| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2019/03285/И |
| Дугаар | 184/ШШ2019/02953 |
| Огноо | 2019-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2019/02953
2019 оны 11 сарын 19 өдөр Дугаар 184/ШШ2019/02953 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Д,
Нэхэмжлэгч: Ж.Дэ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Д-т холбогдох,
2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт 7.208.500 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт 1.732.500 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, Ж.Дэ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Д нь хариуцагч Э.Дтай зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 2.000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй барьцаагүй зээлж, зээлийн төлбөрийг хугацааны эцэст бөөнд нь авахаар тохирсон. Зээлдэгч Э.Д нь зээлийн төлбөрөөс огт төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээлийн 2.000 ам.долларыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож, 5.339.920 төгрөг, 8 хувийн хүүгийн төлбөрт 427.193 төгрөг, 182 хоног хугацаа хэтрүүлсэн ба энэ нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу 50 хувийн алдангийн төлбөрт 2.883.556 төгрөгийг анх нэхэмжилсэн. Өнөөдрийн хуралдаанд энэ алдангийн төлбөрийг 50 хувиар багасгаж байгаа тул 1.441.778 төгрөг болно. Иймд нийт 7.208.500 төгрөгийг хариуцагчЭс гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч Ж.Дэнь хариуцагч Э.Дтай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1.155.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, хүүгүй, гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Э.Д нь ямар ч мөнгө өгөөгүй. Иймд 154 хоногийн алданги 889.350 төгрөг өгөх байснаас алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хуулийг баримтлан 577.500 төгрөг болсон. Э.Даас үндсэн зээл 1.155.000 төгрөг, алданги 577.500 төгрөг нийт 1.732.500 төгрөгийг гаргуулан Ж.Д-д гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Д, Ж.Дэнарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Д нь Ж.Дтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаатайгаар 2.000 /хоёр мянган/ ам.долларыг зээлийн гэрээний үндсэн дээр барьцаагүйгээр зээлсэн. Гэрээнд заасны дагуу 2.000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч Ж.Д нь 2.000 ам.долларыг тухайн үеийн ханшаар бус өндөр ханшаар бодон мөн тухайн мөнгөө гэрээнд зааснаас илүүгээр нэмэгдүүлж авах сонирхолтой байгаагаа хэлсэн. Бид маргалдсан ч найз нөхдийн холбоотой байсан учир тухайн үедээ учраа олохоор шийдсэн. Тухайн мөнгийг хэрэглэчихээд буцааж өгөх байсан хугацаанд бизнес маань бүтээгүй учир хугацаагаа хэтрүүлсэн. Мөн энэ тухайгаа хэлэхэд хүлээж авахгүй их хэмжээний мөнгө нэмж авна гэсэн. Мөнгөө бүрдүүлээд өгнө гэж байхад Дэлгэрцэцэг нь Э.Дын найз нөхөд, ээж, аав, ах дүү хамаатан садан олон хүмүүс рүү нэр хүндийг нь гутаан доромжлон луйварчин, залилан мэхлэгч, ширээний хүүхэн байсан гэх зэрэг гутаан доромжилсон мессэжүүд бичсэн байсан. Ингээд гомдохдоо мөнгийг нь төлөхөөс татгалзсан. Гэвч Долгорбаяр нь нэгэнт мөнгө зээлсэн учир төлөх нь зүйтэй. Гэрээнд заасан үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг хуульд заасны дагуу багасгуулах хүсэлтэй байгаа тул нотлох баримтын хүрээнд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн төлбөрт 5.339.920 төгрөг, хүүгийн төлбөрт 427.193 төгрөг, алдангийн төлбөрт 2.883.556 төгрөг, нийт 8.650.670 төгрөгийг хариуцагч Э.Даас, нэхэмжлэгч Ж.Дэнь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн, зээлийн төлбөрт 1.155.000 төгрөг, алдангийн төлбөрт 577.500 төгрөг, нийт 1.732.500 төгрөгийг хариуцагч Э.Даас тус тус шаарджээ.
1. Ж.Дийн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Ж.Д болон хариуцагч Э.Д нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Д нь 2.000 ам.долларыг 20 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй Э.Дт зээлдүүлэх, зээлдэгч Э.Д нь зээл болон хүүгийн төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буцаан төлөх, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Ж.Дтэй байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй, мөн төлөх ёстой зээл, хүү, алдангийн төлбөрийг үгүйсгээгүй боловч, зээлийн төлбөр төлөх ханшийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн, мөн алдангийн төлбөрийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар багасгуулах хүсэлт гаргажээ.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт: Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө. гэж заажээ. Хуулийн энэ хэсэгт заасан мөнгөний ханш гэдэг нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханш биш, харин түүний өөрийн үнэ, өртөг буюу арилжих чадвар юм.
Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг хэрэглэж, зээлийн гэрээ байгуулагдах үеийн ам.доллартай харьцах Монгол төгрөгийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөл-д шилжүүлдэг, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээ-ний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Өөрөөр хэлбэл зээлдэгч Э.Д нь зээлсэн 2.000 ам.долларыг буцааж өгөх үеийн ханшаар тооцож зээлдүүлэгчид төлөх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ижил тоо, хэмжээ-ний эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлсэнд тооцогдох юм. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны гадаад валюттай харьцах ханшийн эрсдлийг талуудын хэн аль нь хүлээх боломжгүй.
Иймд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож зээлийг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Ж.Д нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тухайн өдрийн буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханш 2.671.6 төгрөг байжээ. Гэвч нэхэмжлэгч нь 2.669.9 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимтай нийцэх юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заажээ. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, харилцан тохиролцсон тохиролцоог шүүх хөндлөнгөөс оролцож, өөрчлөхийн тулд зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэл байх ёстой. Өөрөөр хэлбэл, талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлэх явцад Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан талуудын эрх тэгш байдлын зарчим алдагдсан, эсхүл үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэрэг нөхцөлд шүүх оролцох боломжтой юм.
Хариуцагч нь дээр дурдсан анзын хэмжээг бууруулж болох хүндэтгэн үзэх үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг хэрэглэж, алдангийн төлбөрийг шүүх багасгах боломжгүй байна.
Харин, нэхэмжлэгч Ж.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, бодогдсон алдангийн төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэн тул энэ хэмжээний алдангийг хариуцагчаас гаргуулна.
Дээр дурдсан үндэслэлээр, зээлийн төлбөрт 5.339.920 төгрөг /2.000 ам.доллар*2.669.9 төгрөг/, хүүгийн төлбөрт 427.193 төгрөг /5.339.920*8%/, алдангийн төлбөрт 1.441.778 төгрөг /2.883.556 *50%/, нийт 7.208.891 төгрөгийг хариуцагч Э.Даас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дт олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Ж.Дэ-ийн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Ж.Дэнь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн
Зээлийн гэрээ-ний дагуу зээлийн төлбөрт 1.155.000 төгрөг, алдангийн төлбөрт 577.500 төгрөг, нийт 1.732.500 төгрөгийг хариуцагч Э.Даас шаардсан байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Э.Дт 1.155.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар, хүүгүйгээр зээлдүүлэх, хариуцагч Э.Д нь зээлийн төлбөр болох 1.155.000 төгрөгийг дээрх хугацаанд Ж.Дэлгэрмөрөнд буцаан төлөх, хугацаанд нь буцааж төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг төлөх үүргийг харилцан хүлээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсан байна.
Шүүх энэ нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардуулж өгсөн боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Улмаар мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Ж.Дэ-ийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Ж.Дэ-өөс зээлсэн 1.155.000 төгрөгийг хугацаанд нь буцааж төлсөн болох нь тогтоогдоогүй тул гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг хуульд заасан хэмжээгээр төлөх үүрэг үүснэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээс гадна хариуцагч Э.Дын, нэхэмжлэгч Ж.Дтэй байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ болон нэхэмжлэгч Ж.Дэ-тэй байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн дагуу шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан Э.Даас 7.208.500 төгрөгийг гаргуулан Ж.Дт, Э.Даас 1.732.500 төгрөгийг гаргуулан Ж.Дэ-д тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Дээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.370 төгрөгийг, нэхэмжлэгч Ж.Дэлгэрмөрөнгөөс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даас 130.292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дт, 42.670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Дэ-д тус тус олгогсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР