Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 05

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч А.Батдэлгэр, Б.Энхмэнд нарын өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нарт холбогдох 201616010082 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн Зүүн суугийн 3-5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бага мод овогт Ганцогтын Цолмон /РД:КН94121418/

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, компьютер засварчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агарын 3-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цагаагчин овогт Амарсанаагийн Батдэлгэр /РД:УШ91051532/

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, халх,  бүрэн дунд боловсролтой, гар утасны засварчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 2, ахын хамт Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй Боржигон овогт Баттуулын Энхмэнд /РД:УП93051414/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нар нь шунахайн зорилгоор бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн 10 дугаар байрны 11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Назарин андууд” ХХК-ийн “Андууд-4” ломбардад нэвтрэн, эд зүйл хулгайлж, иргэн А.Батмөнхөд орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,475,000 төгрөгийн хохирол, бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн, 86-27 УБО улсын дугаартай Хонда Сивил /Honda Civil/ маркийн тээврийн хэрэгслүүд болон тусгайлан бэлтгэсэн багаж болох отвертикыг хэрэглэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Залуучуудын хөгжлийн төв, Соёлын төвийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 21,770,000 төгрөгийн хохирол, нийт 23,245,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цолмон “...2016 оны 08 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт байрлах Андууд ламборднаас, 2016 оны 08 дугаар сарын 13-наас 13-нд шилжих шөнө Цогтцэций сумын Соёлын төвөөс эд зүйл хулгайлсан. Тухайн үед би 01-73 УНЭ улсын дугаартай ахынхаа машинтай явж байсан. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.” гэв.

Шүүгдэгч Б.Энхмэнд: “...2016 оны 08 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод Андууд ламборднаас, 2016 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Цогтцэций сумын Соёлын төвөөс эд зүйл хулгайлсан. Хийсэн үйлдэлдээ маш их  гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч А.Батдэлгэр: “...2016 оны 08 дугаар сарын 2-3 шилжих шөнө Улаанбаатар хотын Андууд ламборднаас Энхмэнд, Цолмон нартай хамт хулгай хийсэн. Мөн 2016 оны 8 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Цогтцэций сумын соёлын төвөөс эд зүйл хулгайлсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж хулгай хийж гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 2, 197-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 5-31, 201-205-р хуудас/

Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хавтас 38-43, 46-47-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хавтас 48-51-р хуудас, 2 дугаар хавтас 286-287-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 53-54-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Батхааны өгсөн мэдүүлэг /1-р хавтас 56-57-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /1-р хавтас 59-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Батмөнхийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас 53-54-р хуудас, 2-р хавтас 274-276-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Отгонтуяагийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас 59-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Мөнгөнчимэгийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас 65-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Бямбацогтын өгсөн мэдүүлэг /1-р хавтас 66-р хуудас/

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн №30/01 дугаар дүгнэлт /1-р хавтас 73-р хуудас/, 24/01 дугаар дүгнэлт /2-р хавтас 273-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5131 дугаар дүгнэлт /1-р хавтас 79-103-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5498 дугаар дүгнэлт /1-р хавтас 104-107-р хуудас/

Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд /1-р хавтас 144-11-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Цолмонгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 142-143-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд А.Батдэлгэрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хавтас 139-140-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Энхмэндийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хавтас 278-279-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нар нь шунахайн зорилгоор бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Нэхмэлийн 10 дугаар байрны 11 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Назарин андууд” ХХК-ийн “Андууд-4” ломбардад нэвтрэн, эд зүйл хулгайлж, иргэн А.Батмөнхөд орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 1,475,000 төгрөгийн хохирол, бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн, 86-27 УБО улсын дугаартай Хонда Сивил /Honda Civil/ маркийн  тээврийн хэрэгслүүд болон тусгайлан бэлтгэсэн багаж болох отвертикыг хэрэглэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Залуучуудын хөгжлийн төв, Соёлын төвийн цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 21,770,000 төгрөгийн хохирол, нийт 23,245,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол үйлдсэн болох нь:

хохирогч Т.Батхааны: “...ажил дээрээ иртэл манай ажлын өрөөний гадна цонхны хамгаалалт төмрийг гадагш нь хуулаад орхичихсон, мөн тэр талын цонх нь онгорхой харагдсан. Тэнд цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа нарыг үзлэг хийгээд дууссаны дараа ажил луу орж алдагдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд ажлын өрөөний ширээнүүд дээр тавиастай байсан Леново I5 маркийн суурин компьютер 4 ширхэг, шкафны тавиур дээр ил тавиастай байсан проектор 1 ширхэг,  мөн тавиур дээр байсан Модул маркийн 42 инчийн LED телевизор 1 ширхэг, баруун талын ширээний шургуулганд байсан таблет 3 ширхэг, мөн ширээн дээр тавиастай байсан HP1510 маркийн өнгөт хэвлэгч 1 ширхэг, хойд талын ширээн дээр байсан  EPSON L360 маркийн өнгөт хэвлэгч 1 ширхэг, шкафны дээд талын тавиур дээр байсан CVR5104 хяналтын камер зэрэг эд зүйлс, ажлын өрөөний зүүн талд байх интернетийн өрөөнд ширээн дээр байрлуулсан байсан Леново I5 маркийн суурин компьютер 6 ширхэг эд зүйлс алдагдсан байсан. Өрөөнд нүдэнд харагдах ямар нэг ул мөр үлдээгүй байсан. Манай байгууллагад 24,000,000 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллага  алдагдсан эд зүйлээ бүрэн барагдуулан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,

хохирогч Г.Мөнхзулын: “...Би 2016 оны 08 дугаар сарын 14-ний өглөө гэртээ амраад байж байтал сургуулийн багш  Баярмаа миний гар утас луу залгаж соёлын төвд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би соёлын төвд ирэхэд хойд талын хоёр цонх онгорхой, дотогшоо орж үзэхэд өрөөнүүдийн хаалга онгорхой байсан. Эд зүйлсээ бүртгэж үзэхэд номын сангийн өрөөнөөс өнгөт зурагт, нөөтбүүк, манай өрөөний шкафнаас зургийн аппарат зэрэг зүйл байхгүй байсан. Бүх өрөөнүүдийн хаалганы цоожийг түлхэж орсон, зарим нь эвдэрсэн байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Түүнээс хойш 08 дугаар сарын 19-ний өдөр цагдаа дээрээс хулгайд алдсан бүх зүйлсээ буцааж авсан. Манай байгууллагын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

хохирогч А.Батмөнхийн: “...2016 оны 08 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал манай Ломбардыг хариуцдаг “Гэрлээр тэтгэгч” хамгаалалтын албаны оператор над луу залгаад “яаралтай ажил дээрээ ирнэ үү. Хулгай орсон байх шиг байна” гэж хэлсэн. Манайд нийт 9 хүний барьцаанд тавигдсан эд зүйлс байсан. Тухайн эд зүйлс манай барьцаанд тавигдсан үндсэн хугацаа дуусаад 8и дахь хоногийн 15 цаг хүртэл хүлээгээд зээлдэгч утсаар болон мессэжээр, эсвэл өөрийн биеэр ирж сунгалт хийлгээгүй тохиолдолд барьцаанд тавьсан эд зүйлийг борлуулж байгууллагыг хохиролгүй болгоно гэсэн журмын дагуу хамгийн багадаа 20 хоносон цаашлаад 7-8 сар хүртэл хугацаанд манай байгууллагад хадгалагдаж байсан эд зүйл байсан. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ 2,290,000 төгрөг болсон. Хулгайч дотогш нэвтрэхдээ байгууллагын цонх, төмөр хамгаалалт зэргийг эвдэлж, гадна талын хяналтын камерыг гэмтээсэн. Эдгээрийг 710,000 төгрөгөөр засварласан.” гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Отгонтуяагийн: “...Соёлын төв дээр иртэл зүүн хойд болон баруун хойд талын цонхнууд онгорхой байсан. Дотогшоо орж харахад бүх өрөөнүүдийн хаалганууд онгорхой байсан. Номын сангийн өрөөнөөс 42 инчийн зурагт 1 ширхэг, ширээн дээр орхисон нөөтбүүк алга болсон байсан. Эрхлэгчийн өрөөний шкафнаас зургийн аппарат байхгүй байсан. Удаагүй цагдаа нар ирж үзлэг хийж зураг аваад явсан.” гэсэн мэдүүлэг,

гэрч А.Мөнгөнчимэгийн: “...15 цагийн үед ажил дээрээ байж байтал Цолмон өөрөөс өндөрдүү бор царайтай залуутай хамт манай ажил дээр орж ирээд онц юм ярилгүй зогсож байгаад гараад явсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. Суудлын машинтай гурвуулаа явж байсан байх шиг харагдсан. Машины марк дугаарыг хараагүй саарал өнгөтэй машин байсан.” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бямбацогтын: “...Би яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Энхмэнд ажил дээр ирээд “ах машинаа өгчих, эхнэр хүүхэд дээрээ очоод ирье” гээд машин аваад явсан. Түүнээс хойш 08 дугаар сарын 04-ний өдөр машиныг авчирч өгсөн. Хаашаа явсан талаар асуухад “Төв аймаг яваад ирлээ гэж байсан”. Хаагуур явсныг нь сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн: “...Lenovo I5 маркийн суурин компьютер 1 ширхэг 1 жил ашигласан 1,550,000 төгрөг, HP1510 маркийн өнгөт хэвлэгч 1 ширхэг1 жил ашигласан 50,000 төгрөг, проектор 1 ширхэг 1 жил ашигласан 1,150,000 төгрөг, Mogul  маркийн 42 инчийн LED зурагт 1 ширхэг 1 жил ашигласан 550,000 төгрөг, таблет 1 ширхэг 1 жил ашигласан 350,000 төгрөг, CVR5104 камер 1 ширхэг 1 жил ашигласан 350,000 төгрөг, EPSON L360 1 ширхэг шинэ 400,000 төгрөг, Smart маркийн 42 инчийн LCD зурагт 1 ширхэг 1 жил ашигласан 1,100,000 төгрөг, Lenovo I5 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг 1 жил ашигласан 820,000 төгрөг, Nikon D5100 1 ширхэг 1 жил ашигласан 800,000 төгрөг, оффисын модон хаалга 1 ширхэг 1 жил ашигласан 180,000 төгрөг нийт 7,300,000 төгрөг” гэсэн №30/01 дугаартай дүгнэлт,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн: “...мөнгөн аяга 1 ширхэг хуучин 60,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг хуучин 100,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг хуучин 90,000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг хуучин 80,000 төгрөг, Macbook I5 нөтбүүк 1 ширхэг хуучин 550,000 төгрөг, Acer маркийн нөтбүүк хуучин 350,000 төгрөг, Samsung S4 маркийн гар утас 1 ширхэг 100,000 төгрөг, Samsung S3 маркийн гар утас 1 ширхэг 90,000 төгрөг, Samsung S3 мини маркийн гар утас 1 ширхэг 55,000 төгрөг нийт 1,475,000 төгрөг” гэсэн №24/01 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 3, 4, 5, 8, 9, 10, 12, 14, 15, 18, 20, 23, 24, 27, 28 гэж дугаарласан нийт 15 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Бусад гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох падилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдэгүүд нь тод дүрслэгдээгүй тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй. А.Батдэлгэрийн гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 2016-324-ХУД гэсэн бүртгэлийн дугаартай 2016.08.03-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 10 дугаар байрны Андууд-4 ломбардад хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн 1 ширхэг гарын мөртэй тохирч байна. Бусад гарын хээний дардасууд Гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон иргэдийн гарны хээний дардаснуудтай тохирохгүй байна. Шинжилгээний шаардлага хангах 14 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр Гарын хээний нэгдсэн санд MN0000ӨМГ00055 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Г.Цолмонгийн зүүн гарын эрхий хурууны хээтэй, 4, 5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN0000ӨМГ00049 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Т.Батхааны баруун гарын алганы хээтэй тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн бусад гарын мөрүүд Гарын хээний нэгдсэн сан дахь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон иргэдийн гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна.” гэсэн №5131 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хурааж авсан нэг хоёр дугаартай гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээний шаардлагыг бүрэн хангахгүй байх тул тухайн хээний зураглалаар харьцуулан шинжлэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хурааж авсан нэг дугаартай цаасанд байх В гэж дугаарласан гутлын мөр болон хоёр дугаартай цаасанд байх гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улаар дарагдсан байж болно. Харин нэг дугаартай цаасанд байр А, Б гэж дугаарласан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улаар дарагдаагүй байна.” гэсэн №5498 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх тул тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогч Т.Батхаан, Г.Мөнхзул нар нь манай байгууллага алдагдсан зүйлсээ бүрэн хүлээн авч хохирол барагдсан. Хохирогч А.Батмөнхөд хохирол төлбөрт 3,000,000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэцгээсэн болохыг дурдвал зохино.

            Уг хэрэгт “Хатан суудал инвест” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн тээврийн хэрэгсэл, “Есөн шижир” ХХК-ийн эзэмшлийн 86-27 УБО улсын дугаартай Хонда Сивил /Honda Civil/ маркийн тээврийн хэрэгсэл, А.Батдэлгэрийн эзэмшлийн Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3 дугаар гудамжны 29 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 548 м2 газрын, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагч нарын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, “Хатан суудал инвест” банк бус санхүүгийн байгууллага, ““Есөн шижир” ХХК, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3 дугаар гудамжны 29 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 548 м2 газрыг хууль ёсны эзэмшигч Ч.Амарсанаа, Ш.Энхтуяа, А.Батмөнх, А.Болормаа, А.Батдэлгэр нарт буцаан олгож,

эд мөрийн баримтаар хураагдсан Б.Энхмэндийн Foampsite нэрийн пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Энхмэндэд буцаан олгож, 1 ширхэг овтертикийг устгуулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бага мод овогт Ганцогтын Цолмон, Цагаагчин овогт Амарсанаагийн Батдэлгэр, Боржигон овогт Баттуулын Энхмэнд нарыг шунахайн зорилгоор бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цолмонгоос 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч А.Батдэлгэрээс 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Энхмэндээс 100,000 /нэг зуун мянга/-н төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            4. Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Цолмонд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сар, А.Батдэлгэрт оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар, Б.Энхмэндэд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг тус бүр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд тус тус хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Foampsite нэрийн пүүзэн гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Энхмэндэд буцаан олгож,

мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар 1 ширхэг овтертикийг устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрүүдэд гаргасан мөрдөн байцаагч Н.Батжаргалын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 01-73 УНЕ улсын дугаартай Ки Ай Эй Лотез /KIA Lotez/ маркийн тээврийн хэрэгсэл, 86-27 УБО улсын дугаартай Хонда Сивил /Honda Civil/ маркийн тээврийн хэрэгслүүдийг “Хатан суудал инвест” банк бус санхүүгийн байгууллага, “Есөн шижир” ХХК-нд, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 27 дугаар хороо Агарын 3 дугаар гудамжны 29 тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 548 м2 газрыг хууль ёсны эзэмшигч Ч.Амарсанаа, Ш.Энхтуяа, А.Батмөнх, А.Болормаа, А.Батдэлгэр нарт  тус тус буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Цолмон, А.Батдэлгэр, Б.Энхмэнд нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО