Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0117

 

 

 

 

 

2022 02 23 128/ШШ2022/0117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э, Г.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гэрч Ш.Э нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.Б нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан ...Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/759 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 108 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 18 дугаар хороо, 23б байрны хойно амины орон сууцны зориулалтаар 0.08 га газрын эзэмших эрхийг иргэн Б.Сүхбаатарт 5 жилийн хугацаатай олгож, дүүргийн Засаг даргын 2005 оны 131 дүгээр захирамжаар иргэн Б.Сүхбаатараас газрын эзэмших эрхийг иргэн Д.От шилжүүлж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/328 дугаар захирамжаар иргэн Д.Оаас Хадан Ус ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/552 дугаар захирамжаар Хадан ус ХХК-иас иргэн З.Бд тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна.

3. Үүний дараагаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

4. Уг маргаан бүхий актыг нэхэмжлэгч З.Б нь эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 23б байрны хойно байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн 000718166 тоот дугаартай гэрчилгээтэй 800 м газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/552 тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр гэрчилгээ авч байсан. иргэн миний бие тухайн газарт барилгын төсөл хэрэгжүүлж, барилга барих зорилгоор худалдан авсан бөгөөд газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлж, тооцоо нийлж байсан актыг үйлдүүлэн авч, харьяа дүүргийн газрын албанаас шаардсан үүрэг даалгаврыг тухайн цаг үед нь биелүүлж хэрэгжүүлж ирсэн билээ. Мөн тухайн газрыг эзэмшиж ирсэн цагаас хойш газартай холбоотой аливаа гомдол, маргаан гарч байгаагүй болно. Нэхэмжлэгч нь тус эзэмшлийн газартаа барилга барих бэлтгэл ажлыг хангахын тулд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр тус бүр холбогдох материалаа бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахаар удаа дараа өгсөн. Гэвч Газар зохион байгуулалтын албаны ажилтан болох Н.Ганчимэг, Н.Отгонцэцэг гэх хүмүүс уг асуудлыг хариуцаж байсан ба тухайн байгууллагад өгсөн өргөдөл бүрд надтай албан ёсоор холбогдох болон ямар нэгэн хариу тайлбар ирүүлж байсан удаа байхгүй байсан тул мөн хоёр ч удаа газар, Барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын даргад хүсэлт, тайлбар гарган өгсөн ч хариу бичгээр ирүүлээгүй. Ингээд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд өөрийн нөхцөл байдлаа тайлбарлаж өргөдөл гаргасан боловч Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Г.Баярсайханы 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/3659 дугаартай хариу тайлбар ирсэн. Уг хариу тайлбарт "...Тус албанд хандаж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний орон сууц зориулалтаар 800м газрыг шинээр эзэмших тухай хүсэлтийг хүлээн авч судлан үзлээ. Иргэн хуулийн этгээдийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтарсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг болно. Таны хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас "газрын маргаантай асуудал болон барилгын зөвшөөрлийн талаар судлах" гэсэн шийдвэр гарч эс зөвшөөрсөн байна. Мөн 2020 оны 05 дугаар сарын 01, 05 дугаар сарын 15, 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлуудаар дахин хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлуудаас "Эс зөвшөөрсөн дүгнэлтүүд гарсан байна..." гэсэн хариу тайлбар гаргасан байдаг.

Тус газарт барилгын газар шорооны ажил хийгдсэн, зураг төсөлтэй байсан тул барилгын төсөл хэрэгжүүлэх зорилгоор газрын тухай хууль, газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж, төлбөр тооцоо нийлж, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас гаргасан аюулгүй ажиллагааны дагуу барилгын хашааг стандартын дагуу хашаалан барьж зохих шаардлагуудыг ханган ажилласан болно. Иймээс дахин 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр болон 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдэд хоёр удаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тухайн эзэмшлийн газартаа орон сууцны зориулалттай төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж өргөдөл гаргасан. Тэгсэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дугаартай "...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай..." захирамж гарсан байдаг. Уг захирамж нь "... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн захирамж гаргасанд гомдолтой байгаа тул ...Бадамхатан миний бие 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн № 01116 2017/00506 дугаар бүхий Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/552 тоот шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ганболд овогтой Батзориг гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш орон сууцны зориулалттай барилга барих төслөө хэрэгжүүлэхээр холбогдох материалаа бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахаар удаа дараа өргөдөл хүсэлтээ өгсөн боловч төрийн албаны уялдаа холбоогүй үйл ажиллагаа болон өргөдлийн хариуг тухай бүрд нь ogox авч чадаагүй нөхцөл байдлаас болж төсөл хэрэгжихгүй удааширсан. Мөн тухайн орон сууцны төслөө хэрэгжүүлэхээр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ-г Их бодь констракшн ХХК-ийн захирал Г.Хишигдалайтай 2021 хорооны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрээ баталсан. Газрын төлөв байдал, чанарын хяналт баталгааны дүгнэлтийг 2021 оны 05 дугаар сарны 20-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мэргэжлийн байгууллага "Лэнд мэп" ХХК-аар хийлгүүлж Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын түр орлон гүйцэтгэгч, байнгын шинжээч Б.Батцагаанаар дүгнэлтийг баталгаажуулсан болно. Мөн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний орон сууцны зориулалттай 800 м газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 01/1236 тоот Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Наранцэцэг овогтой Алтаншагай нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасны дагуу ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн байдаг. Иймээс Байгаль Орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгч М.Нямбаярын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02/759 тоот дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "135 айлын орон сууцны барилга" төслийн баримт бичигт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх журам"-ын 3 дахь хэсгийг үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ. Уг үнэлгээнд тусгагдсан нөхцөл болзлуудыг хэрэгжүүлж ажиллана уу. Тус үнэлгээний нэгдсэн дүгнэлтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах "135 айлын орон сууцны барилга төсөлд ерөнхий үнэлгээ хийж "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дугаар заалтын дагуу уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Зураг 1. "Эрхэс" хотхон 405 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын эхний ээлжийн 135 айлын орон сууцны барилыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/480 тоот актаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн.

Зураг 2. Батлагдсан зургийн дагуу 2 блок барилгын холбоос 36 машины (891м2) дулаан зогсоол, 18м:12 м харьцаатай 2 давхар 75 хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай иж бүрнээр хийгдэхээр төсөлд тусгагдсан.

Зураг 3. Нийт 405 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн үргэлжлэл 135 айлын орон сууцны барилгын 800м газарт суурийн газар шорооны ажлыг хийж
бэлтгэсэн байдал. Гэтэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дугаартай ...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай..." захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн З.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, мөн хуулийн 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гээд мөн зүйлийн 25.1.2 дахь хэсэгт оролцогчийн сонсох тайлбар гаргуулах гэж заасан, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах сонсгох ажиллагаа явуулах журмыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн алба ил тод байх, ард түмэнд үйлчлэх зарчмыг тус тус тогтоосон байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх, 92, 93-95 дугаар зүйлд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх журмуудыг тогтоож өгсөн бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтан захиргааны актыг гаргахдаа дээрх хуулийн заалт тогтоосон зарчим олон журмуудыг хатуу мөрдөх ёстой. Гэтэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дугаартай "...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаа гаргахдаа 3.Бадамхатан намайг coнcrox ажиллагаа явуулаагүй, түүний тайлбар нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна гаргасан шийдвэр ямар ч судалгаа нотолгоогүй, мөн иргэнийг хаана хэрхэн яаж гомдол гаргах талаар заагаагүй захирамжийг гаргасан түүнчлэн Нийслэлийн засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр той зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг хууль зүйн үндэслэл болгосон байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрээний ямар ч нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй тийм баримт ч байхгүй.

Нийслэлийн засаг даргаас 3.Бадамхатанг ямар зөрчлийг хэзээ хэрхэн удаа дараа гаргасан энэ талаар тайлбаргүй, нотлох баримтыг үзүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн З.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. 3.Бадамхатан өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа буюу нийт 405 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн үргэлжлэл 135 айлын орон сууцны барилгын 800м2 газарт суурийн газар шорооны ажлыг хийж бэлтгэсэн байдал. "Эрхэс" хотхон 405 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын эхний ээлжийн 135 айлын орон сууцны барилыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/480 TOот актаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Одоо үлдэгдэл 135 айлын орон сууцны барилгын ажил нь батлагдсан зургийн дагуу 2 блок барилгын холбоос 36 машины (891м) дулаан зогсоол, 18м 12 м харьцаатай 2 давхар 75-н хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай иж бүрнээр хийгдэхээр төсөлд тусгагдсан байгаа. Барилгын үлдэгдэл төсөл болох 135 айлын орон сууцны барилгын ажил нь батлагдсан зургийн дагуу 2 блок барилгын холбоос 36 машины (891м) дулаан зогсоол, 18м 12 м харьцаатай 2 давхар 75-н хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай иж бүрнээр хийгдэхээр төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн, барилга төслийн баримт бичигт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ" хийлгэсэн, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт Хийлгэсэн, барилгын бэлтгэл ажлыг хангаж гадна хашааг стандартын дагуу хашаалан барьж зохих бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байсан болно. Нийслэлийн засаг даргын маргаан бүхий захирамж нь хууль зөрчин гаргаж иргэн миний хуульд заасан газар эзэмших, ашиглах үйл ажиллагаа явуулах, уг газраас үр шимийг нь хүртэх эрхийг хөндөж байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дугаартай "газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн З.Баас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/759 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн З.Б нь Хадан-Ус ХХК-ийн эзэмшлийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 800 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн А/552 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Иргэн З.Бтай иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалт болох үйлчилгээтэй орон сууц"-ны зориулалтаар ашиглаагүй тул 2021 оны 10 дугаар 08-ны өдрийн А/759 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авснаас хойш маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/759 дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийг төлж байсан ... цар тахлын улмаас газраа ашиглах боломжгүй байсан... гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн газрын үзлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/2441 тоот албан бичгээр ирүүлсэн маргаан бүхий газрын агаарын болон сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт хашаа баригдсан боловч, газар олгогдсон зориулалтын дагуу ашиглаагүй байна.

 

5. Хэдийгээр нэхэмжлэгч энэхүү нөхцөл байдлыг хөрөнгө оруулалт болон цар тахлын үетэй холбон тайлбарлаж, энэ талаар баримт ирүүлсэн боловч бодит байдал дээр 2017 оноос хойш маргаан бүхий акт гарах хүртэл 4 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна.

 

6. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 90 тоот албан бичгээр ...Тус хорооны нутаг дэвсгэр Драгон худалдааны төвийн хойно байрлах Хадан-Ус ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаа явуулдаггүй, хараа хяналтгүйн улмаас хүмүүс ихээр цугларч архидан согтуурч гэмт хэрэг гарах нөхцөл бий болж иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна гэх гомдол оршин суугчдаас ирж байгаа тул нийтийн эзэмшлийн талбай хэвээр үлдээх талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд уламжилж өгнө үү гэх хүсэлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид хүргүүлсний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 04/470 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд...Тус хорооны иргэдийн хүсэлтийг үндэслэн холбогдох хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж өгнө үү гэх албан тоотыг хүргүүлжээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-д Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заажээ.

8. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзвэл маргаан бүхий акт нь дээрх хүсэлтийг үндэслэн гарсан байх бөгөөд уг захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа-г хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.

 

9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа ...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хангаж шийдвэрлэсэн, тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул сонсох ажиллагааг заавал хийх шаардлагагүй... гэж маргах боловч хуулийн дээрх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн өргөдөл, хүсэлттэй холбон тайлбарлах нь зүйтэй бөгөөд манай тохиолдолд хамаарахааргүй байх тул хариуцагчийн зүгээс мэдэгдэх, сонсох ажиллагааг заавал хийх үүрэгтэй байна.

 

10. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа ...Орон сууны хотхон бариулахаар зураг төслөө батлуулсан, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий хотхон барихаар төлөвлөсөн... гэх, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байгаа гэрч Ш.Эын ...уг газарт цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байх нэн шаардлагатай, хорооны иргэдийн эрх ашигт нийцнэ... гэх агуулга бүхий мэдүүлэг зэргээс дүгнэхэд маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийсэн тохиолдолд үр дүнд хүрэхээр байсан гэж шүүх үзлээ.

 

11. Харин хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийсний дараа маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, тоглоомын талбай барих, эсхүл нэхэмжлэгчтэй тохиролцон хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай бүхий орон сууц бариулах эсэхийг шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

 

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заажээ.

 

13. Иймд хариуцагч хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний үндсэн эрхийг зохих ёсоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Нийслэлийн засаг даргыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/759 дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/759 дүгээр захирамжийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА