Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

улсын яллагч Л.Наранхүү,

хохирогч Б.З /онлайн/,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-н Бт холбогдох эрүүгийн 2206057460098 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт автомашинаар зорчиж явахдаа иргэн Б.З ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнөговиос Улаанбаатар хүртэл 55.000 төгрөгөөр явдаг юм байна. Тэгтэл З 45.000 төгрөг өгсөн. Тэгээд явж байхад би оюутолгойд ажилладаг өндөр цалинтай гээд байсан би тэгэхээр нь чи өндөр цалинтай юм бол мөнгөө гүйцэт өгөхгүй яасан юм гээд муудсан. Тэгсэн чинь гар утсаараа миний ярьсан юмыг бичиж аваад байхаар нь миний уур хүрээд машинаас чирч гаргаад зодолдсон. Тэгээд л зодолдхоо болиод буцаад машиндаа суугаад л явцгаасан. Бид нар жуков дээр буулгах гэхэд офицер дээр бууна гэсэн. Тэгээд офицер дээр буулгахад ах нь гээд өндөр залуу намайг цохиод байсан, ерөнхийдөө нэг иймэрхүү л зүйл болсон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Б  нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт автомашинаар зорчиж явахдаа иргэн Б.З ыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000000113 хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.З ын өгсөн: "...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Өмнөговь аймгийн нэгдсэн групп дээр байршуулсан Улаанбаатар хот явна гэсэн зарын дагуу ... гэсэн утсаар холбогдож ... улсын дугаартай саарал өнгийн Тоёота приүс-30 маркийн автомашинд сууж Улаанбаатар хот руу 2 эрэгтэй хүний хамт гарсан бөгөөд тухайн 2 хүний жолоо барьж яваагүй өөрийгөө Доржпүрэвийн Б  гэж танилцуулсан хүн нь компанийн захирал нь жолоо барьж явсан хүн нь туслах юм шиг байсан тухай залуу анх надтай утсаар ярихдаа би захирлын хамт явна гэж хэлж байсан бөгөөд тухайн захирал нь гэх Б  гэж хүн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын дэлгүүрээс пиво аваад замдаа ууж эхэлсэн тэгээд замдаа явж байхдаа согтуурхаад намайг би Өмнөговь аймгийн хүмүүст дургүй Монголынхоо газрыг хулгайлдаг луйварчин, ажил хийдэггүй баян цатгалан Өмнөговийн бүх хүмүүс арчаагүй гээд доромжлоод байсан бөгөөд Төв аймгийн шинэ нисэх буудлын хурдны зам руу эргэхээс 30-40 км орчим тухайн хүн намайг өөрийн гар утсаа ил барьчихсан байсан чинь энэ муу гөлөг бичлэг хийгээд байна зогсож бай гээд жолоочоо зогсоогоод машинаас бууж ирээд арын хаалга онгойлгож намайг арын суудал дээр байхад дээр гарч суугаад миний толгой, баруун нүд, зүүн хацар, ам, хамар, уруул хэсэг рүү ойролцоогоор 5-6 удаа цохиж миний биед гэмтэл учруулсан бөгөөд надад хутга шаана тэнд үлдээнэ гар утсыг нь хаяна, утасны чинь мөнгийг би шилжүүлье энэ чинь хямдхан утас байна гөлөг минь, пясда минь гэх мэтээр янз бүрээр хэлж дарамтлан миний өмсөж явсан 2 давхар цамц, куртикыг урсан тухайн үед би жолоочоос нь тусламж гуйсан боловч надад туслах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тэгээд намайг машиндаа суулгаад ямар нэгэн чимээ гаргахгүй дуугүй явж байгаад гэртээ харь гэж хэлсэн бөгөөд би ямар нэгэн хэрүүл маргаан хийхгүй чимээгүй сууж явж байгаад Улаанбаатар хотод орж ирсэн тэр хооронд намайг зодсон Б  гэх хүн унтаад өгсөн байсан бөгөөд Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 35 дугаар байрны гадна хүргүүлж ирэх үедээ ах Дашдэмбэрэлийн утас руу хүнд зодуулчихлаа гараад ир гэсэн мессеж явуулсан манай ах Дашдэмбэрэл болон эгч Мягмар нар гарч ирсэн байсан бөгөөд болсон асуудлын талаар хэлэхэд тухайн Б  гэх хүн согтуурхаж машинаасаа тэгш ус барьж гарч ирээд ална та нар хэн юм гээд араас хөөж байх үед жолооч нь ухраад зам руу гарсан тэр хооронд манай эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнийг мэдээд машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн тухайн хүний гаргасан үйлдлийг манай эгч Мягмар өөрийн гар утсан дээрээ бичиж авсан. Баруун талын нүд хөхөрч хавдсан, хамар товойж хавдсан, зүүн талын хацар хавдсан тухайн хэсгүүдэд хөндүүлэн өвдөж байна, мөн толгой өвдөж, хүзүү хэсгээр хөшиж байна, толгойн баруун хэсэгт овойж хавдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч П.Д-н өгсөн: "Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу-толгой ХХК-ны агуулахын ажилтан 2018 оноос хойш 14, 14 хоногоор ирж очин ажилладаг ээлжийн ажилтай. Би хохирогч Б.З ын хүргэн ах нь буюу түүний төрсөн эгч Б.Мягмарын нөхөр. Тухайн хэрэг явдал гардаг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед миний эхнэр Б.Мягмар надад хандан "Занака Өмнөговиос наашаа унаа олдвол гарна гэнээ" гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цаа чинь гарчихлаа гэсэн. Тухайн өдрийн шөнийн 01 цаг 50 минутын орчим Б.З дуу миний 99024196 гэх дугаарын утсанд "Ах би хот руу орж ирж байна, дөхөж байна шүү гэж 89077725 дугаарын утсаар залгаж хэлж байсан". Манай орц чипээр онгойдог учир би дүүгээ тосохоор сэрсэн. Дараа нь төд удалгүй Б. З ын дугаараас бэлэн бай, би хүнд зодуулсан гэж эхлээд над руу мессеж явуулсан байсан. Яг үргэлжлүүлээд гараад ирж бай гэсэн 2 дахь мессеж ирсэн. Тэгээд би эхнэрийн хамт гараад очтол Б.З машинаас тээшээ авч байсан. Эхнэр дүүгээ очиж хараад хувцас нь урагдсан, зодуулсан, нүүрэндээ гэмтэл авсан байхыг нь хараад надтай цуг З ыг тээвэрлэж ирсэн приүс 30 маркийн машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээхэд 52-57 орчим насны согтуу эрэгтэй хүн байсан. Тэр хүн сууж байхдаа шууд хөлөөрөө миний цээжин хэсэгт 1 удаа хөлөөрөө өшиглөх гэж оролдсон. Азаар оноогүй. Тэгээд машин дотроосоо 1 шар өнгийн барилгын тэгш ус багаж хэрэгслээр дүү Б.З бид хоёрыг цохихоор хөөж элдсэн. Тэр үед манай эхнэр цагдаа руу залган бичлэг хийж байсан. Тэгээд приүс-30 жолоочийг машинаа зам руу гарга явья гэж хэлээд тэгээд машиндаа суугаад зугтаасан." гэх мэдүүлэг /хх- ийн 20-21-р хуудас/

Гэрч Б.М-н өгсөн: "Миний төрсөн дүү болох Б.З нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн үед над руу залган "Би Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гарлаа сая фейсбүүкийн Өмнөговь аймгийн зарын нэгдсэн грүүпийн зараас 1 приус 30 явна гэнээ" гэж залгаж мэдэгдсэн. Тэгээд тухайн өдрийн орой манай хүүхдүүд миний утсаар тоглоом тоглож байгаад цэнэгийг нь дуусгаад унтраачихсан байсан. Тэр үед манай дүү болох Б.З нь миний нөхөр болох П.Дашдэмбэрэл рүү "Бэлэн байж бай би хунд зодуулсан, гараад ирж бай" гэсэн мессеж ирсэн даруйд би утсаа асаахад мөн над руу манай дүүгээс утга нэг мессеж, дуудлагууд ирсэн байсан. Тэгээд би нөхөр П.Дашдэмбэрэлийн хамтаар Цайз-16 захын уулзвараас ертөнцийн зүгээр чанх урагш Офицеруудын ордны тойрог руу уруудах зам дагуу 032-р цэргийн ангийн лабораторийн үүдэнд манай дүү болох Б.З тухайн хүргүүлсэн авто машины тээшний хэсгээс цүнхээ авч байсан. Би очоод дүүгээ харахад дээгүүрээ куртка хувцас нь урагдсан, нүд, хамарны хэсгээр хөхөрсөн зодуулсан байдалтай байхаар нь "Хэн чамайг ингэж зодсон юм" гэж асуухад тухайн приус-30 автомашины жолоочийн эсрэг талд сууж байгаа гэж хэлэхээр нь нөхөртэйгөө хамт очоод хаалгыг нь онгойлготол 53-57 ахимаг насны согтуу эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд "Яагаад та хүүхэд зодчиховоо ямар сонин хүн бэ? Настай намбатай хүн байж гэж хэлэхэд шууд сууж байхдаа манай нөхрийн цээжин хэсэгт өшиглөөд хэл амаар доромжилж шууд гараад ирсэн. Машинаас бууж ирэхдээ шар өнгийн барилгын Тэгш ус" багаж хэрэгслээр бид нарыг цохих гэж дайрч, хөөсөн. Тэр үед би шууд цагдаа руу 88660899 дугаараар залгаад дараа нь би бичлэг хийсэн. Тэгээд хөөж байх үедээ жолоочоо "Ухарч бай, машинаа зам руу гарга" гэж хэлээд шууд суугаад зугтаасан. Цагдаа ирэхгүй удахаар нь бид нар ахин дахин залгаж хэлэхэд "Та нар БЗД-ийн Цагдаагийн газар ирээд гомдол мэдээллээ өгчих" гэж хэлний дагуу очиж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Х.А-н өгсөн: "...Дундговь аймаг өнгөрөөд Д.Б  3 лааз пиво уучихаад Б.З луу чи зардал мөнгөө гүйцэд өгсөнгүй гэж тэр 2 хэрэлдсэн Б  машинаа зогсоо гээд үрүүл булаацалдаад байхаар нь би зогсоход Д.Б , Б.З нар хаалгаа онгойлгоод буусан би машинаа унтраагаад араас нь буухад заамдалцаад авахаар нь дундуур нь гүйгээд ороход Б.З , Д.Б  2 нэг нэгнийгээ цохиж авсан би дундуур нь орж салгаад Д.Б ийг машины урд суудал дээр суулгаад бид 3 хөдөлсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б ийн өгсөн: “Тухайн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сундуйжав, Тарваа, Алтанхуяг бид 4 Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Жипи таун" гэх хотхонд вакум цонх суурилуулах ажил хийж байсан. Манай ажилтан Алтанхуяг бид 2 яаралтай ажлын шугамаар Улаанбаатар хот явахаар оройны 17 цагийн орчим гарсан. Гарах үед Алтанхуяг надад хандан 55.000х-р хот руу 1 хүн аваад явья бензиндээ нэмэрлэе гэхээр нь за за тэгье гээд гэрээс нь очиж аваад аймгаас гарахдаа колонк орж бензин хийхэд миний 5076014963 дугаарын Хаан банкны данс руу 45.000$-ийг замын зардал болгон шилжүүлсэн. Би аймгаас гарахын наана дэлгүүрээс 4 ширхэг 0.5 литрийн лаазтай "Нийслэл" пиво авч замдаа уусан. Мөн замдаа өөр суман дээр зогсохдоо нэмж 2 лааз пиво авсан. Машинд зорчиж явсан Б.З нь би уурхайд ажилладаг Оюутолгой руу нислэгтэй гэх мэтээр онгирч байсан. Тэгэхэд би "Та нар улсынхаа алт эрдэнэсийг гадагш гаргадаг муусайн юмнууд, Өмнөговийнхон" гэх байдлаар хоорондоо хэрэлдсэн. Тэгээд нэлээн хот руу дөхөж ирээд "Хөшигтийн хөндий" онгоцны буудлын наахан зодолдохоор зогсож буусан. Куртканаасаа зууралцсан, заамдалцсан, нүүр рүү гараараа цохисон, цасан дээр өнхөрч унасан. Нээх удаан үргэлжлээгүй машиндаа сууцгаагаад цааш явсан. Шөнийн 1 цаг өнгөрч байх үед Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд би Жуковт буучих гэсэн чинь үгүй би офицеруудын ордон дээр бууна гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд ах, эгч хоёр нь тосож авсан. Намайг жолоочийн эсрэг талд сууж байхад ах нь гэх өндөр бор 40 гаран насны залуу хаалга онгойлгон намайг "Яагаад дүү зодоод байна" гэх байдлаар нүүрэн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би гараад машины хойноос тэгш ус аваад бүгдийг нь зодохоор хөөсөн. Тэгээд зутаачихаар нь машиндаа суугаад явсан. Би Б.З ын гараараа нүүрэн хэсэгт нь цохисон, цасан дээр өнхөрч унасан бас зууралдсан. Маргааш өглөө би хоол идэхэд эрүү хэсгээр хөндүүр болсон байсан. Надад үүссэн гэмтэл шарх байхгүй эрүү хэсгээр хөндүүр байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.З нь надтай уулзаж хохирлын мөнгө гэж нэхэмжилсэн зүйл байхгүй юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 50-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15794 дугаартай шинжээчийн: “1.Б.З ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5-6/, гэмт хэрэг гарсан гэх газрыг шалгасан мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл /хх 54/, хохирогч Б.З аас гаргаж өгсөн 5 хуудас нотлох барим /хх 65-69/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.        

            Шүүгдэгч Д.Б  нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Д.Б  нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.З ын нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн доод зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд зулгаралт бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл учруулсан нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.З ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч тусгайлан гаргах саналгүй гэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.Б  нь .... баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

   Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэнэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж тус тус заасан байна.

 

Хохирогч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт “гэмт хэргийн улмаас хохирлын 2.000.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, Монгол Японы хамтарсан эмнэлэгт хамраа янзлуулахад 2.500.000 төгрөг гарна. Эдгээр мөнгийг нэхэмжилнэ.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас,

 “ДУБ” ХХК Медтравма эмэнэлэгт компьютер томограф шинжилгээнд орсон 140.000 төгрөг баримтыг шүүхэд ирүүлсэн тул хангаж шийдвэрлэснийг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт төлсөн болохыг дурдаж, үлдсэн эмчилгээ хийлгэсэн гэх 1.860.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

                                  

   Мөн хохирогч хамрын хагалгаанд орох 2.500.000 төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд ирээдүйд гарах эмчилгээний зардлыг урьдчилж гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул 2.500.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн 2206057460098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Д.Б т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5.Хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг, хамрын хагалгаанд орох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Эрүүгийн 2206057460098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ