| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0210/3 |
| Дугаар | 221/МА2025/0482 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0482
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт”-ийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0397 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 128/2025/0210/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт”-ийг сэргээхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0397 дугаар дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт”-ийг сэргээхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй...” болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... “М” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-014*** дугаартай талбайд “өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд гаргасан. Тухайн хугацаанд нь тусгай зөвшөөрлийн талбайд ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд “хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах талаар” хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр удаа дараа хандсан боловч 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/**** албан бичгээр татгалзсан хариу өгсөн... Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн www.mpc.mmhi.gov.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр шинжээч томилох хүсэлтээ гаргасан байдаг. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга н.С удаа дараа уулзаж, асууж тодруулахад дотоод бүтэц, дарга томилогдоогүй гэх зэрэг шалтгаанаар шинжээч томилохгүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэл, нөөцийг хүлээн авсан баримтыг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд “М” ХХК-ийн өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа буюу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй болно. Гэтэл шүүхээс эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргахаас татгалзсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт” хавсаргах баримтын бүрдүүлбэрийг 2 жил 8 сарын хугацаанд хийж гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд зөрчигдсөн эрх ашиг байхгүй гэжээ. Бүрдүүлэх байсан баримтуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу Байгаль орчны яам хийдэг. Тус үнэлгээ хийлгэхийн тулд төслийн ТЭЗҮ түүнд хавсаргаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэл, нөөцийг хүлээн авсан баримтыг хавсаргаж өгдөг. Мөн Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-014*** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлснээс тус төсөлд 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ирсэн байтал зөрчигдсөн эрх ашиг байхгүй гэж дүгнэсэн нь “М” ХХК-ийн хууль ёсны эрх, ашгийг үгүйсгэж дүгнэсэн, үндэслэлгүй дүгнэлт байна.
3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” *** дугаар шийдвэр нь нэхэмжлэгч компанийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул түүнийг мэдэгдэх, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийгээгүй. Мөн “М” ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргах үйлдэл хийхгүй байснаас шалтгаалан гаргаж өгөх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгааныг үүссэн нөхцөл байдлыг арилгах дорвитой бодит ажил хийгээгүй, зөрчигдсөн эрх ашиг байхгүй хэмээн дүгнэсэн нь байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0397 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт”-ийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-014***** тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх үед 1507.49 талбайдаа хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026****** дугаарт бүрдүүлбэр дутуу өргөдөл гарган бүртгүүлсэн боловч хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10/3769 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр” 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж заасан баримт бичгийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 2.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцох”-ыг мэдэгдэж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.
2.3. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргахдаа 25.1.5 хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.7 байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хавсаргаж ирүүлээгүй... өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээд болох “М” ХХК-д энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.4. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам” гээд 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”, 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, 26 дугаар зүйлд “Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа” гээд 26 дугаар зүйлийн 26.3.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр, эсхүл энэ хуулийн 17.1-д заасан цахим хэлбэрээр мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тэмдэглэх” гэж тус тус зохицуулсан.
2.5. Шүүхээс захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд гаргасан шийдвэрийг хянахдаа хуульд заасан нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдал хангагдсан эсэхийг тогтоох бөгөөд хэрэв тухайн урьдчилсан нөхцөл хангагдаагүй бол захиргааны акт гаргахаас татгалзах нь хууль ёсны юм. Харин хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдсан хэдий ч холбогдох захиргааны актыг гаргах эсэхийг захиргаа сонгох эрхтэй тохиолдолд тэрхүү сонгох боломжийн хүрээнд гаргасан татгалзал хууль ёсны эсэхийг хянах шүүхийн хяналт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хүрээгээр хязгаарлагдана.
2.6. Нэхэмжлэгч компанийн хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болохоор байх бөгөөд тус тусгай зөвшөөрөл хүчинтэй байх үед буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн NM-026****** дугаарт бүртгүүлсэн “ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт” хавсаргах баримтын бүрдүүлбэрийг 2 жил 8 сарын хугацаанд хийж гүйцэтгээгүй байна. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноор нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл эзэмшигч биш буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр хангагдахгүй болсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, …” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах зохицуулалттай бөгөөд харин тухайн тохиолдолд, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйлгүй, мөн сонгох эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн хүсэлтээр захиргааны актыг гаргах ажиллагаа дахин хийх үүрэггүй тул шүүхээс нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон эрх зүйн харилцаанд хариуцагчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг сэргээж, шийдвэрлэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА