Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0455

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Оын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ж.С

Гомдол гаргагч: М.О

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С

Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0***** дугаар  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 381 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б

Хариуцагч Ж.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц

Хэргийн индекс: 128/2025/0390/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Оаас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0***** дугаар  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ж.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. “...Үндэсний Аудитын газраас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 тоот Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичигт дурдсан Аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан ирүүлсэн сонгуулийн зардлын тайланд дараах зөрчлүүд илэрсэн байдаг. Үүнд: Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх 25/36/*** дугаартай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд зөрчилд холбогдогч М.От зөрчлийн талаар 88***** дугаарын утсаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн. Улмаар Иргэдийн оролцооны нэгдэл намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч М.От холбогдох сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлээгүй гэх үйлдэлд нэмэлт нотлох баримт цуглуулж, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байсан тул 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий албан тушаалтны тогтоолоор 25****** дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчилд хариуцлага тооцсон.

 

3.2. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.7-д: “Иргэдийн оролцооны нэгдэл намын сонгуулийн штабаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2/*** дугаартай албан бичгээр 53 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын мэдээллийг Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 илгээсэн байх бөгөөд тэдгээрийн дотор нэхэмжлэгч М.Оын нэр багтжээ.” гэж дурджээ. Үйл баримт дурдвал: Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт байршуулсан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандивын дансны жагсаалт” гэсэн мэдээлэлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.4 Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Төрийн аудитын байгууллагад ирүүлсэн хандивын дансыг жагсаалтаар мэдээлж байна.” гэсэн мэдээллийн хавсралт жагсаалтад тойрог, тойргийн дугаар, нэр дэвшүүлсэн нам эвсэл, нэр дэвшигчийн овог, нэр дэвшигчийн нэр, банкны нэр, гэрээ, хандивын дансны мэдээлэлд Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын нэг ч мэдээлэл байхгүй байхад шүүгч шийдвэртээ “... нэхэмжлэгч М.Оын нэр багтжээ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд нэр дэвшигч М.О нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь нотлогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэл үндэслэлтэй байна.

 

3.3. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.13.-д “Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг минутаар тодорхойлно”, 33.2” Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут багтаж байхаас гадна Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/*** дүгээр албан бичигт нэр дэвшигчийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн талаар буруутгаагүй байна.” гэж дурджээ. Үйл баримт дурдвал: Нэр дэвшигчийн мэдүүлэг, ирүүлсэн баримт нотолгоогоор 2024 оны 06 сарын 13-ны өдөр Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь Үндэсний Аудитын Газарт 2/037 албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг бүртгүүлэхээр хүргүүлэхэд: 1) Үндэсний Аудитын Газар “хуулийн хугацаа хэтэрсэн'' гэх үндэслэлээр уг албан бичиг, хавсралтыг хүлээн аваагүй тул 2) Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь арга буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны 23 цаг 54 минутад Үндэсний Аудитын Газрын цахим шууданд илгээж орхисон байдаг. Нэмж тайлбарлахад 23 цаг 57 минутад илгээсэн бөгөөд цахим шууданд автоматаар хариу ирэх боломжгүй, хуулийн хугацаа хэтэрсэн" тухай мэдэгдэх боломжгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6. дугаар зүйлд заасны дагуу хугацааг тоолсон болно. Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь 2024 оны 06 дугаар сарын 28-ний өдөр (01:00 минутаас 24:00 минут) энэ өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө тоолж үзэхэд 1 дэх хоног (6/27-ны 24:00 минутаас 06/26-ны 24:00 минут), 2 дахь хоног (06/26-ны 24:00 минутаас 06/25-ны 24:00 минут), 3 дахь хоног (06/25-ны 24:00 минутаас 06/24-ны 24:00 минут), 4 дэх хоног ( 06/24-ны 24:00 минутаас 06/23-ны 24:00 минут), 5 дахь хоног( 06/23-ны 24:00 минутаас 06/22-ны 24:00 минут), 6 дахь хоног ( 06/22-ны 24:00 минутаас 06/21 -ны 24:00 минут), 7 дахь хоног ( 06/21 -ны 24:00 минутаас 06/20-ны 24:00 минут), 8 дахь хоног ( 06/20-ны 24:00 минутаас 06/19-ны 24:00 минут), 9 дэх хоног (06/19-ны 24:00 минутаас 06/18-ны 24:00 минут), 10 дахь хоног (06/18-ны 24:00 минутаас 06/17-ны 24:00 минут), 11 дэх хоног (06/17-ны 24:00 минутаас 06/16-ны 24:00 минут), 12 дахь хоног (06/16-ны 24:00 минутаас 06/15-ны 24:00 минут), 13 дахь хоног (06/15-ны 24:00 минутаас 06/14-ны 24:00 минут), 14 дэх хоног (06/14-ны 24:00 IV инутаас 06/13-ны 24:00 минут), 15 дахь хоног (06/13-ны 24:00 минутаас 06/12-ны 24:00 минут). Хуульд заасан 15 дах хоног нь 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 24:00 минутаар дуусгавар болж байгаа бөгөөд нэр дэвшигч М.О нь 2024 оны 06 сарын 13-ны өдрийн 23 цаг 57 минутад цахим шуудангаар илгээсэн байдаг. Энэ нь хуулийн хугацаа хэтрүүлснийг илтгэнэ. Мөн Үндэсний Аудитын Газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичигт “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04- ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг мөрдлөг болгосон. Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж. олон нийтэд мэдээлсэн. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна” гэсэн. Аудитын ерөнхий газрын [email protected] цахим хаягт байршуулан олон нийтэд мэдээлсэн мэдээлэлд байхгүй зэргээр нотлогдож байна.

 

3.4. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.14-д “Мөн нэхэмжлэгч М.Оын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Хаан банк 5620004572 дугаар хандивын дансыг Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр бичгээр үйлдэж, цахимаар хүргүүлснийг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нэм, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу бичгээр ирүүлээгүй гэж хариуцагчаас буруутгаж байгаа нь үндэслэлгүй.” гэж дурджээ. Үйл баримт дурдвал: Үндэсний Аудитын Газраас Иргэдийн Оролцооны Нэгдэл намд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ тодорхой тайлбарласан байна. Үүнд: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг мөрдлөг болгосон. Төрийн аудитын байгууллагад нам, эвсэл, нэр дэвшигчдээс бичгээр ирүүлсэн сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэж audit.mn цахим хуудаст 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, олон нийтэд мэдээлсэн. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2/037 дугаар албан бичгээр 53 нэр дэвшигчийн дансны мэдээллийг хавсарган, Үндэсний аудитын газрын [email protected] мэйл хаягаар илгээсэн боловч дээрх журмын дагуу бичгээр ирүүлээгүй байна.” гэснээс харахад буруутгах үндэслэлтэй байна.

 

3.5. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4.13, 4.14, 4.15-д хамааруулан тайлбарлах нь: Үндэсний Аудитын Газарт бичгээр мэдэгдэх, бүртгүүлэх үүрэг нь нөгөө талаасаа тухайн хавсралт бүхий албан бичгийг албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу бүртгэх, дугаар олгох, хүлээн авах нь албан бичгийн шаардлага, журамд нийцсэнээр мэдэгдэж, бүртгүүлэх үүргийг хангах учиртай бөгөөд төрийн байгууллагын ажлын цагтай уялдаж албан бичгийн тухай үндсэн ойлголтод нийцэх ёстой гэж үзэж байна. Мөн хугацааны хувьд Үндэсний Аудитын газар нь албан ёсны цахим хаяг болох audit.mn хаягаараа 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олон нийтэд мэдээлсэн “Нам, эвсэл болон нэр дэвшигчдийн анхааралд” хэсэгт Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийг дуустал төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө. Үүнд: Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсэг/, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх. 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг дуустал Төрийн Аудитын дээд байгууллагад бичгээр мэдэгдэх сүүлийн хугацааг цахимаар мэдээлсэн, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг тодорхой дурдсан, ямар албан тушаалтанд хэрхэн хүлээлгэн өгөх талаар мэдэгдсэн байхад Иргэдийн оролцооны нэгдэл нам нь зардлын дансны мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бичгээр хүргүүлсэн нь бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн, цахим шуудангаар илгээсэн нь бичгээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүйг тодорхой харуулж байна. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь нэр дэвшигчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр гаргахдаа “мэдэгдэж” гэдэг нь нэр дэвшигч ямар ч байдлаар мэдэгдэх, мэдэгдсэн гэж үзсэн нь хариуцагч миний үзсэнээр Үндэсний Аудитын Газар ч мөн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхдээ хэзээ, хэнд, ямар хэлбэрээр ирүүлж бүртгүүлэхийг мэдэгдсэн байгааг анхаараагүй гэж үзэж байна. Иймд 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас нэр дэвшсэн иргэн М.О нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Сонгох, Сонгогдох эрхээ эдэлж Монгол Уулсын төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд оролцохдоо Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиа мөрдөөгүй нь бие даасан Зөрчлийн шинж чанартай байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.С миний 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Гомдол гаргагчаас хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.1. Гомдол гаргагч М.Оаас “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0***** дугаар  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сд холбогдуулан гаргажээ.

 

2.2. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Сгийн 0***** дугаар шийтгэлий хуудсаар “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн тул М.Оыг сонгуулийн зардлын дансаа бүртгүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулжээ.

 

2.3. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хорооны бүрэн эрх” гээд 7.1.6-д “ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах”, 12 дугаар зүйлд “Хорооны ажлын зохион байгуулалт” гээд 12.1-д “Хорооны ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо батална” гэж тус тус зохицуулсан.

 

2.4. Анхан шатны шүүх “...нэр дэвшигч М.О болон түүнийг нэр дэвшүүлсэн Иргэдийн Оролцооны Нэгдэл намд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй зөрчил илрээгүй... Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно”, 33.2-т “Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно” гэж заасан байгаагаас үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө гэдэгт 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минут багтаж байхаас гадна Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/921 дүгээр албан бичигт нэр дэвшигчдийг хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байдлаар буруутгаагүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

2.4. Учир нь хариуцагчийн давж заалдах гомдолд “...хуульд заасан 15 дахь хоног нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 24 цаг 00 минутад дууссан байхад 13-ны өдрийн 23 цаг 30 минутад шуудангаар илгээсэн байдаг. Энэ нь хуулийн хугацааг хэтрүүлснийг илтгэнэ” гэж дурдсаныг буруутгахгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолын 2-т Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоож, Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн “Цаг хугацааны хуваарь батлах тухай” 01 дүгээр тогтоолын Долоо.Сонгуулийн зардал, тайлангийн гэсний 57 дугаарт Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэх гээд 2024 оны 06 дугаар сарын 13-наас өмнө гэж тус тус тогтоож шийдвэрлэжээ.

 

2.5. Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй”, энэ үүргийнхээ дагуу бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

 

2.5. Гомдол гаргагч гомдлын үндэслэлдээ “...Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын дансыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкинд нээлгэсэн бөгөөд тухайн үед Аудитын ерөнхий газарт бүртгүүлэхээр биеэр хандахад “...нэр дэвшигч нэг бүрээр хүлээн авч бүртгэх боломжгүй, өөрийн нам дээр нэгтгээд нэгдсэн байдлаар албан бичгээр хандах ёстой” гэсний дагуу Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын сонгуулийн штабд хүргэж өгсөн” гэж тайлбарлан маргаж байгаа энэ тохиолдолд М.Оыг нэр дэвшигчийнхээ хувьд зардлын дансны мэдээллээ бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

2.5. Учир  нь гомдол гаргагч М.Оын хувьд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Иргэдийн Оролцооны Нэгдэл намаас  нэр дэвшсэн байх бөгөөд тус намаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэр дэвшигч нарын сонгуулийн зардлын дансны мэдээллийг нэгтгэн Үндэсний аудтын газрын цахим шуудангаар хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад зөвхөн М.Оыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй.

 

2.6. Дээрхээс үзвэл анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн дүгнэлтэд нэмэлт өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА