Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шуухийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: А.Амгалан,

Хохирогчийн төлөөлөгч: Ц.Үүрцайх,

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Б.Хишигбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хишигбаярт холбогдох 201616010086 тоот эрүүгийн хэргийг2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бумбан-Овоогийн 5-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Чонос овгийн Бямбаагийн Хишигбаяр /Регистрын дугаар: КН91010215/

Шүүгдэгч Б.Хишигбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 90-90 ӨМҮ улсын дугаартай, 11А2 22069-030 /Уаз фургон/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 231 дэх километрт явган зорчигч Г.Баатарсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: “Шүүгдэгч Б.Хишигбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 90-90 ӨМҮ улсын дугаартай УАЗ 22069-030 фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үөдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 231 дэх километрт явган зорчигч Г.Баатарсүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн энэ хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтуудыг үнэлэх замаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Шүүгдэгчийн анхаарал болгоомгүй явсан байдал мөн тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан, хохирогч согтуурлын хүнд зэрэгтэй байсан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Энэхүү гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний 4 шинжийг агуулсан тул хэргийн зүйлчлэл зөв болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Хишигбаярт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна. Мөн 10.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц замын цагдаагийн байгууллагад шилжүүлэх, нэхэмжлэл гаргах эрхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үлдээх гэсэн саналуудыг гаргаж байна.“ гэв.

Шүүгдэгч Б.Хишигбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ” Би 2016 оны 08 сарын 28-ны орой Цогтцэций сумаас гарч Цагаан хаданд очиж хоносон. Өглөө нь боомт явах зам буюу 231 дэх километрт авто тээврийн хэрэгслийн аваар хийж явган зорчигчийг мөргөсөн. Аваар хийж хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Би хохирогчийг хараагүй. Гэнт зүүн гар талаас гарч ирсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашдаа талийгаачийн ар гэрт тусламж дэмжлэг үзүүлж байх болно. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү?” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие ханилсан ханиа алдсандаа маш их харамсаж байна. Одоо 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Манай нөхөр ар гэрээ авч явдаг ганц хүн байсан учир миний бие ар гэрийн амьдралд санаа зовдоггүй байсан. Манай нөхөр архи их уудаггүй байсан. Хааяа найз нартайгаа архи уудаг байсан. Шүүгдэгчийн ар гэрээс оршуулгын зардал болгож 10.000.000 төгрөг өгсөн. Одоо 2 оюутан хүүхэдтэй, байр түрээслэж байдаг учир цаашдаа амжиргааны зардал нэхэмжпэнэ.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Улсын яллагчаас оноосон хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааны талаар зайлшгүй хэлэх зүйл байна. Үүнд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг цагдаагийн байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудын ажлын хариуцлаггүй байдал шууд нөлөөлж

байна. Гэмт хэрэг гарсан хохирол төлбөр бүрэн барагдсан ч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй олгож өгөх саналыг шүүхэд оруулж байна.“ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Энэхүү хэрэгт хүний амь нас хохирсон ч тухайн өдөр талийгаач ямар байдалтай байсныг мөрдөн байцаалтын шатанд гэрч Дэчинлхүндэв, гэрч Ганболд, Галбадрах, шинжээчийн дүгнэлт зэрэгт хохирогч согтуурлын хүнд зэрэгтэй байсныг нотлож байна. Хохирогч согтуу байсан нь гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр 'нөлөөлсөн. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийг дайрсны дараа машинаас гарч зохих ёсны тусламж үзүүлэхийг хичээж байсан нь хэрэг үйлдсэндээ гэмшиж байгааг илтгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүд Хишигбаярын хувьд тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү?” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудаст/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 10-15 дугаар хуудаст/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудаст/,

Хохирогч Ц.Үүрцайхын өгсөн “...өчигдөр өглөө түүний ах дүү нарт нь осол болсон талаар хэл мэдээ ирээд бид хотоос гарч урд шөнөжингөө яваад сая энд ирлээ. Манай гэр бүлийн амьдралыг ганц авч явж байсан энэ хүн маань нас барчихлаа. Осолд буруутай хүмүүст гомдолтой байна. ...Хохирлоо ямар нэгэн байдлаар төлчихвөл осолд холбогдсон жолоочийг заавал хүнд ял шийтгэл эдлүүлэх гээд байх явдал хохирогч талын зүгээс байхгүй. Одоогоор бидний амьдрал хүнд байна. Оюутан хүүхдүүдийн төлбөр мөнгө нэхэгдээд их хүнд байдалд байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудаст/,

Гэрч Г.Шижирбаатарын өгсөн “...машинуудыг татахгүй болохоор нь кабиндаа 0\/0-ээр кино үзэж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очтол миний урдах машины урд араас ирсэн цагаан саарал фургон машин хүн мөргөчихсөн байдалтай, мөргүүлсэн хүнийг жолооч нь бололтой залуу өвөр дээрээ тэвэрсэн байдалтай байж байсан. Би нэг их ойртоогүй буцаад машиндаа суучихсан. ...өмнөх машинуудын дугаар болон жолооч нарыг би танихгүй, дугаарыг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн

31  дүгээр хуудаст/,

Гэрч Б.Хосбаярын өгсөн: “...30-32 ӨМӨ дугаартай машин дээр иртэл миний машинаас урагш 3 дахь машины хажууд фургон машин хүн мөргөчихсөн, мөргүүлсэн хүнийг нь нас барчихсан гээд талийгаачийг эрээн юмаар бүтээчихсэн байсан. Мөргөсөн гэх цайвар өнгийн фургон одоогийн энэ байдлаараа зогсож байсан. Түүнээс өөр зүйл би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн

32  дугаар хуудаст/,

Гэрч Ч.Дэчинлхүндэвийн өгсөн: “...Машин гурван шар байшин өнгөрөөд явж байтал миний машин энэ хавьд байгаа гэж Баатарсүрэн ах хэлсэн. Тэгээд бид хоёр тэр машинаас бууж үлдсэн, тэр старекс машин биднийг буулгачихаад хил ' рүү давхиад явчихсан. Тэгэхэд Баатарсүрэн ах нилээд согтсон байсан. Хажуугаас нь түшихээр налж унаад ганцааранг нь орхихоор гуйвж дайвсан ч гэсэн өөрөө алхаад байсан. Би “та чинь машин тэрэг барьж явж байж яасан их архи дарс уудаг юм гэхэд “хамаагүй хамаагүй” гэж хэлсэн. Тэгээд “ахынх нь машин улаан Фотон байгаа чи олоотох энэ хавьд байгаа” гэж хэлсэн. Би түүнийг дагаад алхаж явж чадахгүй болохоор нь оочерт байсан цагаан өнгийн толгойтой, улаан өнгийн чиргүүлтэй Нордбенц машины чиргүүлийн буруу талын хойно зам дээр суулгаж үлдээгээд би машиныг нь олох.гээд оочер дагаад урагшаа гүйсэн.

 Улаан кабинтай машин бүр жолоочтой байхаар нь урагшаа гүйсээр замын дугуйрч эргэдэг хэсгийг өнгөрч явахад жолоочгүй улаан потон машин байгаагүй дандаа өөр машинууд байсан. Тэгэхээр нь би буруу хайгаад яваад байгаа юм байна гэж ойлгоод буцаад зам дагаж алхаж гүйж явсаар Баатарсүрэн ахыг үлдээсэн газраа буцаад иртэл орхисон газрын ойролцоо зам дээр цагаан фургон зогсчихсон, түүний өмнө Баатарсүрэн ах газарт хэвтчихсэн, түүний толгойг жолооч нь бололтой жижигхэн залуу өвдөг дээрээ тавьчихсан сууж байсан. Би очоод юу болов оо гэхэд тэр залуу дуугараагүй, Баатарсүрэн ахын уруул хөхөрчихсөн, нүдээ аньчихсан ухаангүй байдалтай байсан. ...Би замын зохицуулагчийг хайж гүйж явсаар олоод ийш тийш нь дуудлага өгөөтөхөөч гэж хэлсэн. ...Баатарсүрэн ах миний суулгаж үлдээсэн газраас /цуваад зогсож байсан нүүрсний машинуудын дунд/ босоод эсрэг урсгалдаа алхаж яваад машинд мөргүүлсэн байсан. Миний орхисон газарт байж байсан бол тэр машинд мөргөгдөхөөргүй байсан. ...Би тэр машины болон чиргүүлийн улсын дугаар, жолооч энэ тэрийг ерөөсөө анзаараагүй. Урдах машин улаан хүрэн чиргүүлтэй Нордбенз байсныг л санаж байна. Арын машиныг ч мөн ямар өнгөтэй машин, ямар дугаартай байсныг анзаараагүй. Баатарсүрэн ах миний үлдээсэн газраас нэг их холгүй газар машинд мөргөгдсөн байсан. Замын зохицуулагч энэ тэр ирээд хөдөлгөөнийг зохицуулж эхэлсэн, тэр үед оочерт байсан машинууд урагшаа яваад намайг машинаа холдуул гээд байхаар нь би урагшаа гүйж өөрийн унаж явсан машинаа хөдөлгөөд зогсоол дээр байрлуулах гэтэл зогсоол олдоогүй, тэгээд унаж явсаар хил нэвтрээд хятад руу орчихоод үдээс хойшдоо буцаж гарч ирээд явж байтал цагдаа нар саатуулсан. Би эмчийг ирэхээс өмнө ослын газраас явсан юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудаст/,

Гэрч Д.Бархасжавын өгсөн “...Би цогцосны толгой доор юм дэвсээд эрээн зүйлээр бүтээлгэсэн. Би тухайн хүнийг тархины суурь ясны хугарал гэмтлээр нас баржээ гэж анхны байдлаар оношилсон. Энэ гэмтлээс үүдэн тухайн хүн нас барсан байх боломжтой байдал харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 36 дугаар хуудаст/,

Гэрч М.Гансүхийн өгсөн: “...хар өнгийн Харриер машин хойноос чиглэлтэй ирээд жолооч нь энэ хойно хүн машинд дайрагдчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь машинтайгаа буцаж яваад 231 дэх км-ийн орчимд очиход засмал замаар хойноосоо чиглэлтэй явсан Фургон машин зам дээр зогссон, түүний урд нэг хүн газарт унасан, түүний толгойг нэг залуу тэвэрчихсэн сууж байсан. Би хажууд нь очоод хэвтэж буй хүнийг хараад өмнө нь хүнд сугадуулчихсан явсан согтуу хүн мөн байна гэдгийг таньсан. Тэр хүний царай цайгаад амьсгал хураасан шинжтэй харагдахаар нь толгойг нь тэвэрч суусан залууд “наад хүн чинь өнгөрчихсөн байна” гэж хэлчихээд би машин руугаа очоод ослын гурвалжин тэмдэгнүүдийг ослын газарт тойруулж тавиад компанийн диспетчер болон холбогдох хүмүүст ослын талаар утасдаж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 37 дугаар хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч У.Очирын өгсөн: “...Бидний урд нэг пөмбөгөрдүүхэн машин түүний урд тэрнээс арай өөр нэг машин урагшаа явж байсан. Тэр хоёр машин засмалаар явж байгаад зүүн тал руу шороон зам руу буусан. Манай ах тэр машинуудын баруун талаар засмалаар чигээрээ явсан чинь гэнэт урд зам дээр хөл дээрээ тогтохгүй гуйвсан хүн зогсож байсан. Тэр хүнийг Хишигбаяр ах хараад машинаа тормослоход нөгөө хүн машинд мөргүүлээд зам дээр саваад унасан. Хишигбаяр агаа бид хоёр машинаас буугаад хартал мөргүүлсэн хүний хоёр чих, хамарнаас нь цус гарч байсан. Тэгтэл араас Нямхүү, Цэнд-Аюуш хоёр машинаас бууж ирсэн. Хишигбаяр ах эмнэлэг энэ тэрийн утас асуугаатахаач гэхээр нь бид хэд гүйгээд арын машины жолооч нараас асуухад эмнэлгийн утсыг мэдэх хүн байгаагүй. Тэр үед бид шоконд орсон. Замын пикап цагаан хадны эмчийг авчраад эмч мөргүүлсэн хүнийг үзчйхээд нас барчихжээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудаст/,

Гэрч О.Цэнд-Аюушийн өгсөн: “...Би жижиг гэрээ авчрахаар ах Хишигбаяр, найз Донхоо буюу Нямхүү, Очир нарын хамт Цогтцэцийгээс ахын фургон машинаар Цагаан хад руу очоод тэнд хоночихоод өглөө нь боомт руу явахад Донхоо бид хоёр машины арын хэсэгт унтаж явсан. Тэгээд машин зогсохоор нь Донхоогийн хамт буугаад очтол Хишигбаяр ах машинаараа хүн дайрчихсан, тэр хүнийхээ толгойг нь тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд дараахан эмч, цагдаа нар ирээд хэмжилт шалгалт хийсэн. Тэр өдрөө би хоёр найз болон эгчтэйгээ Цогтцэций рүү гэр лүүгээ буцсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Нямхүүгийн өгсөн: “...Цэнд-Аюушийн хамт унтаад явж байсан. Машин тормослоод зогсохоор нь өндийгөөд босоод хартал манай машинд хүн мөргөгдсөн байсан. Тэгээд машинаас гарахад Хишигээ ах маань нөгөө хүний толгой цээжийг өвдөг дээрээ тавиад түргэн дуудаадахаач эмч энэ тэр байна уу гэж хэлсэн. Би хамт явсан хүүхдүүдийн хамт эмчийн дугаар олохоор явсан боловч олж чадаагүй, тэгээд энэ тэндээс хүмүүс цуглараад эмч цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 41 дүгээр хуудаст/,

Гэрч Ж.Ганболдын өгсөн: “...бид урагшаа боомт чиглээд засмал замаар нүүрсний машинуудын оочерийн хажуугаар урагшаа явж байтал нөгөө хоёр хүн Хайлаастай голын хойхно очоод энд бууя гэсэн. Тэгээд сүүлд суусан залуу эхний суусан ах /талийгаач/ хоёул буусан. Би цааш явсаар Гашуун Сухайт боомт руу очоод хил нэвтрээд БНХАУ-руу гарсан. Хил нэвтрэхээр оочерт зогсож байхад Галаа гэдэг ах Харриер машинтайгаа ирж уулзахдаа Хишигбаяр гэдэг залуу фургонтойгоо хүн мөргөөд аймаар аваар гарчихлаа гэж ярьсан. Би урагшаа гарчихаад цайны цагийн дараа эргэж Монгол руу гарч ирээд Цагаан хад руу явж байхад өглөө нөгөө хоёр хүний буусан газраас урагш 200 орчим метр орчимд зам дээр тэр осол болчихсон, талийгаачийг эрээн зүйлээр бүтээчихсэн харагдсан.

Сүүлд миний машинд сууж явсан тзр ах машинд дайруулаад нас барчихсан гэдгийг дуулсан. ...Тэр ах анх машинд суухдаа тийм ч их согтуу байдал мэдэгдээгүй, миний машины арын заланд сууж яваад буусан, тэр хооронд хэнтэй хаана хоносон яасан ийсэн талаараа ямар нэг зүйл яриагүй. Харин тэр залуугийн хамт миний машинаас буух үедээ хэл ам нь дультчаад нилээд согтуу байгаа байдал анзаарагдсан. Тэр хамт суусан залуу тэр хоёр бие биенийгээ сайн таньдаг бололтой байсан. Энэ миний машин мөн биш гэж нөгөө залуутайгаа ярилцаж яваад энд бууя гэхээр нь би машинаа зогсоож тэднийг буулгачихаад би урагшаа явсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудаст/,

Гэрч Ж.Майбаярын өгсөн: “...Цагаан хаданд байдаг эмнэлгийн үйлчилгээ , үзүүлдэг хүнтэй утсаар холбогдож, тухайн хүнтэй очиж уулзан яаралтай тусламжийн эм тариаг нь авахуулаад ослын газарт машинаар авч очсон. Тийшээ очих явцад хөдөлгөөнт эргүүлийн ажилтан маань тухайн хүнийг нас барсан байж магадгүй байна гэж утсаар мэдэгдсэн. Биднийг очиход хүн мөргөсөн гэх фургон машины жолооч залуу мөргүүлсэн хүний толгой цээжин хэсгийг тэвэрсэн байдалтай зам дээр сууж байсан. Эмч мөргүүлсэн хүнийг үзээд нас барчихсан гэдгийг хэлсэн ба эмчийн хэлсний дагуу тухайн хүнийг байгаа газарт нь юмаар бүтээж, бид ослын газрыг хамгаалсан. Түүнээс өмнө манай диспетчер цагдаагийн байгууллагад осол хэргийн талаар дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудаст/,

Гэрч Ю.Галбадрахын өгсөн: “...Хайлаастай голоос нилээд хойхно миний явж байгаа эгнээг голлоод өөдөөс нэг согтуу хүн алхаад ирж яваа харагдсан. Би тэр хүнийг 20-30 метрийн зайнаас хараад би зүүн гар тийш дохиогоо өгөөд замын зүүн тал руу шороон зам руу буугаад шороон замаар урагшаа явтал түс хийх чимээ гараад манай эхнэр намайг машинаа зогсоогоорой гэсэн. Би машинаа зогсоогоод машинаасаа буулгүй хойшоо хартал хойно явсан фургон нөгөө согтуу хүнийг зам дээр мөргөөд унагачихсан, фургон дотроос хүмүүс нь буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очиж байгаа харагдсан. Тэгээд л би машинаа жолоодоод боомт руу эхнэрийн хамт явсан. Боомтод очоод ганц нэг хүнд хойно осол гарчихлаа гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудаст/,

Гэрч С.Гантунгалагийн өгсөн: “...гэнэт түс хийх чимээ гарахаар нь би цочоод машин дотроосоо эргээд хартал засмал зам дээр саарал өнгийн фургонд том биетэй бүдүүн гэдэстэй хүн мөргүүлчихсэн хэвтэж байсан, фургоны жолооч зүс таних Хишигбаяр машинаас бууж ирээд мөргүүлсэн хүний толгойг нь өвөрлүүгээ өндийлгөж байгаа харагдсан. Манай нөхөр тэр хүнийг бараг өнгөрчихсөн байх гэж хэлсэн. Түс хийх чимээ аймаар чанга тод дуугарсан юм. Тэгээд нөхөр бид тэндээс хөдлөөд урагшаа боомт орсон. Өөр зүйл би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 52 дугаар хуудаст/,

Гэрч С.Батсуурийн өгсөн: “...өглөө 09 цагийн үед замын унаанд дайгдаад машин дээрээ иртэл миний урд оочерт зогсож байсан улаан өнгийн чиргүүл толгойтой нүүрсний машины чиргүүлийн зөв талын хойд дугуйны харалдаах засмал зам дээр нэг хүн машинд дайрагдсан байдалтай хэвтэж, түүний толгойг нэг залуу тэврээд сууж байсан, ардханд тухайн хүнийг мөргөсөн бололтой фургон машин зам дээр зогсож байсан. Тэгээд удалгүй Цагаан хадны эмч гэх эмэгтэй ирж үзээд мөргүүлсэн хүнийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...Тэр орчмын машинууд явж буй эгнээндээ буюу баруун гар талын эгнээндээ цуваа үүсгээд оочерлож байсан. Эгнээнээсээ гарчихсан, бусдын хөдөлгөөнд саад болохоор байрласан машин байгаагүй.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудаст/,

Гэрч Н.Энхцэцэгийн өгсөн: “...Энэ машин бол миний төрсөн охин Чулуундоржийн Мөнгөнзулын нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ машиныг одоогоос олон жилийн өмнө манайх худалдан аваад Улаанбаатар хот хооронд хүн тээвэрт явдаг байсан. Тэгээд хүн тээвэрт фургон машин явахаа больсноос хойш гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж, би ойр зуур унаж хэрэглэдэг машин байсан юм. Тэр * ослын үеэр гэрээ нүүлгэж ирэх шаардлага гараад Хишигбаярт өгч явуулсан байсан. ...Би машин тэрэгний талаар сайн мэдэхгүй учир тэр машины тормос бүрэн эсэхийг анзаардаггүй байсан. Би нэг их давхиж хурдтай явдаггүй байсан ба намайг унаж явахад тормос бариад байх шиг байсан. Аль дугуйных нь тормос ажиллаад аль нь ажиллахгүй явааг би мэддэггүй байсан. Түүнээс өөрөөр тэр машиныг тормосны гэмтэлтэйг нь мэдэж байсан бол би юу гэж дүүдээ тэр машиныг өгч явуулах вэ дээ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудаст/,

Гэрч Ч.Мөнгөнзулын өгсөн “...энэ машин миний өөрийн нэр дээр байдаг, миний өөрийн өмч хөрөнгө байгаа юм. Манай нөхөр хот хооронд энэ машинаар тээвэрт явдаг байсан бөгөөд сүүлд Истана машин авснаас хойш энэ машиныг бараг унахаа больсон юм. Сүүлийн үед манай ээж Энхцэцэг энэ машиныг эзэмшиж ашиглаж байсан. Тэр осол болохоос өмнө машиныг аймагт байхад нь Хишигбаяр ирээд Цагаан хад руу унаад явсан юм. ...Энэ машин аав ээжийн хашаанд л байж байдаг байсан. Тормос энэ тэр нь ямар байгааг би огт мэддэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудаст/,

Шинжээчийн 77, 7673, 5496 дугаар дүгнэлтүүд, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдал хангах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын гаргасан шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 60-78 дугаар хуудаст/,

Б.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үгүйсгээгүй өгсөн мэдүүлгүүд /Хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудаст/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Хишигбаяр нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 90-90 ӨМҮ улсын дугаартай, ЫА2 22069-030 /Уаз фургон/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу нүүрс тээвэрлэлтийн замын 231 дэх километрт явган зорчигч Г.Баатарсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Хишигбаярын гэм буруу, хувийн байдалд тохируулан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тухайн гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр буюу шүүгдэгч Б.Хишигбаяр нь тормозны систем нь ажиллахгүй болсон /Уаз фургон/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба үүнийг замын цагдаагийн ажилтнууд болон замын харуул хамгаалалтынхан хянаж шалгадаггүй, анхаарал хяналт сул байгаатай холбоотой байна. Мөн хохирогч хүнд зэргийн согтолттой байсан мөртлөө жолоо барьж явсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа нь замын цагдаагийн ажилтнууд болон хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажилтнуудын хяналт сул байгаатай холбоотой гэж үзсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Хишигбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа тул оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Ц.Үүрцайх нь шүүгдэгч Б.Хишибаяраас 48.098.300 /дөчин найман сая ерэн найман мянга гурван зуу/ төгрөгний хохирол нэхэмжилж байгаа ба 76730000/ долоон сая зургаан зуун далан гурван/ төгрөгний хохиролын баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгч Ц.Үүрцайхад нийт 10 000 000 төгрөг төлсөн тул хохирол төлбөрийг барагдуулсан байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь үлдэгдэл 38 098 300 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

Б.Хишигбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 707010 дугаартай ВС ангилалын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт нь шилжүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Чонос овогт Бямбаагийн Хишигбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хишигбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Хишигбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Хишигбаярт оногдуулсан- 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын ' хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Хишигбаярт хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтанд сануулсугай.

6.Ялтан Б.Хишигбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр 10 000 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэйг тус тус дурдсугай.

                     7. Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Хишигбаярын  №707010 дугаартай, ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА