Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.О, Д.Н нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 78 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатч Л.О Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байр 167 тоотод орших 2 өрөө орон сууцыг миний зөвшөөрөлгүй орон сууцны бэлэглэлийн гэрээ хийж надад асар их хэмжээний хохирол учруулсан. Миний бие нэгдүгээр хорооллын миний байрыг яасан юм бол хэмээн архив руу орж үзэхэд 2007 оны 2 сарын 08-ны өдөр Н.Дарьбазар, Д.Батцэнгэл нарын хооронд орон сууц бэлэглэлийн гэрээ гэж хуурамч бичиг баримт үйлдэж намайг залилсныг мэдсэн. Би бэлэглэлийн гэрээний талаар мэдэхгүй байсан. Д.Н ээжийн 3 өрөө байрыг дээрэмдэж аваагүй бол би энэ бэлэглэлийн гэрээний талаар ярихгүй байсан. Тэгээд би шалгаад үзэхэд нотариатч Л.Отай нийлж бэлэглэлийн гэрээгээр намайг залилсан байсан. Би олон янзаар тэмцсэн. Би эрүүл мэндээрээ хохирч байгаа. Нямхүү нь хуулийн байгууллагатай хамтарч луйвар хийсэн. Хүчин төгөлдөр шийдвэр магадлалаар бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон. Бэлэглэлийн гэрээгээр орон сууц олон хүнд дамжаад шилжсэн тул гэм хор учруулсан хүмүүс буюу нотариатч Л.О, Д.Н нараас хохирол буюу  орон сууцны үнэ 68 000 000 төгрөг, сэтгэл санаанд учирсан хохирол 10 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдөр намайг бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж түүнийг залилсан мэт үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан байна. Миний бие Д.Бийг залилан мэхэлсэн, түүний өмчлөлийн байрыг хуурамч бичиг баримт ашиглаж шилжүүлэн авч түүнийг хохироосон зүйл байхгүй юм. Гэтэл Д.Б нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдаж намайг залилан мэхлэгч, луйварчин мэтээр зарлаж байгаад миний бие гомдолтой байгаа болно. 2006 онд халдварт өвчин судлалын төв байгуулагдаагүй байсан. Иймд албан тушаал ашигласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зурсанаа хэлээд байдаг. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар нь анх нотариатын газарт орж ирэн нэхэмжлэлд дурьдсан орон сууцыг худалдах гэрээ байгуулсан. Хэд хоногийн дараа Д.Н, Д.Б, Н.Дарьбазар нар орж ирэн Д.Б нь Н.Дарьбазарт уг орон сууцыг бэлэглэхээр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулъя гэсэн. Энэ үед нотариат миний бие өмнөх орон сууц худалдах гэрээ хүчин төгөлдөр байхад дахин бэлэглэлийн гэрээ хийхгүй гэж хэлсэн. Гэтэл энэхүү гэрээг цуцалж байна гэж худалдан авагч Д.Н, худалдагч Д.Б нар бичиж өгөөд, Д.Б нь Н.Дарьбазарт уг орон сууцаа бэлэглэсэн. Энэ үед миний бие Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтыг тайлбарлаж өгсөн. Энэ үед Д.Б иргэний үнэмлэхгүй, жолооны үнэмлэхтэй явж байсан. Жолооны үнэмлэхээр гэрээ хийхгүй гэхэд хэд хоногийн өмнө гэрээ хийлгэсэн иргэний үнэмлэхний хуулбарыг гэрээнээс аваад гэрээ хийлгье гэсэн. Иймд миний бие уг орон сууц бэлэглэлийн гэрээнд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан. Хэсэг хугацааны дараа Д.Б ирж орон сууцаа барьцаалж зээл аваад зээлээ төлж чадахгүй болоод шилжүүлсэн юмаа зөвлөөч, энэ гэрээг буцааж болох уу гэж асуусан. Миний бие орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно гэж зөвөлсөн. Гэтэл Д.Б нь би гарын үсэг зураагүй гэж цагдаад хандсан. Цагдаагийн зүгээс Д.Б уг гэрээнд гарын үсэг зурсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Д.Б нь Н.Дарьбазартай байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах бүрэн боломжтой. Үүнд: Орон сууц бэлэглэлийн гэрээнд Д.Б нь өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлээгүй, өөрийнх нь хүсэл зориг биш гэж, Иргэний хуулийн 280 дугаар зүйл заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж болно.   Өөрийн танихгүй Н.Дарьбазарт орон сууцаа юуны учир бэлэглэв, хэрэв Н.Дарьбазар нь энэхүү орон сууцтай холбоотой төлбөр мөнгө төлсөн бол хэнд төлсөн тухайгаа шүүхэд мэдэгдэх ёстой. Д.Н, Д.Б нарыг нотариатаар баримт бичиг гэрчлүүлж байсных нь хувиар зүс мэднэ. Зүгээр ажлаа хийж байгаад 2 хүний хоорондын төлбөр тооцоон дундаас нотариатч үндэслэлгүйгээр төлбөр мөнгө төлнө гэж байх боломжгүй зүйл. Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б нь өөрт үүссэн асуудалд бодитой, хууль зүйн үндэслэлтэй хандаасай гэж хүсэж байна. Д.Б, Д.Н нарын хооронд зээлийн гэрээний үүрэг байгаа талаар тухайн үед хоорондоо ярилцаж байсан. Д.Б, Д.Н нар нь зээлийн харилцаанаас үүссэн өглөг байдаг бол хоорондоо тооцоо нийлэх нь шудрага. Иймд хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Иргэний хэргийн материалтай бүрэн танилцсаны дараа шүүхэд нэмэлт хариу тайлбар болон хүсэлт, нотлох баримт гаргаж өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Оаас 68 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгож, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Д.Нд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсаныг дурдаж, нэхэмжлэгч Д.Бээс 594 950 төгрөг гаргуулж, улсын орлого болгож, хариуцагч Л.Оаас 497 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц худалдах, худалдан авах тухай 2006 оны 9 сарын 27-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатч Л.О дээр очин тэрхүү гэрээг дуусгавар болгож буй тухай тэмдэглэлийг үйлдэж, шинээр орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Н.Дарьбазар нь энэхүү бэлэглэлийн гэрээний үндсэн дээр эрх зүйн үр дагавар бий болгож орон сууцыг өөрийн нэр дээр 2007 оны 2 сарын 8-ны өдөр шилжүүлж, улмаар бусдад 2007 оны 3 сарын 1-ний өдөр тус тус шилжүүлсэн байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06196 дугаар шийдвэртэй хэргийн хүрээнд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагчаар татагдан оролцсон Н.Дарьбазарын зүгээс шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэг нь баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн “... хариуцагч нь нэхэмжлэгчтэй орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ...” гэх худал тайлбарыг шүүх үндэслэсэн явдал нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг ноцтойгоор зөрчсөн. Тиймээс "бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй гэх үйл баримт уг шийдвэрээр тогтоогдсон" гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотариатч Л.О нь хариуцагч болон бусад оролцогчоор ороогүй тул уг үйл баримтын талаар маргах эрхтэй юм. Энэ тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Улсын дээд шүүхийн 2008 оны 10-р сарын 10-ны өдрийн Зөвлөмжид тодорхой дурьдсан байна. Иймд хариуцагчийн Л.Оын зүгээс иргэн Д.Б болон Н.Дарьбазар нарын хооронд байгуулсан 2007 оны 2 сарын 8-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл" гэж үзэж байгаа ба, Д.Б болон Н.Дарьбазар нарын хооронд 2006 оны 9 сарын 27-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон 2007 оны 2 сарын 8-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд явагдсан харилцаа нь орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа байсан ба энэ нь тэдний хүсэл зоригийн дагуу явагдсан нь тодорхой байна. Улмаар уг гэрээний оролцогч Н.Дарьбазар нь уг орон сууцыг бусдад худалдсан нь тодорхой байхад чухам Л.О гэм буруутай гэж дүгнэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой мэдээллийг өгч байгаа эсэх талаас нь үнэлээгүй шүүхийн алдаатай дүгнэлт болжээ. Хэрвээ Н.Дарьбазар нь нэхэмжлэгч Д.Б бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зураагүй болохыг мэдэж байсан бол чухам ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээг үндэслэн орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авсан талаарх нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, зөвхөн шилжүүлсэн үйл баримтыг дурдаад орхисон, ийнхүү бусдад шилжүүлсэн Н.Дарьбазарын үйлдэл нь энэ хэргийн хүрээнд Д.Бийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар ач холбогдол бүхий ямар мэдээлэл өгч байгааг, улмаар хариуцагч Л.Оын гэрээ баталсан үйлдэл ба орон сууц бусдад шилжсэн үйл явдал буюу хохирлын хооронд шалтгаант холбоо бий эсэх талаар ч үнэлэлт өгөхгүй, байгаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой талаас үнэлэхдээ гаргасан бүдүүлэг алдаанууд нь тэдгээр шүүгчдийн эрх зүйн мэдлэг боловсролын түвшин шүүгч байх хэмжээнд байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрүүдэд" байх ажээ. Тэдгээр шүүхийн шийдвэрүүдэд дурдагдаж буй үйл баримтуудад үнэлэлт өгөөгүй, сохроор (дахин нотлох шаардлагагүй) үндэслэсэн нь мөн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой байх талаас үнэлэхэд алдаа гаргасан, мөн нэг үйл явдлын талаарх харилцан зөрчилдөөнтэй нотлох баримтуудыг зохистойгоор үнэлээгүй алдаанаас үүдэн Л.Оыг гэм буруутай гэж үзжээ. Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нотариатч Л.Оын буруутай үйл ажиллагааны улмаас Д.Бт хохирол учирсан нөхцөл байдлыг тогтоосон агуулга нэгээхэн ч үгүй, гагцхүү тухайн хэргүүдийн хариуцагч Н.Дарьбазар, нэхэмжлэгч Д.Б нарын зүгээс харилцан нэгэндээ найр тавьж болсон үйл явдлын талаарх худал ташаа мэдүүлэг/зөвшөөрлийн бодитой эсэхэд үнэлэлт өгөлгүй баталгаажуулсан шийдвэрүүд байгаа болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь мөн л нотлох баримтын хамааралтай, эргэлзээгүй, бодитой байх талаас нь үнэлээгүй алдаа гаргасан болохыг нотолж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 1-р сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад орон сууцны үнийг хэрхэн тооцох талаар "Арвижих-эстимейт" ХХК-ийн үйлдсэн гэх бичвэр бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн. Түүнтэй холбогдуулан уг бичиг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, тодруулбал үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд уг бичгийг үйлдсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Түүнчлэн уг бичигт заагдсан мэдээлэл нь хөрөнгийн үнэлгээний  хууль болон процессийн хуульд заасан үнэлгээ тогтоосон дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж хариуцагч тал үзэж байгаа ба үүнтэй холбоотойгоор уг бичгийг нотлох баримтаар хүлээн авч үнэлэх эсэх талаар дүгнэлтийг шүүх хийх ёстой талаарх тайлбарыг, цаашилбал шаардлагатай бол шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 заасны дагуу талуудын хүсэлтгүйгээр шаардлагатай тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлтээ хийх нь зүйтэй гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгчийн хувиар Г.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан. Түүний дагуу нэхэмжлэгч талд гаргаж өгсөн нотлох баримттай нь холбоотойгоор эрх бүхий этгээдээс уг тодорхойлолт бичгийг гаргасан эсэхийг тодруулах, үүнтэй холбоотойгоор холбогдох баримтуудыг нэхэмжлэгчээс гаргуулахаар болж, нотлох баримтаар хүлээж авах эсэхээ жич шийдвэрлэхээр болж шүүх хуралдааныг 2018 оны 2 сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс "Арвижих-Эстимейт" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Манлайбаатарын "Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ" гэх баримтуудыг дээр дурдсан орон сууцны үнийн талаарх тодорхойлолтод холбогдуулан гаргаж өгсөн байна. Эндээс харахад уг тодорхойлолтыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын хүрээнд хийсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй, тиймээс хохирлын үнэлгээг бодитойгоор тогтоосон баримт хэмээн үзэх боломжгүй байна. Түүнчлэн хэргийн оролцогчдоос хүсэлт гарсан эсэхээс үл хамаарч 2018 оны 1 сарын 19-ний өдрийн хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчээс гаргасан бичгийг нотлох баримт хүлээн авах эсэх, түүнтэй холбоотойгоор шинжээч томилж үнэлгээ хийлгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, ингэхдээ зохигчоос хүсэлт гараагүй хэмээх алдаатай үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Үүний улмаас гэм хорын хохирол буюу шууд хохирлын үнэлгээ бодитойгоор тогтоогдоогүй байхад үнэлгээг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэсэн алдаа нөхцөлдсөн байна. Хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 2 сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ц.Хишигжаргал биечлэн оролцож, ингэхдээ өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгчийн тухайн өдрийн үдээс өмнөх шүүх хуралдаан нь сунжирсантай холбоотойгоор хурлаас хожимдож байгаа, түр хойшлуулж, өмгөөлөгчийг хүрэлцэн ирснээр хурлыг хийх хүсэлтийг гаргасан. Энэ үед иргэдийн төлөөлөгч ч байхгүй байсан ба тэд бараг зэрэг хүрч ирсэн. Ингээд хүсэлт хэлэлцэхээр завсарлаад орох үед өмгөөлөгч ирсэн болохыг миний бие танилцуулсан боловч нэгэнт өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хурлыг явуулахаар шийдвэрлэсэн гэдэг үндэслэлээр өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн. Нэгэнт өмгөөлүүлэх эрхэд ноцтойгоор халдсан шүүхийн үйл ажиллагааг эс зөвшөөрч бүрэлдэхүүнээс татгалзахад шүүх хуралдааны дараалал гэх хамаарахгүй үндэслэл дурьдаж, өөрсдийн эрх хэмжээг хэтрүүлсэн татгалзлын асуудлыг шийдвэрлэсэн бүдүүлэг алдааг анхан шатны шүүх гаргасан. Энэ мэт процессийн ноцтой алдаануудыг гаргасан нь үндэслэлгүй, алдаа шийдвэр гаргах нөхцлийг мөн бүрдүүлсэн гэж үзэж байна. 2018 оны 1 сарын өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Л.Оын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүн нь тухайн үед Ерөнхий шүүгчийн баталсан шүүх бүрэлдэхүүнээс өөр буюу шүүгч Л.Энхжаргалын оронд Д.Золзаяа шүүгч оролцож байх тул процессийн алдаа болохыг хэлж залруулах, хууль ёсны бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ гаргаж байсан болно. Ингээд шүүх хуралдаан нотлох баримттай танилцах, нэхэмжлэгчээс баримт гаргуулах талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон дараагийн хурлыг 2018 оны 2 сарын 5-ны өдөр хуралдуулахаар товлосон. Энэ үед бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн 2018 оны 1-р сарын 29-ний өдрийн 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжаар Д.Золзаяагийн оронд А.Мөнхзул, Б.Мандалбаяр нарыг томилох шийдвэрийг гаргаж байсан нь хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсантай хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд нь танилцаж, уг захирамжийн хуулбарыг өөрт хадгалсан байжээ. Гэтэл 2018 оны 2 сарын 5-ны өдрийн шүүх хуралдаан дахиад л хууль бус бүрэлдэхүүнтэйгээр буюу Ерөнхий шүүгчийн захирамжаар томилогдсон шүүгч А.Мөнхзулын орон “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөлөгдсөн” гэх шүүгч Д.Золзаяа бүрэлдэхүүнд орж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон. Гэтэл шүүх эл алдаагаа нуун дарагдуулах зорилгоор бүрэлдэхүүний шүүгчдээр А.Мөнхзул, Б.Мандалбаяр нарыг баталгаажуулсан 2018 оны 1 сарын 29-ний өдрийн 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжийг “дахин” ингэхдээ өөрчилж бүрэлдэхүүний шүүгчээр Д.Золзаяаг томилсон захирамж байсан мэтээр сольсон байна. Шүүх хуралдааны дараагийн өдөр хариуцагч талын зүгээс хэргийн материалтай танилцахад  шүүгч А.Мөнхзулыг томилсон Ерөнхий шүүгчийн ижил огноо, дугаартай захирамж хэрэгт хэвээр байсныг өмгөөлөгч өөрийн нүдээр харсан. Улмаар 2018 оны 3 сарын 06-ны өдөр дахин хэргийн материалтай танилцахад нэг захирамжийн агуулгыг дээр дурдсан байдлаар өөрчилсөн 2 өөр захирамж хэрэгт байхыг хуулбарлаж авсан болно. Шүүгчдийн эл хууль бус үйл ажиллагааны талаар хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох газарт хандаж гомдлоо гаргасан. Эцэст нь нотариатч Л.Оын бэлэглэлийн гэрээ баталсан гэх үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан бус харин хэрвээ уг гэрээнд Д.Б гарын үсэг зураагүй байсан гэж үзэхэд (ингэснээр зураагүй гэж хүлээн зөвшөөрч буй хэрэг огт биш болохыг анхаарна уу) ийнхүү зураагүй болохыг нь мэдсэн боловч бусдад худалдан борлуулсан, улмаар орлого олсон нь тодорхой байгаа, ингэхээр Н.Дарьбазарын гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байж нөхцөл байдал тодорхой байхад шүүх үүнийг үл хэрэгссэн нь алдаатай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.О, Д.Н нарт холбогдуулан гэм хорын хохиролд 78 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Бийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34Б байр, 167 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Н.Дарьбазарт шилжиж, улмаар Н.Дарьбазар нь цааш худалдах, худалдан авах гэрээгээр бусдад худалдсан үйл баримт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэр зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-9, 41 дүгээр тал/

 

            Хариуцагч буюу нотариатч Л.О нь 2007 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дээрх бэлэглэлийн гэрээг гэрчлэхдээ орон сууцны өмчлөгч болох Д.Бийг байлцуулаагүй хууль зөрчиж гэрчилсэн болох нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/06701 дүгээр шийдвэр, Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06196 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон, дээрх шүүхийн шийдвэрүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

 

            Иймд анхан шатны шүүх нотариатын үйлдэл хийхэд хууль зөрчсөн эсэх үйл баримттай холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн нь зөв.

 

            Хариуцагч буюу нотариатч Л.О нь нэхэмжлэгч Д.Бийн эд хөрөнгийн  өмчлөх эрх шилжих хэлцлийг гэрчлэхдээ хууль зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч нь эд хөрөнгө өмчлөх эрхээ алдсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж зааснаар бэлэглэлийн гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч, хожим бусдад худалдсан Н.Дарьбазараас гадна хариуцагч Л.От холбогдуулан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхтэй.

 

            Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өмчлөх эрхээ алдсанд хариуцагчаас гадна уг эрхийг өөртөө олж авсан этгээд хамааралтай байх тул гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж хариуцагч Л.От 50 хувийн хохирлыг хариуцуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэг нь гэрээний болон гэрээний бус үүргийн хүрээнд гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлсон ерөнхий заалт бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүргийн хүрээнд энэ талаар нарийвчлан заагаагүй тул уг заалтыг хэрэглэх боломжтойг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу байх тул  залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

            Орон сууцны зах зээлийн үнэлгээг “Арвижих-эстимэйт” ХХК-иас 68 000 000 төгрөгөөр тодорхойлсон байх бөгөөд уг үнэлгээнд хариуцагч Л.О нь гомдол гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж зах зээлийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй тул анхан шүүх уг үнэлгээгээр орон сууцны үнийг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Л.Оаас 34 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бт олгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан хохирол нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь оновчгүй байх боловч  түүний эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжилсэн 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.1  дэх хэсэгт  заасантай тус тус нийцсэн байна.

 

            Гэм хорыг арилгах хүрээг Иргэний хуулиар тодорхойлон заахдаа эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан. Эд хөрөнгөд гэм хор учирсантай холбоотойгоор эдийн бус гэм хорыг арилгах талаар хуульд тухайлан заагаагүй болно.

 

            Мөн анхан шатны шүүх хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Д.Бт гэм хорын хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

            Анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хурлын товыг мэдэгдсэн, хариуцагчаас өмгөөлөгч авах, хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтүүдээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан байна. 2018 оны 2 сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй болохоо баримтаар нотлоогүй байх тул өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүйгээс гадна өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хөндөөгүй байна.

 

            Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 101/ЕШ2018/00191 дүгээр захирамжаар хэрэг хянан шийвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Ганболдыг, 2018 оны 1 сарын 29-ний өдрийн 101/ЕШ2018/00651 дүгээр захирамжаар бүрэлдэхүүнд шүүгч Д.Золзаяа, Б.Мандалбаяр нарыг томилсон ба хэргийг дээрх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн байх тул  энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 140 дүгээр тал/

 

             Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтын “... 68 000 000 төгрөг” гэснийг “34 000 000 төгрөг” гэж,   “... 10,000,000 төгрөгт ...” гэснийг “44 000 000 төгрөгт” гэж,

            2 дахь заалтын “... 497 950 төгрөг” гэснийг “327 950  төгрөг” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ