Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 26

 

Х.Ад холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Хосбаяр
Шүүгдэгч: Х.А, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч  Х.Аийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Ад холбогдох эрүүгийн 1930002040149 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багт оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.А

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь өсвөр насны Э.Бтой бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газарт байх хохирогч Э.Бын эзэмшлийн гражийн цоожийг эвдэн нэвтэрч, дотор нь байсан 2 ширхэг мөнгөн эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 16,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
    - насанд хүрээгүй Э.Боор гэмт хэрэг үйлдүүлэн, эмээлийг нуух, зарах талаар амлалт өгч, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Х.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х.Аийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж,  хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож, шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан 2 /хоёр/ жилийн  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1/нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Х.Аийн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтан Х.Ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.А давж заалдах гомдолдоо: Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 3 дахь хүүхэд маань мэндэлж, нялх хүүхэдтэй болсон учир миний ар гэр, амьдрал ахуйн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан гурван жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Тус шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Х.Аийн давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
    Шүүгдэгч Х.А нь өсвөр насны хүүхэд Э.Бтой бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Д” гэх газарт байх хохирогч Э.Бын эзэмшлийн гражийн цоожийг эвдэн нэвтэрч, мөнгөн хэрэглэлтэй хоёр эмээлийг хулгайлж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Өсвөр насны хүүхэд Э.Бод эмээлийг нуух, зарах талаар амлалт өгч, түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Х.А,  хохирогч Э.Б, гэрч Э.Б, Г.Авирмэд, Д.Хадбаатар, П.Амгаланбаатар, М.Оюунболор нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу  хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Аийн гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг өсвөр насны хүүхэдтэй бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авч хулгайлах, өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
    Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, мөн хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” боломжгүй байна.

    Тус шүүхийн шүүх хуралдаанд прокуророос  “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох мотоциклыг гэмт хэрэгт хамтран оролцсон өсвөр насны хүүхэд Э.Бын хэрэгт хураагдсан” гэх тайлбарыг, шүүгдэгчээс  “цагдаагийнхан мотоциклыг хурааж,  гарын үсэг зуруулсан гэх” тайлбарыг тус тус өгснөөс  үзэхэд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг энэ гэмт хэрэгт хураах шаардлагагүй юм.

    Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг  хөнгөрүүлэхээр тогтов.

Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангаж,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргахдаа 2 хоногийн дараа хэргийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааны тов гаргажээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн боловч,  шүүх хуралдааны оролцогчид бүрэн ирсэн,  энэ талаар оролцогчид гомдол гаргаагүй учраас тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй юм.
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч Х.Аийн давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
1.1.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2  жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй”  гэснийг  “шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй”  гэж,
1.2. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан 2  жилийн  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Х.Аийн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн  хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Х.Аийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,
1.3. Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Ад оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

Хоёр: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 Гурав: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Аийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи цагдан хоригдсон  35 /гучин тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Дөрөв: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.ОЮУНТУНГАЛАГ
                             ШҮҮГЧИД                 Д.БАЙГАЛМАА    
                                                                            О.БААТАРСҮХ