| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0187/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/197 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
шүүгдэгч, хохирогч Б.М, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Д.М нарт холбогдох эрүүгийн 2334000000125 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн,
регистрийн дугаартай гэв.
2.Монгол улсын иргэн,
регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Б.М, Д.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Монтаримал ХХК-ны гадаа 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Д.М оос архи нэхэж улмаар маргалдан аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.М нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Монтаримал ХХК-ны гадаа 2023 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Д.Мтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2334000000125 хэрэгт авагдсан:
Шүүгдэгч Д.М ийн өгсөн: Би Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг Монтаримал ххк-д ажилдаг байж байгаад ажилаасаа гараад Улаанбаатар хот руу гэрээ нүүлгэж шилжих болсон тэгээд Баянчандмань суманд байсан өөрийн гэрээ ачиж явхаар Баянчандмань сум руу Улаанбаатар хотоос гараад явж байтал М согтуу над руу утсаар залгаж би Пиво уумаар байна гэхээр нь би Баянчандмань сумын Мандах дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.500-граммын Пиво аваад хөдлөх гэсэн чинь хүлээж бай би 61-н грамм өнгөрөөд явж байна гэхээр 30-40 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь би яваад дашваанжил ШТС-г өнгөрөөд явж байтал миний араас хөөгөөд манай машиныг шахаад зогсож М машинаасаа бууж ирээд та нар хэн болсон гээд агсан тавиад эхэлсэн тэгтэл манай эхнэр Мд авсан байсан Пивыг гаргаж өгсөн. Тэгээд хөдөлж явж байгаад Шарын ам гэх газар луу салдаг уулзварыг салаад М машинтай зогсож байсан би хажуугаар нь гараад явсан чинь манай гэрийг ачих гэж явж байсан Портер маркийн машиныг зогсоож жолоочоос мөнгө нэхэж явуулах байж байгаад явуулсан шарын амны Монтарималын Фермийн хашаанаас гэрээ ачиж байтал миний авч өгсөн нөгөө Пиво уугаагүй хойноос аваад ирсэн тэгээд гэрийн гадаа манай эхнэрийг хэл амаар гичий нохой гээд дуудаж агсан тавьж байгаад машиндаа суугаад замдаа та нарыг бүгдийг чинь цагдаад барьж өгнө гээд машиндаа суугаад явсан би гэрээ ачаалж дуусаад 22 цагийн үед хөдлөөд Шарын амны уулзвар орох гэж явтал миний явж байсан машин замыг хааж М эхнэртэйгээ машиныг жолоодож явсан жолоочтой машинаа зогсоосон...архи ууж байгаад намайг хажуугаар гарах гэтэл манай машиныг зогсоож М баруун гартаа аягатай пиво барьсан над дээр ирээд та нар хэн болсон юм яадаг болсон хүмүүс бэ та нарыг явуулахгүй гээд агсам тавьж эхэлсэн. Би тухайн үед найз орой болсон байна эртхэн явах гэсэн юм гэж гуйгаад тэгтэл улам агсраад надаас дахиад пиво нэхээд болохгүй байхаар нь би уурлаж чамд би өртэй юм уу яагаад байгаа юм гэж хэлээд би Мг чи машинаа холдуулчих би явах гэсэн юм гэтэл холдуулахгүй гээд өөрийнхөө машины түлхүүрийг авсан тэгэхээр нь би Мг баруун гараараа нэг түлхсэн чинь М хойшоо савж унаад эргэж босож ирээд гартаа барьж байсан сэнжтэй шаазан аягаар миний толгойны баруун талын чихний дээр нэг удаа цохиж нөгөө дээрээс нь нэг удаа Мгийн нүүр хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгээд аяга хагарсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж өөдөөс нь дайрч хавсарч унаган Мтэй хамт босоод иртэл Мгийн найз Мг цааш татаад авсан. Тэгтэл манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би М нэлээн согтуу байгаа харагдаж байсан юм. Би ямар шалтгааны улмаас надад агсан тавьж намайг цохиж зодсон талаар санй мэдэхгүй байна. ер бол архи уухаар намайг дээрэлхэж болно гэж боддог юм болов уу гэж би бодсон. Тэрнээс бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага эд хөрөнгийн маргаан байхгүй. Намайг М гэх хүн явуулахгүй байхаар нь хойш нэг удаа түлхэж унагаасан тэгээд босож ирээд намайг гартаа барьж байсан аягаар толгой руу цохиод авахаар нь би зүрүүлж хавсарч унаган Мгийн нүүр лүү гараараа 2-3 улаа цохисон. М гэх хүний толгойноос нь цус гарч байсан хөмсөг хэсэг нь хавдсан байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Адилхан бие биетэйгээ харилцсан зодолдсон болохоор гомдох, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 4-5, 11/
Шүүгдэгч Б.Мгийн өгсөн: “2023 оны 03 сарын 12-13-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Баянчандмань сум руу эхнэр Оюун-Өлзий, найз Отгонсүрэн нарын хамт явж байх үедээ М руу утсаар ярих үед нүүх гэж байна ирээд туслаад өг гэхээр нь эхнэр, найз хоёртойгоо Шарын ам гэх газар М ийнд очсон, очоод гэрээ буулгаж байхад нь М надаа Сэрүүн нэртэй 2,5 литртэй пиво задлаад М бид хоёр уучхаад би тэднийхээс хөдлөөд сумын төв ороод дэлгүүрээс 2 шил ЭКС нэртэй архи аваад нэгийг нь замдаа уугаад нөгөө үлдсэн нэг шилийг нь аваад буцаад М ийн очих гээд явж байтал замдаа таараад тэгээд бид хоёр маргалдаад муудалцсан. Би нэлээн согтуу тасарсан байсан болохоор нэг сэрсэн доор нь орсон, М дээр гарсан намайг цохиж байсан. Тэгээд бид хоёрыг манай найз Отгонсүрэн салгаад тамхи татаад сууж байтал ачаатай машин нь эргээд манай гэр лүү яваад өгсөн, араас нь яваад очтол гэр ачсан машины жолооч та хоёр асуудлаа шийд тэрний дараа би явна гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн ийм л зүйл болсон. М миний толгой нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би М ийн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би бүүр тасарсан байсан. М надтай нэг л пиво уусан. Миний хөмсөг язарсан, толгой шалбарсан байсан, чихний ард халцарсан байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн маргаан байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 8, 14/,
Гэрч О.Гэрэлхуягийн өгсөн: "Би дээрх хоёр хүнийг таньж мэднэ. Д.М гэх хүн нь миний нөхөр байгаа юм. Харин М гэх хүнтэй Баянчандмань суманд Монтаримал ХХК-д ажиллаж байх үедээ танилцаж байсан юм. Би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Монтаримал ХХК-н ажиллаж байгаад бид хоёр ажлаасаа гараад хотод байж байгаад Баянчандмань суманд үлдээгээд явсан байсан гэрээ авах гээд Баянчандмань сум руу машинтай явж байтал М гэх хүн манай нөхөр М руу залгаад хаана байгаа юм гэж асуухад манай нөхөр Баянчандмань явж гэрээ нүүлгэх гээд явж байна гэж хэлтэл хүлээж бай би 61 грамм өнгөрөөд явж байна гэхээр нөхөр бид хоёр хүлээгээд байж байгаад ирэхээр нь уулзсан чинь нэг пиво аваад өг гэхээр нэг Сэруун нэртэй пиво авч өгөөд хамт явж байгаад гэрийн гадаа ирээд нөхөр бид М нөгөө пиво задалж намайг дуудаж нэг уучих гэхээр нь би үгүй машин барьж байгаа мөн гэрээ нүүлгэж байна гэж хэлтэл намайг гичий минь уучих гээд байна писда минь чамайг уусны дараа цагдаа дуудаж үнэртүүлнэ уучих гээд агсам тавьж байж байгаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Бид хэд араас нь машиндаа гэрээ ачаад хөдлөөд явтал Шарын амны хошууны хажууд машины зам хаагаад хөндлөн зогсож байсан бид хэд явах гэтэл зам хаагаад зогсоод манай нөхөр М ийг чи надад ганц пиво авч өгсөн, одоо чи надад 5-н пиво аваад өг гээд агсам тавиад байсан чинь манай нөхөр би чамд өр байхгүй яасан гэж чамд би пиво авч өгөх ёстой юм би гэр орноо аваад явмаар байна холдоод өг гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс элдэв үгээр харааж доромжлоод байхаар нь манай нөхөр М , М гэх хүнийг хойш түлхсэн. Тэгтэл М хойшоо гэдийж саваад буцаж эргээд гартаа барьж байсан аягаар манай нөхөр М гэх хүний толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр уурлаж Мтэй ноцолдоод эхэлсэн, тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эргээд очтол М ийн толгойноос цус гарсан, мөн Мгийн нүүрнээс цус гарсан байхаар нь би машиндаа суусан.” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч Х.Оюун-Өлзийн өгсөн: "...Манай нөхөр бид хоёр Отгонсүрэнтэй орой нь сум руу ирээд хөдөө гэртээ харих замдаа М ийн гэрт очтол гэрээ буулгаж байсан. Тэгээд М , Мд машинаасаа нэг 2.500 граммын Сэнгүр пиво гаргаж өгөөд хамтдаа хувааж уугаад манай нөхөр М сумын төв ороод М ид 1 шил архи аваад буцаж явах замдаа гэрийн ойролцоо таарч манай нөхөр М машинаас бууж М гэх хүн рүү "чи эр хүн байж хэлсэн амандаа бай л даа чи надад короп пиво авч өгнө гэж хэлээ биз дээ" гээд хэлтэл М манай нөхөр Мг цохиод авах шиг харагдсан. Тухайн үед харанхуй байсан учир яг хаана цохисон бол харж чадаагүй, тэгээд М , манай нөхөр. Мг хавсарч унаган доороо оруулаад Дээрээс нь хэд хэд удаа цохиод, тэгсэн Отгонсүрэн машин барьж явсан болохоор бууж тэр хоёрыг салгасан. Тэгтэл М ийн эхнэр цагдаа дуудсан юм. Тэгээд бид хэд гэртээ очоод байж байтал цагдаа ирсэн юм." гэх мэдүүлэг/хх 19-20/,
Гэрч О.Отгонсүрэнгийн өгсөн: “Би тухайн өдөр хотод байж байсан чинь манай найз М намайг машин жолоодоод Улаанбаатар хот яваад өгөөч гэхээр би хотоос ирээд М түүний эхнэр Оюун-Өлзий нартай сумын төвд дэлгүүрийн үүдэнд таарж уулзсан тэгтэл М гэх залуутай тэд нарын хамт сууж байсан намайг ирсэн М машиндаа суугаад явсан. М хөдөө явсан тэгээд манай найз М түүний эхнэрийн хамт орой нь сум руу ирээд хөдөө гэрт хүргэж өгөхөөр явж байтал замдаа М ийн гэрт очтол гэрээ буулгаж байсан. Тэгээд М , Мд машинаасаа нэг 2.500 граммын Сэнгүр пиво гаргаж М , М хоёр хувааж уугаад М машиндаа сууж намайг сумын төв ороод М ид 1 шил архи аваад буцаж явах замдаа гэрийнхэн ойролцоо таарч манай найз М машинаас бууж юм Ярьж Зогсож байгаад М М той гэнэт зодолдоод эхэлсэн би машинаас бууж салгасан юм. Тэр хоёрыг юунаас болж зодолдсон талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн маргаан болох үед манай найз М бол бүр согтоод тасарсан байсан, харин М гэх залуу бол гайгүй бараг эрүүл байгаа харагдаж байсан юм. Намайг тэр хоёрыг зодолдож байх үед нь салгахад тэр хоёрын хоёулангийнх нь толгойноос цус гарсан байгаа харагдаж байсан." гэх мэдүүлэг/хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Л.Бямбатуяагийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай шинжээчийн: "1.Д.М ийн биед баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх 30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаартай шинжээчийн: “1.Б.Мгийн биед зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хөмсөг, зулай, зүүн чихний ар, хүзүү, цээжинд зулгаралт, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх 25-26/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.М, Д.М нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Д.М нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч Б.Мг зодож эрүүл мэндэд нь биед зүүн хөмсөгт шарх, дух, зүүн хөмсөг, зулай, зүүн чихний ар, хүзүү, цээжинд зулгаралт, баруун гуянд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл учруулсан,
мөн шүүгдэгч Б.М нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.М ийг аягаар цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,
Шүүгдэгч нар тусгайлан гаргах саналгүй гэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Д.М нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 7-736 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон /хх 63/, одоо 28 настай.
Шүүгдэгч Б.М нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Шарын ам гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон /хх 64, одоо 33 настай гэх баримт сэлт хэрэгт тус тус авагджээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.М, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.М, Д.М нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хэрэгт хохирлын баримт авагдаагүй, шүүгдэгч нар баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор хууль сануулж мэдүүлэг авахад “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 2334000000139 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Б-н М, Д овогт Д-н М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.М, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Д.М нарт тус тус шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Д.М нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
шүүгдэгч Д.М ид шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6.Эрүүгийн 2334000000125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М, Д.М нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ