Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 07

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.Ганжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Ариунцацрал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бурмаа,

Шүүгдэгч: П.Ганбат,

Нарийн бичгийн даргаар: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ганбатад холбогдох 201616010067 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа нүүр тээврийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан давааны 26-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шавь овогт Пэрлэйн Ганбат /РД:АМ78031212/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч П.Ганбат нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 78-86 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “Зунмен” ХХК-ийн эзэмшлийн 19-20 БЧ чиргүүл бүхий, 30-93 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган ослын улмаас Д.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “Зунмен” ХХК, “МЦУУ” ХХК-иудын эд хөрөнгөд нийт 19,740,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганбат мэдүүлэхдээ: “...2016 оны 06 сарын  27-ны өдөр Тавантолгойгоос нүүрс ачаад гарсан. Миний машины урд явж байсан машин гэнэт тоормос гишгэсэн бөгөөд би эсрэг урсгал руу орохоос өөр аргагүй байсан учир эсрэг урсгал руу орсон. Тухайн үед өмнөөс машин ирэх таарсан. Өмнөөс ирсэн машиныг би нөгөө тийшээ дарах байх гэж бодсон боловч надтай нэг зүг рүү дарсан тул мөргөлдсөн. Зам тээврийн осол болсонд маш их харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргал мэдүүлэхдээ: “...Би нөхөртэйгөө танилцаад 5 жил болох гэж байсан бөгөөд Бид 2 нэг хүүтэй. Манай хүүхэд одоо нэг ой 3 сартай.  Манай нөхөр Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр курс төгсөх гэж байсан. Хичээл нь амрахаар ажилдаа явдаг байсан. Хүүхэд маань 8 сартай байхдаа аавыгаа дөнгөж таньж эхэлж байсан боловч Ганбат нь зам тээврийн осол хийж  миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Нөхөр бид 2 хүүтэйгээ 6 сар хамт байсан. Манай нөхөр архи ууж, тамхи татдаггүй, эрүүл саруул хүн байсан.  Шүүгдэгчийн эхнэр над луу залгаж уулзах талаар 3 удаа ярьсан. Над луу ярихдаа эгч нь 4 хүүхэдтэй амьдрал хэцүү байна. Хохирол төлбөрийнхөө хэмжээг багасгаж болохгүй юу? гэж хэлсэн, мөн шүүгдэгч нь 100 хувь миний буруу биш гэж мэдүүлэг өгсөн нь гэм буруугаа ухамсарлаагүй үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн бодлоор хандаж байна. Миний гомдол насан туршдаа тайлагдахгүй. Зөвхөн би болон миний хүүхэд зовоогүй. Настай ээж гэр бүл нь зовж байгаа. Миний хувьд амьдрал харанхуй байна. Надад амьдрах орон байр, ажил байхгүй айл айлд хонож өнжөөд явж байна. “Зунмен” ХХК-нд манай нөхөр 3 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгал төлж байгаагүй.  Хуулийн дагуу нийгмийн даатгал төлсөн бол манай хүүхдийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмж төлөгдөх байсан. Ийм учраас “Зунмен” ХХК болон “МЦУУ” ХХК-иудаас хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлүүлэх хүсэлтэй байгаа. Хэн ч хэдэн төгрөг өгсөн  миний гомдол барагдахгүй. Иймээс гэм бурууг нь тогтоож өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “МЦУУ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа мэдүүлэхдээ: “...Манай компани нь улс хоорондын ачаа тээвэрлэлтийн байнгын зөвшөөрөлтэйгөөр гэрээ байгуулж ажилладаг. Ганбат нь манай компанийн үндсэн жолооч биш. Зам тээврийн осол болж хүний амь нас хохирсонд компанийн зүгээс эмгэнэл илэрхийлж сэтгэл санааны дэмжлэг болгож 15.800.000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 50.000.000 төгрөгийг төлөх эсэхийг миний бие сайн мэдэхгүй учир шүүхийн шийдвэрийг дагана.” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5  дахь хэсэгт зааснаар  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохийг шийтгэх тогтоолд дурдах, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг үнэмлэхийг шийтгэх тогтоолд  давж заалдах хугацаа дуусмагц замын  цагдаагийн байгууллагад шилжүүлэх, хохирогч Ганжаргалд “МЦУУ” ХХК-с 15.000.000 төгрөг, “Практикал”, “Номин” даатгалын компаниудаас нийт 9.990.000 төгрөг, шүүгдэгч Ганбатаас 4.000.000 төгрөг нөхөн төлөгдсөнийг шийтгэх тогтоолд дурдах, Хохирогч талаас нэхэмжилж байгаа сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг, мөн оршуулгын зардал 18.548.891 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 598.530  төгрөгний баримтыг гаргаж өгсөн. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд давж заалдах хугацаа дуусах хүртэл шүүгдэгчид урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналуудыг шүүхэд оруулж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргалын өмгөөлөгч С.Ариунцацрал шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хөдөлмөрийн гэрээ байдаг гэдгийг нүүрс тээвэрлэж байгаа компаниуд ойлгодоггүй. Мөн хууль сахиулах байгууллагууд нь тодорхой хэмжээний арга хэмжээ авдаггүй учраас хэвшил болсон байна. Миний үйлчлүүлэгчийн хүү болох 1 настай хүүгийн ирээдүйн амьдрал яригдаж байна. Иргэний хариуцагчаар “Зунмен” ХХК-ийг татсан бөгөөд миний бие 2 удаа очиж уулзсан. Хүлээн зөвшөөрдөг хэдий ч Соёлт нь олдохгүй байгаа гэсэн. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулинд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуулийн дагуу нийгмийн даатгал төлөгдсөн бол хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаар маргаан гарахгүй байсан. Мөн оршуулгын зардлын мөнгө маргаантай байгаа нь харагдаж байна. Мөнгө хүлээлцсэн баримтад байгаа “МЦУУ” ХХК-иас сэтгэл санааны дэмжлэг гэж бичсэн байдаг учир оршуулгын зардалд орохгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол чин санаанаасаа гэмшиж хохирлыг төлсөн байдлаас нь ухамсарласан эсэхийг мэддэг. Өнөөдөр шүүгдэгч гэмт хэрэг хийсэндээ чин санаанаасаа гэмшиж байх ёстой байдаг боловч ухамсарлаагүй байна. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ганбатын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдсон. Ганбатын урд нь явж байсан замын эвдрэлээс болж гэнэт тоормос  гишгэсэн байдлаас болж Ганбат эсрэг урсгал руу орох болсон. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсонд шүүгдэгчийн ар гэр болон өмгөөлөгч миний бие гүн эмгэнэл илэрхийлж байна. Шүүгдэгч Ганбат нь ослын улмаас биендээ хүнд гэмтэл авсан гэдэг нь нотлогдсон. Ганбатын урд нь явж байсан машин гэнэт тоормос гишгэсэн шалтгаан нь замын эвдрэлээс үүдэн гарсан нүх байсныг хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна. Бусдаар Ганбат нь санаатайгаар гүйцэт түрүүлэхээр эсрэг урсгал руу орсон зүйл байхгүй юм. Оршуулга болсны дараа Ганбатын гэрийнхэн 1,000,000 аваад талийгаачийн гэрт нь очсон. Талийгаачийн ээж болон гэр бүлд нь ямар их хэцүү байгаа талаар надад ирж хэлсэн. Тухайн үед Ганбатын биеийн байдал муу, хүүхэд нь хагалгаанд орж энэ айлын амьдрал үнэхээр хэцүү байсан, хохирогчийн ар гэрийг үл тоосон байдал гаргаагүй. Шүүгдэгч нь төлбөр төлөх чадваргүй байсан учир ямар аргаар хохирлыг нөхөн төлөх талаар бүхий л арга хэмжээг авсан. Энэ ажиллагааны үр дүнд хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд Ганбатын дүү 3 сар гаруй хугацаанд хөөцөлдсөний эцэст даатгалын компаниас төлбөр гаргуулж хохирогчид өгсөн. Мөн иргэний хариуцагчаар татагдсан “МЦУУ” ХХК нь 15.000.000 төгрөг өгсөн тул хохирол барагдсан. Ганбат нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй учир ах дүү нар нь нийлж 50 толгой мал өгсөн бөгөөд хохирогч талд өгөхийг хэлсэн боловч зарж өг гэж хэлсэн. Өнөөдөр малын үнэ хямдхан байгаа учир малаа зарж 3.000.000 төгрөг төлсөн. Цаашид гарах гэм хорыг “МЦУУ” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Шаардлагатай бол шүүгдэгчээс нэхэмжилж болно. “МЦУУ” ХХК болон “Зунмен” ХХК-иуд нь өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан гэдэг нь харагдаж байна. Үүний улмаас хүний амь нас хохирсон тул иргэний хариуцагч компаниас хохирол төлөх ёстой. Миний үйлчлүүлэгч нь 4 хүүхэдтэй бөгөөд  бага хүүхэд өвчний улмаас хагалгаанд орох болсон. Үүний төлбөрийг олох гэж явсан сайн аав, сайн хань байгаа. Мөн өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Ганбатийн биеийн байдал сайнгүй бусдын асрамжид байдаг. Ганцаараа таяггүй явж чаддаггүй. Дэлүүгээ авахуулсан учир бие нь сайнгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 6-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг нүүрс тээврийн хатуу хучилттай замын хойноос 159-160 км-т ... хөндлөнгийн гэрчээр О.Мөнхбат, Г.Шинэхүү, хяналтын прокурор Т.Баярмаа, цагдаагийн ахмад Д.Баасанбат, цагдаагийн ахмад Д.Ганбат, шинжээч Б.Бат-Эрдэнэ оролцов.” гэсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 7-р хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 8-14-р хуудас/

            Тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд “...П.Ганбатын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хавсаргав...” гэснээр / хавтаст хэргийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Т.Ганжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны үед Өмнөговь руу ажлаа хийхээр явсан юм. Түүнээс хойш гэртээ очилгүй Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлаа хийж байсан бөгөөд бидэнтэй байнга утсаар холбоотой байсан. Өмнөх компаниудад ажиллахаа болиод хилийн цаана хятадуудтай тохирч, нүүрсний машиныг жолоодох ажил хийж байна гэж ярьдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг 45 минутад Гончигдамба /хамт нүүрсний машины жолоочоор ажиллаж байсан хамаатангийн залуу/ яриад ослын талаар анх мэдсэн. Би талийгаач нөхрийн оршуулга болон буяны ажилд зарцуулсан зардал болох 18,548,891 төгрөгийг осолд буруутай талаас нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримтаа одоо гаргаж өгөхөөр осолд буруутай талаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт байна.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч YAN MING /Соёлт/-ын “...Манай “Зунмен” ХХК нь хятадын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компани юм. Тус компанийн 30-93 УНЦ улсын дугаартай шланз машин уржигдар шөнө осолд холбогдож, жолооч Т.Мөнх-Эрдэнэ нас барсан байна. Жолооч нар ойр ойрхон солигдоод байдаг болохоор энэ хүнтэй гэрээ хийж амжаагүй машинаа өгч явуулсан байна. Бид ослоо амьд гарсан жолоочийн бие муу байгаа гэж сонссон. Тиймээс тэр хүн болон өөр хэн нэгэнд холбогдуулж нэхэмжлэх зүйл бидэнд байхгүй.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Болормаагийн ”... П.Ганбат нь манай компанид бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан жолооч биш боловч уг тээврийн хэрэгслийг хятад улсдаа түрээсээр эзэмшдэг хятад хүн П.Ганбатад машиныг олгоод нүүрс ачуулахаар Монгол Улс руу явуулсан юм билээ. Тэр хүний машинуудыг П.Ганбат барьж нүүр тээвэрт ажиллаад 3 жил болж байгаа гэсэн. Нүүрс тээврийн машиныг эзэмшигч хятад хүмүүс Монгол жолооч нартай хувиараа ярьж тохироод, цалин хөлс өгөөд машинаараа нүүрс тээвэрлүүлэх явдал байдаг юм. Тийм байдлаар П.Ганбатад машинаа өгч явуулсан юм билээ. 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн чирэгчийн зүүн урд хэсэг эвдэрсэн, мөн чиргүүл тээврийн хэрэгсэлд учирсан эдгээр хохирлыг тооцож үзэхэд солих болон засварлах эд ангиудын ний мөнгөн дүн 5,202,000 төгрөг болж байна. Тээврийн хэрэгслүүд БНХАУ-д даатгалтай, даатгалаар хохирол нөхөн төлөгдөх учраас бусдаас нэхэмжлээд байх зүйлгүй, санал, гомдол “МЦУУ” ХХК-нд байхгүй.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гончигдамбын “... Би орой машинуудын хамгийн сүүлд Монгол руу гараад бүрий болж байхад 4 дүгээр постын цаана машинаа зогсоогоод Мөнх-Эрдэнийн утас руу залгахад хойшоо 3 дугаар пост өнгөрөөд явж байна гэсэн. Түүнээс хойно дахиад ярихад Пийжүүт өгсөөд явж байна гэж ярьсан. түүнээс хойш утсаар яриагүй. Би явсаар Жавхлант баг орж дэлгүүрээс тамхи авч, машиныхаа усыг нэмчхээд хойшоо гараад явж байтал машинууд аваараа татаад зам дээр зогсож байсан. Хоосон машинууд замаас гараад шороогоор явж байгаад эргэж зам руу ороод цааш явахаар нь би дагаж цаана нь гарчихаад Мөнх-Эрдэнэ рүү залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Би түүнийг цайны газруудаар хоол унд идэж байгаа юм болов уу гэж бодоод цааш явсаар сүлжээ орсон. Тэнд очоод нэлээд олон залгатал эргээд өөр утаснаас над луу цагдаагийн хүн яриад талийгаачийг осолд орсон талаар хэлсэн. Би замын унаагаар осол болсон газарт буцаж очиход Мөнх-Эрдэнэ осолд ороод аль хэдийн нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 33-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Батзоригийн ”... Ах маань Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлыг 2010 оноос өдийг хүртэл хийж байна.  Хамгийн сүүлд осолд орохоос 2-3 хоногийн өмнө утсаар ярихдаа би ажлаа хийж байна. Хэд хоногоос ажил зогсоно. Тэгэхээр хот руу очно. Манай эхнэр хүүхдийг Архангай аймгаас Улаанбаатар хотод авчраад эмнэлэгт үзүүлж бай гэж надад хэлсэн. Тэгтэл намайг хөдөө байхад ахыг осолд ороод Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдсэн.  Тэгээд эхнэр хүүхэд, ээж болон ах дүү нар өчигдөр Улаанбаатар хотоос ирлээ.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 34-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Хатанбаатарын ”... Ханбогд сумын Жавхлант багийн ард засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байдалтай байсан. Тэгээд би зогсоод газар хэвтэж байсан хүн дээр яваад очсон. Тэр хүн баруун талаараа хажуулдан хэвтчихсэн, ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай амьд байсан. Харанхуй байсан болохоор гэмтэл, шарх зэрэг зүйлүүд ажиглагдаагүй. Тэгээд би Ханбогд сумын цагдаагийн тасаг болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд хоосон ачаагүй машины жолооч нь рулиндээ буюу жолооны хүрдэндээ хавчуулаатай амьд байсан. Хэдэн машин зогсож жолооч нар бууж ирсэн. Тэгээд бид нар нийлээд уг хүн хавчуулаатай машины урд талаас нь машинаар кабиныг нь татаж, тэр жолоочийг гаргаж авсан. Тэгэхэд амьд байсан. Юу ч яриагүй тэгж байгаад хөдлөхөө болиод эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан юм.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 37-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Гэрэлмаагийн “...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд “Жавхлантаас хойхно нүүрс тээвэрлэлтийн машинууд мөргөлдлөө, жолооч нь муу байна” гэсэн дуудлага Ханбогд сумын эмнэлэгт ирсний дагуу ослын газарт 00 цаг өнгөрч байхад очсон. Тэнд нүүрсний 2 машин мөргөлдсөн байдалтай, 2 жолоочийг нь машины хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Нэг жолоочийг нь нас барчихлаа гэж биднийг дуудлага аваад сумын төвөөс гарч байхад эмнэлгээс мэдэгдсэн. Эмнэлэг рүү анх дуудлага өгсөн хүмүүс нь дахиж утастаад түүнийг мэдэгдсэн гэж ойлгосон. Дуудлагаар очоод амьд байгаа жолоочийн биеийн үзэхэд маш хүнд, амьсгал давхацсан, зүрхний цохилт олширсон, уушиг зүүн талдаа сул, баруун талдаа ширүүссэн, хэвлий нэлэнхүйдээ эмзэглэлтэй / гар хүргэхгүй/ баруун хөл өвдөгний дээхнэ хэсгээрээ гадагш эргэсэн байдалтай, ухаан саруул, асуусан асуултад оновчтой, тод хариулж байсан. Дараа нь нас барсан хүний хөнжил мэт зүйлээр хучсан байсан ба хучлагыг сөхүүлэн үзэхэд захын пульс тэмтрэгдэхгүй, бие хөшсөн нас барсан шинж тэмдэг илэрхий байсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 38-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Д.Мөнх-Эрдэнийн цогцост үзлэг шинжилгээгээр дэлүүний задрал, нойр булчирхайн задрал, элэгний язрал, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт /1500 мл/, баруун, зүүн эгэм, зүүн 1, 2, 3-р хавирга, баруун 1, 2-р хавирганы хугарал, баруун хөмсөг орчимын язарсан шарх, чихний урагдсан шарх, зүүн шилбэний няцарсан шарх, зүүн мөр, зүүн бугалга, шуу, цээжний зүүн хэсэг, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь үхлийн шалтгаантай холбоотой болно. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрхи гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барсан.” гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 27-28,31 дүгээр хуудас/

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5927 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Т.Мөнх-Эрдэнэ  30, эр гэж хаягласан цус 5,0 мл хуруу шилэнд авч хийж, битүүмжлэн ирүүлжээ. Тогтоолд дурдсантай ирүүлсэн биоматериал тохирч байв. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийг бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход Т.Мөнх-Эрдэнийн цогцосноос авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 42-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №374 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... П.Ганбатын биед дэлүүний няцралын улмаас дэлүү авагдсан мэс засал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дунд чөмөгний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. П.Ганбатад хавирганы хугарал байх боломжтой бөгөөд үүнийг зөвхөн багажийн шинжилгээгээр тогтооно. Өвчний түүх болон эмч нарын үзлэгт яг хэдэн хавирганы хугарал гэдэг нь тусгагдаагүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 45-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5928 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... П.Ганбат 38, эр гэж хаягласан цус 5,0 мл хуруу шилэнд авч хийж, битүүмжлэн ирүүлжээ. Тогтоолд дурдсантай ирүүлсэн биоматериал тохирч байв. Шинжилгээнд ирүүлсэн цуснаас дээж авч дулааны үйлчлэлд оруулах замаар спиртийг ууршуулж, ууршсан спиртийг бихромат калигаар исэлдүүлсэн. Исэлдэлтийг бүтээгдэхүүний оптик нягтыг Unico-7200 спектрофотометр дээр хэмжээд хэмжилтийн дундаж утгаар урьдчилан байгуулсан жиших муруй дээрээс утгыг олж, тоо хэмжээг тодорхойлоход П.Ганбатын биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй байна.” гэснээр / хавтаст хэргийн 47-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хавтаст хэргийн 48-51-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...П.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн учир уг тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Уг зам тээврийн осолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэснээр / хавтаст хэргийн 53-р хуудас/

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №1138 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтэд “... П.Ганбатын биед дэлүүний няцрал дэлүү авах мэс засаын дараах байдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун дунд чөмөгний далд хугарал, цээжний баруун талд 5, 6, 7, 8 9 хавирганы хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, уушиг няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. П.Ганбатад учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг босон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь энгийн хөдөлмөрийн /ярих, явах г.м/ чадарт нөлөөлөхгүй.” гэснээр / хавтаст хэргийн 70-71-р хуудас/

Комисстой техникийн шинжээчийн 3 дугаар дүгнэлт / хавтаст хэргийн 73-74-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 89-р хуудас/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт / хавтаст хэргийн 90-р хуудас/

П.Ганбатын хувийн байдалтай холбоотой баримтууд / хавтаст хэргийн 91-93, 72-75 дугаар хуудас/

П.Ганбатын нэр дээр ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болохыг нотолсон Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1/252 тоот албан бичиг, арилжааны банкуудын лавлагаа / хавтаст хэргийн 95, 135-145-р хуудас/

Яллагдагч П.Ганбатын өвчний түүх амбулаториор эмчлүүлэгчийн карт / хавтаст хэргийн 96-134-р хуудас/

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд: “...30-93 УНЦ улсын дугаартай чирэгч, 19-20 БЧ дугаартай чиргүүлд 17,680,000 төгрөгийн, 46-02 ӨМӨ улсын дугаартай чирэгч, 78-86 БЧ дугаартай чиргүүлд 5,495,000 төгрөгийн тус тус хохирол учирсан.” гэснээр / хавтаст хэргийн 55-58-р хуудас/

Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №15, 30-93 УНЦ улсын дугаартай чирэгч, 19-20 БЧ дугаартай чиргүүл нь “Зунмен” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна”, 46-02 ӨМӨ улсын дугаартай чирэгч, 78-86 БЧ дугаартай чиргүүл нь “МЦУУ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 184-192-р хуудас/

Хохирогчийн төлөөлөгч Т.Ганжаргалын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /  1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 2 дугаар хавтас хэргийн 1-282-р хуудас/

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ / хавтаст хэргийн 147-152, 158-163р хуудас/

“Зунмен” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №76 дугаартай албан бичигт “...Тус компанийн нэр дээр бүртгэлтэй 30-93 УНЦ тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн ослоос компанид 12,380,000 төгрөгийн хохирол учирсан боловч компанийн зүгээс тээврийн хэрэгслийн даатгалаасаа барагдуулахаар болсон тул компанид гарсан хохирлыг осолтой холбоотой холбогдох бусад этгээдээс нэхэмжлэхгүй болсныг мэдэгдэн хүргүүлж байна” гэсэн тодорхойлолт / хавтаст хэргийн 291-р хуудас/

“МЦУУ” ХХК-ийн албан бичигт “...“МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 46-02 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбогдох хэрэгт компанийн зүгээс ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй нь үнэн болно” гэсэн тодорхойлолт / хавтаст хэргийн 292-р хуудас/ зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

            Шүүгдэгч П.Ганбат нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой “МЦУУ” ХХК-ийн эзэмшлийн 78-86 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр буюу нүүрс тээвэрлэлтийн замын 159 дэх километрт Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж “Зунмен” ХХК-ийн эзэмшлийн 19-20 БЧ чиргүүл бүхий, 30-93 УНЦ улсын дугаартай Нортбенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган ослын улмаас Д.Мөнх-Эрдэнийн амь насыг хохироож, “Зунмен” ХХК, “МЦУУ” ХХК-иудын эд хөрөнгөд нийт 19,740,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Т.Ганжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 18-ны үед Өмнөговь руу ажлаа хийхээр явсан юм. Түүнээс хойш гэртээ очилгүй Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлаа хийж байсан бөгөөд бидэнтэй байнга утсаар холбоотой байсан. Өмнөх компаниудад ажиллахаа болиод хилийн цаана хятадуудтай тохирч, нүүрсний машиныг жолоодох ажил хийж байна гэж ярьдаг байсан. 2016 оны 06 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг 45 минутад Гончигдамба /хамт нүүрсний машины жолоочоор ажиллаж байсан хамаатангийн залуу/ яриад ослын талаар анх мэдсэн. Би талийгаач нөхрийн оршуулга болон буяны ажилд зарцуулсан зардал болох 18,548,891 төгрөгийг осолд буруутай талаас нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байна. Нэхэмжлэлтэй холбоотой баримтаа одоо гаргаж өгөхөөр осолд буруутай талаас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт байна.” гэсэн мэдүүлэг

гэрч YAN MING /Соёлт/-ын “...Манай “Зунмен” ХХК нь хятадын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компани юм. Тус компанийн 30-93 УНЦ улсын дугаартай шланз машин уржигдар шөнө осолд холбогдож, жолооч Т.Мөнх-Эрдэнэ нас барсан байна. Жолооч нар ойр ойрхон солигдоод байдаг болохоор энэ хүнтэй гэрээ хийж амжаагүй машинаа өгч явуулсан байна. Бид ослоо амьд гарсан жолоочийн бие муу байгаа гэж сонссон. Тиймээс тэр хүн болон өөр хэн нэгэнд холбогдуулж нэхэмжлэх зүйл бидэнд байхгүй.” гэсэн мэдүүлэг

гэрч Б.Болормаагийн ”... П.Ганбат нь манай компанид бүртгэлтэй, хөдөлмөрийн гэрээ байгуулсан жолооч биш боловч уг тээврийн хэрэгслийг хятад улсдаа түрээсээр эзэмшдэг хятад хүн П.Ганбатад машиныг олгоод нүүрс ачуулахаар Монгол Улс руу явуулсан юм билээ. Тэр хүний машинуудыг П.Ганбат барьж нүүр тээвэрт ажиллаад 3 жил болж байгаа гэсэн. Нүүрс тээврийн машиныг эзэмшигч хятад хүмүүс Монгол жолооч нартай хувиараа ярьж тохироод, цалин хөлс өгөөд машинаараа нүүрс тээвэрлүүлэх явдал байдаг юм. Тийм байдлаар П.Ганбатад машинаа өгч явуулсан юм билээ. 46-02 ӨМӨ улсын дугаартай Нортбенз маркийн чирэгчийн зүүн урд хэсэг эвдэрсэн, мөн чиргүүл тээврийн хэрэгсэлд учирсан эдгээр хохирлыг тооцож үзэхэд солих болон засварлах эд ангиудын ний мөнгөн дүн 5,202,000 төгрөг болж байна. Тээврийн хэрэгслүүд БНХАУ-д даатгалтай, даатгалаар хохирол нөхөн төлөгдөх учраас бусдаас нэхэмжлээд байх зүйлгүй, санал, гомдол “МЦУУ” ХХК-нд байхгүй.” гэсэн мэдүүлэг

гэрч Э.Гончигдамбын “... Би орой машинуудын хамгийн сүүлд Монгол руу гараад бүрий болж байхад 4 дүгээр постын цаана машинаа зогсоогоод Мөнх-Эрдэнийн утас руу залгахад хойшүү 3 дугаар пост өнгөрөөд явж байна гэсэн. Түүнээс хойно дахиад ярихад Пийжүүт өгсөөд явж байна гэж ярьсан. түүнээс хойш утсаар яриагүй. Би явсаар Жавхлант баг орж дэлгүүрээс тамхи авч, машиныхаа усыг нэмчхээд хойшоо гараад явж байтал машинууд аваараа татаад зам дээр зогсож байсан. Хоосон машинууд замаас гараад шороогоор явж байгаад эргэж зам руу ороод цааш явахаар нь би дагаж цаана нь гарчхаад Мөнх-Эрдэнэ рүү залгатал утас нь дуудаад авахгүй байсан. Би түүнийг цайны газруудаар хоол унд идэж байгаа юм болов уу гэж бодоод цааш явсаар сүлжээ орсон. Тэнд очоод нэлээд олон залгатал эргээд өөр утаснаас над луу цагдаагийн хүн яриад талийгаачийг осолд орсон талаар хэлсэн. Би замын унаагаар осол болсон газарт буцаж очиход Мөнх-Эрдэнэ осолд ороод аль хэдийн нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг

гэрч П.Батзоригийн ”... Ах маань Өмнөговь аймагт нүүрсний машин барих ажлыг 2010 оноос өдийг хүртэл хийж байна.  Хамгийн сүүлд осолд орохоос 2-3 хоногийн өмнө утсаар ярихдаа би ажлаа хийж байна. Хэд хоногоос ажил зогсоно. Тэгэхээр хот руу очно. Манай эхнэр хүүхдийг Архангай аймгаас Улаанбаатар хотод авчраад эмнэлэгт үзүүлж бай гэж надад хэлсэн. Тэгтэл намайг хөдөө байхад ахыг осолд ороод Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдсэн.  Тэгээд эхнэр хүүхэд, ээж болон ах дүү нар өчигдөр Улаанбаатар хотоос ирлээ.” гэсэн мэдүүлэг

гэрч Х.Хатанбаатарын ”... Ханбогд сумын Жавхлант багийн ард засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байдалтай байсан. Тэгээд би зогсоод газар хэвтэж байсан хүн дээр яваад очсон. Тэр хүн баруун талаараа хажуулдан хэвтчихсэн, ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтай амьд байсан. Харанхуй байсан болохоор гэмтэл, шарх зэрэг зүйлүүд ажиглагдаагүй. Тэгээд би Ханбогд сумын цагдаагийн тасаг болон эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд хоосон ачаагүй машины жолооч нь рулиндээ буюу жолооны хүрдэндээ хавчуулаатай амьд байсан. Хэдэн машин зогсож жолооч нар бууж ирсэн. Тэгээд бид нар нийлээд уг хүн хавчуулаатай машины урд талаас нь машинаар кабиныг нь татаж, тэр жолоочийг гаргаж авсан. Тэгэхэд амьд байсан. Юу ч яриагүй тэгж байгаад хөдлөхөө болиод эмнэлэг ирэхээс өмнө нас барчихсан юм.” гэсэн мэдүүлэг         гэрч Э.Гэрэлмаагийн “...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчимд “Жавхлантаас хойхно нүүрс тээвэрлэлтийн машинууд мөргөлдлөө, жолооч нь муу байна” гэсэн дуудлага Ханбогд сумын эмнэлэгт ирсний дагуу ослын газарт 00 цаг өнгөрч байхад очсон. Тэнд нүүрсний 2 машин мөргөлдсөн байдалтай, 2 жолоочийг нь машины хажууд газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Нэг жолоочийг нь нас барчихлаа гэж биднийг дуудлага аваад сумын төвөөс гарч байхад эмнэлгээс мэдэгдсэн. Эмнэлэг рүү анх дуудлага өгсөн хүмүүс нь дахиж утастаад түүнийг мэдэгдсэн гэж ойлгосон. Дуудлагаар очоод амьд байгаа жолоочийн биеийн үзэхэд маш хүнд, амьсгал давхацсан, зүрхний цохилт олширсон, уушиг зүүн талдаа сул, баруун талдаа ширүүссэн, хэвлий нэлэнхүйдээ эмзэглэлтэй /гар хүргэхгүй/ баруун хөл өвдөгний дээхнэ хэсгээрээ гадагш эргэсэн байдалтай, ухаан саруул, асуусан асуултад оновчтой, тод хариулж байсан. Дараа нь нас барсан хүний хөнжил мэт зүйлээр хучсан байсан ба хучлагыг сөхүүлэн үзэхэд захын пульс тэмтрэгдэхгүй, бие хөшсөн нас барсан шинж тэмдэг илэрхий байсан.” гэсэн мэдүүлэг

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №56 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5927 дугаартай,  2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №374 дугаартай, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №5928 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №1138 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...П.Ганбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “ Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн учир уг тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Уг зам тээврийн осолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын тавьсан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт, Комисстой техникийн шинжээчийн 3 дугаар дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул П.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч П.Ганбат нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргал буяны ажлын зардалд 18,548,891 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг нэхэмжилснээс хавтас хэргийн 203, 215, 223, 226, 233, 256 дугаар хуудаснууд дахь 1,286,540 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч П.Ганбат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргалд 3,000,000 төгрөг шилжүүлсэн, “Практикал”, “Номин” даатгалуудаас 9,900,000 төгрөг тус тус олгогдсон.

Иргэний хариуцагч “МЦУУ” ХХК нь гэм хорын хохирол 15,800,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргал буяны ажлын зардалд 18,548,891 төгрөгөөс 1,286,540 төгрөгийг хасаад, шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн 598,530 төгрөгийн түлшний баримтуудыг нэмэхээр 17,860,881 төгрөг болж байна. Гэмт хэргийн улмаас гарсан хохиролд нийт 28,960,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирол төлбөр бүрэн барагдсан гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргал нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг хүүхдийн асрамж, тэтгэмжийг тогтоолгоно гэсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул түүний нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, харин баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь овогт Пэрлэйн Ганбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Ганбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.            

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. П.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт нийт 28,960,000 төгрөг төлсөн болохийг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганжаргал  сэтгэл санааны хохирол 50,000,000 /тавин сая/ төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан П.Ганбатын 581844 дугаартай жолооны үнэмлэх, 0034629 дугаартай мэргэшсэн жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар П.Ганбатад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ганбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА