Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/532

 

   2023        05         22                                  2023/ШЦТ/532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул

улсын яллагч Н.Булганчимэг

шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн 2309000001009 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч О.Д нь Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжим мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2001 онд төгссөн гэх D200106527 дугаартай "Боловсролын бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 62 дугаар сургуулийн хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  мэдүүлгийн болон бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч О.Д нь Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжим мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2001 онд төгссөн гэх D200106527 дугаартай "Боловсролын бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 62 дугаар сургуулийн хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн.

Шүүгдэгч О.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д нь Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжим мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2001 онд төгссөн гэх D200106527 дугаартай "Боловсролын бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 62 дугаар сургуулийн хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-86 дугаар хуудас/, хохирогч Я.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 160-161 дүгээр хуудас/, гэрч Ч.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, гэрч Я.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/, гэрч А.Танан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 146-148 дугаар хуудас/, гэрч Б.Доржхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-95 дугаар хуудас/, гэрч М.Амарсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар хуудас/, Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хх-ийн 31-56 дугаар хуудас/, Соёл урлагийн их сургуулийн албан бичиг, төгсөгчдийн тушаалын хуулбар  /хх-ийн 186-191, 201 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч О.Д нь Соёл урлагийн их сургуулийн Ардын хөгжим мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2001 онд төгссөн гэх D200106527 дугаартай "Боловсролын бакалавр" зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 62 дугаар сургуулийн хөгжмийн багшаар ажилд орохдоо ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч О.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Г.О, Я.Э нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч О.Дг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч О.Д нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёл урлагийн их сургуулийн D200106527 дугаартай 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Боловсролын бакалавр" гэх боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёл урлагийн их сургуулийн D200106527 дугаартай 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Боловсролын бакалавр" гэх боловсролын дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ