| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/187 |
| Огноо | 2023-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн Х овогт Ё-н Бт холбогдох эрүүгийн 2334000680146 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Ё.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Б.Г ын зүүн мөрөн тус газарт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ё.Б нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн төвд гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Б.Г ын зүүн мөрөн тус газарт нь аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2334000680146 хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Г ын өгсөн: "...би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр уусан архиндаа нэлээн согтсон байсан зарим зүйлээ санахгүй байна. Ямар ч байсан Б буюу Болдоогийн гэрт нь орж би өөрөө олон юм ярьж болдоог унтаж байхад нь дургүйг нь хүргэсэн юм шиг байна лээ. Тэгээд Болдоо намайг цайны шаазан аягаар миний зүүн талын мөр лүү нэг удаа цохиж миний мөрийг гэмтээсэн, тэр үед аяга нь хагарч газар унасан." гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас /,
Гэрч Б.Н ын өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд ганцаараа гэрээсээ гарсан. 17 цагийн орчимд над руу миний төрсөн ахын эхнэр Цэцэгсүрэн залгаж "Г хүнд зодуулчихжээ, баруун мөрнийх нь тэндээс цус гараад байна" гэхээр нь би бэр эгчид Г ыг эмнэлэг рүү аваад явчих аа гэж хэлээд би араас нь эмнэлэг дээр ирэхэд Г баруун мөрнийхөө хойд хэсэгт 3 оёдол тавиулчихсан гээд халамцуу нөхрөөсөө "яав ийв юу болов хэнд зодуулчихсан юм" гэж байсан. Би "Болдоод зодуулсан Болдоо намайг гэртээ зодсон, зодоод алах шахлаа би зугтаж гарч ирлээ" гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч О.А өгсөн: "Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цаг 30 минутад манай ээлжийн сувилагч Уранзаяа гарандаа шархтай хүн ирчихлээ гэхээр нь би тухайн хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Г гэх хүний зүүн мөр бугалга, булчингийн дээд хэсэгт 1 см орчим урттай 0,8 см гүнтэй иртэй хурц зүйлд зүсэгдсэн тухайн газар нь судас таарсан байсан. Би шархыг нь цэвэрлээд цусыг нь тогтоогоод 3 оёдол тавьж цэвэр боолт хийж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Ш.Э өгсөн: "...01 дүгээр сарын 07-ны өдөр намайг худаг дээрээ байхад 12 цагийн орчимд гэрийнхээ зүгээс хойшоо ганцаараа явж байгаад манай худгаар ирээд намайг "хоёулаа ганц юм ууя" гэж хэлсэн, тэгэхээр нь би завгүй байна гэж хэлтэл хойшоо алхаад явсан. Тэгээд үдээс хойш ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад Г ахиж ирсэн. Тэр үед зүүн талынх нь куртикний ханцуйнаас нь цус гарчихсан ирэхээр нь "хүүе чи яачихав аа" гэтэл өөдөөс "булт Болоо намайг шаачихлаа" гэж хэлж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц "...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байхад 17 цагийн орчимд шиг санагдаж байна, худгийн Энхтайван над руу залгаад Г ын зүүн талын гарнаас нь цус гараад байна гэхээр нь би Энхтайваны худаг дээр очтол гадна нь Г ганцаараа явган сууж байсан. Тэгээд би Г ыг өөрийнхөө гэрт дагуулж очоод гарыг нь цэвэрлээд гоожиж байсан цусыг нь тогтоох гээд нойлын цаасаар баахан дарж байгаад цус нь тогтохгүй болохоор нь харанхуй болсны дараа Г ыг аваад багийн эмнэлэг рүү явсан... Энхтайван надад хэлэхдээ "Г булт Болдоод зодуулчихлаа гэж ирсэн." гэж надад хэлсэн, ер нь бол Г нэлээн согтуу байсан" гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаартай: "Б.Г ын биед зүүн мөрөнд шарх, зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, баруун эрүүнд зөөлөн эдийн няцралт доод зүүн 1,2-р шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо болон өөрийн хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шинжээч И.Ганболорын өгсөн: "...Г ын зүүн мөрөнд 1.5 см урттай 3 ширхэг мэс заслын оёдолтой шарх байсан. Тухайн шарх нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шарх, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шаазан аягаар цохиход үүсэх боломжтой гэмтэл" /хх-ийн 36 дугаар хуудас/,
Яллагдагч Ё.Б ын өгсөн: "...Би Б.Г ын зүүн мөр хэсэгт нэг удаа аягаар цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй, би тухайн үед архи уугаагүй харин Б.Г нь гэрт ирэхдээ их хэмжээгээр согтуу орж ирээд маргаан болсон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ё.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Г нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх 9, 11/ мөн шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ё.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2334000680146 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ё-н Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Х овогт Ё-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Б т оногдуулсан 500 тэнцэх хэмжээний буюу 500 000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б т шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн 2334000680146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Ё.Б т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн 2334000680146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ