Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 29

 

Д.Дд холбогдох эрүүгийн
хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг  даргалж, шүүгч  Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
    прокурор Л.Мөнхбаяр
    шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.    

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн орлогч прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 1930002640176 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг “Х” гэх газарт оршин суух, хэрэгт холбогдохын өмнө мал маллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газар Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн”, мөн дүрмийн 3.4-т “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  Д.Бын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар  зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Д.Дг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дгийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах,  оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Д.Дд хүлээлгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дд  мэдэгдэж, шүүгдэгч Д.Д  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Доржсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, прокурорын  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/28 дугаартай улаан өнгийн улсын дугааргүй “Янжин” маркийн мотоциклыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Орлогч прокурор Л.Мөнхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: Тус аймгийн прокурорын газраас Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Дг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан гэрч Б.М, Э.Т нарын мэдүүлэг, яллагдагч Д.Дг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр байцаасан тэмдэглэл зэргээр тухайн өдөр Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх нь Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн” гэдэг нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
    
    Анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд  харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй явдал нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлийг бий болгожээ.
    Тухайлбал: хэрэг бүртгэлтэнд өгсөн гэрч Б.Мгийн “Б, Д нар бараг тасрах шахсан байсан. Д нь Быг бодвол арай гайгүй байсан” гэх /хх-21х/, гэрч П.Лувсангийн “Гийн гэрт Г,  Д.Ба /талийгаач/, Д, А, Т бид нар нийт 3 шил архийг  хувааж уусан. Д нь архи уусан хэдий ч согтолт бага байсан” гэх  /хх-25х/, гэрч Э.Тын “тэр хоёр юм ярих тэнхэлгүй тасарсан байсан. Дгийн согтолт гайгүй байсан. 0.5 литрийн “Соёрхол” архи 1,  Лувсангийн авчирсан  0.75 литрийн “Ерөөл” архи 2,  нийт 3 шил архийг уусан” гэх /хх 26-27х/, гэрч Э.Г, Д.А нарын “Дгийн согтолт гайгүй байсан” гэх /хх28-29х/, шүүгдэгч Д.Дгийн гэрчээр өгсөн: Гийнд очиход 0.5 литрийн “Соёрхол” архи талдаа орсон байсан. Би түүнээс 1-2 удаа татсан. Тэгээд Лувсан ах сумаас авчирсан 0.75 литрийн  хоёр шил “Ерөөл” архиа гаргаж ирсэн. Тэр архинаас бүгд ууцгаасан” гэх /хх-32х/ мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байтлаа П.Лувсан, Э.Г нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Д архи уугаагүй” гэх мэдүүлэг,  шүүгдэгчийн нас, бие бялдарын онцлог, гэмт хэрэг гарснаас хойш нэг хоногийн дараа цусны дээж авсан зэрэг байдлаас шалтгаалан этилийн спирт илрэхгүй байх магадлалтай шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 82 дугаар дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлсэн боловч,  үндэслэлээ дурдаагүй байна. /хх-57х/

    Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих, гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэдэг ойлголтод өөрийгөө согтуурсан болон мансуурсан болохыг мэдсээр байж, эсхүл согтуурсан, мансуурсны улмаас оюун ухаан нь сарнисан аль аль нөхцөл байдлууд хамаарах бөгөөд үүнийг нотолсон  байвал зохино. Мөн эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийх урьдчилсан нөхцөл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үйл баримтыг яллах, өмгөөлөх чиг үүрэг бүхий шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцогч талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа байдаг.
    Хэрэгт авагдсан нэгдмэл, харилцан эсрэг, сонирхолгүй хөндлөнгийн гэрчүүдийн нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин,  агуулгаас авч үзвэл шүүгдэгч Д.Д нь  гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байснаа мэдсээр байж, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байхад гэрч П.Лувсан, Э.Г нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт урьд өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй өгсөн мэдүүлгэн нотлох баримт, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлж, тэдгээрийг үгүйсгэсэн нотлох баримтуудад объектив байдлаар няцаасан хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг үндэслэлгүй тодорхойлж, гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдээгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хуулийн зүйл,  хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн 1930002640176 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

Хоёр: Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Дд урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.ОЮУНТУНГАЛАГ
                             ШҮҮГЧИД                 Д.БАЙГАЛМАА
                                                                            О.БААТАРСҮХ