Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2019/03162

 

2019 оны 12 сарын 05 өдөр               Дугаар 184/ШШ2019/03162                                   Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж,  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Б овогт Н.А /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, Хувьсгалчид, дүгээр гудамж, тоот

Хариуцагч: Б овогт П.Э /РД: /.  Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит, дугаар гудамж, тоот

Хохиролд  2 000 000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.А, хариуцагч П.Э, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.Э-д 17-57 УНА улсын дугаартай, Howo Stever маркын өөрөө буулгагч автомашинаа сарын 6 500 000 төгрөгөөр түрээслэсэн. Түрээсийг хоёр хоноод 433 300 төгрөгөөр миний Хаан банк дахь 5007 5096 38 тоот дансаар авч байхаар, хариуцагч эвдрэл гэмтэл, саатлаа хариуцана гэж тохирсон. Хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 2019 оны 9 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд 5 500 000 төгрөг төлсөн. Мөн автомашиныг хүлээлгэж өгөлгүй хаяж алга болсноос гадна урд гупер, их гэрэл, бөгсний гэрэл, нүүр, карлан, подьем зэрэг эд анги гэмтсэнийг засварласан. Хохирлын хэмжээ 20 000 000 төгрөг болсон ч бууруулж 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н.А-аас 2019 оны 6 дугаар сард 17-57 УНА өөрөө буулгагч автомашиныг түрээслэж, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төсөлд ажилласан. Уг автомашиныг хүлээж авахад ажилд бэлэн бус байсан тул өөрийн автомашиныг барьцаанд тавьж засвар үйлчилгээ хийлгэсэн. Ажиллах хугацаандаа нэхэмжлэгчид өгөх ёстой мөнгийг тохирсон ёсоор тухай бүрд нь  шилжүүлж, эвдрэл саатал гарвал засаж,  зохих үйлчилгээг хийж байсан. Түрээсийн хугацаа 2019 оны 6 дугаар сараас эхлэсэн бөгөөд зуны улиралд борооны улмаас төслийн ажил саатсан, үүний улмаас бид сарын түрээсээр биш ажилласан 2 хоног тутам 433 300 төгрөгийг өгөхөөр тохиролцсон, тэр журмаараа төлж байсан. Ингээд 2019 оныы 8 дугаар сард нэхэмжлэгч Н.А нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага дээр очиж өөрийн нэр дээр данс нээлгээд автомашинаа буцаан авч өөрөө хэсэг хугацаанд явсан. Мөн өөрөө явж чадахгүй болохоор намайг яваад өгөөч гэж гуйсан, би 20 хоног явж өгсөн хамт ажиллахад хүндрэлтэй байсан тул болисон. Миний зүгээс автомашинд эвдрэл гэмтэл учруулсан зүйл байхгүй, нэхэмжлэгч хүнтэй таарамж муутайгаас төслөөс хөөгдөж үргэлжлүүлэн ажиллаж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын  тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч П.Э-д холбогдуулан хохирол 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 17-57 УНА улсын дугаартай, Howo Stever маркын өөрөө буулгагч автомашиныг хариуцагч сарын 6 500 000 төгрөгөөр түрээслэх, түрээсэлсэн автомашинаар төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх төслийн ажлыг гүйцэтгэх, түрээсийн гэрээний хугацаа 6 сар байхаар тохиролцжээ.

Энэхүү гэрээ хэрэгжээгүй, харин түрээслэгч нь автомашинаар  гүйцэтгэсэн ажлын 2 хоног тутам түрээслүүлэгчид төлбөр төлөхөөр амаар тохиролцсон, тохиролцооны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлснөөс төлбөрийг шилжүүлж байсан, 2019 оны оны 8 дугаар сард нэхэмжлэгч Н.А автомашинаа буцаан авсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5007 7509 38 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдсон. 

Дансны хуулгаас үзэхэд 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хариуцагч П.Э-ээс /5019083276 тоот данс, 99188963 дугаар бичсэн гүйлгээ/ түрээсийн төлбөр, 2019 оны 8 дугаар сарын 23-наас хойш төсөл хэрэгжүүлэгч “Чандмань бар” ХХК-иас рейсийн төлбөр гэсэн агуулгаар гүйлгээ хийгджээ. /хх-ийн 18-28 хуудас/

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад автомашиныг шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1 дэх хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр зохицуулсан ба түрээсийн гэрээний тухайд заавал бичгээр хийхийг шаарддаггүй болно.

Нэхэмжлэгч 2 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ түрээсийн зүйл болох автомашинд учруулсан эвдрэл гэмтлийг засварлахад гарсан зардал гэж тайлбарласан боловч түүнийгээ нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс автомашинд эвдрэл гэмтэл гарсан эсэхийг, засварлахад хэдэн төгрөгийн зардал гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байна.

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1, 326.2 дахь хэсгүүдэд түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байх, түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болохоор заажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд түрээслэгч автомашиныг ердийн элэгдлээс илүү гэмтээж түрээслүүлэгчид хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон                                                                                                           

                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт  заасныг баримтлан хариуцагч П.Э-с 2 000 000 төгрөг гаргуулах тхуай нэхэмжлэгч Н.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ