Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

                              

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Н.Сүх-Очир,

           хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор  М.Хэрлэнчимэг,

гэрч Л.Г , Н.З ,

хохирогч Б.У , түүний өмгөөлөгч Б.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар, Л.Энхтунгалаг,

            шүүгдэгч Г.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

И овогт Г-н Ч д  холбогдох эрүүгийн 2234006980531  дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв. 

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол улсын иргэн,

регистрийн дугаартай гэв.

 

Хэргийн товч агуулга: 

Шүүгдэгч Г.Ч  нь Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 26-аас 2-нд шилжих шөнө “...манай эхнэрийг оролдсон...” гэх шалтгаанаар иргэн Б.У ийн цээжин тус газарт отверкоор хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Ч : “Би найзыгаа гэмтээсэндээ уучлалт хүсэж байна. Ял хөнгөрүүлж өгнө үү. Би хөдөө мал малладаг. Манай гэр бүлийн хүн хагалгаанд орно. Хорих ял авбал хүнд байна. Миний бие мориноос унаад гэмтээд группэд байдаг.” гэв.

 

Хохирогч Б.У : “Миний зүгээс өвчтэй группт байдгийг би  мэднэ. Би гомдолгүй тул ялаас хөнгөрүүлж өгнө үү. Найзыгаа уучилсан.” гэв.

           Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Үүнд:

            Хохирогч Б.У ийн мэдүүлэг /хх-ийн 12-22-р хуудас/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13569 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, Шинжээч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, Гэрч О.Э ийн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Л.Г ын мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, гэрч Н.Загдсүмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, гэрч М.Дэлгэрбатын мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, яллагдагч Г.Ч ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, яллагдагч Г.Ч ын мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх 5/ зэрэг болно.

 

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүгдэгч Г.Ч  нь Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 26-аас 2-нд шилжих шөнө иргэн Б.У ийн цээжин тус газарт отверкоор хатгаж улмаар  “Б.У ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус, хий хуралт 2022.10.01-ны мэс заслаар авалт /100 мл/, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугалгад шарх, хэвлий, хоёр гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий гэмтлүүд, бөгөөд хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдах буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн 1734005350111 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.У ийн өгсөн: “Би 2022 оны 09-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос найз Дэлгэрбатын хамт Төв аймгийн Сүмбэр суманд байдаг найз Ч ынд очхоор 13 цагийн үед явсан юм. Төв аймгийн Сүмбэр суманд 16 цаг өнгөрч байх үед очоод Ч ын гэрт очсон. Бид нарыг очиход Ч  гэртээ байхгүй өвөлжөөндөө өвс буулгахаар явсан байсан. Гэрт нь эхнэр Э туслах малчны эхнэр гээд жирэмсэн эмэгтэй хамт байсан. Э цай хоол хийж байтал нутгийн 2 танихгүй залуу ирсэн. Тэр хоёр залуугийн нэрийг Ууганбаатар, Баянаа гэж байсан. Ууганбаатар, Баянаа хоёр нэг шил хараа нэртэй архи, нэг 2.5 литрийн савтай пиво гаргаж ирсэн. Тэр архи пивийг нь Ууганбаатар, Баянаа, Э , Дэлгэрбат бид нар хувааж уугаад байж байтал сумын төвд амьдардаг гээд Хүүхнээ гэх залуу ирсэн. Бид нар архи пивийг хувааж уугаад байж байтал Э би архи аягалья гээд архи аягалсан. Дэлгэрбат бид хоёр уг залуучуудыг сайн таньж мэдэхгүй болохоор бага зэрэг уусан. Тэгтэл Баянаа гэх залуу өврөөсөө 0.75 литрийн архи гаргаж ирээд тэр архийг нь бид нар хувааж уугаад байж байтал Ч , туслах малчин залуугийн хамт өвсөө буулгаж дуусаад ирлээ гээд гаднаас орж ирсэн. Би Ч д очихдоо өгсөн байсан 0.75 литрийн архийг Ч  задлаад тэр архийг хувааж уугаад дууссан. Хүүхнээ, Баясаа гэх залуучууд явлаа гээд яваад өгсөн. Ууганбаатар гэх залуу унтаад үлдсэн. Тэгтэл Э , Ч  хоёр сумын төв орж дэлгүүр оръё гэсэн. 23 цаг өнгөрч байна одоо дэлгүүр хаачихсан байгаа гэхэд жоорны хүн байна аа хөгшөөн гээд Э нэг утас руу залгаад эмэгтэй хүнтэй ярьсан тэгээд миний машинтай Дэлгэрбат, Ч , Э , Ууганбаатар бид нар сумын төв рүү явсан. Сумын төвд ирээд Ууганбаатарын гэрийнх нь гадаа буулгаад Ч  Ууганбаатарыг гэрт нь оруулж өгөөд гарч ирсэн. Тэгээд Ууганбаатарын гэрээс холгүй нэг дэлгүүрийн гадна очоод Э машинаас буугаад явсан. 2 шил 0.5 литрийн архи аваад ирсэн. Тэр архийг нь сумын төвөөс баруун тийш хөдөө гараад уусан. Үлдсэн нэг шил архийг нь би Ч ын гэрт ирээд зүүн орны хөл рүү нуучихсан. Замдаа задалсан байсан 1 шил архийг нь бид нар хувааж уусан. Дэлгэрбат утсаар яриад машиндаа сууж байсан. Ч , Э хоёр гэртээ караоке дуулъя гээд бид нар дуулсан. Э миний нуусан байсан архийг надаас асуугаад байхаар нь нуучихсан, маргааш ууя гэсэн чинь Ч  тэр архийг гаргаад задалсан. Би тэр архинаас 2 хундага уугаад дахиж архи уугаагүй, баруун орон дээр хувцастайгаа буруу хараад унтсан. Намайг унтаж байтал Ч  намайг татаж сэрээгээд пизданууд ирж гай боллоо гээд байсан. Би босоод юу болов гэхэд Ч  пиздануудыг ална гээд шар өнгийн автерк барьчихсан намайг автеркаар цээжний зүүн хөхний доод хэсэгт 4-5 цагийн байрлалд 2 удаа хатгасан, би гэрээс зугтаад гарахад миний араас хар өнгийн иштэй нимгэн хар хутга барьчихсан гарч ирээд намайг машиндаа орох гэж байтал араас зүүн суга хэсэг рүү нэг удаа хутгаар хатгасан. Би эргэж хараад Ч тай барьцалдаж авсан. Тэгтэл Ч ын туслах малчин залуу гэрээсээ гарч ирээд Ч  бид хоёрыг салгах гээд тэврээд авсан. Тэр агшинд Ч  миний эрүүн доороос хутгаа тулгачихсан байсан. Миний эрүүн дор 2 удаа хатгасан, мөн зүүн хацарт зүсэгдсэн байсан. Би Ч аас зугтаад машин, гэр тойроод гүйгээд зугтаад байсан. Ч  намайг гүйцээнэ гээд хөөгөөд байсан. Би зугтаж байгаад Ч ын туслах малчны гэрт ороод хаалгыг нь хаагаад байж байтал туслах малчин залуу хаалгыг татаад ороод ирсэн. Араас нь Ч  орж ирэхээр нь би зөрөөд гэрээс гараад машиныхаа цонхыг цохиход машинд унтаж байсан Дэлгэрбат машины хаалгыг онгойлгосон. Тэгээд би машиндаа суугаад Дэлгэрбатыг хурдан зугтаарай. намайг хутгалчихлаа гэхэд Дэлгэрбат гайхаад итгэхгүй байсан. Би уурлаад хурдан хөдөл гээд хөдөлсөн. Би 2017 оноос хойш Ч тай танилцаж найз нөхөд болсон. Ч ынд нэг өвөлжөө зарагдах гээд байна чи ирж үзээч гэхээр нь өвөлжөө үзэх гэж очсон. Бид хоёр урьд нь маргалдаж муудалцаж байгаагүй. Намайг отверк, хутгаар хатгасан. Мөн малчин гэх залуу миний зүгээр байсан хүмүүстэй хамт гай боллоо гээд баруун хөхний дотор тал хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн Ч тай барьцалдаж байх үед намайг арагш нь татаж унагасан. Өөр цохисон зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хагалгаанд орсон дахин хагалгаанд орох эрсдэлтэй байна. Намайг эмнэлэгт ирээд хэвтэж байхад Э над руу утсаар залгаад чи хотоос ирж архидаж манай амьдралд гай боллоо. Чи ганцаараа хутгалуулсан юм уу. Би 3 удаа хутгалуулсан гэртээ харьж чадахгүй айлд байна гэж ярьсан. Одоо над руу уучлаарай гэсэн утгатай мессеж бичиж байгаа. Мөн надаас би чамд Ч д хөөгдөж байх үед ээмгээ өгсөн хадгалж байгаарай хаячихваа гэсэн мессеж бичсэн. Би Э ийн ээмгийг аваагүй надад ээмэг өгөөгүй.

...Би тухайн үед өөрийгөө хянах чадвартай байсан. Ч  нэлээн согтолттой байсан. Би Ч ын эхнэр Э ийг оролдож үнссэн зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орж байсан зүйл байхгүй. Найз нөхдийн харилцаатай. Эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг болсон баримт нь байгаа. Гомдолтой байна. Би эмчилгээнд гарсан зардлаа баримтаар нэхэмжилнэ. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тэр зардлыг нэхэмжилнэ.” гэх  мэдүүлэг /хх 12-22, 23/,

Гэрч О.Э ийн өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед өөрийнхөө машинтай үхрээ хураагаад явж байтал манай найз У  нэг найзтайгаа ирсэн тэгээд би үхрээ Хүүхнээ гэх залууд захиж орхиод У ийг найзынх нь хамт дагуулаад гэртээ очсон. Гэртээ очоод хоол цай болоод сууж байтал Баяка, Ууганбаатар нар ирсэн. Тэгээд Баяка, Ууганбаатар нар нэг шил архи, 2.5 литрийн пивотой ирээд У , Дэлгэрбат, Баяка, Ууганбаатар нар хувааж уусан би тэр архи пивноос уугаагүй. Удалгүй Ч  ирсэн У  Ч д нэг шил архи өгсөн тэр архийг нь хувааж уугаад Баяка, Хүүхнээ хоёр явсан. Ууганбаатар манай гэрт унтаад үлдсэн. У , Ч , Дэлгэрбат бид нар Ууганбаатарыг сумын төвд гэрт нь хүргэж өгөөд сумын төвд байдаг Цогзолмаа эгчийн гэрээс 2 шил 0.75 грамм архи аваад буцах замдаа зогсож байгаад нэг шил архийг нь задлаж талыг нь уугаад гэртээ ирээд үлдсэн тал шил архиа уугаад сууж байтал Ч  орондоо орж ирээд унтаад өгсөн. Үлдсэн нэг шил архийг нь Уугантегс, Дэлгэрбат бид гурав ууж байгаад баралгүй үлдээсэн. Тэгээд Дэлгэрбат гэрийн гадна машиндаа унтана гээд гарсан. Би У өд ор засч өгөөд нөхөр Ч ын хажуугаар ороод унтах гэтэл У  гэрэл унтраагаад миний хажуугаар орж хэвтээд намайг үнсэж, үмхээд байхаар нь би У ийг орондоо орж амар гээд хэлтэл манай нөхөр Ч  яасан их хүний нүд дарж хажууд доромжилдог юм бэ гээд гэрэл асааж босож ирээд У  бид хоёрыг гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гараад машинаа асаагаад зугтчихсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би У өд миний гэр бүлийг үймүүлж амгалан тайван байдлыг алдагдуулж хэрүүл маргаан үүсгэсэн гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 31/,

Гэрч Л.Г ын өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ч  ахын гэрт найз нь машинтай 2 хүн ирсэн, мөн Сүмбэр суманд амьдардаг гээд хоёр танихгүй залуу байсан. Би Ч  ахын гэрт ороод удаагүй тэр хүмүүс юм яриад сууж байсан. Намайг шөнө гэртээ унтаж байхад гадна хун орилох шиг болсон, тэгээд манай нөхөр Загдсүмбэрэл хувцсаа өмсөөд гараад явсан. Удалгүй манай гэрт хотоос ирсэн Ч  ахын найз нь орж ирсэн араас нь манай нөхөр Ч  ахтай хамт орж ирсэн, тэгтэл Ч  ахын найз нь манай гэрийг бүтэн тойроод буцаад гараад явсан араас нь манай нөхөр Ч  ах хоёр гарсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна.” мэдүүлэг /хх 34/,

Гэрч Н.Загдсүмбэрэлийн өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ч  ахын хамт Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Туудан гэх газарт өвс буулгаж байтал Ч  ахын найз нь ирчихлээ гээд утсаар дуудсан. Ч  ах бид хоёр өвсөө буулгаж дуусаад гэртээ ирэхэд Ч  ахын гэрийн гадна хар машин ирчихсэн байсан. Мен хоёр мотоцикл байж байсан, би Ч  ахын гэрт ороогүй өөрийнхөө гэрт орсон. Ч  ахын гэрт хэн хэн байсан талаар мэдэхгүй байна. Шене гэртээ унтаж байтал Ч  ах гэрийнхээ гадна орилоод байхаар нь гараад очиход У өө пизда минь айлын авгай татаж чангаахаасаа ичихгүй байна уу гээд байсан. Ч  ах У  нарыг боль гээд салгасан. Тэгээд У  гэх хүн Ч  ахаас зугтаагаад манай гэрт ороод буцаад гараад явсан. Тэгээд У  машиндаа суугаад явсан. Би гэртээ унтаж байсан. Шөнө дунд гэрийн гадна Ч  ах орилоод байсан. Намайг гэрээс гарч ирэхэд гэрийн гадна Ч , У  хоёр байсан. У тэй хамт явж байсан залуу машин дотроо унтаж байсан өөр хүн байгаагүй. Би Ч  ахыг цохиж зодоогүй, У ийг айлын авгай татаж чангаагаад байхдаа яадаг юм гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд У  жолоочоо сэрээгээд машиндаа суугаад яваад өгсөн. Намайг гэрээс гарч ирэхээс өмнө юу болсон талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч М.Дэлгэрбатын өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сард байсан өдрийг нь санахгүй байна. Хэрэг болохын урд өдөр нь У тэй уулзахад У  нь Төв аймгийн Сүмбэр суманд малын өвөлжөөний газар үзмээр байна. Болвол ирэхдээ шөлний юмтай ирмээр байна хамт яваад ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамт Төв аймгийн Сүмбэр сум руу, У ийн Прадо-95 маркийн машинтай хамт явсан. Бид хоёр явсаар байгаад 16 цагийн орчим Сүмбэр сумын төв дээр очсон. Бид хоёр очих айлаа сайн олохгүй байсан. У  нь тэр очих айлын хүүхэдтэй нь утсаар яриад заалгаж байсан. Өөрсдөө утсаа авахгүй байсан. Тэгээд хүүхдээр нь утсаар гэрийг нь заалгаад тэр айлд очсон. Бид хоёрыг очиход эхнэр нь гэх 1 эмэгтэй, малчных нь эхнэр гэх бас 1 эмэгтэй хажуу талынх нь гэрт байсан. Бид хоёр тэр айлд очихдоо 1 шил архи, чихэр жимс авч очсоноо гаргаж өгсөн. Бид нарын очсон айлын эхнэр нь хоол, цай хийж өгсөн. Тэгээд байж байхад нутгийн адуучин гэх 2 залуу орж ирсэн. Тэр хоёр залуу нь тэр гэрийн эзэнтэй уулзахаар ирсэн гэж байсан. Тэр ирсэн малчин гэх хочр залуу 1 шил Хараа нэртэй 0.75 грамтай архи, 1 том 2 литрийн Боргио нэртэй пиво гаргаж ирсэн. Тэр архи, пивийг тэр айлын эхнэр гэх эмэгтэй, У , тэнд ирсэн адуучин гэх 2 залуу нар хувааж уусан. Би пивоноос нь 1 аяга уусан. Тэгээд байж байхад оройн 18 цагийн орчим гэрийн эзэн гэх залуу, туслах малчин гэх 1 залуутай хамт ирсэн. Тэгээд уулзаад юм яриад сууж байсан. Тэнд байсан хүмүүс бид нарыг аваачиж өгсөн архийг задалж уусан. Орой тэнд ирсэн адуучин гэх 2 залуугийн нэг нь нэлээд их согтсон байсан. Тэр үед тэр айлын эхнэр нь хоёрын хооронд 1 архи авчирч өгөөд хүний хорхой хүргээд хаячих юм аа гэж хэлээд энэ согтсон залууг сумын төв рүү хүргэж өгье, тэгээд нэмж архи авъяа гэж хэлсэн. Тэгээд тэр согтсон залууг У ийн машинд суулгаад тэр айлын эзэн, эхнэр нь, У , тэнд байсан нөгөө залуу нь, би бид нар сумын төв рүү явсан. Орой багцаагаар 22 цаг өнгөрсөн байсан байх Дэлгүүр хаасан байсан. Тэгээд сумын төвийн урд байх том хашаатай айлд нөгөө согтсон залууг хүргэж өгчхөөд, цааш явж замдаа нөгөө айлын эхнэр нь Дэлгүүртэй айлын гадна зогсоод тэр айл руу ороод уутанд 2 шил архи хийчихсэн гарч ирсэн. Тэгээд бид нар ахин машиндаа суугаад хөдөө нөгөө очсон айл руугаа явсан. Замд явж байхад сумын төвөөс хойд зүгт 5 км орчим явж байхад замаас гарч машинаа зогсоогоод У , нөгөө айлын эзэн, эхнэр гурав 1 шил архийг нь хувааж уусан. Тэд нар архийг ууж дуусгаагүй бүгд 2 удаа уугаад тэгээд боллоо гээд цаашаа хөдөө гэр лүү нь явсан. Тэгээд хөдөө гэрт нь 23 цаг өнгөрч байхад очсон. Бид нар очоод байж байхад гэрийн эзэн нь жижиг караоке гаргаж ирээд бид нар дуулсан. Тэр үед нөгөө айлын эзэн нь ууж байгаад үлдсэн тал шил архийг гаргаж ирээд бид нар хувааж уусан. Би амрах гэж байсан болохоор тэр тал шил архинаас нь уусан. Тэр тал шил архийг ууж дуусаад 00 цаг өнгөрч байсан байх би машиндаа орж унтлаа гээд гарсан. Намайг машинд орж унтахаар гарахад гэрт тэр айлын эзэн, эхнэр, У  нар дуулаад үлдсэн. Би машин дотор ороод унтаж байхад пижигнэтэл машины цонхыг У  нь нүдсэн. Сэрээд юу болов гээд машины хаалгыг онгойлгоход У  нь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр айлын эзэн туслах малчин хоёр хүрч ирээд гэрийн эзэн гэх залуу У тэй барилцаж аваад зууралдаад байсан. Тэгтэл тэр туслах малчин нь гэрийн эзнийг татсан. Би У ийг татаж салгахад тэр малчин нь айлд ирж хүнд гай болсон пизда гэж хараасан. Би У ийг суулгаад шууд Улаанбаатар хот руу явсан. Бид нарыг Улаанбаатар хот руу явж байхад цаг 03 цаг өнгөрч байсан. Бид нар шууд Улаанбаатар хот руу явсан. Бид нар замдаа явж байхдаа болсон үйл явдлыг сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тэгээд Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт У ийг үзүүлээд эмнэлэгт хэвтүүлэхээр болоод эмчид үзүүлж хэвтүүлсэн. Би хутгалуулчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь хаана чинь юугаар хутгалчихваа гэж асуухад зүүн талын суган доогуураа заагаад энд миний эрүүний энд гээд эрүүнийхээ зүүн талыг харуулахад эрүүн доор нь юмаар хатгасан цус гоожсон, зүүн талын нүднийх нь доор бас хатгасан цус гарч байсан. Юунаас болж муудалцсан талаар нь би мэдээгүй. Би гадна машинд унтаж байсан болохоор гэрт юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 88-89/,

Шүүгдэгч Г.Ч ын өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сум Жавхлант 2 дугаар баг Туудан гэх газарт өвөлжөөн дээр туслах малчин Сүмбээгийн хамт өвс буулгаж байхад У  миний утас руу залгаад би танай гэрт ирчихсэн байна би чам дээр яваад очих уу эсвэл чи хүрээд ирэх үү гэхээр нь би яваад очиж гээд гэртээ ирэхэд манай гэрт У , Дэлгэрбат, Э , Ууганбаатар, Баярбат /Баяка/, Хүүхэнээ нар архи уугаад сууж байсан тэр архийг нь дуусгаад байж байтал У  надад нэг шил 0.75 грамм шилтэй архи егсөн. Би У ийн өгсөн архийг тэнд байсан хүмүүсд задлаж өгөөд хамт ууцгаасан. Баярбат У тэй танилцсан гээд У өд нэг шил 0.75 грамм хараа архи өгсөн тэр архийг мөн бид нар хувааж ууж дуусаад Баярбат, Хүүхэнээ хоёр явлаа гээд явсан. Манай гэрт Ууганбаатар согтоод унтчихсан байсан. Ууганбаатарыг сумын төврүү Э , Дэлгэрбат, У  нарын хамт У ийн машинаар хүргэж өгөөд би Ууганбаатарыг гэрт нь оруулж өгөөд сумын төвд дэлгүүрийн үүдэнд зогссон Э машинаас буугаад явсан 2 шил архи аваад ирсэн. Тэгээд У , Дэлгэрбат, Э бид нар сумын төвөөс гараад гэртээ харих замдаа зогсож байгаад нэг шил архиа задлаад уусан. Гэртээ очоод үлдсэн нэг шил архиа хувааж уусан. Дэлгэрбат гэрийн гадна машиндаа ороод унтчихсан. Би гэртээ орондоо ороод буруу хараад хэвтсэн. Намайг У  унтсан гэж бодсон байх манай эхнэр Э ийг би чамайг хүсдэг гээд байсан тэгтэл Э чи битгий эргүүтээд бай цаана чинь ор засчихсан орондоо орж унт гэсэн. Тэгээд Э хувцсаа тайлаад миний өвөрт ороод хэвтсэн чинь У  гэрэл унтраагаад Э ийн хажуугаар хэвтээд Э ийн үнсээд татаж чангаагаад байхаар нь би яасан их хүн доромжилдог юм гээд уурлаад босч ирээд гэрлээ асаагаад гэрт байсан шар өнгийн иштэй автиркаар У ийн зүүн хөхний доод хэсэгт нэг удаа хатгасан У  гараад зугтсан би араас нь гэрт байсан шар өнгийн бариултай хайч барьж гарч ирээд У ийн эрүүн доор тулгаад зайл пизда минь гэж хэлсэн. Тухай үед туслах малчин Сүмбээ гарч ирээд У  бид хоёрыг салгасан. У ийг Сүмбээ гай болоо пизда минь зайл гээд араас нь бөгс рүү нь нэг удаа өшиглөөд машинд нь суулгаад явуулсан. Би тухай үед бага зэрэг согтолттой байсан. Болсон зүйлийн талаар бүгдийг мэдэж байгаа. Би У ийн зүүн хөхний доод хэсэгт автиркаар нэг удаа хатгасан цус гарч байсан. Мөн гэрийн гадна гарч ирээд эрүүн доор нь хайч тулгасан тухайн хайчны үзүүр хатгагдсан байж магадгүй, гэрт маргалдаж байх үед У ийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн өөрөөр цохиж зодоогүй. У  намайг ганц нэг удаа цохсон гэхдээ надад гэмтэл бэртэл учруулахаар сүйдтэй цохиогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. У  надаас өөр хүнтэй маргалдаж, муудалцаж, зодолдоогүй. Автиркийг нь хайгаад олохгүй байгаа. Хайч нь миний машин дотор байгаа.” гэх мэдүүлэг /хх  55, 68/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №13569 дугаартай шинжээчийн: “1. Б.У ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус, хий хуралт 2022.10.01-ны мэс заслаар авалт /100 мл/, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугалгад шарх, хэвлий, хоёр гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 40-41/,

Шинжээч Э.Эрхэмбаярын өгсөн: “Хохирогч Б.У ийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цус, хий хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэрэгт, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугалгад шарх, хэвлий, хоёр гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх 50/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” зөвшөөрөл /хх 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

            Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан.

 

            Шүүгдэгч Г.Ч  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...манай эхнэрийг оролдсон...” гэх шалтгаанаар иргэн Б.У ийн цээжин тус газарт отверкоор хатгасан байх бөгөөд цээжин тус газар нь хатгасан шарх нь цээжний хөндий нэвтэрсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хуульчилжээ.

 

            Отверк нь бүтцийн хувьд биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл”-д хамаарч байна.

 

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн...” гэж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Ч ыг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хянан шийдвэрлэв.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

   мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

   мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Хохирогч Б.У өөс шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримтаар 3.524.540 төгрөг, 2022.10-12 сар, 2023.01-03 сар хүртэлх ажилгүй байсан үеийн цалин 2.910.000 төгрөг, нийт 6.434.540 төгрөг мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилдэг бөгөөд,

хохирогчийн ирүүлсэн хохирлын баримт нотлох баримтын шаардлага хангасан тул хангаж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул 2.524.540 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй." гэж тус тус заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

Иргэн Г.Ч  нь согтуугаар Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.У ийн цээжин тус газарт отверкоор хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.У  нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч, Номун эмнэлэг, Баянзүрх эмнэлэг, нийслэлийн түргэн тусламж болон эмийн амбулаторийн үзлэг оношилгоо зэрэг эмнэлгийн туслах үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.118.050 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ч аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү." гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч нь 500.000 төгрөгийг төлсөн байх тул 4 618 050 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох нь үндэслэлтэй гэж үзсэн.

   Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Г.Ч ын өмгөөлөгч нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж “шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Г.Ч   “2.524.540 төгрөгийг” төлсөн, “хохирол баримтыг шүүхэд ирүүлсэн”, хохирогч гомдолгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлт,

Шүүгдэгч Г.Ч ын өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх өгөөч” гэх дүгнэлтийг,

Хохирогч Б.У : “бид 2 найзууд ойлголцсон, гомдолгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү. Найзыгаа уучилж байна.” гэх санал тус тус гаргав.

           

            Шүүгдэгч Г.Ч ын хувийн байдалтай холбоотой боловсролгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант 1 дүгээр баг, гэр хашаа гэх газарт хувиараа мал аж ахуй эрхлэн амьдардаг, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №0479430 дугаартай шийдвэрээр ердийн өвчний жагсаалтын 4-6а-д заалтаар хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, урьд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ял шалгах хуудас /хх 73, 81-85/ тогтоогдсон болно. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Г.Ч  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч нь Г.Ч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлсөн, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг тухай бүр нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрөө хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, анх удаа шүүхээс ял шийтгүүлж байгаа, хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ч  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”,  1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            шүүгдэгч Г.Ч ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд,

            Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

            Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

 

            Эрүүгийн хуульд заасан “ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно.

       

            Шүүгдэгч Г.Ч ын хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн сайн дураараа төлсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах болсон зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

         

   Эрүүгийн 2234006980531  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И овогт Г-н Ч ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч д 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч аас 4 618 050 /дөрвөн сая зургаан зуун арван найман мянга тавин/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай.

 

5.Хохирогч Б.У  нь ажилгүй байсан үеийн цалин болох 2.910.000 /хоёр сая есэн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн 2234006980531  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст  даалгасугай.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 04 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАЛ

   

                                                                                       Ю.ЭНХМАА