| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 125/2025/0011/3 |
| Дугаар | 221/МА2025/0485 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0485
“С Э к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О нар
Нэхэмжлэгч: “С Э к” ХХК
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “С Э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 125/2025/0011/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С Э к” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “С Э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 угаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С Э к” ХХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “С Э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/09 тогтоолоор Ховд аймгийн Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд 6 га газар олгохоор шийдвэрлэсэн. Үүний дараа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хуулийн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/1** дугаартай захирамж гарч тус захирамжийн 1.7-д Тахилт баг Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,4 га газрыг “С Э” ХХК-д хаус хороолол орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгосон. Газар олгохоос өмнө Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/23 дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч компани уг төсөл сонгон шалгаруулалтад оролцож тэнцэж, төсөлд тэргүүлсэн.
3.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу “С Э к” ХХК нь газар олгосон аймгийн Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, кадастртай байсан. Ховд аймгийн Засаг дарга маргаан бүхий акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасан сонсох ажиллагаа хийгээгүй, “С Э к” ХХК-д мэдэгдээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлээгүй. Маргаан бүхий акт гаргаж гэж буй талаараа буюу сонсох ажиллагааны талаар мэдэгдээгүй гэдгээ анхан шатны шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч хэлдэг. Иймд дээр дурдсан хуулийн үндэслэлийг харгалзан үзэж Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 125/ШШ2025/0025 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “С Э к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “С Э к” ХХК нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн “С Э к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/1** дугаар “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “С Э к” ХХК-д тус аймгийн Тахилт баг, Шинэ суурьшлын бүсэд байрлах 0,4 га газрыг хаус хороолол, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дүгээр “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар дээрх 2022 оны А/1** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.3. Анхан шатны шүүхээс “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгохоор заасан. Өөрөөр хэлбэл төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрыг дээрх хуульд заасны дагуу тусгай нөхцөлтэйгөөр эзэмшүүлэхээр заасан бөгөөд нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.4. Маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/** дүгээр захирамжаар “...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5 дахь хэсгийг зөрчиж төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.
2.5. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. 33.4-д “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 33.5.Энэ хуулийн 33.1.2-т заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд, эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус заасан.
2.6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/09 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтад маргаж буй Тахилт баг, Шинэ суурьшлын бүсэд нэхэмжлэгчид олгосон 4 га газар нь төлөвлөгдсөн хэдий ч нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй газрыг анх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.5-д заасныг баримталсан ба хариуцагч аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, хууль зөрчсөн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн “...Газар олгохоос өмнө Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/** дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулсан бөгөөд нэхэмжлэгч компани уг төсөл сонгон шалгаруулалтад оролцож тэнцэж, төсөлд тэргүүлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.7. Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/1** дугаар захирамжийг хүчингүй болгох талаар мэдэгдлийг тайлбар, саналаа бичгээр ирүүлэх хугацааны хамт facebook хуудаст оруулсан байх ба тус аж ахуйн нэгжийн жагсаалтад нэхэмжлэгч “С Э к” ХХК-ийн нэр нийтлэгдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн “...Маргаан бүхий акт гаргах гэж буй талаараа буюу сонсох ажиллагааны талаар мэдэгдээгүй гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хэлдэг” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА