| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0236/З |
| Дугаар | 221/МА2025/0481 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0481
Ш.Сгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Нэхэмжлэгч Ш.С
Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0362 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М /цахим/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д
Хэргийн индекс: 128/2025/0236/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.С нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргад холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр:
2.1. “...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгс Ш.Сгээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож…” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулж үнэн, зөв дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, нарийвчилсан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна... нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулсан үйл баримт, өөр хоорондоо зөрчилтэй засгийн газрын тогтоолуудаар засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагын албан тушаалын зэрэглэлийг буруу тогтоосон байхад засгийн газрын тогтоол хуулиас дээгүүр хүчин чадалтай мэтээр хэргийн талаар дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:
3.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан үйл баримт нотлогдоно. Уг тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба Ш.Сгийн хувьд ТҮ-9, ТҮ-8, ТҮ-7 гэсэн ангилалуудын яг аль ангилалаар цалинжих ёстой нь ойлгомжгүй байхад энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй ба шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн үйл баримт, хууль зүйн дүгнэлт нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.
3.3. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын А/** дугаар тушаал гарахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг тус тус үндэслэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж хариуцагч талаас мэтгэлцэж, маргасан ч шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаадлага хангаагүй гэж үзэхээр байна.
3.4. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаас үзэхэд хариуцагч байгууллага ажилтны албан тушаалын зэрэглэлийг бууруулж цалинжуулахдаа А/** дугаар тушаалаар биш харин тусдаа бие даасан тушаал гаргах замаар албан тушаалын зэрэглэлийг бууруулах боломжтой байсан боловч хариуцагч маргаан бүхий А/** тушаалыг үндэслэн албан тушаалын зэрэглэлийг бууруулсан нь үндэслэлгүй төдийгүй хууль бус болсон байна. Хэдийгээр Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг засгийн газраас тогтоосон ерөнхий загварыг баримтлан Монгол Улсын сайд батална...” гэж заасан боловч тус хуулийн 9.3-д “...Тухайн агентлагийн чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахыг хориглоно...” гэж заасан. Энэ агуулгаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын тогтоол хуулиас дээгүүр үйлчилдэг гэх агуулгаар шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж буй шүүгчийн тухайд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул энэ талаар гомдол гаргаж байна.
3.5. Хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг ноцтой зөрчиж тушаал гаргаж, улмаар уг тушаалын дагуу төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхэнд халдаж албан тушаалын зэрэглэлийг нэг шатлалаар бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа ба энэхүү хууль бус тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106.3.1-д зааснаар хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэнэ гэж бид үзэж байгаа ба энэхүү хууль зөрчиж гаргасан хууль бус актын эрх зүйн үндэслэлийн талаар шүүхээс эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй учраас шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
3.6. Шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагч маргаан бүхий А/** дугаар тушаалыг гаргахдаа илтэд алдаатай захиргааны акт гаргасан болох нь хариуцагчийн тайлбар, хэргийн баримтаар хангалттай нотлогдож байхад Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан алдааг засварлах эрхтэй гэсэн агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгч Ш.С нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргад холбогдуулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2.1. Анхан шатны шүүх “...хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга төсвийн шууд захирагч болохын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2024 оны *** дугаар тогтоолд нийцүүлэн тус газрын Бүтэц, орон тоо болон ажилтан, албан хаагчдын цалин, нэмэгдэл хөлсийг шинэчлэн баталсан байх бөгөөд ийнхүү батлахдаа нэхэмжлэгч Ш.Сгийн томилогдсон Эм шинжлэх лабораторийн Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын зэрэглэлийг ТҮ-9 ангиллаас бууруулсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй...Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын ахлах мэргэжилтэн буюу төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалын ТҮ-7 зэрэглэлд хамаарч байх тул ТҮ-9 зэрэглэлээр цалин хөлсийг тогтоох эрх зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.
2.2. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж тус тус зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд уг эрхийг сэргээн эдлүүлэх нь захиргааны хэргийн шүүхийн зорилго юм.
2.3. Нэхэмжлэгч Ш.С анх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Эм шинжлэх лабораторийн Шинжээчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдсон байх бөгөөд улмаар тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Чанар хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулжээ.
2.4. Хэдийгээр нэхэмжлэгч уг газрын даргын 2025 оны А/** дүгээр “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” тушаалын өөрт холбогдох хэсэгтэй маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар нэхэмжлэгч нь анх төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллахдаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн нь удирдах албан тушаалд хамаарахааргүй байна.
2.5. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолын 5.1.1.3-д “Харин төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтнаас бусад төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосонтой холбоотой маргаан хамаарахгүй. Харин тухайн удирдах албан тушаалтнаас бусад байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын хувьд удирдах албан тушаалд тооцогддог "асуудал хариуцсан захирал", "хэлтэс, тасгийн дарга", "эрхлэгч" гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагын эрх баригчаас бусад удирдах албан тушаалтан болон ажилтны хөдөлмөрийн эрхийн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан гомдолд хамаарч, иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд тухайн төрийн албан хаагчийн хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой цалин хөлс, ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотойгоор ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон нийгмийн баталгааны бусад асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ” 5.1.1.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалж тэдгээрийн удирдах албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хуульд өөр өөрөөр зохицуулсан хэдий ч үүнээс үл шалтгаалж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Учир нь, тухайн албан тушаалтныг захиргааны байгууллагаас томилох хэдий ч тэдгээр нь төрийн албан хаагчид хамаардаггүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар (хөдөлмөрийн гэрээ юм уу, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр) зохицуулагддаг тул талуудын хооронд үүсэх харилцаа нь хувийн (хөдөлмөрийн) эрх зүйн харилцаанд хамаарна” гэж тайлбарласан байна.
2.6. Энэ тохиолдолд үйлчилгээний албан тушаалтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хэргийн харьяаллын зөрчсөн гэж үзлээ.
2.7. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжтой. Гэвч хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Сгийн “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Сгийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо болон ажилтан албан хаагчдын цалин нэмэгдэл хөлс шинэчлэн батлах тухай” А/** дүгээр тушаалын хавсралт хэсгийн өөрт хамаарагдах 4 дүгээр заалтын “Эм шинжлэх лаборатори-26” гэсний “Чанар хариуцсан ахлах мэргэжилтэн ТҮ-8” гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА