Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч Б.Цэрэнтогтох,

шүүгдэгч С.Б , Б.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгиийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б , Б.С  нарт холбогдох эрүүгийн 2334000000139 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн,

регистрийн дугаартай гэв.

2.Монгол улсын иргэн

регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч С.Б , Б.С  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.Б  нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Нурамтын 2-01 тоотод иргэн Г.А "Хоёулаа үзэх үү, зодолдох уу" хэмээн тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр хэсэгт нь гараараа, хутганы бариулиар баруун нүд орчимд нь тус тус цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Б.Сод- Эрдэнэтэй бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Б.С  нь согтуугаар 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Нурамтын 2-01 тоотод иргэн Г.А "Чи муу миний найзыг зоддог хэн бэ" гэх тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг шалан дээр унасан байхад нь зүүн шуу, эрүү орчимд нь өшиглаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг С.Б тай бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000000139 хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.А ын өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед манай эхнэр П.Амарзаяа над руу залгаад...Сэргэлэн сумын төвд С.Б  гэх найзындаа байна. Чи ирэх үү хүүхэдтэйгээ ирж уулзахгүй юм уу би хүүхэдтэйгээ цуг явна гэх зэргээр дуудаад байсан... 21 цагийн орчим...сумын төвд уг С.Б  гэх залуугийнд хашаанд очсон. Намайг очих үед тэнд эхнэр П.Амарзаяа хүүхдийн хамт, эхнэрийн найз Сэлэнгэ гэх охин мөн С.Б , Б.С , 3.Аюурзана гэх залуус болон бага насны морины ажил хийдэг бололтой хоёр залуу байсан. Тэд нар намайг очих үед нийлж пиво уусан бололтой нэлээн согтолттой сууж байсан өрөөгөөр нь дүүрэн том пивоны хоосон сав байсан.. С.Б  орж ирэнгүүтээ шууд над руу хандаж "Хоёулаа зах зодолдох уу" гэх зэргээр дайраад байсан намайг заамдаж аваад доошоо шал рyy дарж унагаад дээрээс миний нүүрэн тус газар нэлээн хэдэн удаа гараараа цохиж авсан. Б.С . 3.Аюурзана гэх залуус гаднаас орж ирээд над руу МУ одоо миний найзтай зодолддог хэн бэ" гэх зэргээр дайрч Б.С  гэх залуу нь хажууд байсан шкафны дээрээс модон иштэй төмөр хутга барьж над руу далайж намайг айлгаж сүрдүүлсэн. Дараа нь түүний барьж байсан хутгыг С.Б  булааж аваад хутганы иш бариул хэсгээр миний нүүр баруун нүд, шанаа хацар орчим руу 2 удаа цохиж гэмтээсэн. Намайг газар унасан байх үед С.Б  нь дээрээс дарж хоолой боож заамдсан. С  "Чи муу одоо ямар ядаргаатай пизда вэ? Чи муу хэн бэ" манай найзтай зодолддог хэн бэ" гэх зэргээр хэлэнгүүтээ миний зүүн гарын тохой бугуй хэсэг рүү хөлөөрөө нэг удаа хийж өшиглөсөн. Бас миний толгой руу эрүү нь тус газар нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Н.С гийн өгсөн: "утсаар ярих гээд гадагшаа түр гарчаад буцаад ороод ирсэн чинь Г.А  газар хэвтчихсэн С.Б  дээр нь сандайлаад суучихсан зодолдож байсан. Юунаас болж маргалдаж муудалцсаныг мэдэхгүй. Хажууд нь байсан Б.С , 3.Аюурзана ах хоёр тэр хоёрыг салгаад холдуулснаа эргээд С.Б , Б.С , 3.Аюурзана гурав нь газар хэвтэж байсан Г.А  луугаа цуг нийлж дайрч зодсон. Тэд нарт зодуулсныхаа дараа Г.А  нь газар ёолоод хэвтээд байсан...П.Амарзаяа бид хоёр сумын эмнэлэг дуудсан Б.С  ах болохоор "Чи муу миний найзыг зоддог хэн бэ" гээд хоолны шүүгээн дээр байсан нэг жижиг шар боровтор иштэй төмөр хутга барьж аваад Г.А  луу дайрсан...С.Б , Б.С . 3.Аюурзана гурав нийлээд л. Г.А  луу дайраад тал талаас нь зуурч барьцалдаж аваад зодоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

  Гэрч П.Амарзаяагийн өгсөн: "...манай найз С.Б  гэх залуу намайг Төв аймгийн Сэргэлэн суманд хүрээд ирээч гээд уулзъя гэх зэргээр дуудсан... найз Н.С гийн хамтаар бага насны хүүхдээ дагуулаад...С.Б  дээр очиж уулзсан...Г. А  над дээр Сэргэлэн суманд хүрээд ирсэн. Бөөнөөрөө пиво ууж орой 19 цаг хүртэл суусан байх сүүлдээ Г.А  над руу уурлаж хэрэлдээд байсан чинь хажууд байсан С.Б  намайг өмөөрч Г.А зодолдоод байсан. Бас тэр үед бид нар дээр нэмэгдэж Б.С  гэх залуу ирсэн байсан. С.Б , Б.С , 3.Аюурзана гурав нийлээд л Г.А  луу дайраад байсан. Би найз Н.С гийн хамтаар тэр хэдийг салгах гэж үзээд дийлээгүй ээ зөндөө хэлсэн. Бас дээр нь би тухайн үед нэлээн пиво уусан согтсон байсан учир одоо зарим үйл явдлаа санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

  Гэрч Р.Б ы "...хүүгийнхээ хашаанд очих үед туслах уяач болох С.Б  нь үл таних хоёр эмэгтэй мөн гэрт газар унасан байдалтай үл таних тэр Г.А  нь хэвтэж байсан удалгүй миний араас сумын эмнэлэг, цагдаа нар цуг ирсэн. С.Б , Б.С , 3.Аюурзана нар бол согтуу байдалтай байсан. Гэрт нь зөндөө уусан пивоны хоосон савнууд байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

 Шинжээч Л.Бямбатуяагийн өгсөн: "Хохирогч Г.А ын биед үзлэг хийхэд баруун нүдний доод зовхины гадна буланд 0.5х0.3 см улаан ягаан өнгийн, зүүн шууны ар дунд хэсэгт 3х2 см, 3х1.5 см улаан ягаан өнгийн өнгөц зулгаралттай, баруун нүдний доод зовхи хөх ягаан өнгийн, дээд зүүн урд дунд хэсгийг хамарсан 21х0.2 см улаан ягаан өнгийн, урд доод хэсэгт 1х1 см, 1.5х1 см улаан ягаан өнгийн зүүн шууны ар дунд хэсэгт 1х1 см, 1.5х1 см улаан ягаан өнгийн, зүүн шууны ар дунд хэсэгт 5х3 см бүдэг хөх ягаан өнгийн цус хуралттай, дээд доод зовхи орчим хаван хавдар их гэсэн гэмтлүүд байсан ба өөр ил харагдах шарх байгаагүй." гэсэн мэдүүлэг /хх- ийн 37 хуудас/,

   Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №149 дугаартай шинжээчийн: “1.Г.А ын биед баруун нүдний доод зовхи, дээд уруулын дотор салстад шарх, эрүү, зүүн шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, дээд уруулын дотор салст, хүзүү, зүүн шуунд цус хуралт, дээд уруул, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 40-41 хуудас/,

  Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35 хуудас/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5-6 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч С.Б , Б.С  нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Г.А  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх 94/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Б , Б.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн 2334000000139 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт С-н Б, И овогт Б-н С нарыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д овогт С-н Б, И овогт Б-н С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б , Б.С  нарт оногдуулсан 450 тэнцэх хэмжээний буюу 450 000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б , Б.С  нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Эрүүгийн 2334000000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б , Б.С  нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.А т 500.000 төгрөг төлсөнг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б , Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б , Б.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ