Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 06

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Д.Энх-Оргил

Шүүгдэгч: Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Сундуй, Ц.Баярмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарт холбогдох 201616010100 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын харъяат, 1962 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, халх, боловсрол бүрэн дунд, BCDE ангиллын жолооч мэргэжилтэй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багт оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Балжин бошигт овгийн Дэмбэрэлийн Мөнхтөр /РД: КИ62112916/

Монгол Улсын харъяат, 1975 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 41 настай, халх, боловсрол бүрэн бус дунд, мэргэжилгүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10-р хороо 1-р хэсгийн 196 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Бичээч овгийн Дэлгэрнямын Болормаа /РД: ЕЙ75010507/

Монгол Улсын харъяат, 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайханы 7-27 тоотод оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагналгүй, МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан эрүүгийн 201516010096 дугаартай Б.Дэлгэрбаярт холбогдох хэргийг, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11-р сарын 09-ний өдрийн №85 дугаартай шүүгчийн захирамжаар, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг” тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосон. Улаандаавуу овгийн Баярмаагийн Дэлгэрбаяр /РД: КЮ83103011/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Гашуунсухайт” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор “Таван толгой транс” ХХК-ийн эзэмшлийн 56-68 ӨМА улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 56-68 АЧ улсын дугаар бүхий чиргүүлийн бүтээлэг хийх зориулалттай хөндий саванд нийлэг уутанд савласан 10.6 кг хэмжээтэй цагаан өнгийн нунтаг “Кофейн” хэмээх эмийн бодисийг нууж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж “Хүн амын эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дэлгэрбаяр мэдүүлэхдээ:”... 2016 оны 09 сарын 02-ны өдөр Болормаа гэх хүн над руу яриад хүүхэд цэцэрлэг сургуульд орлоо мөнгө байна уу? гэж асуусан бөгөөд би надад мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Дараа нь Болормаа дахиж яриад надад мөнгө олоод өгөөч, эгч нь хятад руу гарч наймаа хийх гэж байгаа түүнийгээ дараа хэлье, мөнгө олоод өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би хот явах гэж байсан бөгөөд Болормаа руу 240.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь намайг эмнэлэгт хүүхдээ сахиж байхад Болормаа над руу мөнгө байна уу? гэж дахиж ярьсан. Тэгээд би өөрт байсан 140.000 төгрөгийг эхнэртээ өгөөд Болормаагийн данс руу шилжүүлүүлсэн. Болормаа над руу би мими оруулах гэж байна. Чи мими авах уу? гээд дахин дахин залгаад байсан. Хэд хоногийн дараа над руу залгаад эгч нь баригдчихлаа. Чамайг хэлчихсэн шүү, утсаа хаагаарай гэж ярьсан. Тухайн үед би утсаа хаагаагүй бөгөөд Ханбогдын цагдаагаас цагдаагийн ахмад Баасанбат гэх хүн ярьж мэдүүлэг өгөх хэрэгтэй талаар хэлсэн. Эхний мэдүүлгийг би айж сандарсан учир өөрийгөө буруугүй гэж зөвтгөсөн мэдүүлсэн. Дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө үнэн учраа хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Болормаа мэдүүлэхдээ:”Би Дэлгэрбаяраас 350.000 төгрөг урьдчилж авсан нь үнэн. Тухайн барааг хил нэвтрүүлж оруулж ирсэн нь үнэн. Тухайн барааг оруулж ирээд мөнгө олох зорилготой байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтөр мэдүүлэхдээ: 2016 оны 9 сарын 19-ний өдөр хилээр гарахдаа Болормаагийн хил гаргаад өг гэж өгсөн 2 зүйлийг хилээр нэвтрүүлсэн. Тухайн үед би очерт байсан учир их яаруу явж байсан. Хятадын хилээр гарахад хятад цагдаа нар маш ширүүн шалгадаг, кабинд байсан зүйлийг хүртэл нарийн шалгадаг учир хүний юмыг хураалгачихвий гэж бодоод нүүрсний бүтээлэгний саванд хийж дээрээс нь бүтээлгийг тавьсан. Тэгээд хилээр гарч ирсэн. Урьд өмнө нь хилээр хууль бус зүйл нэвтрүүлж байгаагүй бөгөөд зөвхөн нүүрсний машинаа барьдаг байсан. Анх удаагаа ийм хэрэгт холбогдож шүүх цагдаагийн асуудлаар 3 сар гаран шалгагдлаа. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна” гэв.

Үзлэг хийсэн тухай акт “5668 АЧ улсын дугаартай чиргүүлийн хэсгийн хучлага хийх зориулалттай хэсэгт хучлаган дотор нуусан хэлбэртэй хучлаганд ороож нуусан...” /ХХ-ийн 4-рт/

Бараа, тээврийн хэрэгслийг саатуулах хуудас “...5668 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 5668 АЧ дугаартай чиргүүлийн урд хэсэгт хучлага хийх зориулалттай хэсэгт хучлаган дотор нуусан хэлбэртэй хучлаганд ороож нуусан байсныг гаалийн шалгалтаар илрүүлсэн тул холбогдох байгууллагад шалгуулах...” /ХХ-ийн 5-рт/

Гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 10-15-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл “...БНХАУ-д үйлдвэрлэсэн 56-68 ӨМА улсын дугаартай нордбенз маркийн ND4250W382JJ маркийн чирэгч, 56-68 АЧ дугаартай HJT9400XXY маркийн чиргүүлийг...” /ХХ-ийн 18-19-рт/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “...Гаалийн байгууллагад хураагдаж материалын хамт ирүүлсэн 10.6 кг мими гэх бодисыг...” /ХХ-ийн 21-22-рт/

Таван толгой транс ХХК-ийн 2016.10.20-ны өдрийн 16/152-1 дугаартай Б.Мөнхбатыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилох тухай албан бичиг /ХХ-ийн 26-рт/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 12/01 дугаартай “...БНХАУ-д 2005 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2006 онд орж ирсэн Nord benz /чирэгч/ маркийн автомашин нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан манай өнөөгийн зах зээл дээр дунджаар 25,000,000 төгрөг, БНХАУ-д 2006 онд үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2006 онд орж ирсэн Nord benz-ний чиргүүл нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан манай өнөөгийн зах зээл дээр дунджаар 12,000,000 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байгаа болохыг тодорхойлов...” /ХХ-ийн 39-рт/

Гааль, татварын Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2016.10.05-ны өдрийн 07/817 дугаартай “...Шинжилгээний дүнгээс үзэхэд уг дээжинд төв мэдрэлийн системийн сэргээш болох сэтгэцэд нөлөөт эмийн зориулалтаар ашиглагддаг кофейн илэрсэн. Кофейн нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн ll жагсаалтад хамаарагдаагүй болно...” гэсэн албан бичиг /ХХ-ийн 42-44-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8721 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлээс каффейны агуулга илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын “Мансууруулах бодисын тухай конвенц” болон “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаггүй болно. Каффейны хүнд үзүүлэх эерэг нөлөө анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабит болон зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулна. Сөрөг нөлөө нь сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасах, шээс ялгаруулалт хурдсах зэргээр нөлөөлдөг байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 48-49-рт/

Эрүүл мэнд, спортын яам эмзүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн 16/15 дугаартай “...гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр кофейн бодис болох нь тогтоогдсон байна. ...Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр тогтоогдсон кофейн бодис нь Эрүүл мэнд спортын сайдын 2016.05.18, дугаар №А/184 тушаалын хавсралтаар гаргасан мансууруулах эмийн жагсаалт, сэтгэц нөлөөт эмийн жагсаалтанд аль алинд ороогүй байна. Мөн ДЭМБ-ын мансууруулах эмийн болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд бүртгэлгүй байна. Монгол Улсын болон ДЭМБ-ын Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд байхгүй байгаа тул хариулах боломжгүй. Кофейн төв мэдрэлийн системд сонгомлоор нөлөөлөн тархины холтослогт явагддаг сэрлийн процессыг бэхжүүлэн нэмэгдүүлэх, тохируулах, зохих тунгаараа нөхцөлт рефлексийг ихэсгэн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Кофейны мэдрэлийн системийг сэргээх үйлдлийн нөлөөгөөр оюуны болон биеийн хүчний ажиллах чадвар нэмэгдэнэ. Харин их тунгаар хэрэглэхэд мэдрэлийн систем ядаргаанд ордог. Кофейн нойрсуулах эм, наркозын бодисуудын үйлдлийг сулруулах, нугасны рефлексийн сэрэх чанарыг нэмэгдүүлэх, амьсгалын ба судас хөдөлгөх төвийг сэргээх, араг ясны булчингийн үйл ажиллагааг идэвхижүүлэн агшилтыг түргэсгэх зэрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ коллапс, шокын үед хэрэглэхэд артерийн даралтыг ихэсгэнэ. Кофейн бодис нь Монгол улсын эмийн бүртгэлийн 2015 оны жагсаалтын эмийн түүхий эдийн жагсаалтад 2019 оныг хүртэл хүчинтэй хугацаагаар бүртгэгдсэн байна. БНХАУ-аас Монгол улсад импортоор оруулж ирэх зөвшөөрөл бүхий эмийн үйлдвэрүүд эмийн түүхий эдээр импортлон оруулж бусад өвдөлт намдаах эмийн найрлагатай хамт нийлмэл найрлага бүхий эмийн хэлбэрт оруулж, үйлдвэрлэн зах зээлд худалдаалдаг. /Тухайлбал цитрамон-П г.м шахмал эмийн найрлаганд кофейн ордог ба энэ эм нь Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд худалдан борлуулах зөвшөөрөлтэй байна./ /ХХ-ийн 53-54-рт/

Д.Мөнхтөр, Д.Болормаа нарын иргэний үнэмлэхний лавлагаанууд /ХХ-ийн 88, 96-рт/

Б.Дэлгэрбаярын цахим үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 103-рт/

Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарын ял шалгах хуудаснууд /ХХ-ийн 89, 97, 104-рт/

Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 93, 100, 107-рт/

Д.Болормаагийн гэрлэлт бүртгэлгүй тухай баталгаа “...гэр бүлгүй болохыг тодорхойлов...” /ХХ-ийн 98-рт/

Шүүгдэгч Д.Болормаагийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 101-102-рт/

Шүүгдэгч Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарын Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэн талаархи мэдлээлэл /119-125-рт/

Шүүгдэгч Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарын арилжааны банкуудад зээл байгаа эсэх, мөн харилцах данс эзэмшдэг эсэх талаархи мэдээлэл /ХХ-ийн 126-165-рт/

Шүүгдэгч Д.Мөнхтөр, Д.Болормаа, Б.Дэлгэрбаяр нарын гар утасны орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /ХХ-ийн 166-186-рт/

Эмийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн 1226 дугаартай “...үл мэдэх нунтаг түүхий эд нь химийн шинжилгээгээр кофейны таних урвал өгч, 74,1 хувийн агууламжтай байна...” /ХХ-ийн 191-192-рт/

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн гаргасан тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ “...5668 ӨМА улсын дугаартай Northbenz маркийн 2005 онд үйлдвэрлэсэн LBZ446DB96A008164 арлын дугаартай чирэгч, 5668 АЧ улсын дугаартай HJT9400XXY маркийн 2005 онд үйлдвэрлэсэн LBZ9P84576B000061 арлын дугаартай 2006 онд импортоор орж ирсэн чиргүүл нь “Таван толгой транс” ХХК-ийн эзэмшилд тус тус бүртгэлтэй байна...” /ХХ-ийн 194-196-рт/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жамбалдоржийн өгсөн “...Өмгөөлөгчгүй байцаалт өгнө. ...Би Гашуун сухайт дахь Гаалийн газарт эрсдэл хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг юм. Өчигдөр буюу 2016 оны 09-р сарын 19-ний өдөр Гашуунсухайт боомтоор Хятад улсын чиглэлээс нэвтэрсэн 56-68 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлээс илэрсэн 10.6 кг мими гэх бодистой холбоотой асуудлаар Гашуунсухайт гаалийн газрыг төлөөлүүлэхээр манай байгууллагаас томилсны дагуу би хохирогчоор байцаалт өгч байна. ...Болормаа гэдэг эмэгтэйг нүүрсний машинаар мими оруулж ирж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу манай ажилтнууд хяналт тавьж ажилласнаар энэ үйлдлийг илрүүлсэн байсан. ...надад болон манай байгууллагад энэ хэрэгтэй холбогдуулж нэхэмжлэх зүйл, гаргах санал хүсэлт, гомдол байхгүй. ...Энэ бодисыг хувь хүн улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй. Дээрх хүмүүс ч мими оруулах гэж байгаагаа холбогдох байгууллагуудад урьдчилан мэдэгдэлгүй нууж оруулж ирэх явцад нь илрүүлэн саатуулсан юм. ...Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-рт/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Мөнхбатын гэрчээр өгсөн “...Манай таван толгой транс ХХК-ийн 58-68 АЧ дугаарын чиргүүлтэй 5668 ӨМА улсын дугаартай нордбенз машиныг жолоодож явсан Д.Мөнхтөр нь улсын хилээр мими гэх бодис оруулж ирээд энэ асуудалд шалгагдаж байгаа ...ийм үйлдэл хийхдээ манай компанийн тээврийн хэрэгслийг ашигласан байсан. ...тухайн тээврийн хэрэгсэл нь 2 улсын хооронд нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгсэл бөгөөд хятад талдаа Санхэ компани Монгол улсад болохоор “Таван толгой транс” компанид харъяалагддаг юм. Жолооч Мөнхтөрд хятад улсын нутаг дэвсгэрт хятад хүн тээврийн хэрэгслийг олгосон байсан. Мөнхтөр аль ч компанийн үндсэн ажилтан биш нэг рейс хийгээд цалин авах байдлаар ажилладаг хөлсний жолооч юм. Энэ хэрэгт таван толгой транс компанийг төлөөлж байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар намайг томилсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-рт/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Батмөнхийн өгсөн “...Гашуунсухайт боомтоор орж гардаг Болормаа гэх эмэгтэйг манай гаалийн ажилтнууд эрсдэлтэй гэж үзээд түүнийг өчигдөр буюу 09-р сарын 19-ний өглөө Хятадын Ганц модны боомтоор дамжин Монгол Улсын Гашуун сухайт боомтын зорчигчийн урсгалаар орж ирэхэд нь шалгахад түүний ачаа тээш болон биеэс нь хориотой болон хориглосон ямар нэг зүйл илрээгүй. ...тэр эмэгтэй Монголруу орж ирээд Цагаан хадруу очсон байхад нь бид үргэлжлүүлэн хяналт тавих явцад үдээс хойш 17 цагийн үед 56-68 ӨМА дугаартай нүүрс тээврийн машинаас ямар нэг зүйл авахаар очсон үед нь тагнуулын ажилтан Цэндсүрэнгийн хамт очиж шалгахад дээрх тээврийн хэрэгслийн чиргүүлийн хучлага хийдэг хайрцагт эвхэж хийсэн хучлаганы дотроос хар гялгар уутанд хийгээд гадуур нь шар өнгийн скочдсон зүйл гарч ирсэн ба түүнийг юу болох талаар жолооч Д.Мөнхтөрөөс асуухад Мими байгаа юм. Энэ Болормаа намайг гуйхаар нь нүүрсний машиндаа нууж Хятадаас оруулж ирсэн гэж хэлсэн. Болормаа гэх эмэгтэй ч энэ миний мими мөн, энэ жолоочийг гуйж Хятадаас оруулж ирсэн гэж хэлж байсан. ...Тухайн бодисыг дөрвөн ширхэг нийлэг уутанд савлан гадуур нь скочдсон байсан. Уут тус бүрийг задлан үзэхэд адил нэг төрлийн нунтаг цагаан зүйлийг хийсэн байсан ба тэр зүйл нь бусдын мими гэж нэрлэдэг зүйлтэй шинж байдлаараа төстэй байсан. Тухайн бодисоос манай гаалийн байгууллага хилийн мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээнд явуулахаар бага хэмжээний дээж авсан бөгөөд материалын хамт 10 кг 600 грамм хэмжээтэй нунтаг цагаан бодисыг материалын хамт Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-рт/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Должинсүрэнгийн өгсөн “...Би тухайн өдөр хяналт шалгалтын хуваарийн дагуу Гашуун сухайт боомтын нүүрсний машины орох чиглэлд хяналт шалгалт болон бүртгэлийн ажил хийж ажилласан. ...Манай мэргэжлийн хяналтын байцаагч болон бусад байгууллагын байцаагч нар ч тэр нүүрс тээврийн машиныг бүрэн шалгаж чаддаггүй. Яагаад гэхээр өдөрт 700-900 машин зарим өдөр мянга гаран нүүрсний машин хилээр орж гарч байгаа ба тэдгээрт тухайн өдөр томилогдсон 2 байцаагч ээлжлээд хяналт шалгалт хийх үүрэг хүлээдэг боловч машин бүрийг нэг бүрчлэн шалгах үнэндээ боломжгүй байдаг. Тухайн машины чиргүүлийн дээрх нүүрсний бүтээлэг дотроос мими гэх бодисыг гаалийнхан илрүүлсэн гэдгийг мэдсэн. ...тухайн өдрийн машинуудыг бүртгэсэн бүртгэлээс харахад тухайн машин тэр өдөр Хятадын ганц модны боомтоос Гашуун сухайт боомтоор Монгол улсруу орж ирсэн байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-рт/

Шүүгдэгч Д.Мөнхтөрийн төрсөн эгч Д.Саранхүүгийн гэрчээр өгсөн “...Миний дүү 8 хүүхэдтэй айлын доороосоо гурав дахь хүүхэд болж төрсөн, бага насандаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт хөдөө мал дээр өсч торниод аймагт 10-р анги төгсөөд жолооны курст суралцаад дараа нь 3 жилийн цэргийн алба хаасан юм. ...Түүнээс хойш эхнэрийнхээ нутаг болох Дундговь аймагруу шилжиж тэндээ амьдрах болсон. Сүүлийн хэдэн жил тавантолгойн уурхайгаас нүүрс зөөдөг машин барих ажил хийж байсан. Дүү маань эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд зан чанарын хувьд шулуун шударга зантай, хүүхэд байхын сурлага сайтай ямар нэг эрээ цээргүй элдэв зангүй хүн юм. Дүү маань хүнд их тусархуу, хүнд үгүй гэж хэлдэггүй байсан. Түүнээсээ болоод л энэ хэрэг төвөгт холбогдсон байх гэж бодож байна....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-рт/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нарантуяагийн өгсөн “...Б.Дэлгэрбаяр бид 2 гэрлэлтээ батлуулаагүй 2008 оноос хойш өнөөг хүртэл нэг гэрт хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болсон эхнэр, нөхөр хүмүүс юм. ...Би хаан банкны 5597010794 гэсэн дансыг эзэмшдэг. ...Би энэ 2 гүйлгээг өөрөө хийсэн. Манай нөхөр Б.Дэлгэрбаяр хүнд юм захиж байгаа гээд тэр дансруу надаар мөнгө шилжүүлүүлсэн юм. ...Эхнийх нь шилжүүлсэн мөнгө манай хүүхдүүдэд төрөөс олгодог халамж захиргааны мөнгө байсан, дараагийн шилжүүлсэн мөнгийг нөхөр маань шар юманд явж ирэхдээ олж ирсэн бидний мөнгө байсан. ...Би ямар учиртай мөнгө шилжүүлж байгааг мэдээгүй. Нөхөр маань надад тийм учиртай гэж хэлээгүй. ...Бага охинд маань сарын 204.000 төгрөгний халамж асаргааны мөнгө өгдөг, мөн 2 хүүхдийн сар бүр 40.000 төгрөг авдаг, тодорхой орлого манайд байдаггүй. Нөхөр маань хил дээр гуанзанд ажилладаг, мөн тийш алт энэ тэрд явж мөнгө олдог юм. ...манайх Даланзадгадад 5 ханатай гэрт амьдардаг, манайд мал хөрөнгө, машин тэрэг байдаггүй. ... 2 удаагийн мөнгө шилжүүлэхдээ би нөхрийнхөө өгсөн дансруу шилжүүлж байсан. Би тэр эмэгтэйтэй ярьж байгаагүй. ...Манай нөхөр миний барьдаг 88548292 дугаараас тэр хүнтэй ярьж байсныг би үгүйсгэхгүй. ...өмнө нь ийм асуудалд холбогдоод шалгагдаж байсныг нь мэднэ. Түүнээс хойш дахин тийм зүйлд холбогдохгүй ийш тийш алтанд явах ажил хийж байсан. Саяны энэ хэргийн талаар би мэдэхгүй байж байгаад шалгагдаж эхэлсэний дараа нь мэдлээ. ...Тэдний хооронд найз нөхөд, төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Энэ эмэгтэй манай нөхөрт мими авчирж өгөхөөр нөхрөөс маань мөнгө авсан юм билээ. Би энэ явдлыг мэдээгүй байсан. Мэдсэн бол нөхрийгөө ийм зүйл битгийн хий гэж хэлэх байсан. Манайх байнга л мөнгөний ямар нэг асуудалтай байдаг, бага хүүхэддээ байнгын эмчилгээ асаргаа хийлгэдэг учраас нөхөр маань мөнгө төгрөг олох гэж яваад ийм зүйлд холбогдчихлоо гэж л бодож байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 34-35-рт/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Мөнхтөрийн яллагдагчаар өгсөн “...өмгөөлөгчгүйгээр байцаалт өгнө. ...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...би хятад хүмүүсийн нүүрсний машин барих ажил хийж байсан. 2016 оны 09-р сарын 19-ний өдөр 56-68 ӨМА дугаарын нордбенз маркийн чирэгчийг жолоодож хятадын ганц модны боомтын гарах оочерт зогсож байхдаа 56-68 АЧ дугаарын чиргүүлийнхээ нүүрсний бүтээлэг дотор 2 хэсэг бөөрөнхий боодолтой зүйлийг нууж 2 улсын хил гаалиар саадгүй нэвтрээд цагаан хаданд ирсэн. Намайг тэр өглөө оочерт зогсож байхад энэ Болормаа ирж уулзаад миний ачааг хойшоо аваад гараатхаач гэж намайг гуйгаад тэр 2 боодолтой зүйлийг надад үлдээгээд явсан юм. Болормаа бид 2 Ганц модны гуанз дэлгүүрт тааралдаж танилцаж байсан ба хааяа утас шөрмөсөөр хоорондоо ярьдаг л байсан. Тэр надад урьдчилж янз бүрийн яриагүй байж байгаад тэр өглөө утсаар ярьж байгаад ирж уулзахдаа тэдгээр боодолтой зүйлийг гаргаж өгөөч гэж орхичихоод явсан. ...би боодолтой зүйлийг юу болохыг түүнээс асуугаагүй, тэр ч надад ямар зүйл байгааг хэлээгүй юм. Хил нэвтрэх үед машины кабин багааж савнуудыг үзэж шалгадаг болохоор би 2 боодолтой зүйлийг чиргүүлийн бүтээлэг дотор ороож бүтээлэгний саванд хийчихээд хойшоо гарсан. Хоёр улсын хил гаалийн ажилтнууд машин тэргийг хянаж шалгасан боловч эвхээстэй бүтээлгийг шалгаагүй. Тэгээд би цагаан хаданд ирээд Болормаагийн 80089113 дугаарын утасруу 88537790 дугаарын утсаар залгаад “ирчихлээ юм аа ав” гэхэд тэр удалгүй ганцаараа ирсэн. ...би боодолтой юмыг нь гаргаж өгөх гээд байж байтал хил гаалийн ажилтнууд ирээд биднийг барьж авсан. Эхэндээ би юу гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэдгээрийг гялгар уутанд хийгээд гадуур нь битүү скочдсон байсан. Гаалийн ажилтнууд хил дээр аваачаад 2 бөөрөнхий зүйлийг задлахад дөрвөн хэсэг ууттай зүйл гарч ирсэн ба дотроос нь цагаан өнгийн нунтаг бодис гарч ирсэн. Тэрийг хүмүүс харчихаад “мими” байна гэж хэлсэн. ...Хүний итгээд үлдээсэн юмыг хил гааль дээр хураалгаад яахав гэж бодоод шалгахааргүй газар хийгээд оруулаад ирчихсэн юм. ...Би тийм зүйл хэрэглэдэггүй. Хятадууд хэрэглэж байхыг би харж л байсан. ... Дэлгэрбаяр нь Болормаад мөнгө өгч мими захьсан бололтой юм. Болормаа нь мими оруулж ирнэ гэж түүнээс мөнгө аваад оруулж чадалгүй баригдсан юм. ...Би тийм зүйл өмнө нь хийж байгаагүй. Анх удаа хүнд туслах гэж яваад ийм зүйлд холбогдлоо. ...Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр таван толгой транс ХХК-ийн нэр дээр байдаг боловч машиныг хятад хүн эзэмшдэг, тэр хүн нь надад машиныг нүүрс тээвэрлүүлэхээр олгосон байсан. ...Би энэ талаар хэн нэгэнд огт мэдэгдээгүй байсан. ...би өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс сумын уугуул хүн байгаа юм. Эхнэр маань дундговийнх тул 1999 оноос хойш Дундговь аймгийн төвд шилжин амьдарч байна. Би сүүлийн 6 жил орчим энэ нүүрсний машин жолоодох ажлыг хийж байна. Эхнэр хүүхдүүд Дундговь аймагт байдаг. Надад 5 ханатай гэрээс өөр эд хөрөнгө, мал ахуй байхгүй. Энд тэнд машин тэрэг жолоодох ажил хийж гэр бүлээ тэжээж явдаг юм... ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 72-74-рт/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Болормаагийн яллагдагчаар өгсөн “...Өмгөөлөгчгүйгээр байцаалт өгнө. Надад сонсгосон зүйл анги ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би БНХАУ-ын Ганц мод гэх газраас 10 кг 600 грамм хэмжээтэй мимиг худалдан авч 2016 оны 09-р сарын 19-ний өдөр улсын хилээр Д.Мөнхтөрийн машинд нууж оруулж ирээд хил гаалийн ажилтнуудад баригдсан юм. Би Даланзадгадад амьдардаг Дэлгэрбаяр гэх хүнд 100 ширхгийг нэг бүрийг нь 3500 төгрөгөөр авчирч өгөхөөр тохирч түүнээс урьдчилан 350.000 төгрөгийг өөрийн 5720178932 тоот Хаан банкны дансаараа шилжүүлж авсан. Нэг удаад нь 210.000 төгрөг, дараагийн удаад 140.000 төгрөгийг шилжүүлж авсан юм. /Би сэжигтний байцаалтанд мөнгөн дүнг айж сандраад буруу хэлсэн байсан/. Түүнийг Дэлгэрбаяр эхнэр Нарантуяагаараа надад шилжүүлүүлж байсныг би сүүлд дансны хуулгаа хараад мэдсэн. Мимиг надаас авах түүнд өгөх асуудлыг ярихдаа би өөрийн 80089113 дугаарын утсаар, Дэлгэрбаяр өөрийнхөө 88188051 дугаарын утсаар хоорондоо холбогдож ярьж байсан. Би Мөнхтөр гэх жолоочтой Хятадын Ганц модонд танилцаж хааяа утас энэ тэрээр хоорондоо ярьдаг байсан. Тэгээд сая 09-р сард урд ороод байж байхдаа Мөнхтөртэй 88537790 дугаарын утсаар нь холбогдон ярьж байгаад миний юмыг машиндаа тавиад хойш нь гараадхаач гэж түүнээс гуйсан. Түүнд ямар нэгэн шан харамж хөлс өгнө гэж би хэлээгүй. Мөнхтөр ч нэг их юм хэлэлгүй миний 2 хэсэг болгож боосон байсан 10.6 кг мимиг аваад үлдсэн. ...Би 09 сарын 19-ний өдөр зорчигчийн урсгалаар Гашуунсухайт боомтоор орж ирээд Цагаан хаданд Мөнхтөрийг хүлээж байсан. Мөнхтөр ч нүүрсний машинаа унаж Монголруу орж ирээд Цагаан хаданд бид уулзаад би түүнээс Мимигээ авах гэж байгаад баригдсан. ...Түүнийг Монголд зарж ашиг олох зорилготой байсан. ..би нэг жин буюу 500 орчим граммыг 400 юаниар бодож нийт 8000 орчим юаниар тухайн мимиг худалдан авсан. Би оруулж ирсэн мимигээ 12 орчим граммаар хэсэгчилж боогоод боодол тус бүрийг 3500 төгрөгөөр зарна гэж тооцоолсон байсан Дэлгэрбаярын шилжүүлсэн мөнгөнд нэг кг 200 орчим грамм мимиг өгөх ёстой байсан. Бусдыг нь би өөрөө зарах бодолтой байсан. ...өөр хүн надад мими захиалаагүй. ...би өмнө нь мими оруулж ирж байгаагүй. ...Би өмнө нь мими худалдаалж байгаагүй. ...бидэнд тийм зөвшөөрөл байхгүй. ...Анхны санааг би гаргасан. Дэлгэрбаярыг мими зардаг гэж би сонсож байсан юм. Тэгээд түүнийг авах байх гэж бодоод санал тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 79-80-рт/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Дэлгэрбаярын өгсөн “...Би өмгөөлөгч аваагүй. Одоо өмгөөлөгчгүй байцаалт өгнө. ...Би сургуульд сурч байгаагүй боловч крилл бичгээр бие дааж уншиж ойлгож сурсан. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.

Б.Дэлгэрбаяр би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эхнэр Нарантуяа болон 8 болон 3 настай 2 хүүхдийн хамт амьдардаг. Би багадаа алхаж чаддаггүй байснаас болж дунд сургуульд суралцаагүй бөгөөд бие даан бичиг үсэг сурсан юм. Одоо крилл бичгээр бичсэн зүйлийг удаан боловч уншиж ойлгож чаддаг болсон. 2016 оны 09-р сарын эхээр зүс таньдаг Болормаа гэдэг энэ эмэгтэй 80089113 дугаараас миний 88188051 дугаарлуу залгаад цэцэрлэг, сургуулийн хүүхэд орох гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна эгч нь удахгүй урдаас мими оруулж ирнэ нэг боодлыг нь 3500 төгрөгөөр чамд өгье. Чи хэдэн төгрөг урьдчилаад надад өгөөч гэсэн санал анх тавьсан. Би түүнийг зөвшөөрөөд хүүхдийн халамжийн мөнгө буухаар нь эхлээд 210.000 төгрөгийг Болормаагийн өгсөн дансруу эхнэр Нарантуяагаар шилжүүлүүлсэн. Түүнээс хэд хоногийн дараа Болормаа дахин нөгөө утсаараа яриад эгч нь урагшаа гарчихлаа чамд дахиад явуулах мөнгө байна уу гэхээр нь би дахиад 140.000 төгрөг эхнэр Нарантуяад өгч банкаар Болормааруу шилжүүлсэн. Тэгээд Болормаа надаас авсан нийт 350000 төгрөгний оронд 100 боодолтой мими авчирч өгөхөөр тохирсон байсан. Түүнээс хэд хоногийн дараа Болормаа надруу утасдаад эгч нь гааль дээр баригдчихлаа чамайг хэлчихсэн шүү, чи утсаа хаагаарай гэж нэг удаа ярьсан. Түүнээс хойш тэр дахин яриагүй байж байтал цагдаагийн ажилтан намайг Ханбогдруу дуудаж ирүүлсэн. Би анхандаа хэрэгт холбогдохоос айгаад энэ асуудалд өөрийгөө ямар нэг холбоогүй гэж анх гэрчээр байцаалт өгсөн юм. Би мимиг байнга зараад байдаггүй юм. Тухайн үед Болормаа надад мими хямдхан авчирч өгөхөөр санал тавьсан, би хүүхдээ хараад эмнэлэгт хэвтэж байсан мөнгө төгрөгний хэрэг гарсан болохоор саналыг нь хүлээж авсан юм. ...Даланзадгадад мими зардаг, авдаг, хэрэглэдэг хүмүүс ч олон байдаг гэсэн. Мими олоод явбал авах хүмүүс олдох байх гэж бодсон. ...Тэр урагшаа явна гэж хэлээд надаас мөнгө шилжүүлүүлж авсан. Би түүнийг урдаас авчирна гэж ойлгосон. ...би өмнө нь түүнд мими захиалж байгаагүй. ...Би мими захиалж байгаагаа эхнэр Нарантуяад хэлж байгаагүй. Тэр энэ явдлыг мэдэхгүй. ...Тэр саналыг Болормаа анх гаргасан. ...Тэр чамд ашигтай чи ашиг олно гэж надад анхны санал тавьсан ...Би түүнийг хэрэглэх нь битгий хэл тамхи татдаггүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 86-87-рт/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Дэмбэрэл овогтой Мөнхтөр, Дэлгэрням овогтой Болормаа, Баярмаа овогтой Дэлгэрбаяр нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Гашуунсухайт” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор “Таван толгой транс” ХХК-ийн эзэмшлийн 56-68 ӨМА улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 56-68 АЧ улсын дугаар бүхий чиргүүлийн бүтээлэг хийх зориулалттай хөндий саванд нийлэг уутанд савласан 10.6 кг хэмжээтэй цагаан өнгийн нунтаг “Кофейн” хэмээх эмийн бодисийг нууж, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж “Хүн амын эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эм гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлэх, эмчлэх, дархлаажуулах зориулалттай, үйлчлэл нь эм судлал, эмнэлзүйн сорилт туршилтаар нотлогдсон, нийлэг буюу амьтан, ургамал, эрдсийн гаралтай бодисыг хэлнэ гэж Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт тусгасан байгаа учир уг гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Дэлгэрбаяр нь хууль бусаар хил давуулсан эмийн бодисыг мэдсээр байж худалдан авах бодитой үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдэл нь урьдчилан мөнгө шилжүүлсэн бөгөөд худалдах зорилготой байсан гэдгээ хүлээн мэдүүлсэн байдаг учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зүйлчлэл дээр мэтгэлцсэн мэтгэлцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцон гэмт хэрэг үйлдсэн оролцоо, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдал болон бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөлийг харгалзан оногдуулах ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэн хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг харъяа цагдаагийн байгууллагуудад даалгалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн Нордбенз маркийн 56-68 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 56-68 БЧ дугаартай чиргүүлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, мөн хуулийн 88 дугаартай чиргүүлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хууль ёсны эзэмшигч Тавантолгой транс ХХК-нд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Монгол улсын Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Балжин бошигт овгийн Дэмбэрэлийн Мөнхтөр, Бичээч овгийн Дэлгэрнямын Болормаа, Улаандаавуу овгийн Баярмаагийн Дэлгэрбаяр нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эмийн төрлийн бэлдмэлийг нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар, Д.Болормааг 3 /гурван/ жил 6 / зургаа/ сар, Б.Дэлгэрбаярыг 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөр, Б.Дэлгэрбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Д.Болормааг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Мөнхтөрд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт, Д.Болормаад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, Б.Дэлгэрбаярт оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10,6 килограмм Кофейн гэх Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн төрлийн бэлдмэлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн Нордбенз маркийн 56-68 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 56-68 БЧ дугаартай чиргүүлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, мөн хуулийн 88 дугаартай чиргүүлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хууль ёсны эзэмшигч Тавантолгой транс ХХК-нд буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО