Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0479

 

 

 

 

 

Х.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Монгол Улсын Шадар сайд

Нэхэмжлэлийн шаардлага:

1/ Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох

2/ Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг даалгах

3/ Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хууль заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Быг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилоогүйгээс учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 310 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Д

Хэргийн индекс: 128/2024/0115/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Баас Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг даалгах, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Быг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилоогүйгээс учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 310 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 57 дугаар зүйлийн 57.1, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохоос татгалзсан” албан бичгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар “Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг нэр дэвшүүлсэн” тогтоолын хэрэгжилтийг хангаж Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг, чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчаар ажиллах боломжтой байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Албан тушаалд томилохоос татгалзахдаа хуульд заасан хугацааны дотор татгалзаагүй тул хууль бус гэх байдлаар маргасан. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд нэхэмжлэл болон түүний үндэслэл дээр дурдаагүй байжээ. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т болон чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх тухайд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй болох талаар:

 

3.2. Маргаан бүхий албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасан эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах ба албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх бөгөөд үүнийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 102 дугаар тогтоолоор баталгаажуулсан байна. Нэхэмжлэгч нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, Удирдлагын академийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/*** тоот  тушаалаар Е1*** дугаартай сертификаттай төгссөн гэх боловч албан тушаалын тодорхойлолт дахь мэргэшлийн тусгай шаардлагын “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх” шаардлагыг хангаагүй байсан. Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах боломжгүй байсан.

 

3.3. Нэхэмжлэгч эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6 сар 5 хоног ажилласныг ахлах түшмэлийн албан тушаалд 3 жил 7 сар 1 хоног ажилласан хугацаанд ажилласан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүний ажилласан гэх ажлын байр нь эрхэлсэн түшмэл болон ахлах түшмэлийн албан тушаалд хамаарах эсэхтэй холбоотой ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хуульд заасан шаардлагыг хангасан мэтээр шийдвэрлэсэн нь буруу болжээ. Түүнчлэн Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын ур чадвар хэсгийн бусад шаардлагын “...англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэг хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах” чадвартай байх шаардлагыг хангаагүй байсныг шүүхээс мөн хэрэгт ямар нэгэн шаардлага хангасан нотлох барим байхгүй байхад энэ талаар үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн байна.

 

3.4. Албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын ур чадвар хэсэгт “... англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх” гэсэн тусгай шаардлагыг хангасан эсэхэд буруу дүгнэлт хийжээ. Нэр дэвшигч Х.Быг “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй ажил ажилласан айх, ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” ажлын байрны тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлагыг тус тус хангаагүй” тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно” гэж заасны дагуу хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй болсон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0310 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.Баас Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан “Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг даалгах, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хууль заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Быг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилоогүйгээс учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар “...Хуулиар болон албан тушаалын тодорхойлолтоор ийнхүү тавигдсан мэргэшлийн болон туршлагын тусгай шаардлагыг нэхэмжлэгч Х.Б дараах байдлаар хангажээ. Тодруулбал нэхэмжлэгч Х.Б нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, Удирдлагын академийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/*** тоот тушаалаар Е1305 дугаартай сертификаттай төгссөн, өөрөөр хэлбэл албан тушаалын тодорхойлолт дахь мэргэшлийн тусгай шаардлагын “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх” шаардлагыг ахиулан хангасан, төрийн захиргааны ахлах түшмэлийн дээд ангилал болох эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх тул энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй... Иймд хуулиар заасан нийтлэг болон тусгай шаардлагад ороогүй, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын ур чадвар хэсэгт “бусад” гэх байдлаар “...англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх” гэсэн үнэлэх арга нь тодорхойгүй, сул орон тооны захиалгад тусгаагүй, сонгон шалгаруулалтад нэр дэвшигчээр бүртгэхэд шаардлага болгоогүй шалгуурыг “тусгай шаардлага” тавигдсан гэж үзэх боломжгүй...” гэж дүгнээд уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

Мөн “...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй ба Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж зааснаар чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө олгогддог цалин хөлсийг томилоогүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй этгээдэд “...ажиллах боломжтой байсан” гэх агуулгаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан бодит хохиролд хамааруулах үндэслэлгүй байна” гэж дүгнэн уг хугацаанд хамаарагдах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Харин “...Х.Быг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин нэр дэвшүүлснээр 30 хоногийн дотор томилох үүргийг Монгол Улсын Шадар сайд хүлээх тул 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг үүссэн гэж үзлээ...” гэж дүгнэн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 

4. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар “Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилохоос татгалзсан” шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

4.1. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 01/864 дүгээр албан бичгээр Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүдийн чөлөөт бүсийн захирагчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд уг албан бичгийг хүргүүлж, сонгон шалгаруулалтыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан байна.

 

4.2. Улмаар дээрх сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Х.Б тэнцэж Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоолоор уг албан тушаалд нэр дэвшүүлж, тогтоолыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад хүргүүлсэн байна. Гэтэл сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар албан бичгээр нэхэмжлэгч Х.Быг “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын “ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх”, ажлын байрны тодорхойлолтод заасан “гадаад хэлний шаардлага”-ыг тус тус хангаагүй” гэсэн үндэслэлээр тус албан тушаалд томилохоос татгалзсан байна.

 

4.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно”, 23.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.10-т “Тухайн ажлын байранд гадаад хэлний мэдлэгийн ур чадварын тусгай шаардлага тавигдсан тохиолдолд тухайн гадаад хэлээр сургалт нь явагддаг их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан бол боловсролын баримт бичиг эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тухайн хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн бол уг иргэний түүнд холбогдох баримт бичгийн оноог тус тус үндэслэн гадаад хэлний мэдлэгийн тусгай шаардлага хангасан эсэхийг тогтооно”, 12.3-т “Нэр дэвшсэн албан хаагч, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно”, 12.6-д “Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ” гэж тус тус заасан.

 

4.4. Нэхэмжлэгчийн өрсөлдсөн уг албан тушаалын тодорхойлолтод “гадаад хэлний мэдлэг”-ийн шаардлагыг тусгайлан заагаагүй байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтын “Туршлага-Ур чадвар-Бусад” хэсэгт дурдсан “англи болон орос хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах” гэж заасныг тусгай шаардлага тогтоосон гэж үзэхээргүй учир “албан тушаалын тодорхойлолтод заасан гадаад хэлний шаардлага хангаагүй” гэж нэр дэвшигчийг томилохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4.5. Тодруулбал нэхэмжлэгч нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, Удирдлагын академийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/*** тоот тушаалаар Е1*** дугаар сертификаттай төгссөн буюу албан тушаалын тодорхойлолт дахь мэргэшлийн тусгай шаардлагыг хангасан, төрийн захиргааны ахлах түшмэлийн дээд ангилал болох эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх тул энэ шаардлагыг хангаагүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал дээрх хуулийн болон журмын заалттай нийцэхгүй байна.

 

4.6. Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б нь уг албан тушаалын тодорхойлолт дахь төрийн албанд ажилласан туршлагын “төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй ажил ажилласан байх” тусгай шаардлагыг төрийн албанд нийт 11 жил 9 сар 26 хоног ажилласнаар, үүнээс ахлах түшмэлийн болон түүнээс дээд ангиллын эрхэлсэн түшмэлийн албан тушаалд нийт 4 жил 1 сар 6 хоног ажилласан нь ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй ажил ажилласан байх шаардлагыг хангаж байна.

 

4.7. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч нь төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, Удирдлагын академийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/*** тоот  тушаалаар Е1*** дугаартай сертификаттай төгссөн гэх боловч албан тушаалын тодорхойлолт дахь мэргэшлийн тусгай шаардлагын “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх” шаардлагыг хангаагүй байсан... Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын ур чадвар хэсгийн бусад шаардлагын “...англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэг хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах” чадвартай байх шаардлагыг хангаагүй байсныг шүүхээс мөн хэрэгт ямар нэгэн шаардлага хангасан нотлох баримт байхгүй байхад энэ талаар үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хууль заасан хугацаанд хэрэгжүүлж, нэр дэвшигч Х.Быг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд томилоогүйгээс учирсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

5.1. Анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс олгогддог цалин хөлсийг томилогдоогүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй этгээдэд “...ажиллах боломжтой байсан” гэх агуулгаар... хохиролд хамааруулах үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа хариуцагч байгууллагыг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч Х.Быг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

5.2. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

5.3. Нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дугаар тогтоолыг хариуцагч хэрэгжүүлээгүйгээс буюу нэр дэвшигч Х.Быг хуульд заасан хугацаанд томилоогүй хууль бус үйлдлээс үүдэн гарсан хохирол болох ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх буюу тухайн албан тушаалын чиг үүргийг бодитоор хэрэгжүүлээгүй байхад тухайн хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

 

5.4. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч албан тушаалын чиг үүргээ бодитоор хэрэгжүүлээгүй, энэ хугацаанд цалин, хөлс авч байгаагүй төдийгүй ямар цалин хөлсөөр, хэрхэн цалинжих нь тодорхойгүй энэ нөхцөлд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч итгэмжлэл 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон. Хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа байсан бөгөөд давж заалдах гомдлыг өөрөө гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 310 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 57 дугаар зүйлийн 57.1, 65 дугаар зүйлийн 65.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/**** дугаар Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохоос татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоон, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг нэр дэвшүүлсэн тогтоолын хэрэгжилтийг хангаж, Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалд Х.Быг томилохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “чөлөөт бүсийн захирагчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол Улсын Шадар сайдад даалгах болон Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчаар ажиллах боломжтой байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                   а.сарангэрэл

 

 

ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА