Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч Д.Жанчив,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Чулуундалай,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг

Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч Г.Урантогос /Говь транс ложистик ХХК/

Иргэний хариуцагч Ж.Одончимэг /Милпорт ХХК/

Иргэний хариуцагч Ч.Энхжин /Гашуун сухайт авто ХХК/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Нарандолгор /Үйлсийн зам ХХК/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Жанчивт холбогдох 201616010085 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Милпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Шинэ хороо 3 дугаар гудамж, 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дашдондогийн Жанчив /РД:ЙС65030611/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86.5 дахь км-т “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай, Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн жолооч Ч.Энхболдын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай “HOWO” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Энхболд нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Жанчив мэдүүлэхдээ: ”Би 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Таван толгойн 4 дүгээр ам гэх газраас нүүрс ачаад гарсан. Замдаа 45 км-т байрлах цайны газар хоол идээд замдаа гарсан. Оройны 01 цагийн үед 86 дахь километрт явж байсан бөгөөд урдаас нэг машин зөрсөн тул түүний гэрэлд нүд гялбаад замын эвдрэлийн нүхийг харж чадаагүй. Барагцаагаар 10 метрийн зайтай байсан гэж бодож байгаа. Тухайн үед би 30-35 км цагийн хурдтай явж байсан. Хэдийгээр тормос гишгээд хурд саарсан боловч машин зогсож амжаагүй замын эвдрэлийн нүх рүү машин ороод, машин жолоодлогогүй болж зүүн гар талруугаа буюу эсрэг урсгал руу орж өмнөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Үүнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд шалбаагаас намайг гаргаж байсан. Зам тээврийн осол хийсэндээ маш их гэмшиж байна. Шөнө унтаж чаддаггүй, байнгын хар дарсан байдалтай байдаг” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр хуудас Цогцос болон түүний өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан “...Д.Жанчивыг ...драгер багажаар шалгахад 0,00 хувийн ..” гэх тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

Зам тээврийн осол тогтоосон:”...Нордбенз маркийн 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн...” гэх акт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуундалайг хохирогчоор тогтоох тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Чулуундалайгийн дахин өгсөн:”...осол болж нас барсан гэдгийг дуулаад хэргийн газар дээр очиж үзсэн. ...манай ах дүү төрөл садангийн хүмүүс бүгд зөвшилцөөд нэхэмжлэг зүйлийг надаар дамжуулж байцаалтдаа тусгуулахаар болсон. Манай талийгаач ах маань өндөр настай буюу 76 настай ээжтэй маань хамт амьдарч харж ханддаг, тэжээн тэтгэдэг байсан, мөн манай хөгжлийн бэрхшээлтэй ахыг маань хамт харж ханддаг юм. ...Авто осолд орж зуурдаар нас бараагүй байсан бол 60 нас хүртлээ ажиллах боломжтой байсан. Иймд бидний зүгээс ажиллаж олох байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Талийгаач маань 51 настай байсан. Хөдөлмөрийн тухай хуульд эрэгтэй хүн 60 нас хүртэл ажиллахаар заасан байдаг. Тэгэхээр манай ах 9 жил ажиллах боломжтой байсан. Ингээд бидний зүгээс нийт 40,000,000 сая төгрөг нэхэмжилж байна. ...нэхэмжилж байгаа зүйлийг маань гаргаж өгөх юм бол гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн А/17/49 дугаартай итгэмжлэл олгох тухай:”...Говь транс ложистик” ХХК-ийн Хово маркийн 84-31 УНЦ улсын дугаартай автомашины жолооч Ч.Энхболдод холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус компанийг төлөөлөн оролцох бүрэн эрхийг менежер ажилтай Л.Гэндэндарамд олгож байна...” гэх албан бичиг /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гэндэндарамын өгсөн:”...Манай компанийн 84-31 УНЦ улсын дугаартай Хово маркийн чирэгч автомашиныг жолоодож явсан Ч.Энхболд нь 2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хүртэлх хатуу хучилттай авто замд нүүрс тээвэрлэлтийн ажил үүргээ гүйцэтгэж яваад зам тээврийн осолд орж нас барсан. Энэ осол аваартай холбоотой хэрэгт манай компани намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. Надад осол аваарын талаар мэдэх зүйл байхгүй. Уг нь ослоос болж манай компанийн 84-31 УНЦ улсын дугаартай автомашины чирэгч буюу толгой хэсэг нь бүрэн эвдэрсэн дахин ашиглагдах боломжгүй болсон. Үнэлгээний компанийн гаргасан дүгнэлттэй танилцлаа гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Чиргүүлийг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Одончимэгийн өгсөн:”...Манай компани олон улсын ачаа тээвэр эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үүнийхээ дагуу нүүрс тээврийн үйл ажиллагааг хийдэг. ..Д.Жанчив гэдэг хүн манай компанид жолоочоор ажиллаж байсан. Гэхдээ ороод удаагүй байсан. Ер нь бол туршилтын хугацаандаа ажиллаж байсан. Албан ёсны ажилтан бишээ. ...би өөрөө Улаанбаатар хотод байсан учир тээвэрт явж байсан жолооч нартайгаа холбогдож осолд орсон машиныг замаас чөлөөлөх арга хэмжээг авсан. Манай жолооч нар тус машиныг чирэх боломжгүй байна гэхээр нь тухайн үед тэр хавиар явж байсан ковшоор осолд орсон машиныг өргөж өөр нэг нордбенз машинд ачуулж Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад гэх газарт таньдаг хүний хашаанд аваачуулсан. ...Манай компанид БНХАУ-ийн Го ван гэдэг хүний 7 машин тээвэрт явдаг юм. Тэр хүн манай машинуудын бүрэн бүтэн байдал болон засвар үйлчилгээг БНХАУ-д машиныг очоод буцаад Монгол руу гаргахад байнга үзэж шалгаж байдаг юм. Манай компанид албан ёсны машинуудын бүрэн бүтэн байдлыг үзэж шалгаж засварладаг механикч Дамдинсүрэн гэдэг ажилтан байдаг. ...Манай компанид Д.Жанчиваас машины эвдрэлтэй холбоотой хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

“Милпорт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/

 “Үйлсийн зам” ХХК-ийн 1/184 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай :”...компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр инженер Ш.Хүрэлбаатарыг томилсон болно..” гэх албан бичиг /хх-ийн 36 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Хүрэлбаатарын өгсөн:”...замын бүрэн бүтэн байдлыг хариуцах компани нь “Гашуунсухайт авто зам” ХХК юм. “Гашуунсухайт авто зам” ХХК нь авто зам засвар арчлалтын тендер зарлаж манай компани тендерт шалгарч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тухайн замын засвар арчлалтын ажлыг хариуцаж эхэлсэн. “Гашуунсухайт авто зам” ХХК-тай манай компани гэрээг байгуулж тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ба гэрээгээр тухайн замын бүрэн бүтэн байдлыг хариуцах компани манай компани юм. ...тухайн замын гол хэсэгт том оврын нүүрсний автомашины давхар дугуйн өргөнтэйгээр урт нь баримжаагаар 5-6 метр орчим гүн нь 40 орчим см хэмжээтэй замын эвдрэл харагдаж байсан. тухайн замын эвдэрсэн хэсгийн асфальт нь элэгдэж нимгэрсэн суурь хөрс нь ил гарсан байсан. Тухайн осол болсон замын хажуугаар их хэмжээний ус тогтсон байдалтай мөн үерийн ус замыг давж урссан байдалтай байсан. 2016 оны 08 дугаар сарын 23-ны оройн 19 цагийн үед Гашуун сухайт авто замын хяналтын инженер Дөлбадрах над руу утсаар яриад 86 дахь километр дээр зам эвдэрсэн юм шиг байна. Очоод үзээдэх гэж хэлсэн .би очиж үзээгүй. Ковш явуулж замын нүхийг бөглөхийг ковшийн жолооч Ганбатад үүрэг болгосон. Ганбат тухайн замд гарсан эвдрэл нүхийг бөглөхөөр явж байхад нь тухайн осол гарсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

“Үйлсийн зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хх-ийн 38 дугаар хуудас/

“Гашуун сухайт овтозам” ХХК болон “Үйлсийн зам” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хатуу хучилттай авто замын 2016 оны засвар арчлалт болон шуурхай бэлэн байдлын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 39-55 дугаар хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/121 дугаартай итгэмжлэл олгох тухай “...Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хуулийн зөвлөх О.Чинхүсэлд ЭБШХ-ийн 44 дүгээр зүйлд заасан бүхий л эрх болон компанийг төлөөлөн тайлбар гаргах, байцаан шийтгэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт, гомдол шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг итгэмжлэн олгож байна” гэх захирлын тушаал /хх-ийн 57 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Чинхүсэлийн өгсөн:”...тухайн зам нь 2013 оны Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор “Энержи Ресурс” ХХК-аас “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжиж ирсэн. Замын засвар арчлалт менежментийг Гашуун сухайтын авто зам хариуцдаг. 2016 онд Гашуун сухайт авто зам” ХХК замын засвар арчлалтыг гэрээгээр “Үйлсийн зам” ХХК-нд шилжүүлсэн. Гэрээний дагуу “Үйлсийн зам” ХХК–д 2016 оны 08 дугаар сарын байдлаар 4 тэр бум орчим төгрөгийн санхүүжилтийг хийсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хх-ийн 59 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Доржсүрэнгийн өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн жолооч нар бүгд уурхайгаас нүүрс ачаад цагтаа хөдөлсөн. ..тэр үед миний араас ирсэн Д.Жанчив надтай цуг хоолонд орсон. Тэгээд Д.Жанчив миний араас хөдлөөд явсан. Би Жанчивын өмнө 2 км гаруй зайтай явсан. Би 90 дэх км-т явж байхдаа Д.Жанчив руу залгаад хаана явна гэж асуусан чинь 80 дээр явж байна одоо араас чинь очлоо гэж хэлсэн. Тэгээд би цаашаагаа яваад 120 дахь км-т машинууд цуваа татаад зогссон байхаар нь цувааны ард очиж зогсоод Д.Жанчив руу залгахад утас нь дуудаад авахгүй байсан. ...Нүүрс тээврийн замын эвдрэл нь ер нь удаж байсан. миний мэдэж байгаагаар бараг сар орчим байсан нүх, би тэр нүхийг мэддэг болохоор тойроод гардаг байсан. би тэр өдөр тухайн нүхийг тойроод гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Адьяабазарын өгсөн:”...Манай захирал Одончимэг над руу яриад Д.Жанчив осолд орсон байна машиных нь нүүрс нь зам дээр асгарсан байна гэнэ нүүрсийг нь очоод ачаад цагаан хаданд буулга гэж хэлсний дагуу осол болсон газарт явж очсон. Намайг очиход 2 машин мөргөлдсөн. 2 машины толгойн эд ангиуд эвдэрч бутарсан байдалтай байсан. Би машинтайгаа очоод асгарсан нүүрсийг ковшоор чиргүүл дээрээ ачаад цагаан хад руу явсан. Толгойн эд ангиуд нь 4 хэсэг болоод салчихсан байсан. Мотор, кроп, рам, толгой бүгд салаад тогтоол усан дотор байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Дамдинсүрэнгийн өгсөн:”...Би “Милпорт” ХХК-д нүүрс тээврийн том оврын автомашин жолооддог ажилтай. 2016 оны 008 дугаар сарын 23-ны өдөр Тавантолгой уурхайгаас нүүрс ачиж гараад Гашуун сухайтын боомтын чиглэлд явсан. ..Би машинаа жолоодоод яваад 57 дахь км-т байдаг постон дээр очиход зам хаачихсан осол гарсан гэсэн. Тэр үед шөнө байсан учир ямар машин осол гаргасан талаар мэдээгүй. ...машины толгой нь усан дотор байсан. Хамаг эд анги нь салаад бутраад хэдэн хэсэг болсон байсан. Урд тэнхлэг, мотор, кроп, кабин нь бүгд салаад тус тусдаа болсон байсан. Тэнд ковш, жижиг эксковатор байсан. Тэр ковш, эксковатораар Д.Жанчивын машины толгойн хэсгийн салсан эд ангиудыг бүгдийг нь чиргүүл дээр ачуулсан. Урд тэнхлэг, кабин, мотор, кроп нь бүгд салчихсан бутарсан байдалтай байсныг жижиг эксковатораар самардуулж зам дээр гаргаад замаасаа ковшоор түрүүлж чиргүүл дээр ачсан. ...Уснаас гаргаж ирэх үед болон ковшоор чиргүүл дээр ачих үед эд ангиуд эвдэрсэн байхаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Лхагвадоржийн өгсөн:”...Би “Говь транс ложистик” ХХК-д тээврийн жолоочоор ажилладаг юм. 2016 оны 08 дугаар сарын 23-ны орой Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газар байдаг компанийн кемпээс Таван толгой уурхайгаас нүүрс ачихаар гарсан юм. ...цувааны хамгийн түрүүнд талийгаач Ч.Энхболд машинаа жолоодож явсан. ...засмал замын Ухаа худаг уурхайгаас 86 дахь км-т ертөнцийн зүгээр зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд машинууд очерлоод зогсчихсон байсан. ...замын хоосон талын урсгал буюу бидний явж байсан урсгалд талийгаач Энхболдын машин мөн эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз маркийн автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон, базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. ...Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг Лхагвадорж уснаас гаргасан харин талийгаач хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан. ..ослын дараа нь уг газарт очоод харж байхад хойноос урагшаа явж байсан машины жолооч нь урсгал сөрж бидний явж байсан урсгал руу орсноос л осол болсон юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Пүрэвцэндийн өгсөн:”...2016 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн үед миний утас руу манай компанийн жолооч С.Лхагвадорж залгаж засмал замын 86 дахь км-т осол гарсан ослын улмаас Энхболд кабиндаа нас барчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгж л осол болсон талаар мэдсэн юм. Энхболд нь манай компанийн үндсэн ажилтан байсан юм. Тээврийн жолоочоор ажиллаж байсан юм. Манай компанийн зүгээс жолооч нараа тээвэрт гарах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хүснэгтэд гарын үсэг зуруулж авдаг юм. 08 дугаар сарын 23-ны орой талийгаачийг тээвэрт явах үед нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж, автомашиныг нь механик шалгаж гарын үсэг зуруулан тээвэрт гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Лхагвадоржийн өгсөн:”...засмал замын Ухаа худаг уурхайгаас 86 дахь км-т ертөнцийн зүгээр зүүн талд буюу бид нарын явж байсан урсгалд талийгаач Ч.Энхболдын машин, эсрэг урсгалаас орж ирсэн бололтой Нордбенз автомашинтай мөргөлдөөд чирэгчийн кабин толгой нь замын хажууд тогтсон тогтоол ус руу хажуугаараа орчихсон базсан цаас шиг болж эвдэрсэн харагдсан. Нөгөө машины жолооч нь тогтоол усан дотор хэвтэж байсныг би уснаас гаргасан. Харин талийгаачийг хаана байгаа нь мэдэгдэхгүй, гадаа ил харагдаагүй тогтоол усан дотор ч байгаагүй. Тэр шөнө аврах албаны хүмүүс ирж машины кабиныг үзээд талийгаачийг машины кабинд хавчуулагдан нас барсан байсныг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/

2016.10.08-ны өдрийн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтийн үзлэгийн ”...2016 оны 10 дугаар сарын 08-нд Өмнөговь аймагийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэдэг газарт “Милпорт” ХХК-ийн 18-44 УНЦ улсын, LBZ447DB37A051339 арлын дугаартай Нордбенз маркийн автомашинд шинжээчийн үзлэг хийхэд жолооны механизмд эвдрэл үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-70 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Өлзийхүүгийн:”...Юунаас болж үүссэн гэдгийг тогтоох боломжгүй юм... Рулын аппарат, хөндлөн тяг хоёрыг холбосон чөмөг нь рулийн аппарат дахь хэсгээрээ салсан байсан. уг эвдрэл нь хүчтэй хөшилт, доргилтоос болж үүсэх магадлалтай учир тус эвдрэлтэй замыг дайрч өнгөрөхөд үүсэх магадлалтай. ...Ковшоор эд ангийг ачиж буулгахад рулийн механизмд болон рулийн аппаратнаас хөндлөн тяг холбосон чөмөг салах боломжтой. ...Автомашин хоорондоо мөргөлдөх үед үүсэх боломжтой. Рулийн механизмийн эвдрэлийг дээрх асуултуудын яг аль үед нь үүссэн болохыг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №73 дугаартай шинжээчийн:”...Цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл, зүүн 2-9 дүгээр хавирга, баруун 12 дугаар хавирганы хугарал, элэгний баруун дэлбэнгийн язрал, хамар ясны хугарал, дунд чөмөгний хугарал, дух, хамрын гүн няцарсан шарх, хацар, шанаа, уруул, эрүү, хүзүү, сарвууны урагдсан шарх, нүүр хүзүү, сарвууны зулгаралт, баруун зүүн өвдөг, гуя, шилбэний цус хуралт, ... талийгаачийн цогцсонд дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой, талийгаачийн цогцсонд үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь даарх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ..” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.09.06-ны өдрийн 7675 дугаартай шинжээчийн ”...шинжээчид ирүүлсэн Ч.Энхболд 45-50/ эр гэж хаягласан цасанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016.09.05-ны 7676 дугаартай шинжээчийн ”...Ч.Энхболд гэж хаягласан цус нь АВ/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн:”…Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн…Уг зам тээврийн осолд жолооч Ч.Энхболд нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. ..Уг зам тээврийн осолд зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. …Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд их эвдрэлтэй байгаа тул бүрэн бус байдлыг тогтоох боломжгүй. Д.Жанчив нь 462066 дугаарын ВСЕ, Ч.Энхболд нь 043744 дугаарын ВСЕ ангиллын тус тус жолоодох эрхийн үнэмлэхтэй байв…” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шинжээч, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Мягмаржав, Монгол Улсын зөвлөх инженер М.Долгорсүрэн, замын хөдөлгөөний хууль дүрмийн багш Ч.Очирбат нарын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн :”…Уг зам тээврийн осол нь 18-44 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Жанчивын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан акт үндэслэлтэй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

Тухайн замын эвдэрсэн хэсгийн урт 12.7 метр, гүн нь 0.5 метр, өргөн нь 1.4 метр байгаа бөгөөд тухайн эвдрэл нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан чигт үүссэн нь харагдаж байна. Мөн энэ эвдрэл нь зорчих хэсгийн захаас 3.8 метрийн зайд байрласан нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйнууд тухайн эвдрэлтэй хэсэгт орон цохигдож гараад эсрэг урсгалд орж өмнөөс эсрэг урсгалаар ирж байсан 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байж болзошгүй байна.

Тухайн зорчих хэсэг дээрх энэ эвдрэл нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан биш, гэхдээ осол гарахад саад болж нөлөөлсөн гэж үзэж байна. Замын цагдаагийн зохицуулагч Цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан актын тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын ХХД-ийн хавсралт 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам төмөр замын гарам буюу замын бусад байгууламж… дүрэм стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг,

 Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйл “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт хамгаалалт хариуцсан байгууллагын үүрэг

15.1.1 Автотээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах

15.1.3 Авто зам, замын байгууламжид тогтоосон журам технологийн зааврын дагуу үзлэг явуулж, засвар арчлалтыг тогтмол хийх” гэсэн үүргүүдийг тус тус зам хариуцсан байгууллага нь биелүүлээгүй гэж үзэж байна…” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 06/01 дугаартай “Хово маркийн чирэгч автомашин 25,000,000 төгрөг, чиргүүл /хово/ 12,000,000 нийт 37,000,000 төгрөг…” гэх дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/

Д.Жанчивыг сэжигтнээр тооцох тогтоол /хх-ийн 87 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Жанчивын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Жанчивын оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 1/306 тоот “…Д.Жанчивын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна…” гэх албан бичиг /хх-ийн 95 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн “…тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд 84-31 УНЦ улсын дугаартай, 28-70 БЧ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна…” гэх лавлагаа /хх-ийн 97 дугаар хуудас/

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаартай Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн “тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд 18-44 УНЦ улсын дугаартай, 29-60 БЧ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Милпорт” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн ажилтны анкет, Ч.Энхболдын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 100-102 дугаар хуудас/

“Милпорт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрэм /хх-ийн 103-108 дугаар хуудас/

“Милпорт” ХХК-ийн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 109-114 дүгээр хуудас/

“Милпорт” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа авсан жолоочийн бүртгэл /хх-ийн 115 дугаар хуудас/

Говь транс ложистик ХХк болон Монгол даатгал ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний хуулбар хувь /хх-ийн 116-123 дугаар хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа авсан жолоочийн бүртгэл, замын хуудас, автомашины үзлэгийн хуудас /хх-ийн 124-129 дүгээр хуудас/

“Говь транс ложистик” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, талийгаач Ч.Энхболдын иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар хувь /хх-ийн 130-136 Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 137-147 дугаар хуудас/

“Гашуун сухайт авто зам” ХХК болон “Милпорт” ХХК-ийн хооронд байгуулсан автозам ашиглалтын гэрээний хуулбар /хх-ийн 148-172 дугаар хуудас/

“Говь транс ложистик” ХХК нь талийгаач Ч.Энхболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дэвтэр, нас барсны гэрчилгээ /хх-ийн 173-177 дугаар хуудас/

Хохирогч Ч.Чулуундалайгийн хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 178-185 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 16/06/045/18 дугаартай:”…Говь транс ложистик ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аюулгүй ажиллагааны зааварчилгааг зохих журмын дагуу өгч гарын үсэг зуруулан баталгаажуулж ажилласан байна. Тухайн хэрэг болсон гэх “Таван толгой-Гашуун сухайт”-ын чиглэлийн хатуу хучилттай зам нь анх зориулалтаараа нүүрс тээвэрлэхэд зориулагдан баригдсан боловч ашиглалтад орсноос хойш улс хоорондын болон үйлдвэрлэлийн аль аль зориулалтаар нь ашиглаж байгаа бөгөөд албан ёсоор “үйлдвэрийн зам”, “Улс хоорондын ачаа тээврийн зам” гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй болно. “Говь транс ложистик” ХХК-ийн жолооч агсан Ч.Энхболдод хамаарах энэхүү осол нь үйлдвэрлэлийн осол” мөн. Талийгаач Ч.Энхболд агсан нь компанийнхаа холбогдох эрх бүхий албан тушаалтнаас Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлага авч гарын үсэг зурж баталгаажуулан, хуваарьт графикийнхаа дагуу, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нүүрс тээвэрлэлтийн жолоочийн үүргээ гүйцэтгэж байх явцдаа өөрийн буруугаас үл хамаарах нөхцөлөөр осолд өртөж, уг ослын улмаас нас барсан байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” –ийн 2 дугаар зүйлийн 2.3-д “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлтээр уг ослыг “үйлдвэрлэлийн осол”-оор тогтоосон болно” гэх дүгнэлт /хх-ийн 190-191 дүгээр хуудас/

Д.Жанчиваас 462066 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авах тогтоол /хх-ийн 192-193 дугаар хуудас/

Милпорт ХХК-ийн эзэмшлийн нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын талаарх Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 12/01 дугаартай:”…Нордбенз маркийн чирэгч 25,000,000, чиргүүл 12,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 199 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Жанчив нь 2016 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус аймгийн Баян-Овоо сум, Могойт багийн нутаг дэвсгэрт байх нүүрс тээвэрлэлтийн засмал замын 86.5 дахь км-т “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн 18-44 УНЦ улсын дугаартай чирэгч, 29-60 БЧ улсын дугаартай чиргүүл болох Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд өөдөөс ирж явсан “Говь транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн жолооч Ч.Энхболдын жолоодож явсан 84-31 УНЦ улсын дугаартай чирэгч, 28-70 БЧ улсын дугаартай чиргүүл болох “HOWO” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Ч.Энхболд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ч.Чулуундалайгийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Н.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч А.Дамдинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч Т.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн “Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн бөгөөд тус нүүрс тээвэрлэлтийн засмал замын ашиглалтыг хариуцсан байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Зам ашиглалтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, төмөр замын гарам буюу бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд их эвдрэлтэй байгаа тул бүрэн бус байдлыг тогтоох боломжгүй. Д.Жанчив нь 462066 дугаарын ВСЕ, Ч.Энхболд нь 043744 дугаарын ВСЕ ангиллын тус тус жолоодох эрхийн үнэмлэхтэй байв…” гэх дүгнэлт /хх-ийн 79/,

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн :”…Уг зам тээврийн осол нь 18-44 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Жанчивын буруутай үйлдлээс болж гарсан гэж үзэж байна. 18-44 УНЦ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Жанчив нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Уг зам тээврийн осолд Замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч С.Батзоригийн тавьсан акт үндэслэлтэй байна. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Тухайн замын эвдэрсэн хэсгийн урт 12.7 метр, гүн нь 0.5 метр, өргөн нь 1.4 метр байгаа бөгөөд тухайн эвдрэл нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан чигт үүссэн нь харагдаж байна. Мөн энэ эвдрэл нь зорчих хэсгийн захаас 3.8 метрийн зайд байрласан нь 18-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын дугуйнууд тухайн эвдрэлтэй хэсэгт орон цохигдож гараад эсрэг урсгалд орж өмнөөс эсрэг урсгалаар ирж байсан 84-31 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байж болзошгүй байна” гэх дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул Д.Жанчивыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-иас иргэний хариуцагч “Милпорт” ХХК, “Гашуун сухайт автозам” ХХК, “Үйлсийн зам” ХХК нараас 60.400.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Үүнээс 37.000.000 төгрөг нь автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой байгаа. Тухайн чирэгч, чиргүүл нь ашиглагдах боломжгүй болсон байгаа тул иргэний хариуцагч компаниас нэхэмжилж байна гэжээ.

Хөрөнгө-Эстимэйт ХХК Хово маркын чирэгчийг 25.000.000 төгрөгөөр, чиргүүлийг 12.000.000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 84 дүгээр тал/

“Говь транс ложистик” ХХК-ийн төлөөлөгч Л.Гэндэндарам 2016.10.17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө 84-31 УНЦ маркийн автомашины чирэгч толгой хэсэг бүрэн эвдэрсэн, дахин ашиглах боломжгүй болсон. Чиргүүлийг нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 33 дугаар тал/

Шүүх хуралдаанд тухайн компанийн төлөөлөгч Г.Урантогос тус чиргүүлийг нэхэмжилж байна гэх боловч тухайн чиргүүлд ямар хохирол учирсан, ашиглах боломжтой юу, үгүй юу гэдэг талаар хавтаст хэрэгт баримт авагдаагүй байх тул “Говь транс ложистик” ХХК-ийн чиргүүл нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

84-31 УНЦ маркийн автомашины чирэгч толгойд учирсан 25.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Милпорт” ХХК-иас 8.333.333 төгрөг, “Гашуун сухайт авто зам” ХХК-иас 8.333.333 төгрөг, “Үйлсийн зам” ХХК-иас 8.333.333 төгрөг гаргуулан төлүүлэхээр шүүх шийдвэрлэв. Учир нь:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэх заалтын дагуу “Милпорт” ХХК Д.Жанчивыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллуулж байсан тул уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Тухайн гэмт хэрэг гарахад “Гашуун сухайт авто зам” ХХК, “Үйлсийн зам” ХХК-иудын буруутай үйл ажиллагаа нөлөөсөн байх бөгөөд энэ нь 2016.08.24-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 23-24 дүгээр тал/, 2016.09.15-ны өдрийн өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 дүгээр тал/, 2016.10.18-ны өдрийн 26 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.

Тухайн автозамын ашиглалт, үйлчилгээ засвар арчилгааг “Гашуун сухайт авто зам” ХХК, “Үйлсийн зам” ХХК-иуд хариуцдаг болох нь Ухаахудаг-гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх 2014.06.27-ны өдрийн ЕR-14-127 тоот гэрээ, 2016.03.04-ний өдрийн GSR-16-3/03 дугаартай гэрээнүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 39-55, 137-146 дугаар тал/

Иймд Автозамын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 “Автозамын ашиглалтын нөхцөл хангагдаагүйгээс аж ахуй нэгж, байгууллага, иргэнд хохирол учирсан болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон бол тухай авто замын арчлалт, хамгаалалт хариуцсан авто замын байгууллага хохирлыг хариуцан төлнө”, мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм, хоёр дугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй”, мөн Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1 “Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байснаас үл хамааран уг бараа бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх заалтуудын дагуу иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-иас 8.333.333 төгрөг, “Үйлсийн зам” ХХК-иас 8.333.333 төгрөг хариуцагч арилгах үүрэгтэй байна.

“Говь транс ложистик” ХХК нь 23.400.000 төгрөгийг үйлдвэрлэлийн ослын улмаас хохирогчийн талд нөхөн төлөх шаардлагатай болсон тул уг мөнгийг иргэний хариуцагч “Милпорт” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна гэх боловч “Говь транс ложистик” ХХК үйлдвэрлэлийн ослын талаарх нөхөн төлбөрийг төлөөгүй байна.

Мөн уг үйлдвэрлэлийн ослын талаарх нөхөн төлбөрийг тухайн ажилтныг ажиллуулж байгаа компанийн төлөх төлбөр болохоос гэмт хэрэг гарахад нөлөөлсөн буруутанд хариуцагдах төлбөр биш тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нийт 83.400.000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ. Үүнээс “Говь транс ложистик” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 23.400.000 төгрөг, талийгчийн өндөр настай ээж, хөдөлмөрийн чадваргүй дүү хоёр тэжээгчээ алдасны тэтгэмж 60.000.000 төгрөг, нийт 83.400.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2016.10.28-ны өдрийн Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 16/06/045/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Талийгаач Ч.Энхболдыг үйлдвэрлэлийн ослоор нас барсныг тогтоожээ. /хх-ийн 190-191 дүгээр тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар талийгч үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул тухайн ажилтны 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр болох 23.400.000 төгрөгийг “Говь транс ложистик” ХХК-иар төлүүлэх нь зүйтэй юм.

Талийгчийн ээж, хөдөлмөрийн чадваргүй дүү нарт тэжээгчээ алдасны төлбөр 60.000.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ. Ч.Энхболдын ээж, дүү нар нь түүний өв залгамжлагч мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 178-180 дугаар хуудаст авагдсан 3.669.000 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 11 хуудас хохирлын баримт 424.200 төгрөг, нийт 4.093.200 төгрөгийн баримт авагдсан бөгөөд Д.Жанчивын ажил олгогч буюу “Милпорт” ХХК-ийн хохирогчид 8.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд баримт нь хавтаст хэрэгт авагдсан /хх-ийн 243 дугаар хуудас/ байх тул оршуулгын зардал нөхөн төлөгдсөн гэж үзлээ.

Д.Жанчивт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцон түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашдондогийн Жанчивыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жанчивт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Жанчивын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 512 дугаар зүйлийн 512.1-д зааснаар иргэний хариуцагч “Милпорт” ХХК-иас 8.333.333 төгрөгийг, “Гашуунсухайт автозам” ХХК-иас 8.333.333 төгрөгийг, “Үйлсийн зам” ХХК-иас 8.333.333 төгрөгийг тус тус гаргуулан “Говь транс ложистик” ХХК-нд олгож, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-ийн нэхэмжилсэн 23.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар чиргүүлтэй холбоотой 12.000.000 төгрөгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Говь транс ложистик” ХХК-иас 23.400.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, 10-221 тоотод оршин суух Ч.Чулуундалайд /РД: РХ78112418/ олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 60.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Ялтан Д.Жанчив нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн 462066 дугаартай Д.Жанчивын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Жанчивт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч нар тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жанчивт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО