| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2018/0479/и |
| Дугаар | 498 |
| Огноо | 2019-12-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 498
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Хийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, С-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт хүү 21,712,500 /хорин нэгэн сая долоон зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х нь С-ын менежер Б.Сарантуяатай зээлийн гэрээ байгуулан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, байгууллагад санхүүгийн эх үүсвэр бүрдэх хүртэл хугацаагаар зээлүүлжээ. Б.Сарантуяад 50.0 сая төгрөгийн зээл авах итгэмжлэлийг байгууллагын гүйцэтгэх захирал олгосон байна. Энэ эрхийн хүрээнд Б.Сарантуяа зээлийн гэрээг байгуулсан байна. Зээл, зээлийн хүү төлөгдөөгүй байгаа тул 21,712,500 гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Удаа дараагийн санхүүгийн шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин давтан гаргасан. Зээлээр санхүүжилт хийсэн нь буруу байгаа. Иймд Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу орсон орлого, гарсан зардлыг тухай бүрд бүртгэж байх, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар, төлөвлөж зарцуулах, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д төсвийг зохистой удирдаж өр авлага үүсгэхгүй байх гэсэн зүйл заалтуудыг зөрчсөн байна. Төсвийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-т зааснаар санхүү төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах зарчмын хүрээнд үргүй зардал болох зээлийн хүүгийн төлбөрийг байгууллагад хохирол учруулахгүйгээр холбогдох албан тушаалтнаар төлүүлэх гэсэн шийдвэр байсан.
Иймд С-ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаан хэлсэн өмгөөллийн үгэндээ: Энэ зээлийн гэрээг тус байгууллагын менежер Б.Сарантуяа хийсэн байгаа. Зээлийн хүү нь банкны зээлийн хүүгээс өндөр сарын 5%-ийн хүүтэй, сард 670,000 төгрөг төлөхөөр байгууллагад хохиролтой гэрээ хийсэн байна. Энэ байгууллага санхүүгийн хүндрэлд орсон, олон сая төгрөгийн өртэй байгаа. Ашиг сонирхлын зөрчилтэй өөрсдийнхөө ажилчдаас мөнгө зээлж авсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт хүү 21,712,500 /хорин нэгэн сая долоон зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч байгууллага хувь хүнээс зээл авснаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд доголдол үүссэн, харин гэрээний хугацаа тодорхойгүй, хүү нь маш өндөр, байгууллагад хохиролтой болохыг мэдсээр байж гэрээг баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, байгууллагад санхүүгийн эх үүсвэр бүрдэх хүртэл хугацаагаар, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж зээл авсан болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн акт, бусдад өгөх өглөгийн жагсаалт зэргээр нотлогдож байгаа ба энэ талаар талууд маргадаггүй.
Харин хариуцагч тал хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө авсан, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулаагүй, нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу орлого орсон, гарсан тухай бүрд бүртгэл хөтлөх байтал хөтлөөгүй зэргээр хууль зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан юм. Гэвч эдгээр зөрчил нь байгууллагын удирдлагатай холбоотой байж болохоос биш мөнгө зээлдүүлэгчийн буруутай үйл ажиллагаа биш байна гэж шүүх үзлээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу зээлийн харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэг болох хүү, алдангийн талаар талууд гэрээндээ тусгасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын /алданги, торгууль/ гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгчээр С-ын дарга Б.Сарантуяа гарын үсэг зурж зээлийн гэрээг байгуулсан боловч итгэмжлэлээр энэ эрхийг авсан болох нь нотлогдож байх тул Б.Сарантуяаг гэрээ байгуулах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна. С нь Б.Хд зээлийн төлбөрт 21,712,500 төгрөгийн өглөгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон бусдад өгөх өглөг /2019 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар /-ийн нотариатаар батлуулсан хуулбар, тооцоо нийлсэн акт зэргээр тогтоогдож байна.
Зээлдүүлэгч нь 13,500000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн нь харилцагчийн гүйлгээний баримтаар нотлогдож байна. Зээлээс эргэн төлөгдөөгүй байгааг хариуцагч тал үгүйсгээгүй юм. Иймд үндсэн зээл 13,500,000 төгрөг зээл ашигласан хугацааны төлбөр болох хүү 8,212,500 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэснээс үндсэн зээл 13,500,000 төгрөг, хүүг ашигласан 12 сард ногдох хүүд 8,100,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 112,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,513 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 266,513 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С-аас зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 112,500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,513 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-аас улсын тэмдэгтийн хураамжид 265,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ