Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2019/00458

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М- овогт Н- Ө-ийн нэхэмжлэлтэй,          

Хариуцагч: “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн .. дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Б- хураан авч Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах,       

Хариуцагч: У........  овогт ........ ийн Б- холбогдох Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцны С.Б- нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцыг Н.Ө-ийн хууль бус эзэмшилээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А-, хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-, хариуцагч С.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-,  нарийн бичгийн дарга  Б.Нарангэрэл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “БЗӨБЦТС” ТӨХК-д 2006 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд удаан жил үр бүтээлтэй ажилласан байдал болон бусад нөхцлийг харгалзан үзэж тус компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар ашиглаж байсан Багануур дүүргийн .. дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө байрыг 2013 онд надад хувьчилж өгөхөөр захирлын зөвлөлийн шийдвэр гарч улмаар ТУЗ-ын 2013.12.05-ны өдрийн 25 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу холбогдох материал бүрдүүлэлт, судалгаа тооцоо хийгдэж байгаад 2016.04.04-ний өдрийн 192 дугаар Засгийн газрын тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн орон сууцыг хувьчлах шийдвэрийн дагуу байгууллагаас өмчлөх эрхийг надад олгоно гээд хүлээж байтал байгууллага тус орон сууцыг анх хувь хүнээс худалдаж авах үед байгууллагыг төлөөлөн түр хугацаагаар өөрийн нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийсэн С.Б- нь хувь иргэнтэй хийсэн худалдах худалдан авах гэрээг ашиглан орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Тэр  даруй байгууллагын удирдлагад хандаж орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээд болох Н.Ө- миний нэр дээр шилжүүлэн өгөх арга хэмжээ авч өгөхийг хүссэн боловч тодорхой арга хэмжээ авч өгөхгүй байсан учир 2019.05.07-нд компаний гүйцэтгэх захирал Н.Тавинбэхэд өргөдөл өгсөн боловч 2019.05.27-нд өмчлөхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Иймээс Багануур дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрны .... тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Б- хураан авч  Н.Ө- миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг “БЗӨБЦТС” ТӨХК-д даалгах, С.Б- холбогдуулан анх байгууллага төлөөлж хувь хүнтэй хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож С.Б- нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Н.Ө- намайг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ө- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “БЗӨБЦТС”  ТӨХК-ийг хариуцагчаар татсан учир нь энэ байгууллагаас дээрх байрыг надад өгсөн, 2012 оноос эхлэн энэ байранд амьдарч байна. Албан ёсны эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл миний эзэмшилд өгч батламж олгосон. Гэтэл эрх бүхий байгууллагын шийдвэр гараад байхад байр миний нэр дээр шилжиж ирэхгүй байсан тул  шүүхэд хандсан. Нэхэмжлэл дээрээ бүгдийг тодорхой бичсэн байгаа. Иргэн С.Б- нэр дээр гарсан Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны зориулалт бүхий байрыг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан С.Б- гэрчилгээг хураан авч, хууль ёсны эзэмшигч Н.Ө-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг БЗӨБЦТС-нд даалгах, хариуцагч С.Б- холбогдуулан “С.Б- нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Харин анх шүүхэд гаргасан 2000.06.06-ны өдөр иргэн Х.Т........., Б.Л........, С.Б.......  нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 2016 онд байгууллагын зүгээс иргэний бүртгэлийн газар руу албан бичиг явуулахад танай байгууллагын нэр дээрх 35 дугаар байрны 2 тоот орон сууц нь Ц.Л........ нарын нэр дээр бүртгэлтэй байна гэсэн албан бичиг ирсэн. Ингээд н.Б- дарга, С.Б- бид хоёрыг дуудаж бид нартай ярилцаж, С.Б- ажлын хариуцлагагүй байдлаас болж байгууллагын нэр дээрх байр хувь хүний нэр дээр бүртгэлтэй өнөөдрийг хүртэл явсан байна, иймд энэ асуудлаа яаралтай шийд гэж хэлсэн. Ингээд С.Б- бид хоёр улсын бүртгэлийн газарт очиж зөвлөгөө авахад Ц.Л- нараас худалдах худалдан авах гэрээгээр С.Б- нэр дээр шилжүүлээд дараа нь миний нэр дээр шилжүүлбэл арай чирэгдэл багатай юм байна гэсний дагуу байгууллагын удирдлагад танилцуулж эхлээд өмчлөх эрхийн гэрчилгээг С.Б- ахын нэр дээр гаргуулахаар болсон. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Б- ахын нэр дээр шилжсэн үеэс С.Б- ах утсаар ярих гэтэл утсаа авахгүй болсон. Ингээд 2017 он гарч, дарга солигдсоны дараа С.Б- ахтай таарч, уулзахад байрыг 30 сая төгрөгийн барьцаанд тавьсан талаар хэлсэн. Тэгэхээр нь та байгууллагын байрыг надад зарах гээд байгаа юмуу гэхэд би зарна гэж хэлээгүй байна гэсэн. Энэ талаар байгууллагын удирдлагуудад орж хэлж байсан. Энэ хүн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авчаад урьд ярьж байсан зүйлээсээ буцаж ааш зан, бүх юм нь өөрчлөгдсөн. Би энэ байранд 2012 оны 10 дугаар сараас эхлэн амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус Компани нь 2000 онд Багануур дүүргийн .... дугаар хороо ... дугаар байрны ... тоот 39 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зориулалтаар иргэн Ц.Л-гээс худалдаж авсан. Дээрх байрыг худалдаж авахдаа тухайн үед борлуулалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан С.Б- нэр дээр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан компанийн санхүүгийн тайлан блансад тусгасан бөгөөд тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй юм. Тухайн үед үйлчилж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай”  /хүчингүй болсон/ хуульд төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж заасан байсан. 2013 онд хэрэглэгчдэд үйлчлэх байр ашиглалтанд орсноор албаны зориулалтаар ашиглаж байсан дээрх 3 өрөө орон сууцыг компаний ажилтан Н.Ө-т орон сууцыг хувьчлах эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд эзэмшүүлэхээр батламж олгосон. Засгийн газрын 2016.04.04-ний өдрийн “орон сууц хувьчлах тухай” 192 дугаар тогтоолоор хувьчлах тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Багануур дүүргийн 3 дугаар хороо 35 дугаар байрны 02 тоот орон сууцыг хувьчлах шийдвэр гарсантай холбогдуулан тухайн орон сууцыг эзэмшиж байсан Н.Ө- нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар материалаа бүрдүүлэх явцад Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус байр нь Ц.Л- нарын 3 иргэний өмч болохыг тодорхойлсон. Тухайн үеийн компаний удирдлагууд Ц.Л-тэй холбогдож орон сууц худалдах худалдан авах гэрээг дахин шинэчлэн байгуулах талаар хүсэлт гаргасан боловч хамтран өмчлөгч нар гадаад улсад удаан хугацаагаар амьдарч байгаа тул дахин гэрээг шинэчлэн хийхэд хүндрэл учирсан. Иймээс анх гэрээ хийсэн С.Б- нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авч, дараа нь С.Б- Н.Ө-т уг орон сууцыг шилжүүлэхээр С.Б-, Н.Ө- нартай харилцан тохиролцож гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр С.Б-  нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл гэрчилгээ гарсны дараа С.Б- нь орон сууцны өмчлөгч гэж үзэж Н.Ө-т шилжүүлэхээс татгалзсанаар маргаан үүссэн. 2000 онд уг байрыг авснаасаа хойш компаний үндсэн хөрөнгөд бүртгэн санхүүгийн тайлан блансад тусгаж ирсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 192 дугаар тогтооыг үндэслан 2016 оны жилийн эцсийн тайлан блансаас уг орон сууцыг хассан. Иймд шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.  

           Хариуцагч С.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК–ийн гаргасан тайлбарт уг байрыг С.Б- нэр дээр худалдах худалдан авах гэрээг байгуулан авч компаний санхүүгийн тайланд тусгасан бөгөөд уг худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй болно гэснээр өмчлөх эрх нь хэзээ ч компанид байгаагүйг нотолно. “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК–ийн өмчлөлд Багануур дүүргийн .... дугаар хороо .... дугаар байрнаас орон сууцны нэг байр байсныг нотолсон улсын бүртгэлийн байгууллагын өмнө дурьдагдсан 212 тоот албан бичиг нотлох бөгөөд тэр байр нь .... дугаар байрны .... тоот байр бөгөөд нэхэмжлэгчийн компанийн мэдэлд байсан одоо миний эзэмших эрхтэй гээд байгаа байр нь ... дугаар байрны .... тоот байр болно. Багануур дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны ... тоот орон сууц нь иргэн С.Б- миний хууль ёсны өмч мөн болно гэжээ.

Хариуцагч С.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн С.Б- нь ““Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх” ТӨХК”-ийн буруутай үйл ажиллагаанаас болж төөрөгдөлд орсон, мөн Н.Ө-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж гэж үзэж байна. Иргэн С.Б- нь дээрх байрыг хууль ёсны өмчлөгч. Х.Т- бэлэн 1.800.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр худалдаж авсан. С.Б- нь ““Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан түгээх”  ТӨХК-ийн борлуулалтын цехэд ажиллаж байгаад 2009 онд Дорноговь аймаг руу шилжсэн. Гэтэл Н.Ө- 2013 оноос эхлэн түүний байранд хууль бусаар амьдарч эхэлсэн бөгөөд байрнаас гарахыг удаа дараа шаардсан боловч гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

   Хариуцагч С.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: С.Б- нь Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцыг  Х.Т- 2000.06.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч хууль ёсны өмчлөгч болж улмаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан. 2013 онд иргэн Н.Ө- түүний байранд хууль бусаар нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд удаа дараа шаардахад суллаж өгөхгүй түүний өмчлөх эрхэнд халдсаар байна.  Иймд С.Б- нь дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн учир уг байрыг Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж  өгөх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.  

Нэхэмжлэгч Н.Өлзийлэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа : С.Б- нь өөрийгөө 2000.06.06-ны өдөр иргэн Х.Т- Багануур дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд байрны гэрчилгээг авсан хууль ёсны өмчлөгч гэжээ. Энэ хүн тухайн орон сууцыг худалдан аваагүй бөгөөд байгууллага худалдан авч төлбөрийг төлсөн, зөвхөн тухайн  үеийн хууль тогтоомж, нөхцөл байдлаас болж С.Б- нэр дээр худалдан авах гэрээг байгуулж сүүлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ хүний нэр дээр гаргуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

  Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

          ҮНДЭСЛЭХ нь :

  Нэхэмжлэгч Н.Ө- нь хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдуулан Багануур дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Б- хураан авч  Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг “БЗӨБЦТС” ТӨХК-д даалгах,

хариуцагч С.Б- холбогдуулан 2000.06.06-ны өдөр иргэн Х.Т-, Б.Л- нартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.Б- нэр дээр дээрх 000474363 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, Багануур дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

хариуцагч С.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- Багануур дүүргийн .. дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бусаар эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ө- нь С.Б-, иргэн Х.Т-, Б.Л- нарын 2000.06.06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

“БЗӨБЦТС” ТӨХК  нь өөрийн өмчлөлийн Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот орон сууцтай зэргэлдээ хэрэглэгчдэд үйлчлэх төв болгож ашиглах зорилгоор Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоот 3 өрөө орон сууцыг 1.836.000 төгрөгөөр худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэж авахыг орлогч дарга Г.Г-, санхүүгийн хэлтсийн дарга Б.Д- нарт даалгаж, уг байрыг түрээсийн эзэн С.Б- баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэж өгөх, байр худалдан авахад гаргах 1.836.000 төгрөгийг гаргаж зарцуулахыг үүрэг болгосон, улмаар уг байрыг 2000 оны үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан болох нь  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний удирдах газрын Багануурын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2000.06.05-ны өдрийн А/75 дугаар “Байр худалдан авах тухай” тушаал, Багануурын Цахилгаан Шугам Сүлжээний газрын 2000 оны нэмэгдсэн үндсэн хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

/ хх-10-12 дугаар хуудас /

“БЗӨБЦТС” ТӨХК   нь дээрх байрыг худалдан авч хэрэглэгчдэд үйлчлэх төв болгон ашиглаж байгаад 2011 онд хэрэглэгчдэд үйлчлэх төвийг шинээр барьж ашиглалтанд оруулснаар  байгууллагын үйл ажиллагаа явуулж байсан Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоот 3 өрөө байрыг нэхэмжлэгч Н.Ө-ийн эцэг Д- Н- эзэмшүүлэхээр 2011.02.10-ны өдөр шийдвэр гарч батламж олгосон, улмаар Д.Н- байрандаа ороогүй байж байгаад өөр газар инженерээр томилогдон явсан учраас түүний хүү Н.Ө-т 2012 онд улсын наадамд сурын харваанд 2-р байр эзэлсэн амжилтыг үнэлээд уг байрыг шилжүүлж зэмших эрхийг олгосон болох нь “БЗӨБЦТС” ТӨХК–ийн байр эзэмшүүлэх тухай батламж, орон сууц эзэмшүүлэх гэрчилгээ, нэхэмжлэгчийн 2012 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч байгаа талаарх тайлбар, “Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-ийн орлогч даргаар ажиллаж байсан гэрч Г.Г-ын шүүхэд өгсөн “ Би 1984 оноос “БЗӨБЦТС ТӨХК-д нийдээ 35 жил тасралтгүй ажиллаж байна. Би 1999 оноос орлогч дарга гэсэн албан тушаалд томилогдсон бөгөөд тухайн үед борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа хариуцдаг байсан. 2000 оны 06 дугаар сард борлуулалтын хэсгийг тусад нь ажлын байртай болгох шаардлага бий болсон. Гол шалтгаан нь  .... байрны .. тоот байранд  манай байгууллагын тоолуурын лабортори байсан бөгөөд энэ байрны хажууд 3 өрөө байр авах гэж нилээн хөөцөлдсөн. Өөр газар зарах байр байсан боловч энэ байрыг сонгож авсан. Учир 1 тоот байртай ойрхон үйл ажиллагаа явуулахад хялбар үндэслэлээр сонгож авсан юм. Би даргын хувьд энэ байрыг худалдаж авах ажиллагааг зохион байгуулж тэр үедээ 1800.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Хожим С.Б-ыг ингэж маргаан үүсгэнэ гэж бодоогүй. С.Б- нь миний  удирдлага доор борлуулалт хариуцсан инженер байсан... 2011 онд манай компани хэрэглэгчдэд үйлчлэх төвийн барилга барьж ашиглалтанд оруулсан. Тэгээд манай байгууллагад .... байрны ..  тоот ... өрөө байр, ... тоот .... өрөө нийт 2 ширхэг 3 өрөө байр хоосон үлдсэн. Хэрэглэгчдэд үйлчлэх төв ашиглалтанд орсонтой холбоотой тэнд байрлаж байсан контор нүүж шинэ байранд орсон. Энэ 2 байр манай байгууллагын өмч учраас захирлын зөвлөл нэг байрыг ерөнхий инженер Б........, нөгөөг нь албаны дарга Н- буюу нэхэмжлэгч Ө-ийн аавд эзэмших эрх олгосон. Энэ байрыг Төрийн өмчийн хорооноос хувьчлах шийдвэр гарсан. Тэрний дараа Б........ байрандаа орсон. Н-  байрандаа ороогүй байхдаа Цахилгаан дамжуулах  сүлжээ  компаний ерөнхий инженерээр томилогдсон. Тэр жил Н.Ө- 2012 онд сур харваад улсын наадамд 2-р байранд орсон. Манай захирлын зөвлөл ярилцаад гаргасан амжилтыг үнэлээд энэ байрыг шилжүүлж өгч батламж хамт олны өмнө гардуулсан” гэх мэдүүлэг  зэргээр  нотлогдож байна.

/хх-16, 74-75  дугаар хуудас /

“БЗӨБЦТС” ТӨХК нь үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, ажилчдад түрээсээр эзэмшүүлж байсан 11 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах асуудлыг 2013.10.01-ний өдөр захирлын зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэж .... дугаар байрны .... тоот байрыг Н.Ө-т хувьчлахаар шийдвэрлэж саналыг  компанийн ТУЗ-д хүргүүлснээр 2013.12.05-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарч дээрх 11 орон сууцыг хувьчлахыг зөвшөөрсөн байна. Уг 11 орон сууцны 10 дугаарт нэхэмжлэгч Н.Ө-ийн эзэмшиж байсан Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны  ... тоот 3 өрөө сууц багтжээ.

/ хх-13, 14, 15, 53-59  дугаар хуудас/

Монгол улсын засгийн газрын 2016.04.04-ний өдрийн “Орон сууц өмчлөх тухай” 192 дугаар тогтоолоор хавсралтад заасан төрийн өмчийн 204 орон сууцыг одоо эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн бөгөөд 192 дугаар тогтоолын хавсралтад Улаанбаатар хотын Багануур дүүргийн .... дугаар байрны , “БЗӨБЦТС ХК-ийн 2 байр/ .... дугаар байрны .... тоот болон 02 тоот байрууд/  тус тус хувьчлагдахаар болсон байна.  /6-9 дүгээр хуудас/

“БЗӨБЦТС” ХК-ийн шүүхэд   ирүүлсэн болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар Н.Ө- нь уг байрыг хувьчилж авахаар материал бүрдүүлэх явцад ... дугаар байрны ...тоот 3 өрөө байр нь Х.Т-, Т.М-, Б.Л- нарын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Б.Л-тэй холбогдож дахин худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар ярилцахад бусад өмчлөгч нар нь гадаад улсад амьдарч байгаа үндэслэлээр гэрээг шинэчлэн байгуулах боломжгүй болсон тул 2000 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хариуцагч С.Б- нэр дээр уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан дараа нь  С.Б- Н.Ө-ийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар “БЗӨБЦТС” ТӨХК-ийн удирдлагууд, нэхэмжлэгч Н.Ө-, хариуцагч С.Б- нар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. / хх –ийн 28 дугаар хуудас/

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт  “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийн хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Н.Ө- нь .... дугаар байрны ... тоот 3 өрөө байрыг хувьчлах шийдвэр гарсны үндсэн дээр 2012 оны 10 дугаар сараас хойш эзэмшиж байгаа шударга эзэмшигч байна.

Иргэний хуулийн 92  дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “ шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “ өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “энэ хуулийн 106.2, 106.3 дахь заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Ө- нь өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй бөгөөд  шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “үл хөдлөх өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч Б.Б- нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож Н.Ө-ийн нэр дээр гэрчилгээ гаргахыг даалгах эрх хуулиар олгогдоогүй байх тул “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь С.Б- нэр дээрх .......... тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож,  Багануур дүүргийн ... дугаар хороо .... дугаар байрны ..... тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар үндсэндээ уг байрны өмчлөгчөөр тогтоолгох агуулга бүхий нэг шаардлага гэж тодорхойлсон бөгөөд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “ Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох”-оор  хуульчилсан байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагчийн төлөөлөгч Н.О- нь ..... дугаар байрны .... тоот байрыг хариуцагч С.Б- 1.800.000 төгрөгөөр    худалдаж авч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөх эрхээ баталгаажуулсан тул уг байрыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн “уг байрыг С.Б- өөрөөсөө 1.800.000 төгрөг гаргаж худалдаж авсан гэх” тайлбар Эрчим хүчний удирдах газрын Багануурын цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2000.06.05-ны өдрийн А/75 дугаар “Байр худалдан авах тухай” тушаал болон гэрч Г.Г-ын мэдүүлгээр няцаагдаж байна.

 Уг байрыг хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-ийн байгууллагын мөнгөөр худалдан авч 2000 оноос үндсэн хөрөнгөнд бүртгэж байгаад 2016 оны 192 дугаар тогтоол гарсны дараа 2016 оны жилийн эцсийн тайлан блансаас хассан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2000 онд “БЗӨБЦТС” ТӨХК уг байрыг худалдаж авах үед хариуцагч С.Б- компанийн сүлбээний ажиглалт борлуулалтыг түрээсээр ажиллуулж байсан болох нь Цахилгаан шугам сүлжээний газрын 1999.03.01-ний өдрийн А/25 тоот тушаал, 2000.06.05-ны өдрийн А/75 тоот тушаалаар тогтоогдож байгаа бөгөөд  ажил үүргийн хувиар компанийн нэрийн өмнөөс Х.Т-тай худалдах худалдан авах гэрээг байгуулжээ.

/хх-10, 80 дугаар хуудас/

Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч талын тайлбар нотлогдохгүй, тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж Багануур дүүргийн ...-р хороо .... дугаар байрны ... тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр  нэхэмжлэгч Н.Ө- мөн болохыг тогтоосон, түүний эзэмшил хууль бус болох нь нотлогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 245.819 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 245.819 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б- 245.819 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                           ТОГТООХ..нь:                                                                        .        1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М- овогт Н- Ө-ийг  Багануур дүүргийн .... дугаар хороо,  ... дугаар байрны ... тоот 3 өрөө  орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, хариуцагч “БЗӨБЦТС” ТӨХК-д холбогдох Багануур дүүргийн .... дугаар хороо ... дугаар байрны ... тоот 3 өрөө орон сууцны гэрчилгээг С.Б- хураан авч Н.Ө-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагч С.Б- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гаргасан Багануур дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ....тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулж өгөх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ө- нь С.Б-, иргэн Х.Т-, Б.Л- нарын 2000.06.06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245.819 төгрөг, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 245.819 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б- 245.819 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Н.Ө-т   олгосугай.  

           4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯА