| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2019/0364/и |
| Дугаар | 427 |
| Огноо | 2019-10-10 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 427
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Бгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Гд холбогдох
бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Б.Г, гуравдагч этгээд Д.А, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 4 хүүхэдтэй. Эхнэр бид хоёр хэдэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, боловсрол мэргэжил эзэмшүүлэх, айл гэр болгож, өрх тусгаарлаж өгөх гэх мэтээр үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн үүргээ биелүүлж, насаараа ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Өндөр насны тэтгэвэртээ гарсан ч гэсэн ач зээгээ өсгөлцөж, хурааж, цуглуулсан мал эд хөрөнгөнөөсөө хуваалцаж, аль болохоор үр хүүхдүүддээ тус дэм болж, яваа юм. Энэ ч утгаараа хүү Гыг айл гэр болоход анх гэр барьж тусад нь гаргасан. 2017 онд өөрийн хөрөнгөөр хүүдээ байшин барьж өгч, найр хуримыг нь хийж өсгөн. Мөн өөрийн өмчлөлийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын 16-8 тоот хаягт байрлах, 957 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2 871 000 төгрөгөөр үнэлэгдсэн 000129724 тоот гэрчилгээтэй, Г-1213000647 тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг хүү Гд 2017 оны 03 сарын 16-ны өдрийн газар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийг нь баталгаажуулсан. Ингэж хүүдээ, хашаа, газар, байшингийн буюу үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийж, амьдралынх нь баталгааг хангаж өгсөн юм. Хүүхдүүд маань ч сэтгэл хангалуун, амар тайван амьдарч байсан. Хүүхдүүддээ газар, хашаатай болгоод бид хоёр хажууд нь гэрт амьдарч байгаа юм.
Гэтэл хүү Г нь архи ууж, аав, ээж бидэнд агсан согтуу тавьж, айлгаж ичээх болсон. Энэ байдлаас нь гаргах гэж 2017, 2018 онд бид өөрсдийн зардлаар удаа дараа архины эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үедээ архи уухгүй болдог боловч дахин архи ууж эхэлдэг. Архи уухаараа ааш зан нь маш их эвдэрч догшин ширүүн авирлаж манайд орж ирэн эцэг эх бидэнд хэд хэдэн удаа агсам тавьж, биднийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж гомдоох болсон. Эцэг, эхийн хувьд бид хүүгээ загнаж, аргадаж гуйх, сургаж зэмлэх элдэв байдлаар оролдоод , сүүлдээ аргаа бараад байна. Согтуу орж ирээд агсам тавихад нь дарж унтуулах гэж ноцолдож байгаад ойчиж, шагайгаа мулталж байсан. Энэ тэндээ хөхөрч няцрах бол энүүхэнд байдаг. Ээж нь унтуулах гээд очиход хүртэл гарыг нь мушгиж байсан удаатай. Үг хэлэхээр өөдөөс хэрэлдэж, та нарт хамаагүй, хуц солиор гэх мэтээр элдэв үгээр өөдөөс хэлж ээж бид хоёрыг харааж, доромжлох болсонд бид хоёр гомдох болсон. Бид хоёр нялх балчраас нь өөрсдийгөө бодохоос илүү, хүүгээ бодож өдийг болтол эрүүл саруул өсгөж бойжуулж, хүний зэрэгт хүргээд байхад ачийг минь ингэж хариулж байгаад үнэхээр гомдолтой байна. Ач хариулж чадахгүй байхад амар тайван амьдруулж болмоор л юм.
Иймд 2017 оны 03 сарын 16-ны өдөр хүү Б.Гтай байгуулсан газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүү Г нь манай нөхөр бид хоёрын үгийг тоохгүй, архийг албадаж уух болсон. Бид энэ газарт 40 жил амьдарсан. Хүүдээ байшин барьж өгөхдөө газраа дагуулж гэрчилгээг нь өгсөн. Гэтэл энэ хүн бидний хайр, итгэлийг даахгүй халуун ам бүлээрээ, үр хүүхдээ өсгөөд амьдарч чадахгүй байна. Гы эхнэр нь 4 дүгээр сард Гыг архи уулаа гэж гэрээсээ хөөсөн. Үүнээс хойш манай хүү гэр орондоо ороогүй. Одоо гэртээ орохгүй байгаа болохоор архи дарс уудаг хүмүүстэй нийлдэг болсон. Тэгээд үүнийгээ өөрөө мэддэг учраас энд архи уугаад яах вэ гээд Улаанбаатар хот руу дүү рүүгээ явдаг. Тэгээд ажил нь маргааш эхэлнэ гэхээр л ирдэг. Архи уухгүй бол сайхан амьдардаг. 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үед гэрээсээ хөөгдөж гараад дахин гэртээ ороогүй. Одоо эхнэр нь сална гээд шүүхэд өргөдлөө өгсөн байгаа. Ийм хүмүүст хашаа байшингаа өгөх нь хэцүү байна. Манай бага охин бид нартай хамт амьдардаг байсан. Тэгээд Г архи уухаараа эхнэрээ хөөж байна гэж бид нарт хэлдэг байсан. Манай хүү уурхайд ажилд орохоосоо өмнө арьсны ченж хийдэг байсан. Тэгээд бэлэн мөнгөтэй явдаг байсан учраас архи их уудаг байсан. Архи уугаад гэртээ ирэхээр нь би гэрээс нь зөрөөд гардаг байсан. Намайг байхаар хэл ам нь хурцлагдаад сүйд болдог. Г машинтай явж байгаад хүн шүргээд 11 дүгээр сард тэнсэн авсан. Үүнээс болж эхнэрийнх нь зан байдал өөр болсон гэж миний хувьд бодож байгаа. Тиймээс хүүдээ бэлгэнд өгсөн газраа буцаан авахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эцэг эхдээ газраа буцааж өгөхийг зөвшөөрч байгаа. Аав ээж минь ганц хүүдээ газраа өгсөн байсан. Одоо өөрсдөө газар хашаагүй болж байгаа учраас газрыг нь буцаан өгөхийг зөвшөөрч байна. Намайг уурхай руу ажил руугаа явах гэтэл шүүхэд ирээрэй гэсэн. Тэгээд ирсэн чинь гэр бүл цуцлуулах тухай өргөдөл өгсөн байсан. Би үүнийг хараад их гайхсан гэв.
Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г бид хоёр тусдаа гараад 3 хүүхэдтэй болсон. Эхний хүүхдээ хадам аавынд амьдарч байхдаа гаргасан. Ингээд аавынхаас тусдаа гараад 5 ханатай гэр барьсан. Энэ хүн найр хийсний маргаашнаас нь л аав ээжтэйгээ маргаж эхэлсэн. Би үүнд нь гайхаж байсан. Дунд охиноо гаргаад манай аавын гадаа очиж амьдаръя, энд хэцүү байна гэхэд нүүхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Намайг аавындаа хоноод ирье гэхэд хүртэл зөвшөөрдөггүй байсан. Бид өөрсдөө газар олж аваад байшин барья гэхэд Гы эцэг, эх нь зөвшөөрөөгүй. Манай нэг найз газрын албанд ажиллаж байсан. Тэгээд бид хоёрт хашаатай газар бэлэглээд, хашааны мөнгийг нь цувуулаад өгч болно гэсэн. Тэгээд тэр газрыг авах гэтэл хадам ээж манайд орж ирээд та хоёр газар авч яах гэж байгаа юм гээд авахуулаагүй. Тэгээд газар авахаа больсон. Хүний ганц хүүтэй суусан юм чинь яах вэ гээд л газар авахаа больсон. Энэ газрыг хүүхэддээ өгнө гээд энд байшингийн хундаам цутгаж байсан. Миний хүүг бидний хаяанаас холдуулж яах гэж байгаа юм гэж хашаа авахыг болиулж байсан. Энэ газрын маргаанаас болж бидний 3 хүүхэд л хохирох байх.
Архи ууж байгаа хүнд би 3 хүүхдээ өгөхгүй. Өмнө нь бид салаад, дахин нийлээд нэг сар амьдарсан. Г байнга хардаж сэрддэг. Манай ээжийг утсаар ярихад хүртэл хажуугаас чихээ тавьж сонсдог. Энэ хүн тэнсэнтэй байгаа учраас дахин ял авахуулаад яах вэ гэж бодоод аливаа зүйл болоход цагдаад өгдөггүй. 3 хүүхдийн эрх ашиг зөрчигдөхгүй гэвэл энэ газар надад хамаагүй. Гэрээс хөөж гаргах асуудалд би өмнө нь эцэг эхэд нь хэлж байсан. Өмнө нь зээл аваад Гыг архины эмчилгээнд явуулж байсан. Архи уухаараа дэндүү догшин харьцдаг. Тиймээс салах өргөдлийг шүүхэд гаргасан. Энэ асуудал одоо шүүхэд явж байгаа. Газрын маргаанаас болоод гэрлэлтийн хэргийг түдгэлзүүлсэн байгаа. Биднийг гэрлэлт цуцлуулах, эд хөрөнгө хуваах нэхэмжлэл гаргасны дараа хадам аав шүүхэд газрын нэхэмжлэл гаргасан нь хуулийг буруу ашиглах гэж байна л гэж бодож байна. Шүүх яаж шийдэхийг мэдэхгүй. 3 хүүхдийн эрх зөрчигдөж магадгүй гэж бодоод гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Гд холбогдуулан газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би өөрийн төрсөн хүү Гөлөгсайхайнд 2017 онд газраа бэлэглэсэн. Миний төрсөн хүү Б.Г нь архи ууж агсам тавьж намайг ноцтой гомдоосон” гэх тайлбарыг гаргасныг хариуцагч Б.Г “...Би архи ууж, аав ээждээ агсам тавьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбарыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А: “... Энэ хүн надтай суухдаа архи уудаг байсан. Найр хийснийхээ маргаашаас л аав, ээжтэйгээ маргаж харьцдаг. Би үүнд нь гайхдаг л байсан. Тэгэхэд ээж, аав нь миний ганц хүүг биднээс холдуулах гэлээ гээд л газар авч, өөр газар буух гэхээр зөвшөөрөхгүй л байсан. Биднийг гэр бүлийн асуудлаар шүүхэд хандсаны дараа хадам аав ийм өргөдөл гаргасан нь хуулийг буруу ашиглаж байна гэж гомдож байна” гэх тайлбарыг тус тус гаргасан байна. Талуудын хооронд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр газар бэлэглэлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 16 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах 957м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариу төлбөргүйгээр хүү Б.Гд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-3х/
Нэхэмжлэгч Ж.Б нь “бэлэглэгчийг архи ууж, агсам тавьж гомдоосон” гэсэн үндэслэл зааж, Б.Гтай байгуулсан газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч бэлэг хүлээн авагч, бэлэглэгчийг архи уусан үедээ хэзээ, хаана яаж, ямар үйлдлээрээ ноцтой гомдоосон гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Бгийн газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Б.Гд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.БОЛОРМАА