлүүлэхэд дагалдах хэрэгслийн хамт 35 865 580 төгрөг, толгой кмпьютерийг 3 200 000 төгрөг нийт 39 695 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаар хариуцагч маргадаггүй. Үндсэн хөрөнгийн элэгдэл хоргодолыг тооцоход баримтлах хугацаа нь Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 94-т зааснаар 25 хувийн хорогдол хасах ёстой байсан. Тоглоомын газар хуульд зөвшөөрөгдсөн цаг нь өдөр бүрийн 10-23 цаг хүртэл нийт 13 цаг ажиллах ёстой байтал чаддаггүй. Шүүхээс хийсэн  үзлэгийн тэмдэглэлээс харахад зарим өдөр 48 цаг, 24, 36 цаг гэх мэтээр ажилласан харагддаг бөгөөд үзлэгээр орлого нь 400 000-450 000 биш гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гарал үүслийг компьютер ландаас авч байсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гарал үүслийн бичиг гэж компьютерт байдаггүй. Анх Б.С-тай гэрээ байгуулахдээ интернетээс татаж авч хоорондоо тохиролцож оруулсан байгаа. Тоног төхөөрөмж, бараа материалын бичиг гэж байхгүй. Б.С анх ирэхэд нь судлаад үз боломжийн байна уу, үгүй юу гэж хэлсэн бөгөөд өөрөө судалгаа хийж байгаад маргааш нь ирсэн. Би анх интернэтэд 89 000 000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан. Б.С нэг хүнтэй ирээд хямдруулах боломжтой юу гэхэд нь 85 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэр хоёр 75 000 000 төгрөг бэлэн гэхээр нь ярилцаж байгаад 77 500 000 төгрөгөөр өгсөн. Өдрийн орлогын хувьд писи тоглоомын газар, канон, принтер, гоймон, ундаа, түргэн хоол зэргийг зарвал илүү ашигтай. Тэгвэл 400 000 төгрөгөөс буухгүй, миний орлого ийм байсан гэж хэлсэн. Тараах материалыг би өөрөө бэлдэж 10 хүн ирж тоглох юм бол нэг нь үнэгүй, 3 цаг тоглох юм бол 1 цаг үнэгүй гэх мэт бонус зарласан учир хүмүүсийг татаж байсан. Б.С худалдаж авсны дараагаар бүх бонусыг хассан. Гэрээнд компьютерийн доголдолтой бол доголдлыг арилгана гэж заасны дагуу 5 компьютер, маус, чихэвчнүүд нь асуудалтай байсныг би янзлахад 3 өдөр шаардагдсан. Тэр 3 өдөр намайг ажиллаж байхад бүх бонус, гадаа байсан самбаруудыг авсан байсан. Орлого багаслаа гэж байгаа ч бизнес явуулахын тулд цэвэр цэмцгэр үйлчилгээтэй байж орлоготой, гэрээнд гэрчилгээг хавсаргасан.

      Харилцаа холбооны зохицуулах хороонд очиход хамаатан болон цусан төрлийн холбоогүй бол гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Б.С-д би үүнийг шилжүүлэх боломжгүй, шилжүүлж өгнө гэж хэлсэн учир би туслая гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь аваад 11 дүгээр сарын 10-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа тул дахин дүгнэлт гаргаж, газар дээр очиж танилцаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Харилцаа холбооны газраас гэрчилгээ гаргахад Мэргэжлийн хяналтын дүгнэлт, Цагдаагийн газрын, галын дүгнэлт хэрэгтэй байдаг. Хорооны Цагдаагийн газраас тодорхойлолтууд авах гэтэл цахим тоглоомын газрын журамд өөрчлөлт гарсан хуучин бланк дээр бичих боломжгүй шинэ бланк дээр бичээд дүүрэг рүү шилжүүлж, дүүргээс Нийслэл рүү шилждэг гээд удсан. Тэр үеэр Б.С шүүхэд хандсан байна гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.-д зааснаар хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 77 500 000 төгрөг, үнэлгээний зардалд 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Д.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, цахим тоглоомын газрыг тусгай зөвшөөрөл, эд хөрөнгөтэй нь 77 500 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан байтал шүүх зөвхөн тоглоомын газрын эд хөрөнгийг худалдаж авахаар тохиролцсон гэж буруу бичсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон худалдах, худалдан авах гэрээний 2.2-т заасан гэрээний салшгүй хэсэг болох тусгай зөвшөөрлүүд, бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэх үүрэгтэй гэж тохиролцсныг орхигдуулж, компьютерийн гарал үүслийн гэрчилгээ өгөх байсан мэтээр тайлбарыг буруу бичиж, алдаатай дүгнэлт хийсэн. Хариуцагч Д.Б гэрээнд заасны дагуу Б.С-гийн нэр дээр бичиг баримт, тусгай зөвшөөрлийн алийг ч өгөөгүй. Шийдвэрт дурдагдаад байгаа бүртгэлийн гэрчилгээ нь цахим тоглоомын бүртгэлийн гэрчилгээ нэртэй Харилцаа холбооны зохицуулах хорооноос аж ахуйн нэгж, иргэдэд өгдөг тусгай зөвшөөрөл юм. Уг тусгай зөвшөөрлийг авахын тулд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Галын аюулгүй байдлын дүгнэлт, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Эрүүл ахуй, ажлын байрны дүгнэлт, Цагдаагийн байгууллагын саналыг Д.С авах ёстой бөгөөд өөрөө Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж цахим тоглоомын бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн өргөдөл өгөх ёстойг хуульчилсан бөгөөд хариуцагч Д.Б-д хугацаа өгөхөөр тусгай зөвшөөрлийг хариуцагч хөөцөлдөж, нэхэмжлэгчийн нэр дээр гардаг хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хариуцагч Д.Б гэрээ байгуулах үед тайлбарласнаар шууд Д.С-гийн нэр дээр шилжихгүй нь Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно" гэснээр нотлогдож байхад шүүх энэ хуулийг хэрэглэлгүй, үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж, шийдвэр гаргасан.

    Түүнчлэн гэрчүүдийн "Цахим тоглоомын бүртгэлийн гэрчилгээгүйгээр цахим тоглоомын газрын үйл ажиллагаа эрхэлсэн гэж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүүргээс шалгалт хийж, цагдаа нар толгой компьютер хураагаад явсан, дахин уг газрыг ажиллуулах боломжгүй болсон" гэх мэдүүлгийг орхигдуулсан. Хариуцагч уг тоглоомын газрын орлого сард 400 000-450 000 төгрөг байдаг, хөрөнгө оруулалтаа 6 сарын дараа нөхөх боломжтой гэх зэргээр худалдан авагчид үнэн зөв бодитой мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүх хариуцагч Д.Б уг тоглоомын газраа нээгээд 1 жил бололгүй худалдах зар гаргасныг анхаарч үзээгүй, хариуцагчийн хэлснээр өндөр орлого ашигтай байсан бол түүнд мөнгөний хэрэгцээ гарахгүй байсан, 77 500 000 төгрөг олохын тулд зарах шаардлагагүй байсныг анхаараагүй. Нэхэмжлэгч 45 340 000 төгрөгийн үнэтэй эд хогшлыг тусгай зөвшөөрөлтэй нь 77 500 000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан байдлыг шүүх анхаараагүй. Иймд гэрээний үнэ 77 500 00 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 400 000 төгрөг, нийт 77 900 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

          Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, шилжүүлсэн 77 500 000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 400 000 төгрөг, нийт 77 900 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

     Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Б.С-д компьютер тоглоомын газрын тоноглол, эд зүйлс буюу 70 ш процессорыг  70 ширхэг 24 inch Led дэлгэц,  70 ш mouse, чихэвч, pad, keyboard, 20ш  чихэвч, 60 ш нэг хүний буйдан, 10ш тайзны сандал, 8ш тоглоомын ширээ,  32 gb рам, 480 gb- 1 ш, 240 gb-2 ш, 120 gb-2 ш, 17 inch  дэлгэц, dell keyboard, dell mouse бүхий Server computer, 8ш ханын LED гэрэл, 10 ханын чимэглэл, sticker, 10 ширхэг, 2 ш хогийн сав, 1ш гадна төмөр хогийн сав, 4 ш Switch /Cisco, 1ш Manage switch, 2ш тог баригч, 3 боодол утас зэрэг эд зүйлс, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээс гадна цахим тогтоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг худалдан авагч буюу Б.С-гийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээж, худалдан авагч нь хөрөнгийг хүлээн авч төлбөрт 77 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-7-92/ Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болно.

Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн, худалдан авагч гэрээний дагуу 77 500 000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, ХААН банкны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Содномбалдангийн ХААН банкны хугацаагүй хадгаламжийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /Хх-11-12/

   Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б-ийг  компьютер тоглоомын газрын өдрийн орлогын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг Б.С-гийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

 Хэргийн баримтаар цахим тоглоомын газрын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хувьд доголдолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

   Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйлд биет хөрөнгөөс гадна худалдагч тал худалдан авагчид цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг  шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний зүйлийн ихэнх хэсэг биелэгдээгүй гэж үзвэл гэрээнээс бүхэлд нь татгалзаж болох юм. Гэвч хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт “Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдсэн зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно” гэж зааснаар нэхэмжлэгч доголдолтой хэсгээр гэрээ цуцлахаар шаардлага гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь цахим тоглоомын газрын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээний энэ хэсэгтэй холбоотой гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй юм.

      Хэргийн 15-36 дугаар талд авагдсан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2017 оны 12 дугаар 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “тоглоомын төвийн компьютер, түүний дагалдах хэрэгсэл, ширээ, сандал бусад эд зүйлсийг 48 124 779 төгрөг”-өөр үнэлсэн, уг баримтыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй. /хх-28-36/ Уг үнэлгээг биет эд хөрөнгийн үнэлгээ гэж үзэж, гэрээний дагуу шилжүүлсэн 77 500 000 төгрөгөөс хасч тооцоход бичиг баримт, эрх шилжүүлэхтэй холбоотойгоор 29 375 221 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 

       Нэхэмжлэгч Б.С нь компьютерийн тоног төхөөрөмж, эд зүйлийг үнэлүүлэхэд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  төлсөн 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх 48 524 779 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн болно.

      Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00363 дугаар шийдвэрин тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 29 375 221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48 524 779 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 304 826 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

                                                                                                        Д.БАЙГАЛМАА