| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01032/и |
| Дугаар | 155/ШШ2019/01113 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2019/01113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Э.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт С.Х-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Э.З, хариуцагч С.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.З миний бие 2011 онд нөхөр С.Х-тэй танилцаж 2014 оны 10 дугаар сарын 10-нд хурим найраа хийж нэг гэртээ ороод 2015 оны 3 дугаар сарын 20-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас хүү Х.Э 2015 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн, одоо 3 настай, цэцэрлэгт явдаг. Бид гэр бүл болоод хамтдаа 2017 оны 10-р сарыг хүртэл амьдарч байгаад 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь архи ууж зодож , нүддэг учир хамт байх боломжгүй болоодаавындаа ирээд 2 жил орчим болж байхад хүртэл байн байн ирж агсам согтуу тавьж дарамталдаг. Намайг аавындаа байхад ирээд боож алах гэж дайраад 2018 оны хавар цагдаа дуудаж өгөөд 7 хоногийн хугацаагаар баривчилсан. Гэсэн ч дээрдээгүй, байн байн ирж агсам согтуу тавьдаг.Би цаашид өөрийн амь нас, эрүүл мэндээ бодоод хамт амьдрах боломжгүй байх тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна.
Иймд Э.З миний нөхөр С.Х-тэй гэр бүл болсон гэрлэлтийг цуцалж, хүү ЖЭ-ийг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. эд хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.
Нэхэмжлэгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х-эй 2014 онд хуримаа хийгээд 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Эрхэс маань 2015 онд төрсөн. 2016 оныг хүртэл хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд маш их архи уудаг байсан. Архи уухаараа агсам согтуу тавиад унтаж өгдөггүй байсан. Манай хадам ээж ирж унтуулж өгдөг байсан. Тусдаа амьдраад 3 жил болж байхад дандаа согтуу над дээр ирдэг байсан. Архинаас гараад 1 жил хүн шиг амьдарсан бол би эвлэрч болохоор байсан. Гэтэл огт архи уухаа болихгүй байнга архи уугаад байгаа учир цаашид энэ хүнтэй хамт амьдрах бодолгүй байна. Би хамт амьдрах хугацаандаа нэг их хардаад байдаггүй байсан. Салах болсон шалтгаан нь байнгын архидалт байгаа юм. Хуримаа хийснийхээ 3 сарын дараа машиныхаа түлхүүрийг шил арчигчинд нь хийж орхиод буудалд нэг хүүхэнтэй хамт хоносон байсан. Би энэ хүнийг үндэслэлтэй харддаг байсан. Хүүхэнтэй хоносоныг нь манай хадам эгч, ээж бид нар камер шүүж харсан. Бидний амьдралд гутраад байх хэмжээний зүйл байдаггүй байсан. Энэ хүн өөрөө ажилтай гэж гараад хонуут өнжүүтээр явдаг байсан. Би ор үндэслэлгүйгээр хардаггүй байсан. гэв.
Хариуцагч С.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Х нь Э.З-ийн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие С.Х Э.З-тай 9 дүгээр ангиасаа эхлэн үерхэж эхлэсэн бөгөөд улмаар 2014 онд албан ёсоор гэр бүл болон гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү Х.Э төрсөн. Бид хамтын амьдралын эхний жилүүдэд сайхан амьдарч байсан бөгөөд 2017 оноос хойш зан байдлын хувьд хоорондоо таарамжгүй болж ам мурийх болсон. Миний хувьд эхнэртээ гар хүрч үзээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байсан зүйлгүй. Э.З нь 2017 оны 11 дүгээр сард / өдрийг нь сайн санахгүй байна./ намайг ажлаасаа буугаад гэртээ түлээнд яваад орой нь гэртээ ирэхэд байхгүй байхаар нь гэрт очиход эгч нь гэрээсээ гарч ирээд намайг загнаж байгаад гэртээ буцаад орсон. Тэгээд тэр өдрөөс хойш гэртээ буцаж очоогүй, өнөөдрийг хүртэл би гэртээ ганцаараа амьдарч байгаа. Миний хувьд тусдаа байх энэ хугацаанд эхнэр, хүүхэд дээрээ очиж, хүүтэйгээ тогтмол уулзаж, зарим үед хүүгээ өглөө нь цэцэрлэгт хүргэж өгөөд орой нь авдаг, хаяа гэртээ аваачиж хамт хонодог, хэрэгцээтэй үед нь хүүдээ мөнгө, төгрөг, хувцас хунар авч өгдөг. Би хүүгийнхээ ирээдүйг бодож хадгаламж хүртэл хийдэг. Сая энэ оны 10 дугаар сард хүүгийнхээ үсийн авч гэртээ / мөрөн сумын 3-17-2 тоотод/ найр хийхэд эхнэр бөгөөд хадам талаас нэг ч хүн ирээгүйд би их гомддог. Тусдаа байх хугацаанд би З-тай утсаар болон гэрт очиж биечлэн уулзах гэхээр санаа, бодлоо хэлж, ярьдаггүй, цаашдаа хэрхэн, яаж амьдрал талаараа нэг ч шийдвэр гаргаж байгаагүй. Миний хувьд гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө одоог хүртэл зүтгэж яваа бөгөөд Э.З-аас салж, хүүхдээ өнчрүүлж, хойд эцгийн гар харуулмааргүй байна.
Иймд С.Х би Э.З-ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд хуримаа хийсэн. Би тэр үед Хилийн цэрэгт Үлээвэр найрал хөгжимд хөгжимчиний ажил хийдэг байсан. Бүх зүйл энэ хүнээс болсон. Намайг байнга харддаг байсан. Би байнгын тоглолтоор явдаг байсан. Тэр болгонд намайг байнга харддаг байсан. Би архи ууснаараа буруутай л даа. Би сэтгэл гутарлаас болоод архи уудаг юм. Өөр ярих зүйл байхгүй Би хүүхэддээ аав шиг нь ханддаг. 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүүхдийхээ сэвлэгийг үргээх ёслолыг хийсэн гэтэл хадам талаас маань нэг ч хүмүүс ирээгүй. Би тэр үед нь хүүхэддээ хадгаламж нээлгээд 500,000 төгрөг хийсэн. Би хүүгийнхээ сар бүр олгодог 20.000 төгрөгийг нь хугацаагүй хадгаламжтай нь холбуулчихсан юм гэтэл энэ хүн намайг “хүүхдийнхээ мөнгийг авч идэх нь үү “гэж хэлж байсан. Би хүүхдийн үсний найранд хадам талаас хүн ирээгүйд нь их гомдож байдаг юм. Манай хадмууд намайг гудамжны архичин шиг үздэг. Их хатуу сэтгэлтэй хүмүүс байдаг. Миний хамгийн буруутай үйлдэл бол архи уудаг явдал юм гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Э.З нь хариуцагч С.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.З хариуцагч С.Х нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Х.Э нь төрсөн болох нь;
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх автомат машинаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын “ Монгол улсын иргэн, нөхрийн Хн овогт С.Х, /анхны/, Монгол улсын иргэн, эхнэрийн Б овогт Э.З /анхны/ нарын 2014 оны 10 дугаар сарын 10-нд гэр бүл болсныг Х аймгийн М сумын 6701000048-рт 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлт бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх Гэрлэлт бүртгэлийн лавлагаа,
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх автомат машинаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын “ Эцгийн С.Х, эхийн Э.З, 2015 оны 10 дугаар сарын 08-нд эмнэлэгт төрөхөд төрсөн , эрэгтэй, Х.Э -г 2015 оны 10 дугаар сарын 21-нд Х аймгийн М сумын 6701000849-т бүртгэсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар,
С.Х, Э.З нар нь Х аймгийн М сумын 3 дугаар багт амьдарч байсан, хүү Х.Э нь одоо эрүүл бойжиж байгаа болох нь: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Б-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ Э овогтой З нь 3 дугаар багийн 17-02 тоотод ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2014-2017 оны хооронд хамтран амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт,
Х аймгийн М сумын 3 дугаар багийн өрхийн эмнэлэгийн Хүний их эмч Жүгдэрийн Сүнжидмаагийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ Х овогтой Э, нас-4 , хүйс-эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. “ гэх эмчийн тодорхойлолт, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Хэрэгт Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЗ/205 дугаартай “С.Х шийтгэл оногдуулах тухай” шийтгэврийн 2 хуудас хуулбар баримт / Х аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн архив Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/,
Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЗ/259 дугаартай “Шийтгэл ногдуулах тухай” шийтгэврийн 1 хуудас хуулбар баримт / Х аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн архив Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ баримтууд авагдсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл, учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Дээрхи баримтуудаар С.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Э.З, эх Д.С нарт халдсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар баривчлагдан, албадан сургалтанд хамрагдсан, архи согтууруулах ундаа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэндээ халдаж тэдний эрхийг зөрчдөг болох нь нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдээ хэний асрамжид үлдээх, болон хүүхдийн тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-дХүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.гэж тус тус заасан байна.
Иймд хүү Х.Э эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-ээс шүүхээр гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх хэмжээ буюу 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 32.529 төгрөг, нийт 102.729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.З-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Х овогт С.Х, Б овогт Э.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 08-нд төрүүлсэн хүү Х овогт Х.Э-г эх Б овогт Э.З-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 10 дугаар сарын 08-нд төрүүлсэн хүү Х овогт Х.Э-т 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Х овогт С.Х-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-ээс 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.З-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА