Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2022/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *******  сумын иргэн Л.М

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О

 Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр /*******/ багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Ө

 Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн *******  сумын иргэн Б.Л нарын хоорондын  Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолын 26 дугаарт Б.Лид “*******” нэртэй буудлыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах  шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Н.Ө /цахимаар/, гуравдагч этгээд Б.Л,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь  Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны  06 дугаартай тогтоолын 26-д Б-ийн Л-д “*******”-ийг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрснийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар  маргаж байна.

         2. Тухайн маргаан бүхий газрыг ******* сумын ******* буюу 4 дүгээр  багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны  06 дугаартай тогтоолын 26-д Б-ийн Л-д “*******”-ийг хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

         3. Нэхэмжлэгч  нь маргаан бүхий акт болох  2021 оны 05 дугаар сарын 15-ны  06 дугаартай тогтоолыг гарсаныг мэдээгүй,  мэдсэн даруйдаа тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэв.

            4.Нэхэмжлэгч Л.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Л овогтой М нь 1974 онд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багт төрсөн. Миний бие 1987 онд аав, ээж, ах, дүүгийн хамт ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх газарт хаваржааны буудал байдаггүй байхад нь анх чулууг нь өрж, газрыг нь цэвэрлэн хаваржиж эхэлсэн. Тэрнээс хойш “*******” дэх хаваржаандаа тасралтгүй нутаглаж байгаа бөгөөд 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор анх багийн Засаг дарга н.А, иргэдийн Нийтийн Хурлын дарга н.А нарт тус хаваржааг эзэмшилдээ авах хүсэлтээ гаргаж байсан бөгөөд түүнээс хойш удаа дараа хүсэлтээ гаргасан. Гэвч миний гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж өгдөггүй атлаа тухайн буудалд нэг ч удаа бууж байгаагүй хүнд шууд эзэмшүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Б.Л нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд тухайн сум орон нутагт ажиллаж, амьдардаггүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн асуудлыг хэлэлцээгүй атлаа “*******” дэх хаваржааны  буудлыг Б.Лийн нэр дээр эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж байгаа нь миний газар эзэмших эрх болоод Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж байна.  Л.М нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор анх багийн Засаг дарга н.А, иргэдийн Нийтийн Хурлын дарга н.А нарт “******* дэх хаваржааг эзэмшилдээ авах хүсэлтээ анх гаргаж байсан бөгөөд түүнээс хойш удаа дараа хүсэлтээ гаргасан байдаг.

          Гэтэл Говь-Алтай аймгийн төвд ажиллаж амьдардаг, Б-ийн Л гэх ******* багийн харьяат залуу нь би наад буудлыг чинь авна, би хүсэлт гаргана гэж булаацалдаж эхэлсэн бөгөөд тус асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэнэ гээд орхисон.

           2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал дээр газрын асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирсэн бөгөөд тухайн хуралд миний бие ирсэн харин Б.Л аймагт ажилтай гээд ирээгүй учир багийн дарга н.С, Б.Лийг хуралд заавал оролцуулж байж маргаантай газрын асуудлыг шийдвэрлэнэ гээд “*******" дэх хаваржааны газрын асуудлыг шийдвэрлэлгүй хурал тарсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж тус хуралдаанд Б.Л нь Хурлын Нарийн бичгийн даргаар сонгогдсон.

          Тус хуралдаанд Л.М нь тухайн хуралд өөрийн биеэр оролцсон бөгөөд  2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 06 дугаар тогтоолын 26-д Б-ийн Л-д “*******” дэх хаваржааны газрыг хэлэлцсэн мэтээр эзэмшүүлэх шийдвэрийг  гаргасан байсныг олж мэдсэн.

            Б.Л нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд тухайн сум орон нутагт ажиллаж, амьдардаггүй ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаар “*******” дэх хаваржааны буудлыг Б.Л-ийн нэр дээр эзэмшүүлэх талаар хэлэлцээгүй атлаа шууд тогтоол гаргаж байгаа нь миний газар эзэмших эрх болоод Газрын тухай тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэв.

          Нэхэмжлэгч Л.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар Ноён хайрханы эх гэдэг хаваржааг Б.Л-ийн нэр дээр өгсөн байдаг. Би өөрийн биеэр байгаагүй. Намайг төлөөлөх ах, дүү нар хурлын зар хүрээгүй. Би сумынхаа газрын даамал руу, сумын Засаг дарга руу ярихад багийн Засаг даргад өргөдөл гарга гэсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөдөл гаргаж багийн Засаг даргад хүргүүлсэн. Мөн багийн Засаг даргатай өөрийн биеэр очиж уулзаад 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр суваг шуудуу татах хурал болно. Тэргээр шийдэж өгье гэсэн хариулт өгсөн. 05 дугаар сарын 15-ны өдөр хурал болоод хурал дээр энэ хаваржааны асуудал шийдэгдээгүй. Б.Л гэдэг хүн ирээгүй учраас боломжгүй гэж хэлсэн. Дараа нь өргөдөл өгчхөөд байж байгаад намар хурлын даргатай ярихад цуцалж өгнө гэсэн шийд надад утсаар хэлсэн. 12 дугаар сарын 10-нд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдсан. Би газрын даамал болон сумын Засаг даргад хэлээд би тэр хуралд малчны төлөөллөөр суухаар болсон. Тэр хурлаар шийдүүлэх гэсэн маргаантай 2 буудал орж ирсэн. Соёмбоос миний буудлыг Б.Л-ийн нэр дээр болгоно гэж хүчээр шахуу юм болсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр баг нь шийднэ гэж хэлдэг. Б.Л-той өөртэй нь уулзсан. Шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн байдаг. Би 12 дугаар сарын сүүлчээр өөрийн биеэр ирж өргөдөл өгсөн гэв.

          Нэхэмжлэгч Л.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт ноён хайрханы шил дэх хаваржааны асуудал дээр 2018 оноос Л.М, Б.Л нарын хооронд маргаан анх эхэлсэн байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурал дээр Б.Лид олгохоор шийдвэрлэсэн гэдэг боловч Л.М гэдэг хүнд уг асуудлыг шийдвэрлээгүй, 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар хоёуланг нь байцуулж шийдвэрлэнэ гэж хойшлуулсан гэдэг. 05 дугаар сарын 15-ны өдрийн хурал дээр уг асуудлыг мөн шийдвэрлээгүй. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж уг хуралдаанд Л.М, Б.Л нар өөрсдийн биеэр оролцсон байдаг гэтэл тухайн үед ******* багийн нутагт байх Ноён хайрханы бэлд байх хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрыг 6 сарын өмнө буюу 04 дүгээр сарын 17-ны хурлаар Бийн Л гэдэг хүнд эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон хурлын тогтоолыг гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Л.Мийн тухайд Б.Лид олгохоор гарсан энэ тогтоолыг албан ёсоор 12 дугаар сарын 10-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр очиж үг хэлэх үед нь нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг дахин энд хэлэлцэх шаардлагагүй гэдэг байдлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар шийдвэрлэж хэвээр үлдээх санал гарсан байдаг. Тийм учраас Л.Мийн тухайд уг асуудал 2018 оноос хойш маргаантай. Хэн нэгэнд нь олгохоор байсан юм бол хоёуланд нь хэлээд байлцуулж байж нийт иргэдийн санал шүүмжлэлийг авч шийдвэрлэж болоогүй юм гэдэг асуудлыг ярьж байгаа. 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурал дээр Л.М байхгүй байсан. Тов хүргэсэн гэж байгаа боловч албан ёсоор багийн иргэдийн Нийтийн Хурлын товыг хүргээгүй. Хурал хуралдах гэж байна гэж цагийг нь тулгаж гэр бүлийн хүнд дуулгасан асуудал байдаг. Тухайн асуудлаар Л.М оролцоогүй байхад шууд Б.Л гэдэг хүний нэр дээр шийдвэрлэсэн. Дараа нь шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий зүйл сонсоод ирэхэд Б.Лид олгохоор шийдвэрлээгүй 05 дугаар сарын 15-ны өдөр дахин иргэдийн Нийтийн Хурал болно. Тэр хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэж маргааныг чинь тасална гэсэн зүйл хэлсэн боловч тухайн өдөр хурал дээр өвөлжөө, хаваржааны асуудал огт яригдаагүй тарсан байдаг. Эцэст 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн сумын хурал дээр Б.Лийн нэр дээр “*******” дэх хаваржааг олгосон гэдгийг мэдээд шүүхэд өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага бол Говь-Алтай аймгийн ******* сумын 4-р баг буюу ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолын 26-д Б.Лид “*******” дэх хаваржааг эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон нь шударга ёс, тэгш байдлыг хангаагүй байгаа учраас хууль бус акт болохыг тогтоож холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргасан. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг гаргахдаа хууль зүйн хүрээнд бус өөрт олгогдсон эрх хэмжээнээс давуулсан шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байна. Уг тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, 17.1.10 дахь заалтыг үндэслэн тогтоох нь гээд баримталсан. Өөрөөр хэлбэл нөхөрлөл, хуулийн этгээд газар эзэмших санал хүсэлт гаргасан тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг юм. Иргэдийн газар эзэмших асуудлыг багийн багийн иргэдийн Нийтийн Хурлаар бус сумын Засаг даргад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлдэг. Иймээс өөрт нь олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд багийн иргэдийн Нийтийн Хурал шийдвэр гаргасан байна. Уг шийдвэр хууль бус байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т тодорхой заасан. Сумын Засаг даргын шийдвэрлэх асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурал нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн. Нэгжийн тухай хуулийн баримталсан заалт нь зөвхөн нөхөрлөл хуулийн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэхээр байгаа.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар газрыг эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримталдаг. Учир нь шударга ёсны зарчим алдагдсан. Маргаан бүхий газар дээр хоёр хүн маргаж байхад яагаад нэг хүнийг оролцуулсан юм. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.4-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан. Мөн Газрын тухай хуулийн 22.1-т “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах; баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах; газар ашиглалт, хамгаалалтын талаарх Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх гэсэн асуудлыг хэлэлцдэг. Тэгэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлаар газар эзэмшүүлэх эрхийг олгоод байгаа нь хуульд нийцээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 36.6 дугаар зүйлд хууль эрх зүйн зөрчилтэй актыг хууль бус акт гэж үздэг. Тэгэхээр тухайн тогтоол нь  хууль эрх зүйн үндэслэлтэй юу гэхээр эргэлзээтэй. Гуравдагч этгээдийн зүгээс 2018 оноос хойш маргаж байсан гэж байна. Тэгэхээр 2021 онд төлөөлөгч болоод авсан юм биш үү гэдэг хардлага төрж байна. Хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Ийм ийм асуудал хууль эрх зүйн хүрээнд байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох субъект биш. Үүнийг цаашдын ажил хөдөлмөрт анхаарч ажиллаасай гэж үзэж байна. Захиргааны акт нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлага тавигддаг. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэнд газар эзэмших эрх олгох эрх нь олгогдоогүй. Иймээс маргаан бүхий 2 хүн байхад тэгш байдлыг хангахгүйгээр нэгийг нь оролцуулахгүйгээр нөгөөд нь шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуульд заасан зарчмыг ноцтой зөрчиж байгаа учир Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр баг буюу ******* багийн 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолын хавсралтад дурдсан иргэн Б.Лид “*******” дэх хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрөл олгосон холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

          5. Хариуцагч Н.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурал 38 өрхийн 62 хүнтэй 16 цаг 35 минутанд эхэлсэн.  Хурлын зарыг бүх иргэдэд утсаар болон өөрийн биеэр хүргэсэн. Л.М гэдэг иргэн маань хурлын зар хүргээд байхад хуралдаа ирээгүй. Л.Мийн эгч Л.Эрдэнэчимэг гэдэг хүн бие төлөөлөгчөөр нь байсан. Хуралд ирсэн хүмүүс 100 хувиар дэмжин Б.Лид тухайн маргаан бүхий газрыг олгосон. “*******”-ийн буудлыг Б.Лид өгөх үндэслэл нь Б.Лийн аав Бямбадорж нь энэхүү буудлыг өвөр талд нь өвөлжөөтэй тул олгох хэрэгтэй гэсэн иргэдийн  санал гарсан. Иргэдийн саналыг үндэслэн тогтоол, тэмдэглэл гарсан гэв.

Хариуцагч Н.Ө шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засаг дарга маань хурал болж байх дундуур зар тараахад өөрийн хариуцлагагүй байдлаас ирээгүй байдаг. Б.Л нь Ховд аймгийн Дарив сумд оторлож явсан боловч урд орой нь өгсөн зарыг аваад шөнөдөө ирээд хуралдаа идэвхтэй оролцсон. Ард иргэдийн санал гарсан. Бие төлөөлөгчөөр нь эгч нь Э гэдэг хүн байна тийм учраас хэлэлцүүлье гэдэг санал гарсан. Хурлаар хэлэлцүүлээд Б.Лид энэ буудлыг өгөх нь зүйтэй юм гэсэн иргэдийн санал гарсан учраас би иргэдийн саналыг хүндэтгээд хурлын тэмдэглэлд оруулаад тогтоол гаргаж өгсөн. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болсон хурал “*******” дэх хаваржааны асуудал ярилцаагүй. Бусад өөр олон буудал байсан учраас тэр буудлуудыг ярилцаад гадна хадлангийн талбайд хийсэн учраас салхи шуурганы улмаас тэр хурал маань тарсан байдаг. Л.М надад хасуулах санал тавьсан гэж байна. 2021 оны 12 дугаар сарын 10-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахаас өмнө над руу 4, 5 хоногийн өмнө ярьсан. Тэгэхэд ах минь тогтоол гаргаад өгсөн байгаа тийм учраас та сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өөрийн биеэр ирээд шийдчих гэсэн санал тавьсан. Би хасъя гэж хэлээд хассан асуудал байхгүй. Энэ шүүх хурал дээр гэрч болж байгаа Л.Э гэдэг хүн Л.Мийн эгч нь байгаа юм. Тэр хүн болсон процессыг үнэнээр нь ярих байх. 2021 оны 05 дугаар сарын 15-нд буудал хэлэлцэгдээгүй гэж байна. Тухайн хурал дээр буудал хэлэлцэгдсэн байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурал олонхийн саналаар асуудлыг шийдээд явдаг. Нэг хүн байхгүй гээд хурлыг хойшлуулаад байвал асуудал шийдэгдэхгүй. Буудал хэлэлцүүлсэн асуудал сумын иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээд батлагдаж байгаа гэв.

        6.Гуравдагч этгээд Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой Л нь 1997 оны 03 сарын 19-нд Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн нутаг Аргалантайн Элсэн үзүүр гэдэг газар малчин ард Содномын Бямбадоржийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн.           

          2013 оноос хойш оюутан байхаас амралтын хугацаанд эцэг эхийн гар дээр ирж мал маллан удам залгах малч ухаанаас өдийг хүртэл суралцаж яваа билээ. Миний бие нь 2018 оноос тухайн үеийн ******* багийн Засаг дарга болон багийн иргэдийн хурлын даргад хүсэлтээ өгсөн бөгөөд ******* сумын газрын даамлын төлөвлөгөө 2020 оныход орж, 2019 оны жилийн эцсийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар миний нэр дээр “Ноён Хайрханы шил” хэмээх буудал нь батлагдсан боловч ******* багийн иргэн Б-гийн эхнэр (Л.Мийн төрсөн дүү) тухайн үеийн сумын Засаг дарга Р.Д-д уулзаж буудлын маргаан үүсгэсэн учир Засаг дарга Р.Д тухайн үеийн захирамжийг хүчингүй болгосон.

         Энэхүү буудлын маргаан үүсээд байгаа “*******” хэмээх хаваржаа нь миний аав С.Б-ийн нагац өвөө Ж-ын П, түүний дүү болох Ш  дүүдээ нар буудал гаргасан бөгөөд энэ нь манай аав малчин С.Б-ийн өвөлжөө болох Цахир амны ар шил дээр байдаг бөгөөд аавын өвөлжөөнтэй бэлчээр нэгтэй газар нутаг юм. Мөн манай аавынх хаваржидаг байв.

           Миний бие нь 2021 оны 04 сарын 01-нээс ажлаасаа чөлөө аван эцэг эхийн хамт Ховд аймгийн Дарив суманд отроор яван мал маллаж байхад 2021 оны хавар багийн хурлын дарга Н.Ө маргааш хуралтай буудлын асуудал хэлэлцэнэ гэсэн хурлын мэдээллүүдийг өгсөн бөгөөд би тэр шөнө нь Ховд аймгийн Дарив сумын нутгаас ******* баг руу явж хуралд оролцсон. Тус хурлаар ******* багийн ирэдийн буудал авах хүсэлтэй хүмүүсийн буудлыг  хэлэлцсэн бөгөөд энэ үед маргалдагч Л.М тухайн үеийн хуралд ирээгүй бөгөөд энэ хурал эхлэхэд, мөн хурлын дундуур буудал хэлэлцэх гэж байна хэмээн ******* багийн засаг дарга С.С удаа дараа мэдэгдсэн боловч ирээгүй. Энэ хуралд Л.Мийн төрсөн эгч, Л.Э буудал яагаад авах үндэслэлийг тайлбарлав, миний бие бас үндэслэлээ тайлбарласан.  Энэ багийн хуралд Сумын Засаг дарга М.Н, сумын иргэдийн Хурлын дарга Г.Ч  нар оролцсон билээ. Ингээд Ард иргэдээс санал авч Л.М, Б.Л миний бие нарт санал хурааж ард иргэд миний биед буюу Б.Лид 100%-ийн саналаар баталсан.

          Ингээд 2022 оны төсөв хэлэлцэн батлах тухай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021.12.10- ны өдрийн хуралдаанаар иргэн Л.М, иргэн Б.Л нар хурал дээр буудал авах үндэслэлээ тайлбарлаж, дахин санал хурааж, Б.Л миний бие дээр дахин батлагдсан. Энэхүү “*******” хэмээх буудал нь миний өвөг дээдсийн гаргасан буудал, миний аавын өвөлжөөтэй бэлчээр нэг тул, би хууль, дүрмийн хүрээнд нь шийдүүлж авсан учир иргэн миний бие гомдолтой байна. Хууль шүүхийн байгууллага нь чин үнэнээр хуулийн хүрээнд шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

          Гуравдагч этгээд Б.Л шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Тэр хурал дээр ******* багийн иргэд дээрээс нь сум орон нутгийн удирдлагууд байсан. Хурал дарааллын дагуу явж буудлыг эзэмшүүлэх сүүлийн хэсэг явсан. Энэ үед буудлыг Б.Лид өгөх үү, Л.М гэдэг хүнд өгөх үү гэж ард иргэд ярьж Л.М гуайн төрсөн эгч Л.Эрдэнэчимэг эгч, түүний охин Отгонцагаан нар байсан. Л.Э эгч гарч тайлбар хэлсэн. Би ч хүртэл яагаад авах гээд байгаа юм гэдэг үндэслэлээ тайлбарласан. Ард иргэдийн дэмжлэгээр тухайн үед ард иргэд миний талд 100 хувь дэмжсэн гэж хувь хүнийхээ хувьд бодож байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гараад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л.М ах бид хоёр өөрийн биеэр хамт байж байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр яагаад энэ буудлыг авах гэсэн шалтгаанаа тайлбарлаад тухайн үеийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид энэ хүнд өгөх нь зүйтэй юм байна гэж дэмжсэн. Би энэ буудлыг 2018 оноос хойш өөрийнхөө нэр дээр авах талаар сум, багийн удирдлагууд болон иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлж байсан баримтууд мөн байгаа гэв.

Гэрч Г овогтой Л-ын Э нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Нэхэмжлэгч Л.М нь миний төрсөн дүү, Л-той ах дүүсийн хүүхдүүд байгаа. Хариуцагчтай садан төрлийн холбоо байхгүй. Л.М хуралд оролцоогүй, хурлын тов мэдээгүй байсан. Би ямар нэгэн хүнийг төлөөлж оролцоогүй. Манайх багийн төв дээр байдаг учир хуралтай гэсэн зар сонсоод сууж байсан. Тухайн хурал дэр хоёр хүнийг хоёуланг нь байлцуулж байж шийдвэрлэвэл зүгээр юм биш үү гэдэг саналыг гаргаж байсан. Буудлаа хэлэлцүүлье гэж бүгд хэлсэн. Л ирээгүй байсан. Тэр хүн ирээгүй ажилтай байна гэж хурлын дарга өөрөө хэлсэн. 04 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар буудлын асуудлыг хэлэлцэхдээ өвөлжөөний нэр хэлээд гар өргөөд батлуулдаг. Л-ийг тэр буудал дээр маргаан үүссэн. Л  гаднаас орилж орж ирээд гараа өргөөрэй гэж хэлээд батлуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

               Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1.Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр /*******/ багийн иргэдийн Нийтийн Хурал /ИНХ/ 2021 оны 04 дүгээр сарын 17, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус хуралдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн багийн доторхой нэр бүхий иргэдэд өвөлжөө, хаваржааны буудлыг эзэмшүүлэх талаар хэлэлцсэн.

2. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдсэн асуудлуудтай холбогдуулж “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар буудал эзэмших эрх олгох” тухай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолыг гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8, 17.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн багийн иргэдийн Нийтийн Хурлаас өвөлжөө, хаваржааны зориулалтаар буудал эзэмших хүсэлт гаргасан иргэдийн саналыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн иргэдэд өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэхийг зөвшөөрч, хавсралтаар баталж, хавсралтын 26 дугаарт Б Л-д “*******” нэртэй газрыг /буудал/ хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрсөн байна.

3. Уг багийн ИНХ-ын “Өвөлжөө, хаваржааны зориулалтаар буудал эзэмших эрх олгох” тухай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолыг Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлснээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд “*******” нэртэй газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгагдсан байна.

4. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаар тэмдэглэлд: “Л.Д Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний төслийг хуудас нэг бүрээр танилцууллаа ...төсөл дээр 2 маргаантай асуудал гараад байна. 1-т Бүс-Уул багийн өвөлжөө “Хянгар хавираач”, 2-т ******* багийн өвөлжөө “*******” ...энэ 2 буудал бол багийн иргэдийн Нийтийн Хурлаараа ороод хэлэлцэгдээд ******* баг дээр ИНХ-аас Б.Л дээр, Бүс-Уул баг дээр У дээр шийдвэрлэгдэх тогтоол гаргаж ирсэн. Гэтэл ******* багийн иргэн Л.М, Бүс-Уул багийн Ц.Ж нар гомдол гаргасан тул олголт хийж гэрчилгээ гаргаагүй байгаа..., Л.М: би багийн ИНХ болоход байгаагүй, манайх байнга нутаглаж ирсэн. Ахиж багийн ИНХ-аар хэлэлцүүлэх хүсэлтэй байна..., Б.Л: энэ буудал дээр манай өвөө, түүний аав нь нутаглаж ирсэн. Энэ буудлыг тойрсон олон өвөлжөө, хаваржаа байгаа, тэр буудлууд дээр Л.М-ийн ах дүү нар нь нутагладаг..., Х.Б: энэ 2 буудлын маргааныг баг дээрээ ахиж асуудлаа шийдвэрлэж ирэхээр буцаавал яасан юм..., М.Г: багийн иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцээд нэгэнт шийдвэрээ гаргасан бол үүнийг үгүйсгэх боломжгүй ...багийн шийдвэрийг ингэж хүчингүй болгож болдог бол багийн ИНХ гэж байх хэрэг байна уу. Багийн иргэдийн Нийтийн Хурлын шийвэрийг хүчинтэй гэж үзэж байгаа дээр санал хурааж 100 хувийн саналаар дэмжлээ” гэсэн хуралдааны тэмдэглэл, ******* сумын газрын даамал Л.Д “...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслээд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан” гэсэн гэрчээр асуусан тайлбар зэрэг хавтаст хэргийн материалд авагдсан.

5. Үүнээс үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлаас өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхээр зөвшөөрч, шийдвэр гаргасныг үндэслээд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдэж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Б.Л-ид эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр багийн ИНХ-ын 06 дугаар тогтоол эрх зүйн үр дагавар үүсгэж байх тул тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

6. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох багийн ИНХ нь бие даан шийдвэр гаргах эрхтэй гэхдээ хуульд тусгайлан заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргахаар байна.

7.Тодруулбал: багийн иргэдийн Нийтийн Хурал Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т “нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах”, 22.1.2-т “баг, хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр газрын эрүүл, ахуйн, ариун цэврийн шаардлагыг хангуулах”, 22.1.3-т “газар ашиглалт, хамгаалалтын талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх, дүгнэх” зэрэг газрын харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиллуулж болно”, 52.10-т “бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна...” гэж зааснаар санал оруулах, асуудлыг хэлэлцэх эрхтэй байна.

8. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрх бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор байна.

9.Гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлаас хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэн Б.Лид “*******” нэртэй газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрч шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

10. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлаас өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх 06 дугаар тогтоол гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 “иргэдийн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” гэж заасныг тогтоолын үндэслэл болгосон нь тухайн хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаас өөр хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцэхгүй байна.

            11. Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр /*******/ багийн 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд 38 өрхийн 62 хүн оролцож, уг хурлаар “*******” буудлыг хаваржааны зориулалтаар Б.Лид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн хуралд нэхэмжлэгч Л.М оролцоогүй нь хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

            12.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж зааснаар нэхэмжлэгчийг тухайн хуралдаанд оролцуулах, тайлбар санал гаргах, оролцогчийг сонсох боломжоор хангаагүй, энэ журмыг хэрэгжүүлээгүй байна.

            13. Иймд шүүх холбогдох хууль тогтоомж зөрчсөн Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр /*******/ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тогтоолын 26 дугаарт Б.Лид “*******” нэртэй газрыг /буудал/ хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрснийг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...“*******” гэх хаваржааны буудал байдаггүй байхад нь анх чулууг нь өрж, газрыг нь цэвэрлэн хаваржиж эхэлсэн ...тухайн буудалд нэг ч удаа бууж байгаагүй хүнд шууд эзэмшүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль бус үндэслэлгүй ...” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон.

            15. Шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах зорилгоор маргаан бүхий  “*******” нэртэй хаваржааны буудлыг анх хэзээ хэн гаргасан, хэнийх хаваржиж байсан, хаана байрладаг талаар хөдлөнгийн гэрчүүдийг асуусан.

            16. Гэрч Д.Г “...анх манай өвөг эцэг П, түүний дүү Ш нар ойролцоогоор 1970 оны үед С.Бямбадоржийн одоо байгаа өвөлжөө “*******” өвөлжөөг гаргаж сэлгэн буудалдаг байсан ...сүүлийн 2 3 жилд Б.Лийн аав С.Б буудаллаж байгаа 2019 онд буудаллаж байсан ...хоёр этгээд /С.Бямбадорж, Л.М/ өвөлжөөний голд байдаг учир бэлчээр, нутгаа булаацалдаж маргаан үүссэн...”, гэрч Н.Г /2000-2004 онд ******* багийн даргаар ажиллаж байсан/ “...анх хэн гаргасан гэдгийг мэдэхгүй ...намайг ажиллаж байхад Л.Мийн эцэг Л гэдэг хүн буудаг  байсан ...хавар, намартаа 1-2 сар болоод нүүдэг ...өмнө нь хэн буудаг одоо хэн нутаглаж байгааг өөрийн нүдээр хараагүй...”, гэрч П.Я /өндөр настан/ “...Б.Лийн аав С.Б- ийн ээж нь П.Я миний бие, Л.Мийн ээж Т  нь миний нөхөр болох Содномын дүү ...манай аав П гэж улсын сайн малчин хүн байсан. Намайг бага байхад манайх нутаглаж хавар, намартаа буудаг байсан...”, гэрч Д.Б /******* багийн даргаар ажиллаж байсан/ “...хэн гаргаж байсан гэдгийг мэдэхгүй. Намайг анх 1988 онд мал зүйчээр ажиллаж байхад бор шороотой буудал байдаг байсан. Миний мэдэхээр 1988 оноос хойш Б.Лийн өвөг эцэг Содном гэдэг айл хавар, намартаа буусан байдаг байсан. Сүүлийн 3 жил Л.Мийн хүргэн Бадамсүрэн гэдэг залуу хаваржиж байгааг мэдэж байна. Намайг Засаг даргаар ажиллаж байх үед Б.Лийн өвөө Содном, Л.Мийн эцэг Л нар хоорондоо манайх бууна, танайх буухгүй гэсэн маргаан байсан ...тухайн буудлаас баруун урд зүгт 6-7 километр Б.Лийн аав С.Б-ийн “Цахир ам” нэртэй өвөлжөө, чанх урд 15 километр орчимд Л.Мийн “Хөх толгой” гэдэг өвөлжөө байгаа”, гэрч С.С /2021 оны 02 дугаар сарын 01-нээс ******* багийн даргаар ажиллаж байгаа/ “...анх хэн гаргасан, хэн нутаглаж байсан гэдийг мэдэхгүй. Энэ хавар 3 сард явж байхад Л.Мийн хүргэн Б гэдэг айл буусан байсан ...хашаа хороо байхгүй хотны чулууг энд тэнд бөөгнүүлсэн харагдаж байсан ...”*******”-ээс баруун урд Б.Лийн эцэг С.Б-ийн “Цахир ам” нэртэй өвөлжөө байдаг. Зүүн урд зүгт Л.Мийн “Хөх толгой” нэртэй өвөлжөө байдаг...” гэсэн мэдүүлэг өгсөн.

17. Харин нэхэмжлэгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дээр үед хүмүүс буугаад явдаг өтөггүй шахуу газар байсан. Тэрийг би эцэг, эхийн хамт Шүүт гэдэг уулын ард агуй, Ноён хайрханы эх хоёрыг сэргээж чулууг зөөж өтөгшүүлж буудал гаргасан байдаг. Одоо сайхан өтөгтэй буудлууд байгаа ....би 1987 оноос хойш нутаглаж явахад өмнө нь говь руу нүүсэн айлууд буцах замдаа буугаад нааш цааш явдаг буудал ...говь руу орж гурав, дөрвөн жил өвөлжсөн байдаг. Тэр хугацаанд эднийх нэг хавар нутагласан ...энэ тэндээс өөрийн ах, дүү нар буудаг. Би өөрөө буухгүй бол өөрийн хүргэн, ах, дүү нарыг буулгадаг. Ноднин хүргэнээ буулгасан, тэрний урд жил хүргэнээ буулгасан ...зүүн урд зүгт нь манайх, баруун урд зүгт нь цахир ам гээд эдний аавын өвөлжөө байгаа ...цастай жил бол малаа төллөхөд арын цасанд нь хурга, ишгээ хөлд оруулах гэж хэд хонодог буудал. Их удлаа гэхэд сар болдог ...баримжаагаар эднийх 3, 4 километр байгаа.  Манайх арай урд талд нь байдаг учраас нэг хоёр километр илүү ...хоёр өвөлжөөний ард уулынхаа арын шилд байгаа...”, гуравдагч этгээд Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэхүү буудлын үндэс суурийг гаргасан хүн нь бол манай аавын нагац өвөө болох шар П, түүний дүү Б-ын аав болох Ш нар гаргасан. Миний удмын хүмүүс гаргасан буудал. Манай өвөг эцэг, өвөө, эмээ хүртэл нутаглаж буудаллаж явсан. Манай аавын өвөлжөөний ар эхэн шил дээр байдаг ...*******ийн буудлаас манайх хол байлаа гэхэд 4-5 километр ...эднийх зүүн урд зүгт 7, 8 километрт байдаг ...энэ манайхны хүмүүсийн нутаглаж байсан буудал, манай аавын өвөлжөөний ар шил дээр байдаг. Бэлчээрийн газар нутагт байдаг ...аав нэг удаа ганц гэр, нэг удаа өөрийн төрсөн ах Ц-тэй, тэрний өмнө өвөө, эмээ дамжиж говиос гарч ирэхдээ бууж явсан ...2003 оны үед бууж байсан, 2015 он, 2016 онд эднийхийг ар руу явсан байхад 2 жил буусан. Сүүлийн хэдэн жил бууя гэхээр нь эцсийн шийдвэр гарсны дараа бууя гэж хэлдэг байсан ...сүүлийн 2, 3 жил Л.М ах өөрөө бууж нутаглаагүй. Газар зүйн байрлалын хувьд Л.М ахынх 1, 2 километр хол байдаг...” гэсэн тайлбаруудыг гаргасан байна.

            18. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж заасан. Дээрх нөхцөл байдалд маргаан бүхий “*******” нэртэй хаваржааны буудлыг хэн анх гаргасан, хэнийх байнга тогтмол хаваржиж буудалдаг эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгч Л.М, гуравдагч этгээд Б.Лийн аав С.Бямбадорж нарын өвөлжөөний дунд хойд зүгт нь байрлах уулын ар энгэрийн хаваржааны буудал байх бөгөөд хэн нэгэн этгээд давуу эрхээр эзэмших боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.1.3, 106.1.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 22 дугаар зүйлийн 22.1, 52 дугаар зүйлийн 52.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын 4 дүгээр /*******/ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралт 26-д Б.Лид “*******” нэртэй газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр зөвшөөрснийг хууль бус болохыг тогтоож, холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ