Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 03

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Солонго, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Д.Энх-Оргил,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Иргэдийн төлөөлөгч: Д.Бат-Өлзий,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Р.Отгончимэг, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Очирсүх, түүний өмгөөлөгч Б:Цэцэгмаа,

Шүүгдэгч: Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхжаргалд холбогдох 201616010078 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 09 ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,   Боржигон овгийн Дашдоржийн Мөнхжаргал /РД: ЗИ81030913/

Үйлдсэн хэргийн талаар:                     

Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 02-03 ны өдөр шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 7.5 км-т байх Хадан ус гэх газарт оршин суух Ц.Очирбаттай түүний гэрт архидан согтуурч улмаар “би чамайг угаасаа алчихаад явна” гэх мэтээр маргаан үүсгэж, түүний 12 нас 8 сартай охин О.Нямрагчаа, 10 нас 3 сартай хүү О.Маналсүрэн нарын дэргэд шургааг модыг зэвсгийн чанартай ашиглан түүний толгойн тус газар цохисны улмаас Ц.Очирбат нь хуйхан доорх цус хуралт, баруун зулай ясны цөмөрсөн хугарал, титэм заадсын дагуу болон суурийн дунд хонхрын хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх тархины эдийн няцрал, зүүн талын 10-р хавирганы цөмөрсөн хугарал, 8-9-р хавирганы шугаман хугарал, улаан хоолой, ходоодны урагдал, цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны цус хуралт, зүүн чихний дэлбээний сэтэрч язарсан шарх, зүүн мөр, шуу, 2 өвдөгний жижиг зулгаралт зэрэг олон тооны шарх, гэмтэл авсан байдалтай тус аймгийн Цогтцэций сум дахь Сум дундын эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирээд гавал тархины хүнд хавсарсан гэмтлийг учруулан ойр дотны хүмүүсийх нь дэргэд талийгаач Ц.Очирбатыг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгончимэг шүүх хуралдаанд: “2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Мөнхжаргал нь манай нөхөртэй хамт гэрт пиво уусан. Мөнхөө манай нөхөртэй уулзахдаа чи гэрээ буруу зааж өгсөн гэж хэлээд байсан. Тухайн үед би 2 хүүхэдтэйгээ хамт ямаа саахаар болсон бөгөөд манай нөхөр би ямааг чинь холбож өгий гэж хэлээд хамт гарсан. Бид 4 ямаа холбож байх үед мөнхжаргал гарч ирээд танайх 1000 ямаатай гэсэн ийм хэдхэн ямаа саадаг юм уу? гээд өдөөд байсан. Дараа нь манай нөхөр гэртээ орлоо та 3 ямаагаа саажхаад ороод ир гэж хэлсэн. Би ямаагаа сааж дуусаад орж ирэхэд Мөнхжаргал талийгаач 2 пиво уугаад сууж байсан. Тухайн үед би сүү хөөрүүлж манай 2 хүүхэд гэрийн гадаа ор дэрээ засаж байсан. Мөнхжаргал манай нөхөрийг цээж рүү нь цохиход би эр хүн учраас цээж рүүгээ цохиулах дургүй гэхэд Мөнхжаргал чамайг цохиход яадаг юм гээд дахиад цохихсон. Үүнийг би харсан бөгөөд манай 2 хүүхэд сонссон. Талийгаач Мөнхжаргалыг нэг удаа цохисоныг би бөгөөд би боль гэж хэлхэд та хэд цаашаа байж бай гэж манай нөхөр хэлсэн учир явсан. Би өглөөний 4 цагт ирэхэд гэрийн баруун урд талд хурхираад унтаж байсан. Мөнхжаргалыг харахд машин дотроо буруу хараад хэвтэж байсан. Төд удалгүй 2 хүүхэд ирсэн. Ханилсан ханиа алдсанд гомдолтой байна. Ар гэрээ авч явдаг ганц хүн байсан. Намайг болон хүүхдүүдээ зодож байсан удаагүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирсүх шүүх хуралдаанд: “Миний бие ганц ахтай бөгөөд бид 2 өнчин өссөн. Ганц ахыгаа алдсандаа гомдолтой байна. Яагаад заавал амь насанд нь хүрэх болсонд гайхаж байна. Миний зүгээс 3 сая гариу төгрөгний зардал гарсан боловч баримт байхгүй учир  одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би сумын төвд ажилтай байсан бөгөөд түүнийгээ амжуулчихаад талийгаач Очирбаттай таарч сумаас зүүн хойшоо гарч пиво уухаар болсон. Тухайн үед талийгаачийн гэрт нь байсан бөгөөд Батаа гэх айлд очихоор болсон боловч согтуу байсан учир яваагүй. Үүнээс болж  талийгаач бид 2 маргалдаж эхэлсэн. Энэ үед талийгаач эхнэр хүүхэд рүүгээ агсам тавьж намайг 2 удаа цохиж ална гээд байсан учир би модоор цохисон. Ийм хэрэг болсон маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрт харамсаж байгаагаа илэрхийлж байна. Найзынхаа амь насыг хөнөөсөндөө маш их харамсаж гэмшиж байна. Талийгаачийн амь насанд хүрнэ гэж санаагүй. Шүүгч бүрэлдэхүүн үнэн зөвийг олж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү? Хохирогчийн ар гэрээс дахин дахин уучлалт гуйж байна” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.Мөнхжаргалд  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 18 жил хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Нэмэгдэл ял байхгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч талаас  нэмж нэхэмжилж байгаа баримт байхгүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хоригдох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуур хутга, шургааг мод хураагдсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Аптаун Вилла хотхон 53с байр, 157 тоот хаягт байршилтай 31.92 м.кв талбайтай Ү-2201029579 дугаартай хоёр өрөө орон сууцны зохиулалттай үл хөдлөх битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс хохирогчид учирсан хохирлыг гаргуулах саналыг тус тус шүүхэд гаргаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгончимэгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Отгончимэгийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд улсын яллагчаас оноосон хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна. Учир нь бага насын хүүхдүүдийн хажууд аавынх нь амь насыг хөнөөсөн нь  Нямрагчаа болон Маналсүрэн нарын мэдүүлгээр нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч Отгончимэг нь ханилсан ханиа алдаж 16, 13, 10 настай 3 хүүхдийн хамт өрх толгойлсон эх болж үлдэж байгаа нь их хэмжээний гарц хохирол болсон.  Би Отгончимэгтэй 4 удаа уулзсан бөгөөд  нөхөр нь нас барсанд маш их харамсаж байгаа бөгөөд / манай нөхөр намайг зодож дарамталж үзээгүй байхад тухайн үед би яагаад явчихсан юм бол оо/ гэж үргэлж бодож өөрийгөө буруутгаж гүн шоконд орсон учир ярьж ядахгүй байгаа. Оршуулгын зардалд 8.702.000 төгрөг гарсан бөгөөд түүнийгээ нэхэмжилсэн. Шүүгдэгчийн ар гэрээс 8.275.000 төгрөгний хохирлыг барагдуулсан тул бодит зардал барагдсан гэж үзэж болно. Мөн хохирогчийн зүгээс гэм хорын хохирол буюу сэтгэл санааны хохирол, хүүхдийн сургалтын төлбөр болох 10.000.000 төгрөг, 2 хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах зардал нийт 76.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг дэмжиж байна. Мөн улсын яллагчийн санал болгосон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөнөөс хохирогчид учирсан хохирлыг барагдуулах саналыг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Очирсүхийн өмгөөлөгч Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд Очирсүхийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно гэсэн тайлбар хэлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэ хэргийн зүйлчлэл зөв болох нь тогтоогдож байгаа учир хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Мөнхжаргал нь хохирогчид атаархсан гэдгээ өөрийнхөө үгээр илэрхийлсэн байдаг нь хавтаст хэргийн материалаас харагдаж байсан. Очирсүх нь хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд төрсөн ганц ахтай байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлсэн.  Очирсүх нь нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн нь хууль эрх зүйн мэдлэг дутуу учир тийм мэдүүлэг өгсөн гэж өмгөөлөгчийн хувьд бодож байна. Улсын яллагч хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргасан бөгөөд үүнийг дэмжиж байгаа бөгөөд улсын яллагчийн оноосон  хэргийн зүйлчлэлтэй санал нэг байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Мөнхжаргалын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр  зүйлийн 91.2.12 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Өмгөөллөө явуулахаас өмнө энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас алдагдсан учир хохирогчийн ар гэрт гүн эмэгнэл илэрхийлж байна. Үүнийг та бүхэн хүлээн авна уу? Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд өмгөөлөгчийн дотоод итгэл үнэмшилээр үнэлж гэмт хэрэг гарах болсон хэд хэдэн шалтгааныг гаргаж байна. Үүнд: архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлснээр нэг дэх шалтгаан нөхцөл болсон. Гэр бүлээрээ архи ууссан нь 2 дахь шалтгаан болсон. Мөн хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа. Үүнийг хэрхэн яаж хүлээж авах нь та бүгдийн эрхийн асуудал. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны талаар яригдсан бөгөөд нэгч хүн эерэг талаас нь асуулт асуусангүй. Хэргийн хүрээнд талийгаачийн ар гэрийн хүмүүсээс илүү мэдүүлэг авсан тул хэтэрхий нэг талыг барьсан байна гэдгийг хэлмээр байна. Гэхдээ энэхүү гэмт хэрэг гарахад миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл байгаа гэдгийг Мөнхжаргал хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгч би ч хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөгч өмгөөлөгч миний бие хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг хэдийд хаана, яаж үйлдэгдсэн, хэний хажууд цохисон эсэх нь хавтаст хэргийн хүрээнд тодорхой бус байгаа боловч нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаахыг хүсэхгүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд буцсан ч шалтгаан нөхцөл нь өөрчлөгдөхгүй энэ хэвээр буцаж ирнэ. Миний үйлчлүүлэгчийг 64 нотлох баримтыг дурьдаж  ялалсан байдаг. Насанд хүрээгүй 2 хүүхдийн мэдүүлэг үнэлэгдэх хэмжээнд хүрч байна. Отгончимэг нь тухайн үед гэрээсээ яваад өгсөн. Нөхөр нь амь нас нь аюултай байдалд байхад туслах санаа зорилго байгаагүй учир төөрсөн гэдэг мэдүүлгийг 2 дахь мэдүүлгээсээ эхэлж хэлдэг гэдгийг дурьдаж хэлмээр байна. Насанд хүрээгүй 2 хүүхдийн мэдүүлэг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар хэлмээр байна.  Насанд хүрээгүй гэрч болон ах дүү төрөл садангаас мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж мэдүүлэг авах ёстой байдаг. Эдгээр хүмүүсийн эрхийг бүрэн эдлүүлж  авсан мэдүүлэг цөөхөн байгаа. Отгончимэгээс 4 удаагийн тайлбар мэдүүлэг авсан байдаг. Хамгийн анхны тайлбарыг 2016 оны 08 сарын 04-ний өдөр өгсөн байдаг. Тухайн хүний анхны өгсөн тайлбар  үнэн зөв болсон явдлын талаар мэдүүлдэг. Отгончимэгийн  өгсөн тайлбарт /би чамайг алчихаад явна/ гэсэн мэдүүлэг байдаггүй юм. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эрхийг бүрэн эдлүүлж дахин гэрчээр байцаалт авсан байдаг.  2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын  05-ны өдрүүдэд гэрчийн мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан  эрхийг эдлүүлээгүй байдаг. Отгончимэгийн өгсөн 4 мэдүүлгээс хууль тайлбарлаж мэдүүлэг авсан нэг мэдүүлгээс бусад нь нотлох баримтын шаадлага хангахгүй байна.  Нотлох баримтаар үнэлэгдэх 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт /би чамайг алчихаад явна/ гэсэн мэдүүлэг байдаггүй юм. Дараа нь Насанд хүрээгүй гэрч Нямрагчаагийн 4 удаагийн мэдүүлэг байдаг бөгөөд  2 удаа  өгсөн мэдүүлэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авсан байдаг.  2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Нямрагчаагийн мэдүүлэг нь нотлох баримтаар үнэлэх боломжтой мэдүүлэг байгаа. Энэхүү үнэлэж болох мэдүүлэгт /би чамайг алчихаад явна/ гэсэн мэдүүлэг байдаггүй юм.  Мөн насанд хүрээгүй гэрч Маналсүрэнг хэрэг гарсан өдрөөс хойш 45 хоногийн дараа гэрчээр мэдүүлэг авсан нь нотлох баримтаар үнэлэх боломгүй юм. Учир нь 45 хоногийн дотор нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенээсээ мэдээлэл авсан. Ямар мэдүүлэг өгөх үү? гэдгийг мэдсэн байх боломжтой. Хэрэг гарах үед байсан 3 гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн гэмт хэргийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл олон тооны гэмтэл учруулсныг онц харгис хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн гэж үзэж болохгүй гэж тайлбарласан байдаг. Олон тооны гэмтлээс гадна талийгаачийг өвтгөн шаналгасан, зовоон тарчлаасан, зовж зүдэрхээр байдал бий болгосон энэ 4 шинж энэхүү гэмт хэрэгт харагдахгүй байна. Мөн өлсгөж цангаасан Эмнэлийн тусламж үзүүлэхэд саад болсон, ойр дотны хүмүүсийн хажууд амь насыг хөнөөсөн эдгээр 3 үндсэн нөхцөл хэргийн хүрээнд байхгүй бөгөөд өлсгөж цангаасан, эмнэлэгийн тусламж үзүүлэхэд саад болсон, ойр дотны хүмүүсийн хажууд хөнөөсөн зүйл байхгүй. Насанд хүрээгүй гэрч Маналсүрэн унтаж байсан бөгөөд аав нь муухай орилсон тул гарч ирсэн байдаг. Энэ үед Маналсүрэн юу болж байгааг мэдсэн байдаг. Өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгчийнхээ хэргийг хөнгөвчлөхийн тулд шүүгдэгчид ашигтай эерэг талын бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй байдаг тул хохирогч та бүхэн ойлгохыг хичээгээрэй. Хатуу үнэн гэж байдаг учир ярихаас өөр аргагүй байна. Онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хөнөөгөөгүй гэдгийг үүгээр нотлож байна. Миний үйлчлүүлэгч онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг хөнөөсөн гэж зүйлчилсэн. Иймд өмгөөлөгч миний дурьдсан хэд хэдэн нөхцөлийг анхааран үзэж Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл халдааж өгнө үү? гэсэн саналыг оруулж байна. Зэвсгийн чанартай зүйл ашиглан түүний толгойн тус газар цохисоны улмаас нас барсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Зэвсгийн чанартай зүйл ашигласан гэдэгт маргахгүй. Гэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энэхүү мод мөн эсэхийг юугаар нотлоод байгааг ойлгохгүй байгаа бөгөөд эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч бөөрөнхий мод байсан гэж мэдүүлэг бөгөөд тухайн үед айлын гадаа байсан ганц модыг хэрэгт эд мөрийн баримтаар хураасан. Энэхүү модноос цусны толбо байдаггүй тул энэхүү модоор цохисон гэж үзэх хангалттай биш байна. Мөнхжаргал нь өөрийн санаачилгаар модоор цохиогүй бөгөөд талийгаач Мөнхжаргалыг ална гэж ардаас нь гүйсэн тул айсны улмаас мод авч цохисон байдаг. Толгойн тус газар цохисон гэж бичсэн байсан. Толгой руу нь хэзээ хаана толгойны аль хэсэгт цохисон гэдэг нь тодорхой бус байна. Иймээс толгойн тус газар цохисон гэж яллаад байгаа нь бодит үнэнтэй нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгчийн амь насанд аюултай байдалд хүрсэн учраас талийгаачийн биед гэмтэл учруулсан. Мөн талийгаач зэвсгийн чанартай зүйл хэрэглэж миний үйлчлүүлэгчийг айлгасан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагдаж байгаа. Миний зүгээс Отгончимэг буруутай гэж үзэж байна. Нөхөр нь амь нас нь аюултай байдалд байхад нь тусламж үзүүлээгүй. Хавтаст хэргийн хүрээнд 5 төрлийн шинжээчийн дүгнэлт байдаг бөгөөд талийгаачийг тарчлаан зовоож байсан нь гэсэн зүйл бичигдээгүй учир хэргийн зүйлчлэлийг няцааж байна. Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу ял шийтгэл оногдуулахтай хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын зүгээс халх, ажилтан гаралтай, ам бүл 3, малчин мэргэжилтэй,  бага боловсролтой боловч уншиж бичиж чаддаг, нийгмийн хүрээллийн хувьд олон хүнтэй харилцаж байгаагүй ч эргэн тойрныхоо хүмүүс тусархуу , зан харилцааны хувьд үг дуу цөөтэй тухайн нутаг усандаа нэртэй мөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн  төлсөн гэх зүйлүүдийг харгалзан үзээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү? гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 3, 8-рт/,

Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-7, 12-17, 19-27, 30-34-рт/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 18-рт/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 28-рт/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 29-рт/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол “...2.2 см урттай шургааг модыг /1 ш/ эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” /ХХ-ийн 40-рт/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол “...нийт урт нь 18.1 см, модон иштэй заазуурыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” /ХХ-ийн 41-рт/,

Хохирогч С.Очирсүхийн өгсөн “...Би уншиж бичиж чаднаа. Би талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм... Би 2016 оны 08 дугаар сарын 03 ны өдөр Өлзийт сумын нутагт нүүдэл хийгээд явж байтал манай сумын Д.Батжаргал гэж хүн ирээд талийгаач ахыг цус харвалт өгсөн ухаангүй байна гэнэ хурдан явахгүй бол болохгүй нь гэсэн тэгээд бид нар тэндээс явсаар орой 17 цагийн үед Цогтцэций сумын төвд ирээд эмнэлэг дээр очиход ах маань ухаангүй зүүн чих нь сэтэрсэн баруун нүд хөхөрчихсөн байсан мөн дээд уруул нь хавдартай, шилбэ нь өнгөц зулгарсан юм шиг харагдаж байсан. Бид нарыг ирсэнээс хойш их удалгүй ах эмнэлэг дээр нас барсан... Талийгаач ах болон Мөнхжаргал бид нар бүгд нэг сумын нэг нутгийн хүмүүс учир бие биеэ таньдаг жирийн танилууд байсан тэр хоёр тийм дотно найз нөхөр байгаагүй. Өс хонзон тийм юм байгаагүй... Миний зүгээс маш их гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцана. Шүүх хуралдаанд сууна...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 50-рт/,

Хохирогч С.Очирсүхийн дахин өгсөн “... Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... нэхэмжлэх зүйлийг талийгаачийн эхнэр хүүхдүүд нь гаргах байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 51-рт/,

Хохирогч Р.Отгончимэгийн өгсөн “...Би гомдолтой, нэхэмжлэх зүйл байгаа, оршуулганд гарсан зардал 8.429.933 төгрөг энэ нь баримттай байгаа, манай том охин О.Чимэд нь энэ жил Их засаг сургуульд оюутан болсон сургалтын төлбөр нь 2.200.000 төгрөг төлсөн, мөн бидний сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг, мөн оюутан хүүхэд болох Чимэдийн 3 жилийн төлбөр 10.000.000 төгрөг, хоёр хүүхдийн хувцас, хичээлийн хэрэглэлийн зардлыг насанд хүртэл тооцож 15.000.000 төгрөг, хоног хураахад гарсан зардал 272.740 төгрөг нийт 85.902.673 /наян таван сая есөн зуун хоёр мянга зургаан зуун далан гурав/ төгрөгийг нэхэмжилж байна. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд сууна...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 53-рт/,

Хохирогч Р.Отгончимэгийн гэрчээр өгсөн “...би манай саахалт айлын Сумъяатай хамт тэд нар дээр очсон юм тэнд талийгаач маань болон Мөнхжаргал, Баалд буюу Минжбаатар болон эхнэр нь хамт байцгаасан бүгдээрээ пиво ууцгааж байсан тэгээд пиво нь дуусаад мөнгө нийлүүлээд дахин пиво авахаар болцгоогоод ...би машинаараа сумын төврүү Баалдын эхнэр Баясалмаатай хамт явж нэг кроп сэнгүр пиво авч ирсэн... тэгээд бүгдээрээ манай гэрт очсон гэрлүү явах замдаа би Сумъяаг гэрт нь буулгаж өгөөд гэртээ ирсэн тэгээд гэрийн хажуу талын вагончиконд бүгдээрээ орчихсон пиво ууцгааж байсан байх. Би хоньруугаа явж машин дээр ачсан байсан малаа буулгаж сүрэгтээ тавиад хонь хариулж байсан хүү, охин хоёроо авч гэртээ ирсэн тухайн үед цаг 20 цаг өнгөрч байсан байх нар жаргаагүй байсан... Баалд эхнэртэйгээ яваад өгсөн гэрт манай талийгаач нөхөр болон Мөнхжаргал хоёр үлдсэн би хоёр хүүхэдтэйгээ гарч ямаагаа холбож саая гэтэл талийгаач маань би холбож өгье гээд хамт гэрээс гэрийн хойш талын хашаанд очиж хашаан дотор ямаа холбож өгсөн тэр үед Мөнхжаргал хүрч ирээд олон малтай л гэсэн чинь ийм хэдхэн ямаа саадаг юмуу гээд өдөөд байсан... тэгээд талийгаач болон Мөнхжаргал хоёр хамт гэрлүү явсан би хоёр хүүхэдтэйгээ хамт ямаагаа саачихаад гэртээ ирсэн... тэр хоёр гэрийн гадна зүүн урд хаяанд усны хоёр ширхэг шар сав байсан дээр сууж байсан... тэгээд гэртээ орж сүүгээ хөөрүүлж байтал тэр хоёрын хэн нэг нь нэгнийхээ нүцгэн цээжрүү гараараа цохиод байх шиг чимээ гарсан тэгтэл талийгаач маань би цээжрүүгээ цохиулах дургүй шүү гэж хэлж байгаа нь сонсогдсон түүний дараа би сүүгээ самарч дуусаад гэрээс гарч иртэл Мөнхжаргалыг талийгаач саван дээрээс цааш нь түлхээд унагачихаад цээжрүү нь нэг удаа гараараа цохих шиг болсон охин бид хоёр талийгаачийн хоёр талаас нь татаж салгаад босгож авсан Мөнхжаргал босохгүй нэлээд хэвтэж байснаа босоод ирсэн тэгээд гэрийн урд талд зогсоосон байсан машиныхаа хажууд очиж зогссон би Мөнхжаргалыг одоо чи эндээс яв гэж хэлтэл талийгаач хэрэггүй ээ битгий зүгээрээ наадах чинь манай нутгийн сайхан найз байгаа юм гэж хэлсэн тухайн үед харанхуй болчихсон байсан. Талийгаач маань охин Нямрагчаатайгаа хамт гэрийн баруун урд талд зогсож байсан би гэрийн урд талд Мөнхжаргал миний зүүн талд буюу машиныхаа хажууд зогсож байсан яг тэр үед талийгаач зайлаач гээд хашгирахаар нь би гэрээс зүүн урагшаа гүйсэн би нэлээд удаан гүйгээд зогсож байгаад буцаад гэрээ олохоор явсан чинь гэрээ олоогүй явган ганцаараа яваад л байсан ...зогсолтгүй явсаар гэрийнхээ зүүн хойд талаар хүрч ирсэн намайг гэрт ирэхэд талийгаач маань гэрийн гадаа баруун урд талд толгойгоо зүүн урд зүгт харуулж түрүүлгээ хараад хөнжил дэвссэн байдалтай хурхирч байсан би унтаж байгаа юм байна гэж бодсон тэгээд Мөнхжаргалын машины цонхоор харахад Мөнхжаргал цаашаа хараад эвхрээд хэвтэж байгаа харагдсан... гэгээ орохоор нь дахин талийгаачруу очиход зүүн дал орчимд хөхөрчихсөн байгаа харагдсан мөн зүүн чих нь сэтэрчихсэн байсан би толгойд нь гэрээс дэр авч ирж дэрлүүлээд байж байтал удалгүй хоёр хүүхэд хойд айлын хүнээр мотоциклоор хүргүүлж ирсэн. Манай охин шөнө таныг явсаны дараа Мөнхжаргал ах аавыг модоор цохиод унагачихсан тэгээд аав хөдлөхгүй байхаар нь бид хоёр хойд айлд очиж хэлээд түргэн дуудуулж үзүүлсэн түргэний эмч ирж аавыг үзээд харж хоноорой гайгүй байна гэж хэлээд явсан гэсэн харин Мөнхжаргал эмчид наадах чинь зүгээрээ баашилж байгаа юм гэж байсан гэсэн тэгэхэд аавын зүүн чих нь сэтэрчихсэн цус гарч байсан би хөнжил нөмөргөж үлдээсэн юм гэж манай охин Нямрагчаа хэлсэн хоёр хүүхэд ирэхээс өмнөх нь Мөнхжаргал машинаас буугаад ирэхээр нь чи яагаад манай хүнийг зодчихсон юм бэ гэхэд Мөнхжаргал би согтуугаараа зодчихжээ Очирбат надруу хутга бариад ирэхээр нь би модоор цохиод унагачихсан юм гэж хэлсэн... би хоёр хүүхэдтэйгээ хамт ямаагаа саачихаад ирэхэд мөн л хэвээрээ байхаар нь гайхаад Баалдын утасруу залгаж хүрээд ирээ Очироо нэг л сонин байна гэж хэлсэн ...Баалд удалгүй эхнэртэйгээ ирж харчихаад хавирга нь хугарчихсан байна хөдөлгөж болохгүй явж эмч авч ирье гээд би Баалдтай хамт сумын төв орж Мөнхцэцэг эмчид хэлээд авч ирээд үзүүлэхэд эмч яаралтай түргэн дуудъя гээд түргэн дуудсан ...Эмнэлэгт ирээд талийгаач маань яг хэвээрээ байсаар тэр оройдоо нас барсан. Талийгаач маань Мөнхжаргалыг нэг удаа түлхэж унагасан мөн цээжрүү нь гараараа нэг удаа цохьсон байх өөрөөр бол зодож цохиогүй... Намайг тэнд байх үед Мөнхжаргал талийгаачийн цээжрүү нь гараараа цохиж аваад байсан байх тэгээд талийгаачийн уур нь хүрсэн байх. Мөнхжаргал тухайн үед та нарын мах  зараад баяжсан чинь хаана байгаа юм бэ? гээд дахин дахин хэлээд талийгаачийг өдөөд байсан мөн чи муу ганц цохилтын пян даахгүйшдээ гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Намайг шөнө гэртээ ирээд гэгээ орсон хойно харахад гэрийн баруун талд чиргүүл гэр хоёрын голд чиргүүлтэй арай ойр зайтай малын хашаа бариад илүү гарч үлдсэн нэг ширхэг шургааг мод газар хэвтэж байсан тэр мод бол тэнд урьд нь байгаагүй гэрийн хойд талд байх малын хашааны хаалганы ард талд хөндлөн хэвтэж байдаг мод тэнд ирчихсэн байсан... Би тухайн үед талийгаач маань уцаарлаад байхаар нь явчихсан юм цаг 23 цаг өнгөрч байсан байх гэртээ буцаж ирэхэд багцаагаар 04 цаг өнгөрч байсан байх шөнө харанхуйд ямар ч баримжаагүй талаар л гэрээ хайгаад яваад байсан... би хутгануудыг л нуусан заазуур вагончикны гал тогооны дамнуурганы хамгийн доод талын тавиур дээр байдаг юм... Мөнхжаргал болон талийгаач хоёрыг маргалдаж байх үед хүү унтаж байсан охин аавынхаа хажууд байсан... Бид хоёр 2000 онд анх гэр бүл болсон түүнээс хойш 16 жил хамт амьдарсан 10-16 насны гурван хүүхэдтэй. Талийгаач маань малын мах авч зарж ахуй амьдралаа авч явдаг байсан элдэв янзын зан гаргаад байдаггүй хааяа найз нөхөдтэйгөө архи уудаг ч агсам согтуу тавиад байдаггүй хүн байсан юм... Би Мөнхжаргалыг сайн мэдэхгүй харахад их л ширүүн зантай хүн шиг харагддаг. Урьд нь манайд ирж байгаагүй талийгаач ч Мөнхжаргалтай уулаа гэж надад ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 57-58-рт/,

Хохирогч Р.Отгончимэгийн гэрчээр дахин өгсөн “...Тэр хоёрыг муудалцахаар нь л айсан. Би салгах болон цагдаад мэдэгдэх талаар тэр үед огт бодоогүй... Мөнхжаргал надад хэлэхдээ танай нөхөр хутга бариад байхаар нь би модоор цохьсон гэж надад хэлсэн. Тэр үед нь гайгүй юм байх гэж бодсон. Манай нөхөр хухираад унтаад байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 59-рт/,

Гэрч Д.Буянжаргалын өгсөн “...Би Д.Мөнхжаргалын төрсөн ах нь байгаа юм... 2016 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна шөнийн 00 цагийн үед дүү болох Мөнхжаргалруу 4 ширхэг портер машины дугуй авсан уу гэж залгахад... би Очирбаттай муудалцаад Очирбат намайг ухаан алдтал цохисон, ухаан ороод босоод иртэл дахиад цээжин дээр минь цохиход би босоод зугтахад Очирбат намайг ална гээд араас заазуур бариад туулгасан. Тэгэхээр нь би эргэж хараад модоор Очирбатыг цохисон чинь ухаан алдчихлаа гэсэн тэгэхээр нь би дүүгээ одоо чи хаана байна гэхэд би машиндаа сууж байна гэсэн. Тэгээд би дүүдээ тэгвэл чи хурдан цагдаа түргэн дууд гэж хэлээд 103 руу залгаарай гэж хэлсэн... Тэгээд би барагцаагаар 5-10 минутын дараа дүүрүүгээ залгахад дүүгийн маань утас унтраалттай байсан... Мөнхжаргал надруу уурлаад мэдэхгүй ээ мэдэхгүй модоор нэг удаа далруу нь хавсраад цохьсон байхаа гэж хэлсэн. Мөнхжаргал надад хэлэхдээ ухаан алдсан гэж хэлсэн болохоор л санаа зовоод байсан юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 60-61-рт/,

Гэрч Д.Буянжаргалын дахин өгсөн “...Би 2016 оны хавар 4 дүгээр сард Жижигтанягийн гэрт явж очсон. Очих болсон шалтгаан бол байрныхаа мөнгийг авахаар очсон... Цогтцэций суман дээр очоод ямаа самнах хүн байна уу гээд зар өгсөн, тэгээд Цэндмаа гэдэг эмэгтэй ямаа самнана гэхээр нь 1 ямааг 3000 төгрөгөөр самнуулахаар тохироод авч явсан, тэр эмэгтэйтэй л хамт очсон. Намайг Жижигтанягийн гэрийн гадна машинтай явж очиход Мөнхжаргал нэг хүнтэй гэрийнхээ гадаа барилдаад байгаа юм шиг харагдсан. Тэгээд би машинаасаа буугаад яваад очсон чинь хоорондоо маргалдаад барилцаад авчихсан зогсож байсан. Би юу болж байгаа юм бэ гээд салгасан. Тэгсэн чинь Мөнхжаргал надад хэлэхдээ энэ хүн намайг өвөлжингөө дээрэлхэж доромжилж байсан гэсэн утгатай юм хэлэхээр нь би Мөнхжаргалд боль та нар чинь айл саахалт хүмүүс байж эвтэй найрамдалтай байх ёстой гэж хэлээд салгасан. Тэр залууг Жагаа гэж байсан санагдаж байна... Тийм зүйл болоогүй. Би тэр залууг танихгүй, би хүн зоддоггүй. Миний хувьд тийм зүйл болоогүй. Намайг гэрчлэх хүн гэвэл надтай хамт очсон Цэндмаа гэдэг эмэгтэй хэлнэ...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 62-рт/,

Гэрч Ё.Өнөрбатын өгсөн “...Манай гэр Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т хөдөө байдаг юм. Манайхаас урагш 2 орчим км-т одоо талийгаач болсон Очирбатынх ганц гэрээрээ байсан юм. Тэр хэрэг гарсан гэх шөнийн 01 цагийн үед биднийг гэртээ унтаж байхад Очирбатын охин Нямрагчаа, хүү Маналсүрэн хоёр мотоцикльтой манайд ирсэн. Тэд ирээд манай аав хамт архи уусан хүнтэйгээ муудалцаад тэр хүн нь манай аавыг цохьчихсон манай аав босохгүй байна бид хоёр холоос харчихаад хүрээд ирлээ гэж хэлсэн. Би том охиноос нь аавыг чинь яаж зодож цохьсон юм бэ гэхэд гэдэсрүү өшиглөчих шиг болсон, аав ойччихсон гэж надад хэлсэн. Тэр өдөр манай нөхөр Сумъяа өдөр нь жаахан пиво уучихсан гадаа халамцуу унтаж байсан болохоор түүнийг сэрээлгүйгээр би 16 настай хүү С.Жамбал-Очир, 24 настай хүү Ө.Өлзийтогтох, 7 настай хүү С.Баяндэлгэр нарын хамт айлын хоёр хүүхдийг Ланд-80 машиндаа суулгаад Очирбатын гэрлүү очсон. Бид гэрийн баруун талаас чиглээд машины гэрэл тусгаад очиход Очирбат гэрийнхээ урдруу толгойгоо урагш чигт харуулаад нүүрээрээ вагончикруу харуулсан байдалтай хэвтэж байсан. Би баруун талаас очоод зогстол Очирбатын ойролцоогоос нэг хүн алхаж машинруу ирсэн. Би тэр хүнд чи яагаад айлын хүүхэд айлгаж ичээгээд ийш тийш гүйлгээд байгаа юм бэ энэ айлын эхнэр нь хаана байна гэж асуухад Ондого зүүн урагшаа гүйгээд явчихсан, Очироо авгай хүүхэддээ агсан тавиад нүдэх гээд байхаар нь би түүнийг хориод унтуулаад байж байна гэж хэлсэн. Тэгтэл бидэнтэй хамт явсан охин Нямрагчаа та аавыг зодсон биздээ гэхэд юу яриад байгаа юм бэ аав чинь чамайг алгадаа биздээ би аавыг чинь хориод та нарыг хамгаалсан биздээ гэж тэр хүн хэлсэн. Тэгснээ надад хандаж санаа зоволтгүй бид чинь нэг нутаг усны нэг хонхрын найз нөхөд хүмүүс байгаа юм гэж хэлсэн... Тэгээд би машинтайгаа хөдлөөд Отгончимэгийн гүйгээд явсан гэх зүгрүү гэрэл тусгаад 20-оод минут хайгаад түүнийг олоогүй. Тэгээд буцаад Очироогийн гадаа хүрээд очтол нөгөө залуу хэвтэж байгаа Очироогийн дэргэдээс босоод бидэнрүү ирж уулзсан. Түүнээс эхнэрийг нь ирсэн эсэхийг асуухад эхнэр нь ирээгүй ээ Очироо унтчихсан одоо санаа зоволтгүй гэж надад хэлсэн... Тэр үед Очироог харахад өмнөх байдлаасаа өөрчлөгдөөд биеэрээ хагас эргэсэн бололтой нүүр нь баруун тийш чиглэж хараад хэвтэж байсан. Би түүнийг гайгүй юм байнадаа эргэж хөрвөөсөн байна гэж бодсон... Нямрагчаа гэрт ээжийн утас байгааг хараатхая гэж гэрлүүгээ ороод буцаж гарч ирэхдээ гэрээсээ хөнжил дэр аваад аавыгаа хучиж дэр дэрлүүлчихээд машинд буцаад суусан. Бид тэндээс манай гэрлүү очицгоосон. Гэрлүү явах замдаа би Нямрагчаагаас тэр хүн танай аавыг яг цохьсон нь үнэн юмуу гэхэд манай аавыг цохьсон нь үнэн түргэн дуудаж үзүүлмээр байна гэж охиныг хэлэхээр нь би ч гэсэн түргэн дуудаж үзүүлсэн нь дээр юм байна гэж бодоод хүн амьтнаас эмнэлгийн утсыг асууж сураглаж байгаад хүнээр дамжуулан эмнэлэгрүү дуудлага өгүүлсэн. Би гэртээ хариад байж байхад 10-20 минутын дараа түргэний машин манай гадаа ирсэн. Би том охиныг түргэний машинд суулгаад гэрийг нь заалгахаар явуулсан. Түргэний машин хэсэг хугацааны дараа эргэж ирэхэд би эмчтэй уулзаад Очироогийн биеийг асуухад гайгүй байна зүрхний цохилт, даралт хэвийн байна. Ухаангүй согтуу хүн байна, хөнжлийг нь доош нь татахаар эргэж дээш нь татаад байна өөрийн гэсэн мэдрэлтэй байна, хажууд нь байгаа хүнд сайн захьчихлаа, тэр хүний утасны дугаарыг тэмдэглэж авсан, би өөрийнхөө дугаарыг өгчихлөө янз бүрийн юм болвол яриарай гэж хэллээ гэж надад хэлээд охиныг буулгаж үлдээгээд явсан... Очироог нэлээд зайнаас машин дотроосоо л бид харсан, машинаас бууж дэргэд очиж харсан хүн нь түүний том охин Нямрагчаа юм... Нямрагчаа тэгж ирчихээд аавын чих нь урагдаад жаахан цус гарчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Бид нэлээд зайнаас машины тусгасан гэрэлд Очироог харсан учраас биед нь ямар гэмтэл шарх байгаа нь харагдаагүй. Тэр орчиндоо харьцаагүй, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан... Бид 2011 оны 11 дүгээр сараас хойш өнөөг хүртэл махны лангуу түрээслээд хамт ойрхон ажиллаж байсан болохоор тэднийг гайгүй сайн мэднэ. Тэр залуу хүнд их тусархуу, хүн чанар сайтай, амьдрал ахуйгаа гайгүй аваад явчихдаг, гэр орныхонтойгоо хэрүүл маргаан зодоон хийгээд байдаггүй хүн байсан. Эхнэр хүүхдээ цохиж зодож байхыг нь би харж байгаагүй... Тэр хүн их согтоогүй хүнтэй эвлэгхэн харьцаад юм хум уусан нь бараг мэдэгдэхгүй байсан. Түүнийг хараад согтуу хүн гэж хэлхээргүй байсан. Тэр шөнө түүнтэй хоёр удаа уулзаад ярилцахад тэр залуу Очироог зодсон цохьсон талаараа нэг ч үг дуурсаагүй. Манай хөвгүүд машинаас буугаагүй, Мөнхжаргалтай ч огт харьцаагүй. Тэд энэ хэргийн талаар миний мэдүүлж буйгаас илүү зүйлийг хэлж чадахгүй байх...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 63-65-рт/,

Гэрч Э.Отгонбямбын өгсөн “...Би Цогтцэций сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажилладаг юм... 2016 оны 08 дугаар сарын 02-03 ны өдөр шилжих шөнийн 00 цаг 50 минутанд манай эмнэлгийн утасруу Өнөрөө гэж хүн залгаад сумын төвөөс зүүн урагш шинэ хогийн цэгийн цаана байх Хадан ус гэх газарт байгаа айлд хүнд өшиглүүлсэн ухаангүй хүн байна гэсэн дуудлага ирсэн... дуудлага өгсөн Өнөрөөгийн гэж айлд очоод тэндээс бага насны нэг охин машинд сууж гэрээ заасаар бид нар тэнд 01 цаг 45 минутын үед ухаангүй хүн байгаа гэх айлд очиход бариастай монгол гэрийн баруун урд талд гадаа нь гэрээс холгүй зайд хөнжилний талыг нь доороо дэвссэн талаар нь өөрийгөө бүтээсэн эрэгтэй хүн хэвтэж байсан тэр хүний хажуу орчимд өөр хүн байгаагүй би тэр хүнлүү очоод мөрнөөс нь гараараа сэгсрээд бие нь яаж байна толгой нь зүгээр үү гэж асуухад тэр хүн ммм ммм гээд гараа татаж аваад хөнжлөө татаж аваад байсан би даралтыг нь үзээд байж байтал хаанаас ч юм нэг хүн хүрч ирээд миний хажууд зогссон би цааш нь үргэлжлүүлэн зүрх судсыг нь үзээд хэвийн онцын өөрчлөлт байхгүй бас тэр хүн нэлээд согтуу байсан би тэр хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд хэвлий, хөл гарыг нь үзээд байж байтал тэр хүн өндийгөөд надруу гар далайхаар нь би сумаас ирсэн эмч байна гэхэд тэр хүн надруу харж байсанаа гараа буулгаад хөнжлөөрөө өөрийгөө хучаад хэвтсэн... тэнд байсан залуу эхнэртэйгээ муудалцаад байхаар нь би салгасан юм гэснээ өөр юм хэлээгүй... тэнд байсан гэрээ зааж ирсэн охин та аавын гэдэсрүү өшиглөө биздээ гэж хэлэхэд тэр залуу үгүй би өшиглөөгүй гэж хариулаад байсан... намайг очиход Очирбат гартаа юу ч бариагүй байсан... Тэр хүний зүүн талын чих нь сэтэрсэн байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй шиг санаж байна... Тэр хүн нэлээд согтуу мөн зүрх судас амин үзүүлэлтүүд нь хэвийн ил харагдах том гэмтэл байхгүй байсан учир үлдээгээд явсан юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 66-рт/,

Насанд хүрээгүй гэрч О.Нямрагчаагийн өгсөн “...Уржигдар орой 18 цагийн үед манай аав Очирбат, Баалт буюу Минжбаатар, түүний эхнэр Баясалмаа, Мөнхжаргал, манай ээж нарын хамт Цогтцэций сумын төвөөс манай хөдөө гэрт ирсэн... Ирсэн хүмүүс гэрт пиво ууцгаагаад байсан. Ээжийг хоол хийж байхад Баалт ах, Мөнхжаргал хоёр юунаас болсоныг мэдэхгүй хоорондоо маргалдсан. Мөнхжаргал ах Баалт ахын гарнаас барьчихсан чи намайг зодвол зодолдоо гэж хэлээд байсан боловч тэдний дунд тэр үед ямар нэгэн зодоон болоогүй тэгсхийгээд Баалт ах, Баясалмаа эгч хоёр машиндаа суугаад явчихсан. Тэднийг явсаны дараа Мөнхжаргал би Баалтыг хөөж явуулсан уу гээд аавыг загнаад байсан. Аав тэгвэл хоёулаа Баалтын араас очиж уулзъя би гомдолтой байна гэж хэлэхэд Мөнхжаргал тэгье гэсэн. Тэгээд тэд явахаар гэрээс гарах гэж байхад Мөнхжаргал чамаас үхэл ханхалдаг гэж хэлэхэд аав чи ингэж байгаа бол явахаа больё гэж хэлээд яваагүй... Аав Мөнхжаргал ах хоёр гэрийн гадаа хаалганы зүүн урд суучихсан пиво ууж байхдаа аав бага насныхаа талаар ярихад Мөнхжаргал чи угаасаа баян хүн хүмүүсийг мөнгөөр тэтгэдэг гэж хэлсэн. Түүнээс болоод тэд хоорондоо үг хэлээрээ сөргөлдөж муудалцсан. Тэгэж байснаа аав хоёулаа муудалцхаа больё бүгд миний буруу болъё найзаа гээд гар барих гэхэд Мөнхжаргал би чамтай гар барихгүй, барих ч хүн биш гээд аавтай гар барихгүй байсан. Тэгээд дахиад үг сөргөлцөөд муудалцаад байсан. Аав Мөнхжаргалаас дахин 3 удаа уучлалт гуйгаад хоёулаа найзаараа үлдье гэж гуйж байсан. Тэгэхэд Мөнхжаргал ах чи ганц цохилтын пян даахгүй муу банди минь гэж хэлсэн. Аав чи тэгвэл намайг зодчихгүй юу гэхэд Мөнхжаргал би чамайг угаасаа алчихаад явна гэж аавд хэлсэн. Тэгэж хэлэхийг би машинруу унтахаар алхаж явахдаа сонссон. Тэгэж хэлсэний дараа тэр хоёр биенээ цохиж зодох шиг болоод ээж больцгоолдоо гэж хашгирахаар нь би эргээд очиход нөгөө хоёр биенээ заамдалцчихсан зогсож байсан. Ээж бид хоёр тэдний дундуур ороод салгахад аав бид нарлуу агсраад та нар яах гээд хүний талд ороод байгаа юм гэж хэлэхээр нь бид айсан. Ээж зүүн урагшаа, би дүү Маналтайгаа баруун урагшаа чиглээд гүйсэн. Манал бид хоёр нөгөө хоёрыг яахнуу гээд сэмээрхэн буцаж алхаад гэрийн баруун урдаас ойртож очоод харахад аав гэрт орчихоод гарч ирэхдээ би та нарыг алнадаа гэж хэлээд орилсон. Тэгэхэд Мөнхжаргал гэрийн хойдох ямааны хашааны дэргэд зогсоод хаа хаа чи чадах уу гээд өдсөн байдалтай хэлээд инээж байсан. Аав Мөнхжаргалын байгаа газарлуу алхаад очиж байгаа харагдсан, тэнд хоорондоо барилцаж зууралдаж гэрийн баруун урдруу ирээд зууралдаж байгаад аав газар уначихаад эргээд босох гээд өндийхөд нь Мөнхжаргал хашааны шургааг модоор аавыг цохиод газарт унагасан. Тэгэж цохиулаад аав газарт шургаж унаад аймар дуугарахаар нь /үхэж байгаа юм шиг/ дүү бид хоёр наанаас нь гүйгээд очиход аав маань зүүн урагшаа толгойгоо харуулаад зүүн гараа доороо хийгээд зүүн талаараа хажуулдаад баруун гараараа гэдсээ тэвэрч хоёр хөлөө өвдгөөрөө нугалаад эвхэрэлдсэн байдалтай хэвтэж байсан. Аав нэг их сонин сонин дуугараад орчиндоо ямар нэгэн харьцаа байхгүй эвгүй дуу гаргаад хэвтээд байхаар нь би ээжрүүгээ хэлэх гээд Мөнхжаргалаас утсаа өгөөч гэхэд утас байхгүй гэж хэлсэн. Тэгэж хэлсэний дараахан түүний утас машин дотроо дуугарч байсан. Мөнхжаргал утасны цэнэг дууссан гэж хэлээд машиныхаа хаалгыг түгжсэн. Дүү бид хоёр айгаад би аавын мотоциклийг унаад дүүгээ сундлаад манайхаас хойхно нэг км хүрэхгүй зайд байдаг Сумъяа гэдэг айлруу очоод болсон явдлыг хэлсэн. Тэгээд тэдний хоёр хүүг ээжтэй нь дагуулаад намайг буцаж ирэхэд аав нөгөө хэвтэж байсан газраасаа байршил нь өөрчлөгдөөд зүүн хойшоо хараад хэвтэж байсан. Мөнхжаргал аавын хажууд зогсоод байсан. Би гэрээс дэр хөнжил гаргаж ирээд аавын толгойг өргөж дэр дэрлүүлэх гэхэд миний гар цус болсон юм... Түргэний машин Сумъяагийн гадаа ирэхээр нь би машинд суугаад гэрээ заагаад очсон. Очиход аавыг хэвтэж байсан газраас нь чирсэн бололтой гэрийн баруун хаяанд аваачсан байсан. Аав ямар ч хөдөлгөөн хийхгүй орчинтойгоо ямар нэгэн харьцаагүй байгаад байсан. Эмч чагнуураа гаргаж аавыг үзэж байгаад энэ хүн чинь нэлээд согтсон байна амин үзүүлэлтүүд нь зүгээр байна гэж хэлсэн. Мөнхжаргал наад хүн чинь баашлаад зүгээр унтаж байгаа юм та нар яв яв гээд байсан. Би эмчээс аавыг эмнэлэгтээ аваад явж болох уу гэж асуухад эмч бие нь гайгүй байна амин үзүүлэлтүүд нь зүгээр байна чих нь жаахан шалбарсан байна гэж хэлсэн... Маргааш өглөө нь би 07 цаг өнгөрч байхад сэрээд Сумъяа ахаар хүргүүлээд гэртээ ирэхэд ээж ирчихсэн, аав гэрийнхээ баруун хаяанд өмнөх байдлаараа хэвтсэн... аав хурхирч байгаа сонсогдож байсан бид ямаагаа саачихаад эргээд ирэхэд яг л өмнөх байдлаараа ямар ч хөдөлгөөн байхгүй болохоор нь ээж Баалт ахыг утасдаж дуудсан... Тэр мод манай малын модон хашааны шургааг мод байсан. Тэр шургааг хашааны дэргэд сул хэвтэж байдаг байсан юм... харин шургааг модоор аавыг Мөнхжаргал нэг удаа цохихыг бол нүдээрээ харсан. Шөнө эмч ирээд аавыг үзэж байхад гэрийн баруун хойно аавын хэвтэж байгаа газраас 2-3 орчим метр зайд манай гэрийн заазуур газарт хэвтэж байхаар нь би газраас аваад вагончикруугаа оруулаад тавьсан... модоор цохиулахаас өмнө аавын биед өвдсөн гэмтсэн ёолсон ямар нэгэн зүйл байгаагүй. Тэд хөөцөлдсөн нэгнийгээ туулгасан ямар нэг зүйл болоогүй. Гадаа харанхуй байсан боловч тийм их тод биш ч гэсэн сарны гэрэлд юмс харагдаж байсан. Модоор аавыг цохьсныхоо дараа Мөнхжаргал чи ингэж бай гэж хэлэхийг би сонссон. Аав ч цохиулаад унахдаа эвгүй дуугарсан болохоор дуугаар нь аавыг цохиулаад уналаа гэдгийг мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 69-72-рт/,

Насанд хүрээгүй гэрч О.Нямрагчаагийн өгсөн “...би модоор цохиулаад газар унахыг нь харсан болохоор уйлаад аавыг дуудсан боловч аавд ямар ч мэдрэл байхгүй доошоо хараад газар хэвтээд байсан, огт хөдлөхгүй байсан... би аавыг маргааш өглөө нь харахад хөлнийхөн өсгий хэсэг нь жаахан шалбарсан байсан болохоор чирсэн юм болов уу гэж бодсон юм аавыг гэрийн баруун урд хэсэгт байхад нь гэрийн баруун талд аваачсан байсан. Анх байсан газраас нь 2 алхам газар л чирсэн бололтой байсан... Түргэний машин ирээд гэрлээ унтраагаагүй асаалттай аавын хэвтэж байгаа газарлуу гэрлээ далий тусгасан байсан, би машины гэрэлд тэр заазуурыг газар хэвтэж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 74-рт/,

Гэрч Д.Жаргалын өгсөн “...Би талийгаач Ц.Очирбаттай мал наймаалж байсан зүс танина. Мэнд устай явдаг байсан өөрөөр бол сайн танихгүй ямар нэг холбоо байхгүй... Д.Мөнхжаргал гэж хүнийг өнгөрсөн оны сүүлчээс нь таних болсон юм. Манай нутаглаж байсан газарт хамт өвөлжсөн Жижигтаня гэж хүнтэй гэрт нь байдаг Жижигтанятай гэр бүл болсон хүн байсан байх тэр үеэс л зүс таних болсон юм... 2016 оны 04 дүгээр сарын 21 ний үед аавындаа очтол тэнд Мөнхжаргал сууж байсан... тэгээд би Мөнхжаргалтай мотоцикль дээр нь сундлаад гэрт нь очтол гэрт нь эхнэр Жижигтаня нь байсан Мөнхжаргал гэртээ оронгуутаа эхнэртээ Буяа ах ирж байна уу гэж асуусан ирж байгаа гэж сая ярьсан гэж эхнэр нь хэлсэн Мөнхжаргал шууд намайг заамдаад авсан би гэрээс нь зугтаад гартал Мөнхжаргал миний араас малгайтай ноосон цамцны малгайгаар нь боож татаад гэрийн гадна унагасан би боогдоод манараад арай гэж босох гэж байтал Мөнхжаргал миний хүзүүний араас 40 литрийн битонтой усаар цохичихсон... Тэгээд Мөнхжаргал нөгөө залуутай хамт намайг дагуулан гэрийн баруун талд очоод машинтай ирсэн залуу дахин нэг удаа намайг цохьсон би зугтаасан Мөнхжаргал араас гүйж ирээд дахин нэг удаа гараараа цохьсон тэгээд тэр хоёр намайг дарамталж байгаад өөрсдөөсөө уучлалт гуйлгасан... Миний эрүү, баруун шанаан дээр зулгарсан байсан өөр гэмтэл учраагүй. Тухайн үед ажил их байсан учир цагдаа, эмнэлэгт мэдэгдээгүй. Үгүй ээ гомдол, санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 76-рт/,

Гэрч А.Өлзийсайхангийн өгсөн “...Би талийгаач Очирбаттай нэг нутаг усны хүмүүс байгаа юм хар багаасаа  бие биеэ таних найз нөхөд байсан юм... 2016 оны 06 дугаар сард талийгаач Очирбатынх хөдөө сумын төвөөс хойш 3 орчим км-т зусаж байсан юм. Яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна 6-р сарын дунд үеэд шиг санаж байна талийгаач Очирбатынх төлөө хөнгөлөөд намайг дуудсан юм би тийшээ ганцаараа очсон юм тэгээд тэнд төл малаа хөнгөлж дуусаад 1 шил архи байсаныг тэнд байсан хүмүүс хувааж ууцгаагаад орой тарцгаах гэж байтал талийгаач Ц.Очирбат нь эхнэр Отгончимэгтэйгээ маргалдаад эхнэрээ зодох гээд төмөр бариад дайрахаар нь би голоор нь ороод хорьж байтал талийгаач нөгөө төмрөөрөө эхнэрээ цохихоор нь би баруун гараараа хаасан чинь төмөр миний баруун гар дээр онож баруун гар шуугаараа маш их өвдөөд явчихсан... баруун гар шуу хэсгээрээ хугарчихсан байсаныг эвэнд нь оруулж гипсдүүлсэн юм... Ер нь бол агсам согтуу тавиад байдаггүй хүн байсан тухайн үед юунаас болсоныг ёстой мэдэхгүй байна. Эхнэр хүүхэддээ гар хүрч байхыг нь би хараагүй... Мөнхжаргал нь даруухан дуу цөөтэй гайгүй л залуу байдаг юм. Гэхдээ би их дотно найзалж нөхөрлөж байгаагүй талийгаач тэр хоёр найзуудын харьцаатай байсан... би гар хугарсан гэж тухайн үед мэдээгүй юм. Тэгээд ч талийгаач намайг цохьё гэж цохиогүй би гомдол гаргая гэж бодоогүй учир цагдаад мэдэгдээгүй юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 77-рт/,

Гэрч Б.Элбэгбатын өгсөн “...Би Д.Мөнхжаргалыг танина аа бид хоёр Дундговь аймгийн Өлзийт сумын ЕБДС-д хамт суралцаж байсан юм. Д.Мөнхжаргал тэр бүр архи уугаад байдаггүй байх. Олон жилийн өмнө 2003 оны үед билүү яг хэдэн оныг нь би мартчихсан байна... Мөнхжаргал манай гэрт хамт архи ууж байгаад хоорондоо муудалцаад би Мөнхжаргалыг нэг хоёр цохиж авсан шиг санаж байна Мөнхжаргал манайхаас яваад өгсөн би ч шөнө гэртээ унтаж байтал Мөнхжаргал манай гэрт хоёр хүн дагуулчихсан буцаж ирээд намайг зодчихоод явсан байсан... би гомдол гаргая гэж бодоогүй учир цагдаад мэдэгдээгүй юм. Яг юугаар яаж зодсоныг одоо мартчихсан сайн санахгүй байна. Би талийгаач Ц.Очирбаттай эцэг нэгтэй гэж мэднэ... Талийгаач маань үг дуу цөөтэй архи уусан согтсон ч элдэв зан гаргаад байдаггүй их ажилсаг хүн байсан юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 78-рт/,

Гэрч Д.Минжбаатарын өгсөн “...Намайг манай нутгийнхан Баалт гэж дууддаг... Д.Мөнхжаргалыг өмнө зүс таньдаг л байсан. Харин талийгаач Ц.Очирбат бид хоёр 2006 оноос өнөөг хүртэл найзалж нөхөрлөж байсан юм. Энэ хоёр хүнтэй төрөл садангийн ямар нэг холбоо надад байхгүй... 2016 оны 08 дугаар сарын 02 ны өдөр... би дэлгүүр ороод 4 ширхэг лаазтай Нийслэл пиво авсан. Тэгээд манай эхнэр болон Очирбат миний Ланд 80 машинд суугаад  Мөнхжаргал өөрийнхөө машиныг унаад бид Цогтцэций сумын төвөөс урагш 2-3 км-т хөдөө гарч хээр суугаад пивоо ууцгаагаад байж байтал Очирбатын эхнэр Отгончимэг /Ондого гэж дууддаг/ саахалт айлынхаа Сумъяа гэдэг залуутай хамт Пикап машинтайгаа ирсэн. Тэд ирэхдээ 4 лааз пиво авчирч өгсөн... Ондого, Баясалмаа хоёрыг Пикапаар сумруу явуулж Сэнгүр пиво нэг кроп буюу 24 ширхэгийг авчруулсан. Тэгээд Очирбатын хөдөө гэрлүү очицгоогоод тэнд пиво ууцгаасан. Сүүлд авчирсан кроп пиво дундаа орж байхад би бие засахаар гэрээс гартал манай эхнэр машиндаа суучихсан намайг явъя гэсэн. Тэгээд би гэрт эргэж оролгүй эхнэрийнхээ үгэнд ороод хоёулаа сумруу оройны 20 цаг өнгөрч байхад очоод гэртээ амарсан. Очирбатынд Мөнхжаргал, Ондого, Очирбат болон хоёр хүүхэд нь үлдсэн. Маргааш өглөө нь 09 цагийн орчимд манай эхнэрийн утасруу Ондого залгаад хүрээд ир Очироо нэг сонин болчихлоо гэж ярихаар нь би эхнэртэйгээ хоёул яваад очтол Очирбат гэрийнхээ гадаа баруун урд хаяанд түрүүлгээ хараад хэвтэж байсан. Тэр цээж нүцгэн доогуураа шорттой байсан ба унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Түүний зүүн чих нь сэтэрсэн бөгөөд зүүн далны доохно юмаар цохиулсан бололтой хөхөрсөн хүнд зодуулчихсан байдалтай байсан. Намайг очиход Мөнхжаргал тэднийд байсан ба надруу заазуур бариад ирэхээр нь би айхдаа модоор цохьчихсон гэж Мөнхжаргал хэлж байсан... намайг тэдэнтэй хамт байх хугацаанд тэд хоорондоо маргаж муудалцаагүй, харин морь мал, бага насныхаа тухай, хөдөө амьдарч байсан талаараа дурсаж хоорондоо ярилцаж байсан... Мөнхжаргал чи надтай найзалж нөхөрлөдөггүй, намайг тоодоггүй, хамт ууж иддэггүй гээд намайг жаахан үгээр идээд байснаас өөрөөр бидний хооронд хэрэлдэж муудалцсан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 79-80-рт/,

Гэрч Д.Минжбаатарын дахин өгсөн “...талийгаачийн зүүн далны доод хэсэгт хэсэг газар хөхөрсөн байдалтай байсан, би тэр газарт нь гараа хүргэсэн чинь хавирга нь хугарчихсан юм шиг байхаар нь хөдөлгөж болохгүй хавирга нь хугарсан юм шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 81-рт/,

Гэрч Д.Сумъяагийн өгсөн “...Саяны 08 дугаар сарын 02 ны өдөр би ...Очирбатын эхнэр Отгончимэг хөдөө гэрлүүгээ явлаа гэхээр нь машинд нь дайгдаад явж байтал Очирбат, Баалт, Мөнхөө нар сумаас урдхан хээр суугаад пиво ууж байсан. Бид хоёр тэнд саатсан. Надад пиво өгөхөөр нь хоёр лаазыг уусан... би тэднийд очилгүйгээр Отгончимэгээр гэрлүүгээ дөхүүлж буучихаад ямаагаа саачихаад унтаад өгсөн. Шөнө юу болсныг би мэдээгүй... тэгэхэд Очироо гэрийнхээ гадаа баруун хаяанд түрүүлгээ харчихсан унтаж байгаа бололтой харагдсан, эхнэр нь вагончикныхоо ард ааруулаа янзлаад сууж байсан. Би гэр энэ тэрлүү нь ороогүй эхнэртэй нь ч үг солиогүй... намайг хамт байхад тэдний дунд ямар ч хэрүүл маргааны зүйл болоогүй... урд өдөр нь уулзаж байхад Очирбатын биед мэдэгдэхээр гэмтэл шарх байгаагүй. Очирбат дажгүй ааш араншинтай, даруухан, хааяа хааяа архи дарс ууж л байдаг, тэр болгондоо агсан тавиад согтуураад, эхнэр хүүхдээ зодож цохихыг би харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 82-рт/,

Гэрч Б.Баясалмаагийн өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 02 ны өдөр ...манай нөхөр Минжбаатар, Мөнхжаргал, Очирбат гурав уулзчихсан пиво уухаар тохирчихсон байж байсан... Тэгээд сумаас зүүн урагшаа гарч сууж байгаад хэдэн лааз пиво уусан... тэгээд гурван машинд хуваагдаж суугаад урагшаа Очироогийн гэрлүү явсан. Сумъяа замдаа гэртээ буугаад үлдсэн байсан. Очирбатынд очоод нөгөө гурав аваачсан пивоо ууцгаасан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад би нөхөртөө явъя гэж хэлээд түүнийг машиндаа суулгаад би машинаа жолоодоод сумруу гэрлүүгээ харьсан. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад Отгончимэг миний утасруу залгаад манай нөхөртэй ярьсан... Очиход Очироо гэрийнхээ баруун урд хаяанд түрүүлгээ хараад толгойгоо зүүн урагш харуулаад хурхираад унтаж байгаа хүн шиг байж байсан... Бид хоёрыг тэндээс явах үед тэнд тасарч унатлаа согтсон хүн байгаагүй. Манай нөхөр тийм их согтоогүй гайгүй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 83-84-рт/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн “...Тэнд очиход талийгаач Очирбат нь гэрийн гадна баруун урд хаяандаа урд зүгт толгойгоо харуулсан байдалтай түрүүлгээ хараад хэвтэж байсан. Анх очиход хурхирч байсан тэгээд цусны даралтыг үзэхэд 220-100 мм.муб хэмжээтэй байсан энэ нь артерийн даралт өндөр байгаа хэмжээ юм. Би талийгаачийг өндөр дэр дэрлүүлээд дээш нь харуулж хэвтүүлээд хүүхэн харааг нь шалгахад хүүхэн хараа хоёр талдаа өргөссөн гэрлийн урвал өгөхгүй эвэрлэгийн рефлекс бага зэрэг өгч байсан ингээд би сумын эмнэлэгрүү ярьж яаралтай түргэн дуудаж эмч, түргэний машин удалгүй ирээд сумын эмнэлэгрүү талийгаачийг авч явсан. Талийгаачийн баруун нүд дээд зовхиороо хөхөрчихсөн, зүүн чих нь дээд талаасаа доош 3 см орчим зайд язарсан шархтай байсан. Талийгаач намайг очиж үзлэг хийх үед ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 85-рт/,

Гэрч Р.Жижигтанягийн өгсөн “...Д.Мөнхжаргал бид хоёр өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн нэг гэрт хамт амьдарсан миний нөхөр болох хүн байгаа юм... Д.Мөнхжаргал хөдөө гэртээ байж байгаад саяны 08 дугаар сарын 01 ний орой Тавантолгойн уурхайруу мал зарахаар хотноосоо 10 хонь барьж Портер машинд ачаад ганцаараа явсан юм... Би Мөнхжаргал, Очирбат нарын хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй. Мөнхөө, Очироо хоёр ойрд уулзалдаагүй нэг нутгийнхан гэдгээрээ тэр өдөр Цэцийд уулзаад ууж идсэн байх гэж бодож байна... Би Д.Мөнхжаргалтай найзаараа дамжуулан анх танилцсан бөгөөд оволзсон, омголон, догшин зан авиргүй, даруу төлөв зантай, хамт амьдрах хугацаанд надтай нэг ч удаа муудаж үзээгүй, өөр хүн амьтантай муудалцаж энэ тэр болж байгаагүй хүн байгаа юм... Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 86-88-рт/,

Гэрч Р.Жижигтанягийн дахин өгсөн “...тэр байрыг Мөнхжаргал 2016 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр төрсөн ах Буянжаргалаасаа 45 сая төгрөгөөр худалдан авсан. Одоогийн байдлаар 15 сая төгрөг өгөх дутуу 30 сая төгрөгийг нь Буянжаргалд өгсөн. Буянжаргалд өгсөн байрны 30 сая төгрөгийг би гаргаж өгсөн. Мөнхжаргалаас нэг ч төгрөг гараагүй... Д.Мөнхжаргалын эд хөрөнгө гэж зүйл надад лав байхгүй. Мөнхжаргал надтай ирж хамт амьдрахад л би 500 гаруй малтайгаа байсан. 2015 оны 11 сараас хойш 2016 оны 08 сар хүртэл хамт амьдарсан. Бид хоёрын дундаас үр хүүхэд байхгүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 89-рт/,

Насанд хүрээгүй гэрч О.Маналсүрэнгийн өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 02 ны орой... гэрт ирэхэд манай гэрт Баалд ах бас нэг танихгүй эрэгтэй хүн Баалд ахын эхнэр Баясалмаа эгч гурав ирчихсэн аавтай хамт вагончикт пиво ууж байснаа тэндээсээ гараад гэрт орцгоосон байх... манайд ирсэн танихгүй хүн Баалд ахыг чи намайг тоодоггүй, чи намайг дээрэлхдэг гэж хэлээд байсан Баалд ах хариуд нь тийм юм байхгүйшдээ гэж байсан тэгээд бүгдээрээ гэрт ороод байж байгаад Баалд ах эхнэртэйгээ хамт яваад өгсөн аав тэр танихгүй хүнтэй гэр дотор хоёулаа пиво уугаад үлдсэн... унтаж байтал эгч гэрийн гадна хашгирахаар нь би юу болж байгаа юм бол гээд гэрээс гараад очтол эгч надруу хүрээд ирсэн би эгчтэй хамт гэрийн баруун талд байсан усны савтай чиргүүлийн цааш талд очоод зогсож байтал тэр ах аавтай муудалцаад аав тэр ахыг ална чамайг гээд байх шиг байсан тэр ах чи чадахгүй ээ гэх зэргээр муудалцаад байсан... муудалцаж байсан чимээ гарч байснаа аав муухай хашгираад явчихаар нь эгч бид хоёр тийшээ хүрээд очтол гэрийн баруун урд талд аав газар уначихсан хэвтэж байсан хажууд нь нөгөө танихгүй ах зогсож байсан аав юу ч дуугарахгүй хэвтэж байсан... эгч бид хоёр тэндээс мотоциклоо асааж эгч унаад бид хоёр хойд айлд очиж Өнөрөө эгчид аавыг хамт байсан хүн нь зодчихсон аав газар унаад босохгүй байна гэж хэлсэн... аав ээжийг яв гээд хөөсөн гэсэн тэгээд ээж урагшаа гүйчихсэн гэсэн. Эгээг аав зодсон эсэхийг би сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 90-91-рт/,

Гэрч Ц.Төмөрбаатарын өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 03 ны өдөр Цогтцэций сумын төвд байж байтал Минжбаатар миний утасруу залгаж талийгаачийг цус харвалт болоод эмнэлэг дээр ухаангүй ирсэн байна гэж хэлсэн тэгээд би эмнэлэг дээр хүрээд очтол эмнэлэгийн машинаас талийгаач Очирбатыг эмнэлэгрүү оруулах гэж байсан би дөхөж очоод хартал талийгаачийн баруун нүд нь хөхөрчихсөн зүүн чих нь сэтрээд цус гарчихсан байгаа харагдсан... Талийгаач Очирбат нь миний төрсөн эгчийн хүүхэд би нагац ах нь юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 92-рт/,

Гэрч Д.Отгонцэцэгийн өгсөн “...Д.Мөнхжаргал нь 1989 оны онд 1 дүгээр ангид хамт орж, суралцаж байсан манай ангийн хүүхэд байгаа юм. Түүнээс хойш нэг ангид хамт суралцсаар 1996 онд Өлзийт сумын ЕБДС-ийн 8 дугаар ангийг хамт төгссөн юм... Их цагаан цайлган зантай хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Мөн сургуульд байхдаа хэрэг төвөгт орж байгаагүй тэмцээн уралдаанд их оролцдог хүүхэд байсан шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 93-рт/,

Гэрч Б.Мөнх-Одын өгсөн “...Талийгаач Ц.Очирбат нь тэр бүр архи уугаад байдаггүй хүн байсан юм. Гэр бүл эхнэр хүүхэдтэйгээ жирийн л харьцаатай байдаг байсан хэрэлдэж муудалцаж байхыг нь би хараагүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 94-рт/,

Гэрч Б.Мөнхнарангийн өгсөн “...Би талийгаачийг согтуу байхыг нь хараагүй. Гэр бүл эхнэр хүүхэдтэйгээ жирийн л харьцаатай байдаг байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 95-рт/,

Гэрч Б.Лхагвасүрэнгийн өгсөн “...Талийгаачийг архи уучихсан согтуу явж байхыг би хараагүй даруухан зантай л хүн шиг харагддаг байсан. Намайг тэднийд очин мал төхөөрч байх үед бол зүгээр л байдаг байсан эхнэр хүүхэддээ их л халамжтай хүн шиг л санагдсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 96-рт/,

Гэрч Ц.Цэндмаагийн өгсөн “...Би Д.Буянжаргал гэдэг хүнийг нээх сайн танихгүй. Ямаа самнуулна гэсэн зар өгсөн байсан... тэгээд тэр өдрөө тохиролцоод ямааг нь самнахаар явсан... эхнэр нь Таня гэдэг нэртэй хүн байсан. Тэднийд очиж ямаа самнасан юм. 2016 оны 04 дүгээр сарын 17 ны өдөр байсан санагдаж байна. Анх яваад очиход гэрийн гадаа нь Таня гэдэг хүүхний нөхөр нь гээд Мөнхөө гэдэг залуу нэг хүнтэй маргалдаад зогсож байсан, хоорондоо зууралцаад барилцаад цохилцоод байгаа юм шиг харагдсан. Мөнхөө гэдэг хүнтэй маргалдаад барилцаад байсан хүн нь нэлээд их согтуу байсан. Буянжаргал гэдэг хүн огт зодоонд оролцоогүй, хоёр тийш нь хориод салгаад байсан... Согтуу байсан гэх хүний духны хажуу тал дээр нь жаахан шалбарсан байсан, өөр ил харагдах шарх сорив байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 97-рт/,

Гэрч Б.Энхтүвшингийн өгсөн “...2016 оны 08 дугаар сарын 02-03 ны өдөр шилжих шөнө эмнэлэгээс жижүүр сувилагч яриад дуудлага ирсэн гээд тухайн хаягийг хэлж өгсөн... би ч гэсэн машинаас буугаад эмчээ дагаад явсан. Тэр айлын гэрийн баруун урд хаяанд эрэгтэй хүн хөнжил нөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Эмч очоод тэр хүнд үзлэг хийсэн, даралтыг нь үзсэн, цээжийг нь чагнуураар чагнаж үзсэн, хуруунд нь пульс үздэг аппарат хавчуулж үзсэн. Тэр үед би эмчид асаагуурын гэрэл тусгаж өгч байсан юм. Эмч тэр хүнээс асуулт тавихад тэр хүн хариулахгүй байсан, гэхдээ ойлгоод байгаа юм шиг байсан. Тэр газарт хэвтэж байсан хүн эмчийг үзээд дуусахад хөнжлөө гараараа татаад нөмөрсөн. Тэр үед нэг залуу хажууд хүрээд ирсэн. Тэр залуу хэлэхдээ бид хоёр архи уусан гэж хэлж байсан... Тухайн газарт хэвтэж байсан хүн үг хэлээгүй. Эмчийн асуултанд хариулахгүй байсан. Хөл гар нь бол хөдөлж байсан, эмч үзэхэд дээшээ хараад хэвтэж байсан, эмчийг үзээд дуусахад хажуу талруугаа харж хэвтээд гараараа хөнжлөө татаж байсан. Зүүн чихний дээд хэсгээс нь жаахан цус гараад хатсан байдалтай байсан өөр ил харагдах шарх сорив байгаагүй... эмч хэлэхдээ тухайн хүнийг архи уучихсан согтуу байна, амин үзүүлэлтүүд нь хэвийн байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 98-рт/,

Гэрч Б.Болдбаатарын өгсөн “...Би юнителийн 88185994 дугаарыг эзэмшин ашигладаг юм. Тэр өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 02 ны өглөө 10 цагийн үед шиг санаж байна тэр дугаараас талийгаач Ц.Очироо гэж хүн залгаад чиргүүлийн тэвш гагнуулах гэсэн юм гэхээр нь... өнөөдөр, маргааш зав муутай байна дараа л болъё гэж хэлсэн шиг санаж байна. Өөр юм яриагүй...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 99-рт/,

Гэрч Ч.Нямаагийн өгсөн “...Д.Мөнхжаргал гэх хүнийг танина миний шавь байгаа юм. Д.Мөнхжаргал нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, хичээлд ивэвхитэй оролцдог сурагч байсан юм, ээж аав нь хөдөө мал малладаг сумандаа малын тоогоороо 1000 малчин болж байсан малчин ардын хүүхэд байгаа юм. Ямар нэгэн хорт муу зуршилгүй хүүхэд байсан, Олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог, хүний үгэнд их ордог, сэргэлэн цовоо сурагч байсан юм...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 100-рт/,

Гэрч Б.Ариунаагийн өгсөн “...Миний шавь хүүхэд байсан юм. Би одоо Д.Мөнхжаргалыг хэдэн онд сургуульд орсоныг санахгүй л байна. 1992 онд сургуульд орж байсан шиг санаж байна... Тухайн Д.Мөнхжаргал нь их л төлөв даруу зантай, даруухан гэмээр хүүхэд байсан юм. Олон нийтийн ажилд их оролцдог, үг дуу цөөтэй, малчин гэр бүлд өссөн, ар гэрийн халамж сайн, сумын төвд дотуур байранд амьдардаг, сурлагандаа дунд зэрэг сурдаг сурагч байсан...” гэсэн мэдүүлэг. /ХХ-ийн 101-рт/ ,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн “...талийгаач Ц.Очирбатын хуйхан доорхи цус хуралт, баруун зулай ясны цөмөрсөн хугарал, титэм заадсын дагуу өолон суурийн дунд хонхрын хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун талын бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, суурийн дунд хонхрын зүүн хэсгийн хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, зүүн чихний дэлбээний сэтэрч язарсан шарх, зүүн мөрний дээд хэсгийн зулгаралт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зүүн талын 10-р хавирганы цөмөрсөн хугарал, 8, 9-р хавирганы шугаман хугарал, улаан хоолой, ходооны урагдал, цоорол зэрэг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь дээрхи гэмтлүүдтэй хавсарч буюу дам үүсгэгдсэн байх боломжтой өөрөөр хэлбэл талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжгүй. Талийгаачийн биед олон хавсарсан хүнд гэмтлүүдтэй байсан учир амь насыг нь аврах боломжгүй. Дээрхи гэмтлүүд  нь шургааг модоор цохисны улмаас үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 101-рт/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн дахин өгсөн “...Тухайн хүн нь комын байдалтай тодорхой хугацаанд амьд байх боломжтой, тухайн гэмтлүүд нь амь насанд аюултай буюу нас барах боломжтой гэмтэл гэсэн үг. Үхлийн гэмтэл авсан хүн ухамсарт бус үйлдэл үг яриа хэлэх тохиолдлууд байдаг. Гэхдээ тус үйлдлүүд нь ухамсарт санаа зорилготой үйлдэл биш. ...Дүгнэлтэнд дурьдагдсан гэмтлүүдийг авсан даруйдаа буюу 1-2 цагийн дараа талийгаачийн би?ийн амин үзүүлэлтүүд нь хэвийн байх боломжтой. Тухайн гэмтлүүдийг чагнуур даралтны аппарат төдийхөн багажийн тусламжтайгаар үзэж оношлох боломжгүй. Багажийн буюу компьютерт томограф, эхо зэрэг аппаратуудаар оношлоно. Оношийг тогтоосон ч гэсэн энэ тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлж амь нас аврагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 103 дугаар хуудас/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн 445 дугаартай “...Мөнхжаргалын биед өвчүү орчмын жижиг зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 106-рт/,

Сэтгэцийн гэм судлалын 38/16 дугаартай “...сэжигтэн Д.Мөнхжаргал нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Сэжигтэн Д.Мөнхжаргал нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Сэжигтэн Д.Мөнхжаргал нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн  магадлагаа /ХХ-ийн 108-109-рт/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн 69 дугаартай “...Очирбатын цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, баруун зулай ясны цөмөрсөн хугарал, титэм заадсын дагуу болон суурийн дунд хонхрын хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, күүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх тархины эдийн няцрал, зүүн талын 10-р хавирганы цөмөрсөн хугарал, 8-9-р хавирганы шугаман хугарал, улаан хоолой, ходоодны урагдал, цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны цус хуралт, зүүн чихний дэлбээний сэтэрч язарсан шарх, зүүн мөр, шуу, 2 өвдөгний жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун зулай ясны цөмөрсөн хугарал, титэм заадсын дагуу болон суурийн дунд хонхрын хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх тархины эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, улаан хоолой-ходоодны урагдал цооролт гэмтлүүд нь 3.1.12 заалтуудаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, 3 хавирганы хугарал гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь хоорондоо шууд хамааралтай нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд болно. Очирбатын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Очирбат нь гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Очирбатад эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 111-112-рт/,

Шинжээч А.Азжаргалын 5132 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн заазуурнаас гарын мөр илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 114-116-рт/,

Шинжээч О.Даваасүрэнгийн 7189 дугаартай “...Ц.Очирбатын гэх шингэн цус /l/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 118-рт/,

Шинжээч Б.Ламчингийн 7188 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.Очирбатын гэх цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 119-рт/,

Сонсгосон ялыг өөрчилж сонсгох тухай “...Дашдорж овогтой Мөнхжаргалд өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг өөрчлөн одоо ЭХТА-ийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан ялыг сонсгосон...” прокурорын тогтоол /ХХ-ийн 143-рт/,

Сэжигтэн Э.Отгонбямбын өгсөн “...би 2016.08.02-03-нд шилжих шөнө эмнэлгийн дуудлагын ээлжийн эмчийн жижүүртэй байсан. Манай дуудлагын ээлжтэй эмч нар шөнийн цагаар гэртэй байж байдаг юм. Намайг тэр шөнө гэртээ байж байхад шөнийн 01 цагийн үед шиг санагдаж байна эмнэлгээс надруу яриад дуудлага ирсэн, сумаас урагш хадан ус гэх газарт хүн ухаангүй байна гэнэ гэсэн дуудлагыг надад өгсөн, удаагүй манай эмнэлгийн жолооч манайд ирээд намайг авсан. Би эмнэлэг дээр очиж яаралтай тусламжийн цүнхийг аваад дуудлаганд явсан. Дуудлага өгсөн хаягийг олохоор замдаа явж байгаад Өнөрөө гэдэг эгчийн гэрийн гадааг очсон. Өнөрөө эгчийн гэрийн гаднаас нэг охин суугаад гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд очиход гэрийн гадаа баруун урд талд эрэгтэй хүн газар хэвтэж байсан. Хөнжил нөмөрсөн, хөнжлийн баруун талыг доогуураа дэвссэн, талыг нь нөмөрсөн байдалтай хажуугаараа хараад хэвтэж байсан. Би явж очоод мөрнөөс татаад ахаа хаана нь өвдөж байна ямар зовиуртай байна гэж асуухад өөдөөс ммм гээд гараа татаж аваад байсан. Тэгээд би даралт болон зүрх судсыг нь үзсэн /амин үзүүлэлтийг/ чинь хэвийн байсан. Намайг тэр хүнийг үзээд байж байхад хажууд нэг эрэгтэй хүн хүрээд ирчихсэн зогсож байсан. Би хэвтэж байсан хүнийг дээш нь харуулж хэвлийг нь тэмтэрч үзэхэд ямар нэгэн эмзэглэл байхгүй хоёр хөлөө доош нь жийгээд буцаад татаж байсан. Тэгээд хөнжлөө гараараа татаж явч байсан. Надруу эргээд гараа далайхаар нь би хойшоо ухраал сумаас ирсэн эмч байна гэж хэлсэн чинь хөнжлөө татаж аваад нөмөрсөн. Тэр хүний баруун чих нь шалбарсан цус гараад хатчихсан байсан, би чихийг нь үзээд цаанаасаа цус гарч байна уу? гэж шалгаж үзэхэд наанаа шалбарч цус гарсан байсан. Тэгээд би хажууд хүрээд ирсэн хүнээс та зодсон юм уу гэж асуухад тэр хүн үгүй ээ энэ хүн эхнэр хүүхэддээ агсан тавиад байхаар нь би салгасан зодож цохиогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд түргэний утасны дугаарыг өгөөд ямар нэгэн зовиур гарвал дахиад дуудлага өгөөрэй гэж хэлээд буцсан. Буцахад нөгөө охин манай машинл суугаад Өнөрөө эгчийн гадаа хүргүүлж бууж үлдсэн. Тэгээд би өнөрөө эгчтэй уулзаад үзлээ зүрх судас амин үзүүлэлт нь хэвийн байна, архи уусан юм байна согтуу байна гэж хэлээд сумруу явсан. ...тэр хүнийг үзэхэд амин үзүүлэлт хэвийн согтуу байсан учир эмнэлэгрүүгээ авч явах шаардлагагүй юм байна гэж үзээд үлдээгээд явсан. Цагдаад мэдэгдээгүй нь миний буруу... би тухайн үед цагдаа нарыг байхгүй байх гэж бодоод цагдаад дуудлага өгөөгүй юм. Жижүүр цагдаа үлддэг гэж мэдээгүй юм. ...Их хэмжээний цус гараагүй байсан, жаахан цус гараад хатчихсан байсан болохоор орхиод явсан. Хэрэв их хэмжээгээр  цус гарсан байвал эмчилгээ хийх байсан. ...тэр шөнө их харанхуй шөнө байсан. Тэнд зодоон болсон шинж тэмдэг надад ажиглагдаагүй, харин тэр хүний охин нь надтай юм яриад байсан ахруу та аавын гэдэсрүү өшиглөө биздээ гэхэд нөгөө хүн үгүй ээ өшиглөөгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 146-рт/,

Сэжигтэн Э.Отгонбямбын дахин өгсөн “...Яаралтай тусламжийн цүнхтэй очсон. Уг цүнхэн дотор тариа дусал, эм зэрэг мөн чагнуурын аппарат, пульс огсаметр зэрэг багаж хэрэгслүүдтэй очсон. ...Үнэртэж байсан. Согтуу байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 147-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын ял шалгах хуудас /ХХ-ийн 148-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 150-рт/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.08.31-ний өдрийн 1/286 тоот “...Дашдорж овогтой  Мөнхжаргалын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2201029597 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Антаун вилла хотхон 53с байр 157 тоот хаягт байрлах 1 иргэний өмчлөлийн орон сууцны зориулалттай үл х өдлөх хөрөнгө бүртгэлтэй байна...” гэсэн албан бичиг /ХХ-ийн 153-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 154-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын сурагчийн хувийн хэргийн хуулбар /ХХ-ийн 155-158-рт/,

Талийгаач Ц.Очирбатын өвчний түүх болон эмчилгээний картийн хуулбарууд /ХХ-ийн 165-190-рт/,

Талийгаач Ц.Очирбатын нас барсны гэрчилгээ /ХХ-ийн 191-рт/,

Юнителийн 80505540, 88789595 дугаарын утасны гарсан, орсон дуудлага, ирсэн явсан мессежний дэлгэрэнгүй лавлагаа /196-202-рт/,

О.Нямрагчаа, О.Маналсүрэн, О.Чимэд нарын төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 204-205-рт/,

Ц.Очирбат, Р.Отгончимэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 205-рт/,

“Хөрөнгө эстимейт” ХХК-ийн 13/01 дугаартай “...Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Мах-Импексийн чанх урд талд байрлалтай таван давхар байрны 3-р давхарт байрлалтай 31,92 м2 талбайтай 2 өрөө орон сууц нь манай өнөөгийн зах зээл дээр дунджаар 50,000,000 төгрөгийн үнээр худалдаалагдах боломжтой болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /Хэргийн 2 дугаар хавтасны 10-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын сэжигтнээр дахин өгсөн “...Одоо мэдүүлэг өгнө. ...Би 91-р зүйлийг ойлгосон. Энэ нь хүнийг санаатай алах гэдэг зүйл анги, би энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...Би 2016 оны 08-р сарын 01-02-нд шилжих шөнө Цогтцэций сумын төвд очиж хоносон. Маргааш өглөө нь сумын эмнэлгийн хойно байдаг мал нядалдаг 2 хүн дээр очиж малаа нядлуулсан. Тэгээд махаа уурхайн амны ойролцоо кемпид зарсан. Нийт 1800000 төгрөг болсон. Тэгээд Цогтцэций суманд ирээд бензин тосоо аваад гэрлүүгээ буцаад явах гэж байгаад талийгаачтай утсаар яриад хаана байна гэж асуусан чинь Наса дэлгүүрийн гадаа байна хүрээд ир гэж намайг дуудсан. Тэгээд би Наса дэлгүүрийн гадаа яваад очсон чинь талийгаач  Ц.Очирбат Минжбаатарын ланд 80 маркийн машин дотор пиво уугаад сууж байсан. ...бид нар сумын төвөөс урагшаа зайдуу зогсож пиво уухаар болсон. Би дэлгүүр ороод лаазтай нийслэл пивоноос 5 ширхгийг авсан. Талийгаач болон Минжбаатар нар бас пиво авсан. ...Тэгээд пиво ууж байтал Очирбат манай гэрт очоё гэж хэлсэн тэгээд бид нар бөөндөө Очирбатын гэрлүү явсан. ...тэгээд талийгаач бид 2 гэрийн хаяанд суугаад пиво уугаад сууж байтал талийгаач Ханбогд суманд байдаг Батаа гэдэг айлд очно гээд байсан архи ууна хоёулаа хамт очоё гээд байсан. Тэр үед нь би одоо очоод хэрэггүй гэж хэлсэн чинь талийгаач уурлаад намайг дорд үзлээ гээд уурлаад байсан. Тэр үед эхнэр нь ямаагаа сааж дуусч ирээд бид 2-ыг яагаад маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь талийгаач эхнэрлүүгээ чи дуугүй бай 2 найзын хооронд гэж хэлсэн. ...намайг ална хядна гээд надруу дайрч давшлаад дайраад байхаар нь би гэрийн баруун талаар гүйгээд зугтаж байсан чинь газар бөөрөнхий шургааг мод байхаар нь тэр модыг аваад эргэж хараад талийгаачийг саваад цохьсон. ...тэгээд би айж сандраад байж байтал талийгаачийн том охин нь хүрээд ирсэн. Аавыг яачив гэж надаас асуусан, би охинд нь намайг ална гээд байхаар нь би айж сандраад модоор цохичихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь охин нь яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машинтай эмч ирээд талийгаачийн биеийг үзээд гайгүй байна гэж хэлээд надад утасны дугаараа бичиж өгөөд янз бүр болох юм бол утсаар яриарай гэж хэлээд явсан. ...өглөө эмч дуудах уу гэж талийгаачийн эхнэрээс нь асуусан чинь гайгүй байх гэж хэлээд ямаагаа саасан. ...тэгээд ямаагаа сааж дуусч ирээд таньдаг эмчээ дуудъя гэж хэлээд сумруу явсан. сумруу яваад буцаж ирэхдээ Минжбаатарыг аваад ирсэн. Минжбааиар үзээд талийгаачийн биеийг хараад хавирга нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд Минжбаатар талийгаачийн эхнэр 2 сумын төврүү явсан, буцаж ирэхдээ эмч аваад хүрч ирээд талийгаачийг үзээд харвалт өгсөн байна гэж хэлсэн, тэгээд түргэний машин ирээд талийгаачийг аваад эмнэлэгрүү явсан. ...би нэг удаа шургааг модоор гар хавьцаа нь цохьсон. Дахиж цохиогүй. ...би өшөө гар хүрээгүй, би нэг л цохьсон. ...Би болж байсан зүйлийг ойлгож мэдэж байсан. Ухаанаа алдсан согтуу байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 141-142-рт/,

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын яллагдагчаар дахин өгсөн “...Би сонсгож байгаа ялуудыг ойлгосон. Мэдэхгүй байна. ...би хутга шөвөг бариад ирэхэд нь 1 удаа бөөрөнхий модоор цохьсон. ...би согтуу байгаагүй. Би бол нэг удаа л цохьсон. ...талийгаач бид 2 найз нөхөд байсан, ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Оршуулганд гарсан зардлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 144-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтдуудыг шинжлэн судлаад Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газраас Д.Мөнхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010078 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч  Д.Мөнхжаргал  нь  2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс зүүн урагш 7.5 км-т байх Хадан ус гэх газарт оршин суух Ц.Очирбаттай түүний гэрт архидан согтуурч улмаар маргаан үүсгэж, таарамжгүй  харьцааны  улмаас түүний ойр дотны хүмүүсийн дэргэд шургааг модоор цохиж Ц.Очирбатын биед хуйхан доорх цус хуралт, баруун зулай ясны цөмөрсөн хугарал, титэм заадсын дагуу болон суурийн дунд хонхрын хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг дэх тархины эдийн няцрал, зүүн талын 10-р хавирганы цөмөрсөн хугарал, 8-9-р хавирганы шугаман хугарал, улаан хоолой, ходоодны урагдал, цоорол, баруун нүдний дээд зовхи, баруун гуяны цус хуралт, зүүн чихний дэлбээний сэтэрч язарсан шарх, зүүн мөр, шуу, 2 өвдөгний жижиг зулгаралт зэрэг олон тооны шарх,  гэмтэл  үүсгэж,  өвтгөн шаналгаж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан болох нь шинжээч эмч С.Шүрцэцэгийн өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 101, 103-р хуудас/, Шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан №445 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 106-р хуудас/,  шинжээч эмч С.Шүрцэцэгийн №69 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 69-р хуудас/, насанд хүрээгүй гэрч О.Нямрагчаагийн өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 69-72, 74-р хуудас/ зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд хүнийг онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.    Шүүх ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч Д.Мөнхжаргалын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 154  /нэг  зуун  тавин дөрөв/  хоногийг  түүний  ял  эдэлсэн  хугацаанд  оруулан  тооцож,  хэрэгт битүүмжлэгдсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Аптаун Вилла хотхон 53с байр, 157 тоот хаягт байршилтай 31.92 м.кв талбайтай Ү-2201029579 дугаартай хоёр өрөө орон сууцны зохиулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Амь  хохирогчийн  оршуулгын  зардалд  8702000  төгрөг  нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Мөнхжаргал нь баримтаар тогтоогдсон 8775000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин хохирогчийн хууль ёс төлөөлөгч   Д.Отгончимэг нь нийт 76000000 /далан зургаан сая/ төгрөг нэхэмжилж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагаас 67725000 /жаран долоон сая долоон зуун хорин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан  2.2 метр урттай шургааг мод 1 ширхэг, 18.1 см урттай модон иштэй заазуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Дашдоржийн Мөнхжаргалыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхжаргалыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхжаргалын эдлэх 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Д.Мөнхжаргалын цагдан хоригдсон 154 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Д.Мөнхжаргал нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хор учруулсны төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.2 метр урттай шургааг мод 1 ширхэг, 18.1 см урттай модон иштэй заазуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Дашдорж овогтой Мөнхжаргалын нэр дээрх Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Аптаун Вилла хотхон 53с байр, 157 тоот хаягт байршилтай 31.92 м.кв талбайтай Ү-2201029579 дугаартай хоёр өрөө орон сууцны зохиулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолыг хүчин төгөлдөр болтол Д.Мөнхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөнхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.БАТТУЛГА

 

ШҮҮГЧИД                                                                    Г.СОЛОНГО

 

                                                                                         Л.ОДОНЧИМЭГ