Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0452

 

 

 

 

 

 

 

 

Д.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0278 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, П.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Х.А, Ц.Т

Хэргийн индекс: 128/2024/0904/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0278 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Маас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 04/**** дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдлийг эрх бүхий байгууллага илгээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тухайд Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.1.3-д “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна”, Төрийн албаны зөвлөлийн хуралдааны дэгийн 6.2-т “...Хэлэлцсэн асуудлын шийдвэрийг тэмдэглэл хэлбэрээр гаргаж болно” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчтэй холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөл хуралдаагүй бөгөөд уг үйл баримтыг Төрийн албаны зөвлөлийн цахим нээлттэй сангаас харж болохоос гадна хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн туслахтай холбогдсон тус албаны ахлах референтийн тайлбараар давхар нотлогдоно. Түүнчлэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 04/**** дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэл нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан ямар нэг тогтоолд үндэслээгүй, Төрийн албаны зөвлөлийн хамтын зарчмаар хэлэлцсэн шийдвэрийг мэдэгдсэн агуулгатай биш тул хамтын зарчмаар гаргасан шийдвэр гэж үзэхгүй юм.

3.2.  Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн 04/**** дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” мэдэгдэлд Д.Мыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаартай тушаалаар тус албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон байна гэх тухайд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.1-д “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, гурван сараас дээш хугацааны сургалтаар  бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаалд хамаарах тул эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтан бүртгэлээ цахимд хөтөлсөн эсэхээс үл хамаарч, Төрийн албаны тухай хууль /2019 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-д заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж зааснаар удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан гэж үзэх ба хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2** дугаар тогтоолоор нотлогдоно. Харин Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлтэй хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх зорилгоор албан тушаалтныг сонгон шалгаруулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түр зогсоосон байдаг бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ямар нэг сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалтыг авч байгаагүй атлаа нэхэмжлэгчийг ийнхүү тусгай шалгалт өгөөгүй гэж буруутгаж буй нь үндэслэлгүй байхаас гадна уг хуулийн үйлчлэл дуусгавар болсноор сонгон шалгаруулалтгүй томилогдсон этгээдийг тухайн албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар сонгон шалгаруулж, томилох хууль зүйн зохицуулалт үйлчлэх юм. Зүй нь Төрийн албаны зөвлөл хяналт шалгалт явуулсан үр дүнг Зөвлөлийн хурлаас хэлэлцүүлж, гаргасан шийдвэрийг Татварын ерөнхий газрын даргад мэдэгдэж байгаа, уг мэдэгдлийг үндэслэж Татварын ерөнхий газрын дарга зохих арга хэмжээ авах тохиолдолд нэхэмжлэгчийн жинхлэн томилогдсон 2020 оны А/657 дугаартай тушаалыг хүчингүй болгож, холбогдох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах учиртай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2019 оны А/**** дүгээр тушаал хүчин төгөлдөр тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар тус албан тушаалын сонгон шалгаруулалтад орон түүний эрх нээлттэй байна. Тодруулбал, тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй үлдэх буюу олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн түүнийг төрийн албанаас нэг мөр чөлөөлөх бус бусад төрийн албаны ажил албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрх нь нээлттэй үлдэх ёстой байтал энэ эрхийг хязгаарласанд гомдолтой байна.

3.3. Татварын ерөнхий газрын дарга нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг үндэслэж, Б/*** дугаартай “Д.Мыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй атал анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалах тул нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн авч Б/*** дугаартай тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт нэхэмжлэгчийн [email protected] хаягт “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг илгээсэн хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, тайлбар аваагүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулаагүй. Энэ хавтаст хэргийн 83, 84 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог. Ийнхүү ажил албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг, мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, гэнэтийн байдлаар шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил болно.
Эцэст нь төрийн албанд 20 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөсөн төрийн жинхэнэ албан хаагч Д.Мыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг баримтлан төрийн албанаас нэг мөр чөлөөлж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байхад анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлээр үүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэж дүгнэж буй нь нэхэмжлэгчийн  эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0278 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Д.Маас Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Д.Мыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Татварын ерөнхий газрын даргын маргаан бүхий 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, 77.7.4, 77.7.9, Төрийн албаны зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/**** тоот албан бичиг зэргийг үндэслэн нэхэмжлэгч Д.Мыг Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

2.3. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...2017-2020 онд Д.Мыг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлээгүй байна, ...нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тооцох нийтлэг журам, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох тусгай шалгалт өгөх хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын зохицуулалтыг зөрчиж томилогдсон байна, ... хуулийн зохицуулалтыг зөрчиж тусгай шалгалтгүй шууд томилогдсон нь тогтоогдож байх тул нөөцөд бүртгэлтэй байсан эсэхээс үл хамааран нэгэнт хуульд зааснаар томилогдоогүй, хууль бусаар томилогдсон нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах үндэслэл байхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.4. Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 27 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох” гээд 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” томилно гэж, 27.3-д “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж, 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 46 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх” гээд 46.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэж, Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө”, 23.3.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” гэж тус тус зохицуулсан.

2.5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.М нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар тус газрын Кадастрын хэлтсийн даргаар томилогдож, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, улмаар Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/509 дүгээр тушаалаар тус газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар дээрх албан тушаалд жинхлэн томилогджээ. Харин тус газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/**** тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг тус албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

2.6. Нэхэмжлэгч Д.М нь “...удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байсан”... гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгчийг нөөцөд бүртгэлтэй эсэх талаарх мэдээлэл бүртгэгдээгүй гэх хариу ирүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байсан гэж үзэх боломжгүй. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/*** дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23.3.1, 23.5-д заасныг үндэслэж төрийн албанаас түр чөлөөлж, нөөцөд байгаад тооцож шийдвэрлэсэн. Гэвч энэ нь Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж, удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байсан гэж үзэх үндэслэл болохгүй.

2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлан маргаж буй “...удирдах албан тушаалын нөөцөд бүртгэлтэй байсан...” гэх тайлбар нь зөвхөн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан тушаалд хамаарахаар байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байсан гэж үзэх ба хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 232 дугаар тогтоолоор нотлогдоно.” гэх тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 2** дугаар тогтоол нь нэхэмжлэгч Д.М болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарын хооронд үүссэн маргаан буюу энэ захиргааны хэрэг, маргаанд хамаарахааргүй байна.

2.7. Нөгөөтэйгүүр, Төрийн албаны зөвлөлөөс өмгөөлөгч М.Жавхлангийн гомдол, мэдээллийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад заасны дагуу Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.Мыг тус албан тушаалд сонгон шалгаруулж томилсон үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсний үр дүнд Татварын ерөнхий газрын даргад 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 04/**** дугаар албан бичгийг хүргүүлсэн. Үүгээр тухайн хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч Д.Мыг тус албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ямар нэг хяналт шалгалт явуулсан үйл баримт байхгүй... хурлаар хэлэлцсэн асуудал огт байхгүй, хамтын шийдвэр гаргасан зөвлөлийн тогтоол байхгүй, хяналт шалгалт явуулаагүй...” гэж тайлбарлан маргаж байгаач уг албан бичигтэй хэргийн оролцогч, талууд маргаагүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, чиглэлийг төрийн захиргааны байгууллага биелүүлэх үүрэгтэй тул энэ талаарх гомдлыг хүлээж авах боломжгүй.

2.9. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Төрийн албаны зөвлөлөөс ямар нэг сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шалгалтыг авч байгаагүй атлаа нэхэмжлэгчийг ийнхүү буруутгаж буй нь үндэслэлгүй...” гэж дурдах боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/*** дугаартай “Д.Мыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах...” гэж тодорхойлсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг бүхэлд нь хянах буюу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул хариуцагч захиргааны байгууллагыг сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэх болон үүнтэй холбоотой дүгнэлтийг шүүхээс хийх боломжгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасны дагуу төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг сонгон шалгаруулалт явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Харин маргаж буй албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч Д.М нь хууль, журмын дагуу оролцох эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА