Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

     улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын Д.Дэлгэрсүрэн,

     иргэний нэхэмжлэгч Ч.А ,

     хохирогч Б.Ц ,

     шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н Од холбогдох эрүүгийн 2334000000055 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

  

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн,

 

регистрийн дугаартай гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

     Шүүгдэгч Б.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару порестер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Ц гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

     Шүүгдэгч Б.О : “2023 оны 01 дүгээр сарын 04-нд хотоос 2 хүн ирээд тэр 2 хүндээ хойд байшингаас адууны мах чанаж өгөх гээд гэрээсээ гарсан. Очиж авчаад наашаа явж байгаад Төв зам нэг урсгалтай болцон, цастай цагаан зураасаар давж машинуудыг явдаг. Тэгээд хүүтэйгээ таарсан юм. Манай хүү азаргаа барьж унах гэж байсан юм. Өнгөрчихлөө гэж бодож байсан чинь мөргөчихсөн. Хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Намайг уучлаарай гэж хэлмээр байна. Би буруугаа ойлгож байгаа. Би хохирлыг төлж барагдуулах болно. Манай хөдөө орон нутгийнхан газар тариалангийн зээлийг тултал тултал авчихдаг. Би одоо үнэхээр сүүлийн зээлдээ тулчхаад байгаа. Би цэцэрлэгийн багш хийгээд 17 жил болж байна. Сард 1.120.000 төгрөгийн цалинтай, үүнээс 690.000 төгрөгийн цалингийн зээлдэн төлдөг. Би 5 хүүхэдтэй, нөхөр маань ажилгүй.  Хавар болохоор тариалалтын зээл гэж авдаг. Эхний 6 сард төлөхгүй байж байгаад сүүлийн 6 сар төлдөг. Одоо яг төлөлтдөө орчхоод байгаа. Тэрийгээ төлчхөөд дахин зээл авч хохирлоо барагдуулна. Ийм байдлаасаа болоод нөхөртэйгөө бас маргаантай, тусдаа байгаа.” гэв.

     Хохирогч Б.Ц : “Надад хэцүү л байна. Хөнгөн, шингэн ажил хийж байсан хүн, хүний гарт орчихоод ийм байдалтай болсонд үнэхээр хэцүү байна. Би үнэхээр зүдэрч байна. Заримдаа ингэж байхаар үхчихгүй яав даа гэж бодож байна. Орой болгон миний шөрмөс татаж, хөл гар өвдөж удаан сууж чадахгүй байгаа. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг л өгсөн. Би Жаргалантаас түргэний машин түрээслэхдээ өөрөө мөнгийг нь төлсөн, машинаа жалганаас татаж гаргахдаа бас өөрөө мөнгө төлсөн. Би үнэхээр зүдэрч байна, эмнэлгээр явмаар байна, эмчлүүлмээр байна. Би хүний урамд толгойны эм ууж үзээгүй. Би одоо хүний сэг л болж байна, хүүхдүүддээ их дарамт учруулж байна. Тухайн үед имрайд харуулахад 600.000 гаруй төгрөг зарцуулсан, мөн нурууны бүс 94.000 төгрөгөөр авсан. Тухайн үед сандралдчихсан байсан болохоор баримтаа авч чадаагүй. Шүүгдэгч надад 1.000.000 төгрөг өгснөөс хойш ерөөсөө уулзалдаагүй. Би хөлөө хавччихсан, орилоод өвгөн минь хөгшин хүн болохоор сандраад байсан. Гэтэл надад энэ хүмүүс түргэн дуудаж өгөөгүй, нөхөртэйгөө л хоорондоо машин ингэчихлээ, тэгчихлээ гээд хэрэлдээд байсан. Ядаж дараа нь ээж шигээ хүнийг ийм болгочхоод та яаж байна, ийж байна гээд асуучхаж чадахгүй. Би бөгсөө арчиж чадахгүй үе байсан. Надад охин хүүхэд байхгүй, би жирэмсэн бэрээрээ бөгсөө арчуулж чадахгүй. Нуруу бол амаргүй л зүйл байдаг юм байна. 1.000.000 төгрөг, 10 литр сүүтэй өгчхөөд явснаасаа хойш нэг ч холбогдоогүй. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. Би ямар ч суурь өвчингүй байсан. Хэдэн малаа саагаад л хүүдээ туслаад явдаг байсан. Нийт 15.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Цаашдаа бас хэвтэж эмчлүүлмээр байна. Гэрт байхад үнэхээр хэцүү байна. Дор хаяж толгойтой үсээр хатги шаваад байна. Эмчилгээ л хийлгэмээр байна. Би одоо та бүхэнд л итгэж байна.гэв.

 

     Иргэний нэхэмжлэгч Ч.А : “Бид нар хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа өгсөн байгаа. Ээж минь нурууны хугаралтай болохоор хувийн ч тэр, улсын ч тэр эмнэлэг хүлээж авахгүй байсан. Өөрөөр нь эдгээх ёстой юм байна лээ, хэвтрийн дэглэм барь гэсэн. Машинд учирсан хохирол 14.820.000 төгрөг үнэлгээгээр тогтоогдсон. Үнэлгээ гаргуулахад 596.000 төгрөг болсон. Би бас өөрөөсөө гаргасан. Машинаа ачуулж ирэхэд хувь хүмүүсээр ачуулсан болохоор баримтгүй байгаа 450.000 төгрөг болсон. Даатгалаас мөнгө гаргуулах гэсэн боловч жолооны эрхгүй хүний дээр ямар ч юм байхгүй, та нар өөрсөө учраа ол гээд даатгал хүлээж аваагүй. Осол болоод ээжийг аваад гэмтлийн эмнэлэг рүү шууд очиход хэвтрийн дэглэм барина, амин судаснаас наагуур байгаа тул хагалгааны заалт байхгүй гэсэн. Хэвтрийн хүн хатгинаас салахгүй байна. Толгой дээр нь ч хатги гараад, аргаа бараад үсийг нь хүртэл тайрсан. Би айлын бага хүүхэд, одоо яг ээжийгээ харж асарч байгаа. Эмнэлэгт хэвтүүлэх гэхээр та арай болоогүй байна гээд байгаа. Миний ээжид нэг ужиг, хуучин өвчин байгаагүй. Шинжилгээний хариугаар дандаа зүгээр гардаг байсан. Би шүүгдэгчид өөрт нь нүүр лүү нь харж байгаад та хэнэггүй тайван хүн юм уу, тэнэг хүн юм уу гэж хэлж байсан. Хүн гэмт үйлдэл гаргачхаад тэрнийхээ өмнө ямар ч хөдөлгөөн хийхгүй байгаад гайхаад байна.” гэв.

 

              Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

              Үүнд:

              Хохирогч Б.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, Иргэний нэхэмжлэгч Ч.А ийн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/, гэрч И.Чулуунбаатарын мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/, гэрч Р.Батболдын мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/, насанд хүрээгүй гэрч Т.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуудас/, "Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-ийн шинжээч Т.Түвшинбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 хуудас/, "Итгэлт эстимэйт" Хөрөнгө үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын

11-ний өдрийн 1036 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 50-52 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 болон 8-11 хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 6-7 хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэлд "HM83071901 регистрийн дугаартай Батболдын О  нь жолоочийн мэдээлэл бүртгэгдээгүй..." гэсэн лавлагаа /хх-ийн 74 хуудас/, яллагдагч Б.О ийн мэдүүлэг /хх-ийн 72 хуудас/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

     Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогчийн зүгээс баримтаар 1.031.887 төгрөг нэхэмжилсэн боловч имерай, бас машин татуулсан гээд 2.316.887  төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийн эмчилгээний зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн байдаг. Иймд үлдэгдэл 1.316.887 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14.820.000 төгрөг, эмчилгээний зардал 596.000 төгрөг, нийт 15.416.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасныг,

     Хохирогч Б.Ц : “15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ирээдүйд эмчилгээ хийлгээд явах зардалтай болгож өгнө үү. Эмчилгээ л хийлгэхгүй бол би шууд хөл дээрээ босоод гүйж чадахгүй. Та нар намайг харж байгаа байх. Би хүн чанар заагаад л байна. Би насаараа хохирч байна. Би бөхийж чадахгүй, гэдийж чадахгүй байна. Намайг яаж гүйдэг байсныг эргэн тойрны бүх хүмүүс мэдэж байгаа. Эмч намайг та намайг хөдлөөд байвал гол судсаа дайраад цус алдаж үхнэ гэж хэлсэн. Би ар гэрийнхээ амьдралыг зохицуулж, үр хүүхдээ орон байртай болгох гэж бүх юмаа зохицуулаад гүйдэг байсан хүн.” гэв.

     Иргэний нэхэмжлэгч Ч.А : “Хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

     Шүүгдэгч Б.О : “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна.” гэв.

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

     Шүүгдэгч Б.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару порестер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Ц гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

     Хохирогч Б.Ц гийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Чулуунбаатар ач хүү А.Мэргэн, Б.Билгүүтэй нарын хамт өөрийн ... улсын дугаартай Субару порестер маркийн машинтай нөхөр Чулуунбаатар жолоодоод Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу гэртээ харихаар явж байтал Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн төвд засмал замд явж байтал манай нөхөр машинтай зөрөх шиг болтол миний сууж явсан жолоочийн эсрэг талын дугуй руу мөн хаалга хэсэг рүү мөргөсөн. Тэгээд манай машин замын хажуугаар ороод зогссон. Би машинаас буух гэтэл миний хөл хаалга, сандал хоёрын завсар хавчуулагдсан байсан. Мөн толгойгоороо урд багаж хэсгийг мөргөсөн байсан. Тэгээд Жаргалант сумын эмнэлэг цагдаа ирсэн. Би жолоочийн хажуу талын зөв урд суудалд сууж явсан. Манай нөхөр Чулуунбаатар тээврийн хэрэгсэл жолоодоод ач хүү Мэргэн, Бэлгүүтэй нар арын суудалд сууж явсан. Миний нуруу хугарсан, бяцралттай гэсэн мөн зөөлөн эдийн гэмтэл, зүүн талын гар хөл сүүж хөхөрсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Хүний гарт хэцүү байна. Одоо гарсан эмчилгээний зардал болон цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.

     Одоо миний бие анх бэртэл авснаа бодвол гайгүй дээрдэж байгаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11-р хороо 204-1 тоотод хүү А ийн гэрт хэвтрийн дэглэм бариад хэвтэж байгаа юм. Гэмтлийн эмч босож болохгүй байнга хэвтэж байх хэрэгтэй гэж хэлсэн. Миний бие уг ослын улмаас нурууны 7-р үе хугаралттай нурууны 6-р үе бяцралттай гэж гарсан. Би гомдолтой байна. Уг осолд орсны улмаас 3 кг дээш ачаа өргөж болохгүй, удаан зогсож, сууж болохгүй, бөхийж болохгүй удаан байх хөдөлгөөнүүдийг бүгдийг хориглодог болсон.  Би эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-20, 22 хуудас/,

     Иргэний нэхэмжлэгч Ч.А ийн өгсөн: "2290 УАС улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн өмч байгаа юм. Миний тээврийн хэрэгслийн ерөнхий урд рам, хаалга, кобут, доод эд анги, дугуй, урд гупер, карлон доод эд анги тэр чигтээ их гэрэл, доторх сандал, шил тааз зэрэг зүйлс эвдэрч гэмтсэн. Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр 14,820,000 төгрөгийн хохирол гарсан. Одоогоор барагдуулж төлсөн зүйл байхгүй. Чулуунбаатар гэх хүн манай төрсөн аав байгаа юм. Манай аав 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу хөдөө гэртээ харих гээд унаж явсан. Энэ гэмт хэргийн улмаас миний ээж Ц  гэмтэл авч асаргаанд ороход хүндрэл бэрхшээлтэй байна. Уг хэргийн бэртэл гэмтлээс болж хэвтрийн байдалтай болсон. Сэтгэл санаа болон цаг хугацааны хувьд гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

     Насанд хүрээгүй гэрч Б.Отгондаваагийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар багийн төвд засмал замын хажуугаар өөрийн хүрэн зүсмийн азаргаа унаад явж байх үед манай ээж О  миний хажуугаар өөрийнхөө цагаан өнгийн приус 20 маркийн машинтай засмал замаар явж байсан. Ээж над руу хараад машинаа бариад явж байсан. Тэгээд удалгүй ээж засмал зам дээр машинтай мөргөлдчихсөн.” Ээж тухайн үед надтай ямар нэгэн юм яриагүй. Машиных нь цонх хаалттай байсан. Над руу хараад машинаа жолоодоод яваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

     Гэрч И.Чулуунбаатарын өгсөн: "Би 2023 оны 01-р сарын 07-ны өглөө эхнэр Ц , ач хүү Мэргэн, Бэлгүүтэй нарын хамт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум орохоор 11 цагийн үед өөрийн эзэмшлийн Субару Форестэр маркийн 22-90 УАО улсын дугаартай хар өнгийн машинтай гарсан юм. Замдаа Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3-р багийн төвд засмал замаар явж байтал миний өөдөөс саарал өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж явсан. Тэр тээврийн хэрэгсэл миний өөдөөс явж байхдаа зам голлоод мурилзаад яваад байсан. би эхнэр Ц д энэ машин яаж яваад байна гэж хэлээд хурдаа хасаад баруун гар тийш замаа шахаад тэр машинтай зөрөх агшинд тэр машин миний машины зөв талын урд дугуй хэсэг рүү мөргөсөн. Би машинаа зогсоох гээд тоормос гишгэхэд миний машин ямар ч удирдлагагүй болоод замын хажуугийн цас руу ороод зогссон. Би машинаасаа буугаад харахад намайг мөргөсөн приүс-20 маркийн машин засмал замын гол хэсэгт хөндлөн ертөнцийн зүгээр хойд зүгт харчихсан зогсож байсан. Уг машинаас нэг эмэгтэй бууж ирсэн. Тэр эмэгтэй машин жолоодоод ганцаараа явж байсан. Тэгээд эмнэлэгт цагдаа дуудсан. Осол болох үед би өөрийнхөө машиныг жолоодоод манай эхнэр Ц  миний хажууд суугаад ач хүү А.Мэргэн, Б.Билгүүтэй нар арын суудалд суугаад явж байсан. Би тухайн үед 40 км/цагийн хурдтай явж байсан. Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй нартай цэлмэг өдөр байсан. Замын байдал 2 захаараа бага зэрэг цастай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан. Миний тээврийн хэрэгсэлд  болон эхнэр Ц гийн эмчилгээний зардлыг нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

     Гэрч Р.Батболдын "Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд гэртээ байж байтал 15 цагийн үед манай эхнэр О  96-12 УАВ улсын дугаартай приус маркийн машинаа унаад хойд хашаанаас хоолны мах авч ирнэ гээд явсан. Удалгүй манай гэрийн ард засмал зам дээр осол болсон байсан. Би осол болсон газарт очоод Цагдаад дуудлага өгсөн. Намайг осол болсон газарт очих үед 2 машин засмал зам дээр мөргөлдсөн байдалтай. Манай эхнэрийн унаж явсан 96-12 УАВ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл замын гол машины урд хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан машины зүүн урд дугуй, хаалга, кирло, гупер хэсэг рүү мөргөсөн байсан. Нөгөө машин нь Субару порестер маркийн хар өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэр машины зөв урд дугуй нь салаад замын хажуугийн цас руу ороод зогссон, урд салхины шил, хаалга, кирло нь эвдэрсэн харагдаж байсан. Тухайн машид 2 том хүн, 2 хүүхэд зорчиж явсан. Нэг эмэгтэйгийнх нь дух хавдсан, нуруу нь хөдлөхгүй байна гэж байсан. Мөн манай эхнэр О ийн биед гэмтэл учраагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

     Шүүгдэгч Б.О ийн өгсөн: "Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар багийн төвд өөрийн 96-12 УАВ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод засмал зам дээр явж байгаад ... улсын дугаартай субару порестер маркийн хар өнгийн машинтай мөргөлдсөн. Тэгээд миний машины аваарын дэр гарсан. Машинаас буугаад ирэхэд надтай мөргөлдсөн машин чигээрээ хэсэг яваад замын хажуу руу ороод зогссон байсан. Тэр машины зөв урд дугуй нь салчихсан зам дээр байж байсан. Тэгээд манай нөхөр ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Миний унаж явсан приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Нэткапитал лизинг ХХК-ны нэр дээр авч байсан. Манай өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Одоо лизингийн 1.000.000 гаруй төгрөг төлөх дутуу байгаа юм. Би осол болох үед ганцаараа явж байсан. миний биед учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.  Надтай мөргөлдөж замын осол гаргасан ... улсын дугаартай субару форестер маркийн автомашинд хоёр том хүн, хоёр хүүхэд нийтдээ 4 хүн зорчиж явсан. Жолоочийн хажууд сууж явсан эгчийн нуруу нь өвдөөд хөдөлж болохгүй байна гэж байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан.  Миний автомашины зөв урд талын дугуй, обуд, их гэрэл, гупер хагарсан, мөн талын кирло чихэгдэж, ослын дэр гарсан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш тээврийн хэрэгслийн даатгал байхгүй, жолоочийн хариуцлагын даатгал нь манай нөхөр Батболдын нэр дээр байдаг Осол миний буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. Осол болох үед би хүүхдээ замын хажуугаар морь уначихсан явж байхыг харж байгаад замын голын цагаан зураасыг даваад эсрэг урсгал руу орчихсон байсан. Осол болох үед үзэгдэх орчин чөлөөтэй, замын хоёр захаар бага зэрэг цастай, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зам байсан.

     Тухайн үед замын хажуугаар манай хүү Отгондаваа морь унаад явж байхад би хүү рүүгээ хараад явах хооронд машинтай мөргөлдсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тухайн тухайн машинтай мөргөлдсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 73 хуудас/ болон Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гаргасан 04 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн: "1.Өгөгдсөн материалаар дүгнэлт гаргах боломжтой. 2.Б.Ц гийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн цохих цохигдох, доргих үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Бүсэлхий нурууны компьютер томографийн шинжилгээгээр оношлогдсон байна. 4.Б.Ц гийн биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдэгрлээс хамаарна. 5.Б.Ц гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуудас/, "Итгэлт Эстимэйт" Хөрөнгө үнэлгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1036 дугаартай: "Ч.А ийн эзэмшлийн Субару порестер маркийн ... улсын дугаартай авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 14,820,000 төгрөг." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 50-52 хуудас/,

     Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-ийн шинжээч Т.Түвшинбаатарын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №23/11 дугаартай шинжээчийн: "1.Тоёота Приус-20 маркийн 96-12 УАВ улсын дугаартай авто машины жолооч Б.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 "Механикжсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/" мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Субару Форестер маркийн ... улсын дугаартай автомашины жолооч И.Чулуунбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрсөн гэх үндэслэлгүй байна. 3.Тоёота Приус-20 маркийн 96-12 УАВ улсын дугаартай автомашины жолооч Б.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Зорчих хэсгийн гадаргуу нь цас мөсөөр хучигдсан байгаа хэдий ч осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. 5.Нэмж тусгах саналгүй." гэх дүгнэлт /хх-ийн 59-60 хуудас/.

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 болон 8-11 хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 6-7 хуудас/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэлд "...HM83071901 регистрийн дугаартай Батболдын О  нь жолоочийн мэдээлэл бүртгэгдээгүй." гэх лавлагаа /хх-ийн 74 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

   Шүүгдэгч Б.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ/Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару порестер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөж/ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангагдсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц гийн эрүүл мэндэд хохирсон нь шинжээчийн  04 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хүндрүүлж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт  заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт Б.О ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

   Шүүгдэгч Б.О ийн үйлдэл нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна.

  

   Шүүгдэгч Б.О  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, харин хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасан гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

 

   Шүүгдэгч Б.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн төвд Тоёота Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1A, 11.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, жолооч И.Чулуунбаатарын жолоодож авсан Субару форестер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Ц гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Б.О ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц гийн эрүүл мэндэд “Ц гийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарагдах гэмтэл учирсан ба уг гэмтлийг эмчлүүлэх, хор уршгийн зардалд нийт 15.000.000. төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргадаг.

 

Шүүх хэрэгт авагдсан баримт болон талууд маргаагүй тул дараах зардлыг гаргасан үүнд:

Шүүгдэгч Б.О ээс:

Нурууны имерай зураг хийлгэсэн-690.000 төгрөг, сумын эмнэлгийн машинд -50.000 төгрөг, нурууны бүс-94.000 төгрөг, эвдэрсэн машины хот ачуулсан 450.000 төгрөг, бензин, эм тариа нийт 1.031.000 төгрөг нийт 2.316.887 төгрөгийг хохирогч Б.Ц д олгож, хохирогч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12.683.113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Мөн уг зам тээврийн осол шүүгдэгч Б.О ийн буруутай үйлдлээс гарсан тул иргэний нэхэмжлэгч Ч.А ийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирол 14.820.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 596.000 төгрөг нийт 15.416.000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О ийн төлсөн 1.000.000 төгрөгийг хасч, үлдэх 14.416.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.А эд олгохоор тус тус  хянан шийдвэрлэсэн.

 

Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч Б.О  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж,

     шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Б.О  нь шүүхээс тогтоосон хохирогч Ц гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.316.887 / хоёр сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөгийн хохирол,

     иргэний нэхэмжлэгч Ч.А эд 14.416.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн хохирлыг тус тус нөхөн төлөөгүй байсан болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч Ч.А ээс: “Миний хувь хүний болдоор зам тээврийн осол хэтэрхий хөнгөн ялтай юм шиг санагдлаа. Энэ хүн угаасаа жолоо барих эрхгүй хүн байсан. Нэг жилийн дараа дахиад бариарай гэж байгаа юм шиг санагдлаа. Магадгүй жилийн дараа дахиад осол гаргахыг үгүйсгэхгүй. Тэр үед миний ээжийн оронд нэг хүүхэд таараад бурхан болчихсон ямар нөхцөл байдалтай байхыг мэдэхгүй. Эрхгүй хүнд эрх өгч байгаа юм шиг л сонсогдож байна. Миний хувьд хэтэрхий бага ялтай юм шиг санагдаж байна. Би өөрийгөө хуулийг дээдэлдэг иргэн хүн гэж боддог. Бүхэл бүтэн аваар хийгээд, хүнд осол гаргачхаад байхад нэг жил зорчих эрхийг нь хязгаарлана гэхээр би гайхаж байна. Шүүх хурал болох хүртэл танд боломж байгаа шүү, та эрх чөлөөтэй явж байгаа шүү гэж би зөндөө хэлсэн. Энэ хүн магадгүй осол гаргавал зүгээр зорчих эрх хасаж байна лээ гэж энэ хүн ч, би ч бас цаашаа нэг хүнд хоёр хүнд хэлнэ, ярина, би найз нартаа ярина. Надад бага сонсогдож байна. Хэрэг болсноос хойш 4 сар 5 хоног өнгөрсөн байна. Хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авсан. Энэ 5 хоногийн дотор ядаж 2.000.000 төгрөг төлөөд орж болох байсан. Энэ хүн 4 сар 5 хоног юу ч бодоогүй. 7 хоногийн дотор төлнө л гээд байгаа болохоос биш ямар ч шийдвэртэй хариу байхгүй байна. Ар гэрийн амьдралын асуудал хүн болгонд л байдаг асуудал. Жолоо барих эрхгүй мөртөө санаатайгаар жолоо барина гэдэг чинь гэмт хэргийн шинж биш гэж үү. Төмөр зэвсэг бариад явж байсан гэсэн үг. Тэр төмрөөр хэнийг ч алж болох эрхтэй явж байсан гэсэн үг. Би ч гэсэн төмөр зэвсэг барьж явж байгаад хэн нэгэнд хүнд хохирол учруулах юм бол 1 жил л зорчих эрхээ хязгаарлуулах юм байна. Энэ 13, 14 настай хүүхдийн хурал биш. Хэргийг санаатай, санамсаргүй хийдэггүй ч гэсэн хариуцлага, ял нь надад таалагдахгүй байна. Сая 5 хоногийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй, манай ээжийн хатги нь л нэмэгдэж халуураад 7 гарсан бол 8, 9 болж гарсан. Би эсэргүүцэж байна. Хүнд маш олон зүйл тохиолддог. Гэхдээ энэ бол амьдралын жам. Би ч гэсэн ээжийгээ харж байгаа, би энийг жам гэж бодож байна. Гэхдээ энэ бол гадны нөлөөтэй. Миний ээж тогоотой сүүгээ ч даахгүй байна. Надтай хамт байх хугацаанаас нь, тэр хүний наснаас нь хороогоод байна. Жилийн дараа дахиад машин барьж болно гэсэн юм байна. Хуулийн засаглал хатуу байж байж замын цагдаагаас айдаг, дүрэм журмын мөрддөг болно. Яах гэж замын цагдаа гэж байдаг юм бэ. Замын цагдаа нар осол гаргасан хүнийг 1 жилээр жолооны эрхийг нь хасах гэж л төрд зүтгэж байгаа юм уу. Гэрлэн дохионыхоо сургалтад суугаагүй байж явж болдог замтай болсон юм уу. Би өөрийгөө 10 гаруй жил жолоо барьсан гэж бодсон чинь би эрхгүй хүн юм байна, тэр үнэмлэх надад хэрэггүй юм байна. Энэ дүрэм журам надад хэрэггүй байсан байна. Хөдөө явж байгаад хүн дайрлаа гэхэд би 1 жил л эрхээ хасуулах юм байна. Би бүхэл бүтэн их дээд сургуульд сурч төгсөж байж, шалгалт өгч байж, эрүүл мэндээрээ тэнцэж байж, вагоны жолооч болсон. Би анх удаа шүүх хуралд орж байна, анх удаа өөрөөсөө гарахгүй сонин үг хэлж байна. Би залуу хүн цаашдаа зөндөө үр хүүхэдтэй болоод хууль ярьж өгнө. Өнөөдрийн ийм хуулийг ярина гэхэд би ичиж байна. Эрхгүй хүний эрхийг хасна гэж байгаад гайхаж байна” гэх саналыг,

Шүүгдэгч Б.О ээс: “Жолооны үнэмлэхгүйгээр машин барьсан нь миний буруу. Би мөнгийг нь төлье гэсэн, алдаа оноогоо би ойлгож байгаа. Надад заръя гэсэн ч зарах юм алга. Нөхөртэйгөө муу харилцаатай байгаа, 2 ,3 сар тусдаа амьдарч байгаа. Би энэ 7 хоногтоо багтаагаад хохирол төлнө. Ахтайгаа ярилцаж байгаад ахын нэр дээр зээл авч байгаа. Би нэг мөсөн зээл авчхаад өгье гэж бодож байна. Би энэ 7 хоногт найдвартай төлнө. Сандраад хэцүү байна. Би жолооны эрхгүй машин барьсандаа харамсаж байна. Хүн гэмтээсэндээ ч харамсаж байна. Энэ 7 хоногтоо хохирол барагдуулна, намайг өршөөгөөч, миний ялын хөнгөлөөд өгөөч гэж гуймаар байна.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.О  нь ам бүл 7, нөхөр 5 хүүхдүүдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг хөшигт 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суудаг /хх 78/, Төв аймгийн Жаргалан сумын Цэцэрлэгт багшаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа /хх 79/, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас /хх 66/ авагдсан, одоо 40 настай, эмэгтэй гэх баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлж хор уршгийг арилгаагүй/хохирогч /ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан түүний улмаас учирсан гэм хорын хорын хохирлыг арилгаагүй/ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит байдлаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ зэргийг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн шүүхэд гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жил хасч, нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

            Шүүгдэгч Б.О  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно.гэж,

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-т механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна.

            а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна. гэж заасныг зөрчсөн,

          шүүгдэгч Б.О ийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож байгаа үйлдэл нь санаатай үйлдэл бөгөөд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулж байгаа үйлдэл нь болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан байх тул

           Шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр  гэмт хэрэг үйлдсэн шинж, нөхцөл байдлуудыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 1 жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын биелэлтэд  хяналт  тавихыг  Төв  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн 2334000000055 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1.Шүүгдэгч Х овогт Б-н Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын, тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             

     2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-н Оийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

     4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ээс 2.316.887 /хоёр сая гурван зуун арван зургаан мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг Сэрвэн гэх газарт оршин суух  хохирогч Б.Ц д,

     14.416.000 /арван дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо 204-1 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Ч.А эд тус тус олгосугай.

 

     6.Хохирогч Б.Ц  нь 12.683.113 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, иргэний нэхэмжлэгч Ч.А эд 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

     7.Эрүүгийн 2334000000055 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О  нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    

     8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

     9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

     10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Б.О д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэ арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ