Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 25

 

А.От холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
прокурор Л.Мөнхбаяр,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,
    нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлоор Сүхбаатар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн 1930002230166 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Онгон суманд 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнжийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, А.О

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.О нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Харгилтай” гэх газарт нутаглах Ж.Бийн 72 тооны бог буюу олон тооны малыг хулгайлж, 3405000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч А.Оыг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх 2 жилийн хугацааг мөн хугацааны хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн ялтан А.Оын биечлэн эдлэх нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, мөн түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ж.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Ж.Бийн 72 тооны  хонь, ямааг хулгайлсан гэж ял авсан. Тухайн үед Ж.Бийн 30 гаруй тооны хонь, ямааг авч С.Жанчивынд авчирч тавьсан нь үнэн. Гэтэл намайг 72 тооны хонь, ямаа авсан гэж хэлээд хохирлоо барагдуулвал хөнгөн ял авна гэж мөрдөн байцаагч хэлсэн учир би аваагүй 40 гаруй тооны малыг өөрийн малаар төлж, хохирогч Ж.Бийг гомдолгүй болгож, шүүх хуралд орсон. Би өөрийн малаа эргүүлж авах хүсэлтэй байна. Ж.Б нь 72 тооны хонь, ямаа алдсан гэх боловч би 30 гаруй тооны хонь, ямаа авсан. Иймд давж заалдах гомдол гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Зүйлчлэл дээр маргахгүй. Оногдуулсан ял тохирч байгаа. Хохирлын тооны хувьд маргаж байна. А.О нь 30 гаруй тооны бог мал хулгайлсан, зарж борлуулсан гэдгээ мэдүүлсэн. Хохирогч 72 тооны хонь, ямаагаа алдсан гэдэг. Гэвч 2019.05.06-ны өдөр А.О нь 30 гаруй тооны хонь, ямааг таслан авч, С.Жанчивынд хөөж ирсэн байдаг. С.Жанчив нь мөрдөн байцаалтын явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “...А.О нь 2019.05.06-ны өдөр цэнхэр өнгийн мотоцикл жолоодчихсон 30 гаруй тооны хонь, ямаа хөөсөөр ирсэн” гэсэн. А.О нь хохирогч Ж.Бөөс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, бичиг авахын тулд аваагүй 40 гаруй тооны хонь, ямааг өөрийнхөө малаас нөхөж өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс А.Оыг бусдын 72 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлсан гэж ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

        Прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:
    
    Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр А.От холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
    Шүүгдэгч А.Оыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсжээ. Гэтэл А.О нь тэнссэн хугацаанд олон тооны мал хулгайлж, санаатай гэмт хэрэгт холбогджээ.  /хх 43-46х/
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох”-оор хуульчилжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.От ял оногдуулахдаа “хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа”-г нэмж нэгтгэснийг хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

     Өөрөөр хэлбэл: А.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Т.Хүдэр нарын давж заалдах гомдлуудыг энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүхийн холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
    
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.От холбогдох эрүүгийн 1930002230166 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав.Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            О.БААТАРСҮХ
        
                        ШҮҮГЧИД                Д.БАЙГАЛМАА
                 
С.ОЮУНТУНГАЛАГ