Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/139

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
    Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн, 
    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б /онлайн/,
    Хохирогчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,
        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
        Шүүгдэгч П.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
    Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-н Б д холбогдох эрүүгийн 2034005360471Т дугаартай, 3 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    Монгол улсын иргэн, Б овогт П-н Б , 
 регистрийн дугаартай гэв.
    Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч П.Б  нь Б.Э , Б.Э нартай бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Д.С ын өмчлөлийн адуунаас 9 адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, улмаар хохирогч Д.С ад 12.647.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруутай үйлдлээ ойлгож байна. Гэрчилгээгүй махыг таньдаг хүндээ зарсан, мөн гаргал үүслийн бичиг хулгайн адуунд гаргаж өгсөн. Шүүхээс гаргах хохирол төлнө.” гэх мэдүүлэг.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:    

Шүүгдэгч П.Б  нь Б.Э , Б.Э нартай бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Д.С ын өмчлөлийн адуунаас 9 адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, улмаар хохирогч Д.С ад 12.647.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон 

Энэ нь эрүүгийн 2034005360471/Т дугаартай хэрэгт авагдсан 

    Хохирогч Д.С ын өгсөн: “Би 2020 оны 07 сарын 24-ны өдрийн 01 цагийн үед манай хээр азаргатай 29 тооны адуу “Цайдамын нуур” луу орж ирээд гарч байгаа харагдсан. Орой 04 цагийн үед харахад нуурны хойд дээр уулын хяр дээр зогсож байсан юм. Манай хээр азаргатай адуунд 4 унагатай гүү, 2 даагатай гүү, 3 байдас, 2 үрээ 12 тооны морь нийт 29 тооны адуу байсан юм. Манай суманд бороо ороод 07 сарын 25, 26-нд адуугаа харж чадаагүй юм. 07 сарын 27-ны өдөр бороо гайгүй болоод адуугаа харах гээд адуун дээрээ очтол манай хээр азаргатай адуунаас 9 тооны морь алга болсон байсан. Нутгийн айл саахалт байгаа айлуудаар сураад ерөөсөө сураг гарахгүй байхаар Баян суман дээр байгаа эгч Батцэцэг руу өөрийн эзэмшлийн 98224225 дугаарын утасаар залгаад манай 9 тооны морь алга болсон байна. Та сумын цагдаад хэлээд бүртгүүлчих гэсэн юм. Тэгтэл Батцэцэг эгч сумын хэсгийн төлөөлөгч амралтаа авсан байна. Өөр нэг цагдаа нь ажилаар хөдөө явсан байна гэсэн. Маргааш нь дахиад Батцэцэгтэй яриад цагдаатай холбогдсон уу? Холбогдоогүй бол дахиад залгаад хэлээрэй гэсэн. Манай хүргэн Дондогийнх Баянжаргалан суманд байдаг юм. Хүргэнтэй холбогдоод таньдаг цагдаа байвал бүртгүүлээд өгөөч гэсэн чинь төд удалгүй залгаад танай хэдэн морьдны сураг гарсан байна. Төв аймгийн Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч Г. Бөхбат гэдэг хүнтэй холбогд гээд дугаарыг нь өгсөн юм. Би тэгээд залгаад Төв аймаг дахь цагдаагийн газарт ирж Г. Бөхбат хэсгийн төлөөлөгчтэй уулзаад Сэргэлэн сумын мал нядалгааны гарт очиж зурагыг нь үзэхэд манай 9 тооны морь мөн байсан. Чандмань тамгатай саарал морь, хар морь, хонгор морь, хоёр зээрд халзан морь, гурван хээр морь, зуузай тамгатай хээр морь нийт 9 тооны адуу байсан юм. Дандаа нас бие гүйцсэн бүдүүн тарган морьд байсан. Миний хулгайд алдагдсан 9 тооны морьд дотроос хээр морь, хонгор морь, саарал морьд гурав уяагддаг байсан. Сумынхаа баяр наадамд манай хээр морь 2016 онд 10-т хурдалж байсан. Айраг түрүү авч байгаагүй ч хурдан удмын адуу байсан юм. 2019 оны мал тооллогоор Төв аймгийн Баян суманд тоолуулж байсан юм. Миний эзэмшлийн адуу байгаа юм. Манайх 50 орчим адуутай. Манай 9 тооны адууг хулгайлсан хүнийг би танихгүй байна. Цагдаа дээр шалгагдаж байгаа хүн авсан гэж бодож байна. Би Сэргэлэн сумын мал нядалгааны газар очиж үзэхэд манай 9 тооны адууны зураг мөн байсан.  Манай саарал морь, хар морь, хонгор морь, хоёр зээрд халзан морь, гурван хээр морь, хээр морь бүгд бүдүүн тарган морьд байсан. Би уяж байсан хээр морио 20.000.000 төгрөгөөр, бусад морьдоо тус бүрийг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Нийт 9 тооны морьдоо 36.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 16-17/, 
    Гэрч Б.Э ын өгсөн: “Манайх Дундговь аймгийн Дэрэн суманд нутаглаж байгаа. 2020 оны 07 сарын 23-ны өдөр манай дүү Э  Улаанбаатар хотоос приүс 20 маркын тээврийн хэрэгсэлтэй 14 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн суман дээр ирээд манай эхнэр Наранчимэг, саахалт айлын залуу Жаргалсайхан хоёр тосож ирсэн юм. Э ийг хотоос ирэхэд манай хадам ээж Баярмаа, манай авгайн төрсөн дүү Оргил, Минжинсор, манай ахын хүүхэд Баттулга нар манайд байсан юм. Тэр өдөр манайд төвөөс олон хүн ирсэн байсан болохоор Э  манай саахалт айл Даваагийнд очиж хоноод Маргааш нь буюу 07 сарын 24-ны өглөө 10 цагийн үед манайд ирээд цай хоол идчихээд хоёулаа зүүн хойшоо явж ирье,  яах гэж байгаан гэсэн чинь хэдэн адууны хэрэг байна гэсэн юм. Тэгээд бид хоёр миний төрсөн дүү Отгонмөнхийн эзэмшлийн DUWUN маркын мотоциклийг унаад 13 цагийн үед зүүн хойшоо хөдлөөд Төв аймгийн Баян сумын 12-ийн тоочиг руу ороод тэгээд урагшаа яваад 14-ийн тоочиг руу ороод тэндээсээ бензин аваад, дэлгүүрт орж тамхи аваад зүүн хойшоо хөдөлсөн.
    Б  хулгайн адуу гэдгийг мэдэж байсан. Учир нь Э  бид 2-т нэг ч мал байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 22-24, 65/,
Шүүгдэгч П.Б гийн өгсөн: “Би 2020 оны 07 сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Э  89937989 Дугаарын утсаар над руу залгаад би өөрийнхөө 9 тооны адуу хөөгөөд ирлээ Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Түүшүү гэх айлд ирчихсэн байна Эрдэнэдалай орж гарал үүслийн бичиг авъя гэхээр холдоод байна чи сумаасаа нэг гарал үүслийн бичиг аваад өгчих гэсэн юм. Би тэгэхээр дараа нь ямар нэгэн асуудал байхгүй юм байгаа биз дээ гэсэн чинь ямар ч асуудалгүй угаасаа өөрийнхөө адуунаас хөөж ирсэн юм чинь ямар юмандаа асуудал болдог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э ийн өөрийнх нь адуу юм байна гэж бодоод маргааш нь буюу 07 сарын 27-ны өдрийн 16 цагийн үед Э ийн дүү Энхмөнх, манай найз Мөнхөөгийн эзэмшлийн 3570 УНК улсын дугаартай крос маркийн тээврийн хэрэгсэлтэй бид гурав Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Түүшүү гэх айлд ирсэн юм. Намайг Туушуугийнд ирхэд. Түшүүгийн авгай, Э , Э нар байсан. Тэгээд Э тэй уулзсан чинь чи одоо "Хустай мандал" хоршоо хээрийн мал нядалгааны газарт мал оруулахдаа өөрийнхөө мал гэж хэлээд оруулаарай, би гадны хүн юм чинь гадаа байж байя гэсэн юм. Тэгээд Түүшүүгийн гаднаас Э ийн дүү Энхмөнх мотоцикль унаад нөгөө 9 адууг туугаад 20 цагийн үед мал нядалгааны газар луу явсан. Бид хэд машинд суугаад араас очиход Энхмөнх нөгөө 9 тосны адууг туугаад мал нядалгааны газар луу оруулсан байсан. Би машинаас буугаад мал нядалгааны газрын ажилтан Даваатай уулзаад миний урагшаа гүйсэн хэдэн морь байгаа юм гарал үүслийн бичгийг нь би маргааш манай сумын малын эмч Мөнхмандухайгаас аваад өгье гэсэн чинь тэг гэсэн юм. Би Даваатай уулзаад тухайн 9 тооны адууг 7.350.000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд Э ийг адуу зарсан мөнгөө ав гэсэн чинь бичиг баримт байхгүй Б  чи Дансандаа хийлгээд авчих би чамаас хот ороод авъя гэхээр нь би тэг тэг гээд өөрийнхөө дансанд урьдчилгаа 3.000.000 төгрөг авсан. Даваа үлдэгдэл мөнгийг нь маргааш дансаар шилжүүлчихье гээд үлдсэн. Тэгээд Э . Энхмөнх, манай машин барих явсан найз Мөнхөө бид хэд Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүргийн Их наранд манай ээжийнд хоносон. Э ах Дундговь аймгийн Дэрэн сум руу адуу тууж ирсэн мотоциклоо унаад тэр өдрөө буцаад явсан. Би тэгээд 07 сарын 28-ны өдрийн 08 цаг 44 минутад Э ийн 5371029500 данс pyy 2.500.000 төгрөг хийсэн. Э  надаа бинзены мөнгө гэж 150.000 төгрөг, ээж Эрдэнэтуяад 100.000, үлдэгдэл 250.000 төгрөгийг манай дүү Нарангарав руу шилжүүлсэн. Тэгээд би Баян-өнжүүл сумын малын эмч Мөнхмандухай руу 10 цагийн үед залгаад 9 тооны адууны гарал үүслийг бичиг авах гэсэн юм гэсэн чинь адууныхаа зүсийг тамгатай нь хэл гээд тэгээд нөгөө 9 тооны адууны зүсийг хэлсэн чинь заза болчихлоо гээд 159413 дугаартай гарал үүслийн бичиг явуулсан юм. Тэгээд байж байталд Даваа над руу залгаад за гарал үүслийн бичиг чинь ирсэн шүү гээд үлдэгдэл гээд миний данс руу 3.500.000 төгрөг хийсэн. Үлдэгдэл 850.000 төгрөгийг нь Даваа чи надаа 450.000 төгрөгийн өртэй юм чинь би эндээсээ суулгалаа гэхээр нь би тэг тэг би эд нарт өгчихье гэж хэлсэн. Үлдэгдэл 400.000 яасныг мэдэхгүй байна. Тэгээд би хөдөө гэрлүүгээ очоод ээж Эрдэнэтуяа руу залгаад Э  ер нь ямар, ямар адуу байдаг талаар та Эрдэнэдалай руу Э ийн хуучин авгай руу залгаад асуудаа, бас дээрээс нь Э Дэрэнд ямар тамгатай хэчнээн тооны адуу байгаа талаар залгаад асуудаа гэсэн юм. Тэгээд удаагүй байж байтал ээж залгаад Э , Э  хоёрт ийм байхгүй юм байна хулгайн мал байсан юм биш үү гэхээр нь би хэрэгт орж магадгүй юм байна гээд Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Г.Бөхбатад болсон зүйлийн талаар хэлээд Э тэй уулзаад сүүлд Даваагийн хийсэн 3.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 500.000 төгрөгийг манай дүү Нарангарав Э  надаа ертэй гээд авсан. Би Э өд нийт 5.500.000 төгрөг өгсөн. Тэгээд бид хэдийг явсны дараа Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч Г.Бөхбат ирээд Э ийг Төв аймгийн Цагдаагийн газар луу аваад явсан. Би Э . Э хоёрын тууж ирсэн 9 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй байсан. Намайг мэдээгүй байсныг манай сумын иргэн. Түүшүү. Нанзай ах нар мэдэж байгаа. Би ээжийг Эрдэнэдалай руу залгасны дараа хулгайн адуу байж магадгүй юм байна шалгаад өгөөч гэж Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч Бөхбатад хэлсэн юм. Саран дэвсгэртэй гурван нүд чандмань тамгатай дөрвөн хээр морь, хул морь, саарал морь хоёр зээрд халзан морь, хонгор морь нийт 9 тооны адуу байсан. Надад 150 000 төгрөг өгсөн. Би 80 000 төгрөгөөр нь бензин хийсэн. Үлдэгдэл 70 000 төгрөгийг хэрэглээндээ зарцуулсан. 
Э , Э хоёр хоёулаа манай адуу мен эхнэр хүүхдээсээ салаад байгаа цаад эхнэр хүүхдээ адууг маань үрчих гээд байна түүнээс нь урьтаж адуугаа хийж байгаа юм гэж хэлэхээр нь бойнд оруулаад өгчихсөн юм. Би өгөхөөсөө өмнө малын эмч рүү яриад гарал үүслийн бичиг гаргаж өгнө гэж хэлээд 9 тооны адууг зарсан юм. Э , Э  нар 2-3 хоног намайг гарал үүслийн бичиг хийлгүүлээд өгөөч гэж гуйсан юм.Би дургүйцээд байсан чинь манай ээж Эрдэнэтуяа надад хандаж чи хамаатан садандаа нэмэр тус болсонгүй хулгайн юм биш бол бичиг гаргуулаад өгөөч гэхээр нь би бичиг хийлгүүлж өгсөн юм. Би өөрийнхөө тамгаар өгөхгүй бол болохгүй байх гэж бодоод өөрийнхөө тамгыг хэлж гарал үүслийн бичиг хийлгүүлсэн юм. Би тухайн хэрэг болсны дараа ээжээр Э , Э  нарын адууны тамгыг асуулгуулж биш юм шиг болохоор нь цагдаад мэдэгдсэн юм. Би 2020 оны 01 дүгээр сард Даваапүрэвээс өөрөөс цагаан сарын өмнө хавар ноолуур дээр өгнө гэж хэлээд 450.000 төгрөг зээлж авсан байсан юм. Галбадрахын Мөнхөө гэх залуу манай найз тухайн үед надтай хамт архи ууж байгаад би дагуулаад явчихсан юм Хэнтий аймгийн гаралтай хүн байгаа юм.Манай төрсөн дүү Нарангэрэлтэй тухайн үед сууж байсан юм. Одоо салчихсан гэрийн хаяг, ямар ажил хийдэг, хаана байгаа, утасны дугаар зэргийг нь мэдэхгүй байна. Мөнхөө, Энхмөнх хоёр болон би ч хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Мөнхөө, Энхмөнх хоёр мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 28, 2-р хх 239-240/,
Гэрч А.Батцэцэгийн өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай хүргэн болох Сүхбат нь миний гар утас руу залгаад миний эзэмшлийн 9 тооны адуу сураг байхгүй алга болчихлоо би нутгийн ойр орчмоор яваад олсонгүй би танд 9 тооны адууны зүс тамга тэмдгийн хэлээд өгье та сумын цагдаад мэдэгдээд тэмдэглүүлээд өгөөч гэж надад хэлэхээр нь Төв аймгийн Баян сумын цагдаагийн хэсэг дээр очсон чинь цагдаа нар байхгүй байхаар нь би замын цагдаа болох дэслэгч Манлай-баатар гэх нэртэй замын цагдаатай утсаар яриад манай сумын хэсгийн төлөөлөгч ахмад Мөнгөн-хүүг асуухад ээлжийн амралтаа авсан байгаа гэж хэлэхээр нь би манай хүргэн 9 тооны адуугаа алдсан байна тэмдэглүүлж өргөдөл өгөх гэсэн юм хэнд хэлэх үү гэж асуухад манай сумын экологийн байцаагч ахлах дэслэгч Төгөлдөр-д хэлээд тэмдэглүүлчих гэж хэлэхээр нь би экологийн байцаагч Төгөлдөртэй яриад асуухад Төгөлдөр би хөдөөгөөр ажилтай явж байна та маргааш Өглөө цагдаагийн хэсгийн байранд хүрч ирээд тэмдэглүүлчих гэж хэлэхээр нь Маргааш өглөө буюу 2020 оны 07 дугаар сарын 28-ны өглөө би цагдаагийн хэсэг Дээр очиход цагдаагийн хэсгийн байр цоожтой байхаар нь экологийн байцаагч Төгөлдөр гэх хүнээс залгаад асуух гэсэн боловч утас нь холбогдохгүй байхаар нь хөдөө ажилтай байгаа нь байна гэж бодоод өөрийн ажлаа хийж явж байхад манай хүргэн дүү болох Сүхбат нь залгаад та 9 тооны адуугаа тэмдэглүүлсэн үү гэж хэлэхээр нь тэмдэглүүлж чадсангүй гэж хэлсэн чинь манай хүргэн дүү болох Сүхбат нь тэгүүл Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж болохгүй юм байхдаа гэж хэлэхээр нь би хүнээс асуугаад хэлье гэж хэлээд сумынхаа 3acar Даргын Тамгын Газрын мал Үржлийн тасгийн мэргэжилтэн Од-Гэрэл гэх таньдаг хүнтэй утсаар холбогдоод асуухад - Эхлээд сумынхаа цагдаагийн хэсэгт өргөдөл бичиж өгсөн дээр байхаа бас надад алдуул малынхаа зүс тамгаа бичээд өгвөл би цаашаагаа Төв аймгийн Цагдаагийн газарт хандаад асуугаад өгч болно гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр манай сумын цагдаагийн хэсгийн байр гэрэлтэй байхаар нь очоод хаалгыг нүдэж асуухад манай сумын замын байцаагч Манлайбаатарын эхнэр гарч ирээд экологийн байцаагч Төгөлдөр, замын байцаагч Манлайбаатар 2-р эмнэлэг явсан удахгүй ирэх байхаа гэхээр нь би гэртээ очоод хүлээж байгаад буцаад хүрээд ирье гэж бодоод байж байхад манай сумын ус түгээх худаг гэрэл нь асахгүй байна гэж дуудлага ирэхээр нь дуулганд яваад ажил хийсээр байгаад сумынхаа цагдаад өргөдлөө өгч чадаагүй юм. Тэгсэн манай хүргэн дүү болох Баянжаргал нь Төв аймагт байдаг таньдаг хүмүүстэйгээ холбоо бариад 9 Тооны адуугаа хэлж тэмдэглүүлэхэд удалгүй Төв аймгийн цагдаа нар хулгайчийн барьсан юм байна харин танай 9 тооны адуу Төв аймгийн Сэргэлэн сумын тэнд байдаг мах махан бүтээгдэхүүний бойны газарт 9 тооны адууны чинь зүс тамга тэмдэг нь таараад байна тэр бойны газарт очсон юм шиг байна гэж хэлсэн. Манай эзэмшлийн 9 тооны адууны 8 тооны адуу нь саран дэвсгэртэй чандмань, 1 тооны адуу нь зуузай тамгатай байсан харин зүс нь 1 сартай хээр морь, 3 хээр морь, 2 зээрд халзан, 1 хонгор морь, 1 саарал морь байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 30-31/, 
Гэрч С.Мөнхмандухайгийн өгсөн: “Манайх Төв аймгийн Баян-Өнжүүл суманд оршин сууж байгаа юм. 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 10 цаг 54 минутанд 80616650 дугаарын утсаар манай сумын иргэн С.Б  над руу залгаад сайн байна уу гэхээр нь би сайн сайн байна уу ? танайх хаагуур нутаглаж байна гэсэн чинь Хүү долоо худагаас нутаг руугаа нууж байгаа, манай адуу нутаг гүйгээд тогтохгүй байна 9 тооны адуу Сэргэлэн сумын нутаг Хайрхан 2-р баг Ширээгийн булаг гэх газраас оллоо, тарж алга болохоос нь өмнө Алтанбулагийн бойнд өгчихлөө махны Бичиг авах гэсэн юм гэхээр нь би тэгье гээд би С.Б гийн 2019 оны мал тооллогын баримтыг харахад нэр дээр нь 27 тооны адуу байсан юм. Би С.Б гийн нэр дээр 27 тооны адуу байхаар нь адууныхаа зүсийг хэл гэсэн чинь зээрд халзан морь хөндөлтэй задгай буйл тамгатай, зээрд халзан морь хөндөлтэй задгай хөл тамгатай, хээр морь хөндөлтэй задгай хөл, хээр морь саран дэвсгэртэй гурван нүд чандмань тамгатай, хээр морь хөндөлтэй задгай буйл тамгатай, сартай улаан хээр морь саран дэвсгэртэй гурван нүд чандмань саарал морь хөдөлтэй задгай буйл тамгатай, хонгор морь саран дэвсгэртэй гурван нуд чандмань тамгатай, хул морь хөндөлтэй задгай буйл тамгатай нийт 9 тооны адууны хэлсэн юм. Тэгэхээр нь "хустай мандал хоржооны ажилтан Ж.Даваапүрэв рүү залгаад зээрд халзан морь хөндөлтэй задгай буйл тамгатай, зээрд халзан морь хөндөлтэй задгай хөл тамгатай, хээр морь хөндөлтэй задгай хөл, хээр морь саран дэвсгэртэй гурван нүд чандмань тамгатай, хээр морь хөндөлтэй задгай буйл тамгатай, сартай улаан хээр морь саран дэвсгэртэй гурван нүд чандмань, саарал морь хөдөлтэй задгай буйл тамгатай, хонгор морь саран дэвсгэртэй гурван нүд чандмань тамгатай, хул морь хөндөлтэй задгай буйл тамгатай нийт 9 тооны адуу орсон уу гэсэн чинь орсон гэхээр нь зүсийг нь тулгасан чинь Б гийн надаа хэлсэн 9 адууны зүстэй таарч байсан юм. Тэгээд байж байтал 16 цаг 28 минутын үед Даваа миний fasebook хаягаар тухайн 9 тооны адууг зургийг явуулаад тэгээд би Мал эмнэлгийн нэгдсэн системээс 159413 дугаарын кодоор гарал үүслийн бичиг хийж өгсөн юм. Манай сумын иргэн С.Б  07 сарын 28-ны өдрийн 10 цаг 54 минутанд залгасны дараа би 07 сарын 27-ны өдөр миний гэрээгээр ажиллаж байгаа Хустайн мандал хоржоогоор тухайн 9 тооны адуу орсныг мэдсэн юм. Манайх 1 кг махыг 40 төгрөгөөр, амьд малыг богыг 500 төгрөгөөр, бодыг 1000 төгрөгөөр бичиг хийж өгдөг юм. Тухайн үед би Б гээс мөнгө аваагүй байгаа. Манай Хустайн Мандал хоржооны ажилтай Даваа махан дээрээс нь суутгаад авъя гэсэн юм. Манайх тухайн гарал үүслийн бичиг авах гэж байгаа айлын Малын тоо эрүүл бүсээс гарч байгаа эсэх, хувиарт вакцин туулгалтаа хийлгэсэн эмийн үлдэгдэлтэй болон тухайн мал эрүүл эсэхийг шалгаж байж гарал үүслийн бичиг гаргаж өгдөг юм. Амьд мал дээр бол тухайн малны зургийг авч Мал эмнэлгийн мэдээллийн санд оруулж байж гарал үүслийн бичиг олгодог юм. Би тухайн 9 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй байсан. Манай сумын иргэн С.Б  утсаар залгаад гарал үүслийн бичиг авъя гэхээр нь би Б гийн 2019 оны мал тооллогыг харахад 27 тооны адуу байсан, бас Хустайн Мандал мал нядалгааны газрын ажилтан Даваа руу залгаад Б гийн оруулсан 9 тооны адууны зүсийг тулгахад таарч байсан.” гэх мэдүүлэг /хх 32-34/,
Гэрч Ж.Даваапүрэвийн өгсөн: “...Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мал мах авдаг цэг дээр ирэхэд 9 тооны адуу зарна гээд манай үйлдвэрийн хашаанд хашсан байсан тэгээд би тухайн адуунуудыг үнэ тохироод 9 адууг 7.300.000 төгрөгөөр тохироод худалдаж авсан юм. Тухайн үед 9 тооны адууг надад зарсан хүмүүсийг танихгүй тухайн адууг зарсан Б  гэх хүн нь Хүй долоон худгаас алдаад тэгсэн танай энэ урд байна буцааж авч яваад яах вэ зарна гээд би тэр үед гарал үүслийн бичиг байна уу гэсэн чинь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малын эмч рүү Б  гэх залуу нь утсаар залгаад эм тамгыг нь асуугаад гарал үүслийн код утсанд ирсэн юм тэгээд би тухайн зарж байгаа хүмүүсийн өөрийнхөн адуу юм байна гээд тухайн адууг нь худалдаж авсан юм. Би тэгээд тухайн хүмүүсийг хулгайн адуу зарж байсан талаар мэдээгүй. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малын эмч Мөнхмандухай манай “Цоохор мандал” ХХК-тай гэрээгээр манай малчин эмчээр ажилладаг юм.  Тухайн үед 9 адуу зарсан хүмүүсээс Б  гэх хүн нь надтай харилцаад мөнгийг нь тоолж авч тооцоо хийж байсан юм. Тухайн 9 адуу зарсан хүмүүс марк дугаарыг нь мэдэхгүй байна. Жижиг машинтай нэг мотоциклтой явж байсан.
Б  гэх хүн надад 9 тооны адууг зарж наймаалцаж мөнгөө өөрийнхөө Хаан банкны дансаар 2 хувааж авсан. Тухайн 9 тооны адууг өгөхдөө Б  гарал үүслийн бичиггүй ирсэн юм.Надад хэлэхдээ би одоо гарал үүслийн бичгээ аваад явуулчихна аа. Энд интернэтийн сүлжээ байхгүй учир гарал үүслийн бичгээ авч чадахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнээ 7.300.000 төгрөгөөр авахаар тохиролцож худалдаж аваад адууг нь бойнд оруулж нядлуулаад тал мөнгийг нь буюу 3.000.000 төгрөгийг нь Б гийн ХААН банкны дансаар шилжүүлсэн. Ингээд би маргааш өглөө нь сүлжээнд гарахад 2020.07.28-ний өглөө миний гар утсанд гарал үүслийн бичгийн код нь ирсэн байсан. Эхний өдөр Б  надад адуу өгөхийн өмнө миний утсаар Баян- Өнжүүл сумын малын эмч гэх хүнтэй утсаар яриад Б  байна гарал үүсэл авах гэсэн юм аа гэж яриад надад хандаж за би ярьчихлаа одоо ингээд гарал үүслийн бичиг нь ирнэ гэж хэлсэн. Тухайн үедээ Б  надад адуу өгөхийн өмнө малын эмчтэй ярьсан байсан, мөн манай тэнд малын хулгайн хэрэг гарч байгаагүй болохоор нь гарал үүслийн бичгийг нь ирэхээс нь өмнө нядалсан юм. Нядлахын өмнө мал нядалгааныхаа дүрмийн дагуу зургийг нь дарж, тамга тэмдэг бүх зүйлийг нь бичиж тэмдэглээд авсан байгаа. Ер нь бол Б  гэх хүн манай Хустайн мандал хоршооны Баян- Өнжүүл сум дахь салбараас ноолуурын зээлийг 2016-2017 онд авч байсан юм билээ тус зээл 500.000 төгрөг байсан ба түүнийгээ өгөөгүй байсныг нь манай нягтлан Энхмаа хараад надад хэлсэн юм. Үүний дагуу би мөнгөө суутгаж авна гэж хэлсэн юм. Үлдсэн 300.000 төгрөгийг нь өгөөгүй байж байтал цагдаагаас намайг дуудаад би Тэмүүжин гэх мөрдөгчтэй ирж уулзахад хэргийн талаар ярилцаад энэ адуу чинь хулгайн адуу учраас та мөнгийг нь авчирч өг хэргийн материалд хавсаргана гэж хэлж байсан үүний дагуу би Тэмүүжин мөрдөгчид 800.000 билүү 850.000 төгрөгийг нь өрөөнд нь бэлэн тоолж өгөөд явсан. Одоо тоог нь сайн санахгүй байна. Миний хажууд хэн байсныг аль өрөөнд хураан авсныг санахгүй байна. Тэмдэглэл үйлдсэн эсэхийг мөн санахгүй байна. Ямар ч байсан би бэлэн тоолж өгсөн юм.” гэх мэдүүлэг /2 хх 224-225, 2-р хх 229/,
Гэрч Ч.Баяртогтохын өгсөн: “Даваапүрэв нь мал мах борлуулж нядалдаг газрыг хариуцаж ажилладаг учир Даваа гэх нэрээр нь танина. Тус хүн нь бусад ченж нарын адил манай бүртгэл судалгаанд байдаг хүн байгаа юм. Миний өрөөнд тухайн Даваапүрэв, талийгаач мөрдөгч Тэмүүжин бид нарын дунд мөнгө төгрөг өгч авалцсан зүйл огт болоогүй, тухайн хэрэг үйлдэгдэх үед миний бие ээлжийн амралттай байсан, ажилдаа орсны дараа тухайн хэрэг гарсан талаар мэдсэн. Энэ хэрэг дээр яаж илрүүлсэн талаар алба хаагч нараас асуухад Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Бөхбат руу Б  гэх хүн утасдаж мэдээлэл өгсний дагуу шалгалтын ажиллагааг явуулж илрүүлсэн гэж танилцуулсан. Мөнгөний тухайд Даваа гэх ченж надаас утсаар нэг удаа асууж байсныг санаж байна. Надад хэлэхдээ адууны махны мөнгийг Б д бүгдийг нь өгөөгүй энэ хүн урьд надад өртэй байсан учир мөнгийг нь суутгаж аваад үлдсэн байгаа танай мөрдөгч тус мөнгийг нь өг гээд байна би энэ хүнээс авах ёстой авлагадаа авчхаж болдоггүй юм уу гэж асууж байсныг нь санаж байна. Би хариуд нь та нарын өмнөх өр ширний асуудал чинь тусдаа асуудал, хэргийн холбогдогчийн хууль бусаар олсон орлогыг тогтоох ёстой учраас мөрдөгчийн шаардаж байгаа шаардлага зөв гэж хэлсэн.” Гэх мэдүүлэг /2-р хх 231/, 
Гэрч П.Нарангаравын өгсөн: “Э  өмнө манайд байж байхдаа надаас мөнгө зээлсэн байсан мөн надаас гар утас худалдаж авсан байсан юм ингээд надад 250.000 төгрөг өгөх ёстой байсан учир би Э өөс мөнгөө авна гэж хэлэхэд Э  дараа адуу авчирч зарахаараа өгнө гэхээр нь үгүй би одоо авна гэж хэлээд Б  ахын дансанд мөнгө нь байгааг мэдээд шууд ахыг над руу шилжүүл гэж хэлээд авсан юм. Э  өөрөө над руу утсаар яриад өөрийнхөө адууг хайж явж байгаад оллоо Б  ахыг гарал үүслийн бичиг олоод өгөөч гээд гуйчихлаа гэж ярьж байсан болохоор адуу зараад мөнгөтэй болсон байгааг нь мэдсэн байсан. Яг мөнгө авах үедээ бол мэдээгүй тухайн үйл явдал болсны дараа манайхаас явсны дараа нь Улаанбаатар хотод манай ээж Эрдэнэтуяагийн гэрт Б  ах, бид хэд байж байх даа ээжээс Б  ах Э  адуутай юм уу сая зарсан адуунууд нь уралдсан бололтой морьд дотор нь байсан хачин юм даа гэж хэлээд ээжээс тамгыг нь асуухад тухайн зарсан гэх адуунуудын тамга нь зөрж байна гэж Б  ах хэлээд энэ яг хулгай хийчихсэн юм байна цагдаад мэдэгдэнэ гээд явсан. Б г Э  Улаанбаатар хотоос малын бичиг хийлгүүлнэ гээд дуудсан юм энэ үед би мал өгч мөнгөтэй болох гэж байгаа юм байна гэдгийг мэдээд Б г явахаас нь өмнө наад хоёрыгоо мөнгөтэй болбол миний аваад өгөөрэй гэж хэлж байсан юм.Б  явж ирээд тэр хоёрын мөнгө миний дансанд байгаа гэхээр нь би мөнгөө авъя гэж хэлээд гаргуулж авсан юм.  Би Э , Э нарыг хэдэн тооны адуутайг нь мэдэхгүй. Надад Э  хэлэхдээ манай адуу Говьсүмбэр аймагт отроор явж байгаа л гэж хэлж байсан. Тийм ээ манай хүү Б  надаас энэ хэрэг гарсны хойно Э , Э нарын адууны тамгыг асуусан юм тэгэхээр нь би аав нь дөрвөлжин хүрээтэй сар, дугуй хүрээтэй чандмань тамгатай байсан энэ тамгаа л дардаг байх учиртай гэж хэлэхэд Б  надад хандаж энэ надаар бичиг хийлгүүлж зарсан адуунуудад тийм тамгатай адуу байгаагүй ер цагдаад мэдэгдье гэж хэлээ Сэргэлэн сумын цагдаа Бөхбатад мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /2-р хх 243-235/,
Гэрч Ж.Эрдэнэтуяагийн өгсөн: “...Б г Э  Улаанбаатар хотоос малын бичиг хийлгүүлнэ гээд дуудсан юм. Энэ үед би мал өгч мөнгөтэй болох гэж байгаа юм байна гэдгийг мэдээд Б г явахаас нь өмнө наад 2-оо мөнгөтэй болбол миний аваад өгөөрэй гэж хэлж байсан юм. Б  явж ирээд тэр хоёрын мөнгө миний дансанд байгаа гэхээр нь би мөнгөө авъя гэж хэлээд гаргуулж авсан юм. Манай хүү Б  надаас энэ хэрэг гарсны хойн Э , Э нарын адууны тамгыг асуусан юм тэгэхээр нь би аав нь дөрвөлжин хүрээтэй сар, дугуй хүрээтэй чандмань тамгатай байсан энэ тамгаа л дардаг байх учиртай гэж хэлэхэд Б  надад хандаж энэ надаар бичиг хийлгүүлж зарсан адуунуудад тийм тамгатай адуу байгаагүй ер нь цагдаад мэдэгдье гэж хэлээд Сэргэлэн сумын цагдаа Бөхбатад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /2-р хх 237/,
Шүүгдэгч Б.Э ийн өгсөн: “Би 07 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод байдаг Драгон дээрээс ганцаараа Дундговь аймгийн Дэлгэрцогт сум орох гэж приүс 20 маркын тээврийн хэрэгсэлд суугаад 16 цагийн үед Дэлгэрцогт суман дээр ирж манай төрсөн ах Э ын авгай Нараа, танихгүй нэг залуутай мотоцикльтэй ирж намайг авсан. Тэгээд бид гурав сундлаад Дундговь аймгийн Дэрэн сум руу 40 км газар явж Баатар ахын хадмынд 18 цагийн үед очсон юм. Баатар ахын хадмынд хонох гэсэн боловч тэднийд айл саахалтын хүмүүс нь ирчихсэн баахан согтуу хүн байсан болохоор тэдний саахалт айл Даваагийнд очиж хоносон. Намайг Даваагийнд хоноход Даваа ганцаараа байсан. Маргааш нь буюу 07 сарын 24-ны өдөр өглөө 11 цагийн үед босоод Баатар ахынд буцаад очсон. Тэгээд Баатар ахыг дагуулаад нүүж байгаа айл тосье гэж бодоод Дэрэн сумаас зүүн тийш Чойрын наад тал руу мотоцикльтой сундлаад явсан юм. Тэгээд явж байгаад цаг нэлээн орой болсон байсан болохоор Чойроос баруун тийш байсан оторын айлд Баатар ах бид хоноод маргааш нь буюу 07 сарын 25-ны өдөр өглөө 10 цагийн үед хойшоо Баян сумын 14 дүгээр точкаар гараад зүүн хойшоо явж байгаад уул руу хартал хээр азаргатай 20 гаран тоотой адуу таарсан чинь манай ах Баатар энэ адуунаас тасдаад аваад явах уу гэхээр нь тэгье гэсэн юм. Тэр адуунаас хоёр бор хээр морь, хоёр шар хээр морь, хоёр зээрд халзан морь, хонгор морь, саарал морь, хар морь нийт 9 тооны саран дэвсгэртэй чандмань тамгатай морьдуудыг тасдаад туугаад аваад явсан. Тэгээд тууж явсаар байгаад 20 гаран км яваад 12-р точка-ийн гармаар гараад цаашаа шөнөжингөө туусаар байгаад Баянцагааны зүүн талд 04 цагийн үед очсон. Баянцагаан сумаас бензин аваад тууж явсан 9 тооны морьдоо жаахан амрааж байгаад бороо ороод байхаар нь Баянцагааны сумын төвийн баруун талд байсан айлын өвөлжөөн дээр бороо тогтохыг хүлээсэн. Бороо өдөр 11 цагийн үед гайгүй болоод тэгээд шууд туусаар байгаад 07 сарын 26-ны өдрийн орой 20 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт нутаглаж байгаа Төв аймгийн Баян-өнжүүл сумын харьяат Түүшүү гэх айлд ирж хоносон. Хонохдхх хар морь, хонгор морь, шар хээр морь, халзан морыг чөдөрлөөд нөгөө хэдийг нь хажууд нь сул хонуулсан. Маргааш буюу 07 сарын 27-ны өглөө 10 цагийн үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат Пүрэвсугир овогтой Б  руу 89579192 дугаарын утасаар залгаад би өөрийнхөө 9 тооны морьдыг ченжид өгөх гэсэн юм чи гарал үүслийн бичиг аваад ирэх боломж байна уу гэсэн чинь за тэгий гээд 15 цагийн үед Б , хүргэн Мөнхөө, манай дүү Энхмөнх гурав Улаанбаатар хотоос саарал өнгийн жижиг тэрэгтэй яваад ирсэн юм. Ирээд Б  Баян-Өнжүүл сумын малын эмчтэй утсаар яриад гарал үүслийн бичиг авсан. Тэгээд нөгөө 9 тооны адуугаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байсан Хайрхан мал нядалгааны газар луу 19 цагийн үед оруулж өгсөн. Би Б г оруулаад өөрөө гадаа үлдсэн байсан юм. Б  гарч ирээд нийт 7.200.000 төгрөг боллоо гэж гарч ирэхээр нь арай бага өгсөн юм бишүү гэсэн чинь буцаж ороод 150.000 нэмүүлээд нийт 7.350.000 төгрөг болсон. Тухайн үед Б гийн дансаар эхлээд 3.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 4.350.000 төгрөгийг нь  араас Б гийн данс руу хийнэ гэж ченж хэлсэн. Эхэлж авсан 3.000.000 төгрөгнөөс Б  миний данс руу 2.500.000 төгрөг хийсэн 500.000 төгрөг нь Б гийн дансанд үлдсэн. Тэгээд бид хэд адуугаа өгчихөөд 02 цагийн үед Улаанбаатар хотод байгаа Туяа эгчийнд ирж хоноцгоосон юм. Маргааш нь буюу 07 сарын 28-ны өдөр би Эх нялхас руу манай дүү Охиноогийнд очиж манай найз охин Мөнхчимэгтэй тэднийд хоносон. Маргааш нь буюу 07 сарын 29-ны өдөр найз хүүхэн Мөнхчимэгийн хамт гадуур гарч үсээ засуулчихаад хувцас авсан. Тэгээд орой Дэнжийн 1000 замын баруун талын засвар дээр машин үзэх гээд байж байтал Б  залгаад үлдэгдэл мөнгөө АТМ ороод авчихлаа чи хаана байна гэхээр нь би Хотод газар мэдэхгүй байна чи аваад Дэнжийн 1000 дээр яваад ирээч гэсэн чинь за тэгий гэж хэлээд Б  ээж Туяа, хүргэн Мөнхөө гурав ирээд 3.000.000 төгрөг өгчихөөд явсан. Мөнгөө аваад байж байтал Төв аймгаас явж байна гээд хоёр цагдаа намайг аваад явсан. Тэгээд намайг Төв аймгийн Цагдаагийн газарт авчирсан. Саран дэвсгэртэй чандмань тамгатай хоёр бор хээр морь, хоёр шар хээр морь, хоёр халзан морь, саарал морь, хонгор морь, хар морь нийт 9 тооны морь байсан. Баатар ах бид хоёр уг нь 07 сарын 24-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумаас манай найз Баярых нүүж яваа болохоор тэднийхийг тосох гэж явж байтал хээр азаргатай 20 гаран тооны адуу таархаар нь 9 морыг нь тасдаж аваад тууж явсаар байгаад мал нядалгааны газар өгсөн юм. Б , хүргэн Мөнхөө, манай дүү Энхмөнх нар хотоос ирэхдээ тухайн 9 тооны адууг хулгайн адуу гэж мэдээгүй юм. Би өөрийнхөө адууг гээд хэлсэн юм. Баатар ахад би 100.000 төгрөг өгсөн юм. Би Баатар ахад мөнгө төгрөг өгнө гэж яриагүй байгаа. Б  бас Баатар ах бид хоёрын тууж ирсэн 9 тооны адууг манай адуу гэж бодоод малын гарал үслийн бичиг авч өгсөн юм. Би хулгайн адуу гэж тэр хэдэд ерөөсөө хэлээгүй байсан. Би 2020 оны 07 сарын 27-ны өдөр адуугаа өгсөний дараа чэнж Б гийн данс руу  3.000.000 төгрөг хийсэн. Би тэр мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг найз хүүхэн Мөнхчимэгийн данс руу авсан байгаа. Би авсан 2.500.000 төгрөгөөрөө хувцас аваад, ганц нэг хүнд артэй байсан тэрийгээ өгөөд одоо миний дансанд 100.000 орчим мөнгө үлдсэн байгаа. Чэнжээс үлдэгдэл авах ёстой байсан 4.350.000 төгрөгнөөс Б  надад 3.000.000 төгрөг өгсөн. Надаа нийт 5.500.000 төгрөг ирсэн байгаа. Үлдэгдэл 1.850.000 төгрөг Б д байгаа. Тууж явахдаа Баянцагааны баруун талд хүнтэй таарсан. Бас Довын гуанзангийн зүүн урд талд явж байгаад жижиг машинтай хүнтэй бас таарсан. Би бусдын эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж зарсанаа хүлээн зөвшөөрч байна. 
Нэмж мэдүүлэхэд Б  нь дээрх 9 тооны адууг хулгайнх гэдгийг мэдэж байсан. Надтай цуг гэмт хэрэг үйлдсэн Б.Э ах маань Дундговь аймагт амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сард нас барсан. Би иргэн Д.С ын 9 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдээд цагдаагийн байгууллагад баригдаж саатуулах үед хулгайн адуу зарсан байсан 3 000 000 төгрөгийг бэлнээр хохирогч Д.С ад хүлээлгэн өгсөн. Манай аав Бат-Очирын дүү Пүрэвсугарын Б  миний хулгайлсан адууг худалдаж авсан хүнийг сайн мэдэж байгаа намайг мөнгөө бэлнээр авах гэсэн боловч Б  бэлнээр мөнгөө өг гэж хэлээд дагуулан ирээд цагдаад барьж өгсөн. Надад Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс 2 тооны тэмээ хулгайлсан хэрэг байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх 19-21, 67, 231/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 31-ий өдрийн 06/328 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Иргэн Д.С ын өмчлөлийн 9 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 07-р сарын 24-ний өдрийн байдлаар 12 647 700 /арван хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга долоон зуу/ төгрөг болно.” гэх дүгнэлт /1 хх-ийн 36-45 тал/, 
 Мал эмнэлгийн гэрчилгээ /1-р хх 88/,
Ө.Мөнхчимэгийн Хаан банкны 5372029500 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 89-94/, 
2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Бөхбатын “...2020 оны 07 сарын 29-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд оршин суух хаягтай иргэн Пүрэвсугир овогтой Б  нь 16 цагийн үед өөрийн эзэмшлийн /80280093/ дугаарын утсаар /төлөөлөгчөө таньд мэдээлэл өгөх гэсэн юм 2020 оны 07 сарын 27-ны өдөр Бат-Очир овогтой Э  нь над руу залгаад намайг гарал үүслийн бичиг аваад байж бай би 9 тооны адуутай очиж байна гэхээр нь би өөрийнх нь юм байна гэж бодоод гарал үүслийн бичиг авч очоод Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг "Ногоон дов" гэх газарт байрлах "мал нядалгааны газарт өгсөн чинь нөгөө Б.Э ийн тууж ирсэн 9 тооны адуу хулгайн мал байна гэсэн мэдээллийг хүлээн авч хянаад Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ш.Эрдэнэбаярын хамт албаны 7574 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд Бат-Очир овогтой Э тэй уулзахаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000 гэх газар очиж уулзахад Бат- Очир овогтой Э  нь бусдын эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж зарсан талаар өрөө ярьж байна. Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн албан өрөөнд криминалистикийн шинжээч Д.Доржданзан, хөндлөнгийн гэрч Б.Бумба, Б.Равдан нарыг оролцуулан Б.Э ийн биед үзлэг хийхэд ил харагдах шарх соривгүй. Өмсөж явсан гадуур хувцасны халааснаас 84 ширхэг 200007 төгрөг, 98 ширхэг 10000 төгрөг 68 ширхэг 5000 төгрөг нийт 3.000.000 төгрөг гарж ирж байгааг илтгэн хуудсанд тэмдэглэл болгон тусгав.” гэх илтгэх хуудас /1-р хх 106/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв. 
     
       Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б  нь Б.Э , Б.Эрдэнэдалай нарын бүлэглэж 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Д.С ын өмчлөлийн адуунаас 9 тооны адуу буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт урьдчилан амлаагүй боловч тухайн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, хулгайлсан 9 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар гаргаж өгөх, мөн гаргал үүслийн гэрчилгээгүй, /гарал үүслийн гэрчилгээ гаргаагүй байхад өөрийн урьдын танил махны ченж Даваа хулгайн адууны махыг зарж борлуулж өгөх үүргийг гүйцэтгэсэн буюу Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж заасан хамжигчийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
        Шүүгдэгч П.Б гийн үйлдэлд урьдчилан амлаагүй боловч Б.Э , Б.Эрдэнэдалай нартай бүлэглэж, машин механизм ашиглан үйлдлээрээ нэгдэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэх үндэслэлээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйл хэсэг зүйчлэл тохирсон гэж шүүх дүгнэсэн.

Шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч нар  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй,  гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан гэрч хохирогч, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно. 

Шүүх шүүгдэгч П.Б  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотолсон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Э , Б.Э  нарын бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар баг Цайдам гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Д.С ын өмчлөлийн адуунаас 9 тооны адуу буюу бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч П.Б  нь  хамжигчаар үйлдлээрээ нэгдэгч улмаар хохирогч Д.С ад 12.647.700 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч П.Б г бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч П.Б  нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нас барсан болох нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №224101002623 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай “Зарим яллагдагчид холбогдогчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд 
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “9 тооны адууны үнэлгээ 12 647 700 төгрөгийн хохирол гарснаас 3 000 000 төгрөгийн хохирлыг Б.Э өөс авсан, одоо үлдэгдэл 6 323 850 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
 
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан хохирогчид учирсан 12 647 700 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.Э өд ногдох 6 323 850 төгрөгийг хасаж   6 323 850 төгрөгийг шүүгдэгч П.Б гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Ж.Болорчимэгт олгох нь зүйтэй байна.

    Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч П.Багаахүүгийн өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж “шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч П.Б   нь 4 000 0000 төлж үлдсэн 2 323 850 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсний хангасан байна гэж үзлээ.

    Иймд шүүгдэгч П.Б гээс 2 323 850 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болорчимэгт олгох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар: 
Улсын яллагчаас “шүүгдэгч П.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас” Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн Миний үйлчлүүлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 2 өдөр батлагдаж 6-ны өдрөөс мөрдөгдсөн Өршөөлийн тухай хуульд хамаарагдаж байгаа. Хууль үйлчлэх цаг хугацааны хүрээнд байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Б  нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх ял шалгах хуудас тогтоогдсон.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байна. 

    Шүүгдэгч П.Б  нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна.” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
    Шүүхээс шүүгдэгч П.Б г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан "2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн" гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.
Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.
Тиймээс шүүгдэгч П.Б гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 хэсэгт "Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Бусад асуудлын талаар
    Эрүүгийн 2034005360471 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, үнэлгээний тайлан гаргасан хөлс 45 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д олгохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт П-н Б г бүлэглэн машин механизм ашиглаж бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б г  2 / хоёр/ хугацаагаар жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 5.6 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овогт П-н Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хэлрүүлсүгэй.
         
            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б гээс 2 323 850 /хоёр сая гурван зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болорчимэгт олгосугай.

5. Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагаас хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн 2034005360471Т дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй үнэлгээний тайлан гаргасан хөлс 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Б гээс гаргуулж “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-д олгохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай. 

 9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Ц.ОТГОНЖАРГАЛ