Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагчаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Бд холбогдох эрүүгийн 2202004920616 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

регистрийн дугаартай, Б овогт Г-н Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.С ын ...дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгасан,

мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

  Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Г.Б : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            Үүнд:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхзулын мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/, гэрч Ц.Төгсбаярын мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/, гэрч Э.Аминаагийн мэдүүлэг /хх-ийн 77-78-р тал/, гэрч С.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 88-90-р тал/, гэрч Н.С ын мэдүүлэг /хх-ийн 96-97-р тал/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 150-р тал/, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Истанбул- Улаанбаатар чиглэлийн ОМ162 дугаартай нислэгийн зорчигчдын нэрсийн жагсаалт /хх-ийн 153- 156 -р тал/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 158-р тал/,  Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 234-р тал/, яллагдагч Г.Б н мэдүүлэг /хх-ийн 230-231-р тал/, гэрч М.Ууганбаярын мэдүүлэг, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааны хариу /хх-150/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн Б  овогт Амингүнжийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг болно.

  

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Даваасамбуугийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

“Улсын яллагчаас: “Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.С ын ...дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгасан, мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Мэдүүлэг өгсөн цагаасаа эхэлж зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй. Турк улсаас байх хугацаандаа харлаад, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр баригдаад ирсэн. Сургуульд сурах гээд бүх баримтаа бүрдүүлээд сургуулиас нь урилга ирсэн байсан боловч өмнө нь харласан байсан учраас Турк улсын хилээр нэвтэрч чадахгүй байсан. Ингээд Н.С ын паспортыг ашиглаж Турк улсын хил рүү нэвтрэн орсон байдаг. Монгол Улсаас Турк улс руу гарахдаа өөрийнхөө паспортыг ашиглаад гарсан, очоод байж байх хугацаандаа Н.С  гэх паспортоор байж байгаад Турк улсын харьяат албанд баригдаад наашаа ирсэн. Өмнө нь хууль буруу хэрэглэсэн байна гэх үндэслэлээр хэргийг буцааж байсан. Шүүхээс буцаасан захирамжтай танилцаж, прокуророос зүйл анги өөрчилж орж ирсэн яллах дүгнэлтийн хувийг гардаж авсан. Гэм буруу болон зүйлчлэл дээр маргахгүй байгаа, хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

- Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.С ын ...дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгаж,

улмаар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсын хилийг эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн болох нь:

Тээврийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/1802 дугаартай албан бичиг /1-р хх 6/,

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/219 дугаартай албан бичиг /1хх-ийн 7/,

“Чингис хаан” ОУ-н агаарын замын боомт дахь хилийн цэргийн 0218 дугаар ангийн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал” /1-р хх 8-20/,

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай прокурорын тогтоол /1-р хх 26-27/,

Хүний бие, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 28-39/,

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/1046 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөн тогтоох тухай.” Прокурорын тогтоол /1-р хх 49-50/,

Шүүгдэгч Г.Б н өгсөн: “Анх сурах зорилгоор 2017 онд Бүгд Найрамдах Турк Улс-руу яваад Оршин суух үнэмлэх олгоогүй болохоор 2021 оны 07 дугаар сар хүртэл хараар байсан. 2021 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсын Sakarya Uygulamali Bilimleri Universitesi гэх сургуульд суралцах урилга аваад Монгол улсад буцаж ирсэн. Монгол улсад суух Бүгд Найрамдах Турк Улсын Консулд сургалтын виз хүсээд хариу нь гарахгүй удсан болохоор 12 сард өөрөө Бүгд Найрамдах Турк Улс-руу явсан. Би 2021 оны 12 дугаар сард өөрийн гадаад паспортоороо Монгол улсаас гараад Н.Сумьяабазарын гадаад паспортоор Турк Улс руу орсон. Визний хугацаа дуусаад 6-аас 7 сарын дараа цагдаад баригдан Гадаадын иргэн дамжин өнгөрөх газар-руу хүргэгдэн 2 хоноод цааш Гадаад иргэдийг албадан буцаах газарт 16 хоноод 2022 оны 08 дугаар сарын 16-ны ОМ162 дугаарын нислэгээр ирэх замдаа Бүгд Найрамдах Турк руу орохдоо ашигласан Н.Сумьяабазарын гадаад паспортыг устгасан. Би 2022 оны 07 дугаар сарын 30-нд Гадаад иргэдийг албадан буцаах газарт хоригдож байхдаа Төмөрөө, Цогоо, Мөнхөө гэх хүмүүсээс хүний гадаад паспорттой орох юм бол Эрүүгийн хариуцлага хүлээнэ шоронд орно гэсэн болохоор айгаад устгасан. Нямрагчаа овогтой Сумьяабазар 2003 онд төрсөн. Эхнэрийн үеэл дүү. Би харласан тэгээд болохоор чиний гадаад паспортоор гарчихъя гэж хэлээд авсан. Би 2021 оны 12 дугаар сард Цагаанхүү Болормаа гэх Бүгд Найрамдах Турк Улсад оршин суух иргэнтэй утсаар ярьж байгаад Монголд гадаад паспорт нь дээр дардас дардаг хүн байдаг тухай мөн үнэ төлбөр нь 100 доллар болохыг мэдээд холбож өгсөн хүнтэй нь уулзаж дардас даруулахаар гадаад паспортоо өгөөд 2 хоногийн дараа буцаан авсан. Одоо тэр хүний талаар сайн санахгүй байна. Би анх Турк улсад 2020 онд Цагаахүү Болормаагийн талаар Монголчууд хоол иддэг газраас мэдэж байсан. Фейсбүүкээр холбогдож байсан.

Би 2021 онд би Турк улсын Сакариа хотын их сургуульд сурах гэж байгаад сургуульдаа тэнцсэн боловч тухайн үедээ хараар ажиллаж байсан болохоор сурч чадалгүй цагаачлалын албанд нь баригдаад 2021 оны 07 дугаар сард Монголдоо ирсэн юм. Ингээд 2021 оны 12 дугаар сард сургуультайгаа холбогдоход 2022 оны 09 сараас ирээд хичээлдээ орж болно гэсэн хариу өгсөн. Ингээд би Турк явах гэхэд миний нэр дээр хар тамга дарсан байсан болохоор Турк улсад орж болохгүй нөхцөл байдал үүсээд эхнэр Ууганбаярын авга дүү болох Н.С ын нэр дээр гадаад паспорт захиалж аваад 2022 оны 06 дугаар сард Турк улсад очсон. Ингэж очихдоо би өөрийн паспортоор Монгол Улсын хил гараад Н.С ын паспортаар Турк улс луу нэвтэрсэн. Ингээд тэнд очоод 3-4 сар ажил хийгээд сургуулийн төлбөрөө олж чадаагүй тул буцаад Монголдоо ирэхээр шийдээд Н.С ын паспортаар Туркийн хилийг нэвтэрч наашаа гарсан. Ингэхдээ мөн Н.С ын паспорт дээр хар тамга даруулчихсан. Ингээд онгоцонд нисэж байхад хамт зорчиж байсан хүмүүс хүний гадаад паспорт ашиглаад хилээр нэвтэрвэл шоронд ордог гээд байсан тул айсандаа онгоцны жорлонд орж байгаад Н.С ын паспортыг ураад жорлонд хийгээд урсгачихсан юм .Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р хх 68-69, 71/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхзулын өгсөн: “Би Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Иргэний улсын бүртгэгч ажилтай бөгөөд манай байгууллагын дотоод зохион байгуулалтаараа би гадаад паспортын асуудал хариуцаж ажилладаг юм. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт " Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын өмч мөн гэж заасан байдаг тул Г.Б  гэх хүнд холбогдох бусдын гадаад паспортыг зориуд устгасан гэх хэрэгт байгууллагаасаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байгаагаа ойлгож мэдэж байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Уг хэрэгт холбогдсон этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг /1-р хх 66/,

Гэрч Ц.Төгсбаярын өгсөн: “ Шалган нэвтрүүлэх хэсэгт ирэхдээ гадаад паспортгүй ирсэн. Ирсэн үедээ Г.Б  нь би паспортоо олохгүй байна иргэний үнэмлэхээрээ нэвтэрч болох уу гэж асуусан. Би болохгүй паспортоо олох хэрэгтэй гэж хэлээд ээлжийн шалган нэвтрүүлэх албаны орлогч С.Дөлгөөний хамт онгоц руу буцаж суудлын дугаарын ойролцоо үзлэг хийхэд гадаад паспорт нь олдоогүй. Шалган нэвтрүүлэх албаны орлогч С.Дөлгөөн Г.Б тэй Ярилцлага хийх үед онгоцон дотор гадаад паспортоо ураад нойл руу хийж урсгасан тухайгаа хэлсэн.Нойл руу урсгасан шалтгаанаа манай найз зөвлөсөн гэж хэлсэн. Тэрээр ярилцлагын үеэр Монголд 100 доллароор хүнээр дамжуулан холбогдож Нямрагчаагийн С ын гадаад паспорт нь дээр хуурамч дардас даруулан Монголоос өөрийн паспортоор гараад Турк улс pyy Н.С ын гадаад паспортоор Турк улс руу орсон тухайгаа ярьсан." гэх мэдүүлэг /1-р хх 74-75/

Гэрч Э.Аминаагийн өгсөн: "...тус нислэг нь Монгол Улсад 2022 оны 08 дугаар сарын 17-нд 04 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсын цагаар 18 цагийн үед ОМ162 дугаартай нислэгийн онгоц руу зорчигчид оруулж байх үед Турк улсын 2 цагдаа визний зөрчилтэй албадан буцаагдаж байгаа 5 Монгол хүнийг суугчийн тасалбар болон гадаад паспаортын хамт онгоцны үүдэнд Малайз улсын бүхээгийн аль нэг ажилтанд хүлээлгэн өгсөн. Би яг хэнд хүлээлгэн өгсөн гэдгийн мэдэхгүй байна. Өдийг болтол ажиллаж байх хугацаанд гадаад паспортгүй хүн нисэх зөрчил гарч байгаагүй. Ер нь бол онгоцонд паспортгүй нэвтрэх боломжгүй. Визний зөрчлөөр албадан буцаагдсан хүмүүсийн хувьд паспортгүй байлаа ч тухай буцааж буй улсаас бичиг баримтгүй гэх мэдээлэл тодорхойлолт өгөх ёстой." гэх мэдүүлэг /1-р хх 77-78/,

 Гэрч М.Ууганбаярын өгсөн: "Г.Б  нь миний хамтран амьдрагч байгаа юм. Би 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Турк улсад очоод 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсдаа буцаж ирсэн. Ингээд дахин 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин Турк улс луу гараад 2022 оны 08 дугаар сарын 29-ний Монгол Улсдаа буцаж ирсэн юм. Г.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр надтай хамт Монгол Улсын хилээр гарч Турк улс руу явсан. Би эмэгтэй хүн, Б  эрэгтэй хүн тул Б  миний паспортыг ашиглан хил нэвтрэх ямар ч боломжгүй юм. Би Г.Б тэй Сакаряа их сургуулийн сургалтын визийг Монгол улсад суух Турк улсын элчин сайдын яамнаас хүсэх зорилгоор Монгол улсад 2021 оны 7 дугаар сард ирсэн, ирэх үед Г.Б  нь визний хугацаа хэтрүүлсэн гэх зөрчилтэй байсан. Г.Б н сургалтын төлбөр төлөгдсөн байсан болохоор Турк улс дах Сакаряа их сургууль руу явахын тулд би Г.Бат- Ирээдүйтэй фейсбүүкээс судалгаа хийж хүний паспортоор Бүгд Найрамдах Турк Улс руу орж болдог талаар олж мэдсэн. Тэгээд би хамаатны дүү болох Н.С аас 2022 оны 10 дугаар сард /тодорхой санахгүй байгаа/".. Г.Бат- Ирээдүйн сургуулийн төлбөр төлөгдсөн ямар нэгэн аргаар очих хэрэгтэй чиний паспортоор гарж болох юм байна ..." гэх хэлээд гуйхад ". за тэгье дараа нь ямар нэгэн асуудал үүсэх үү ..." гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд Н.С  нь надтай хамт Хан-Уул дүүргийн бүртгэл мэдээллийн төв орж 2021 оны 11 сард /хэзээ захиалсан болохоо санахгүй байгаа/ гадаад паспортоо захиалж авсан. Г.Б н ээж Ц.Оюумаа нь хэрхэн бусдын гадаад паспортоор Турк улс руу орж болохыг бүдүүн Сүхээ /тодорхой мэдээлэл мэдэхгүй/ гэх Турк улсад амьдардаг хүнээс асууж тус хүнээс "... өөртэй нь төстэй царайтай хүн байхад Турк руу орж болно..." гэж сонссон бөгөөд бүдүүн Сүхээ гэх хүнээс Цагаанхүүгийн Болормаа гэх валют арилжаа хийдэг хүн гадаад паспорт нь дээр хуурамч дардас дардаг талаар олж мэдсэн. Хадам ээж /Ц.Оюумаа/ Г.Б д 2021 оны 12 дугаар сард "88933293" гэх дугаартай хүн хуурамч дардас дардаг талаар хэлсэн. Би энэ дугаарын эзэмшигч хэн болох мөн хэрхэн дардас даруулсан хэдэн төгрөг даруулсан талаар мэдэхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 85-86/,

Гэрч С.Дөлгөөний өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ойролцоогоор 4 цагийн үед Истанбул- Улаанбаатар чиглэлийн ОМ162 дугаартай онгоц газардаж байсан. Тухайн үед би засварын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Тус өдөр 1 зөрчил гарсан. Жагсаалтыг надад авч ирсний дараа би Б гээс ... таны овог нэр хэн бэ гэж асуухад намайг Ганбатын Б  гэж хариулсан. гадаад паспортыг ураад нойлд хийгээд урсгачихсан гэж хэлсэн....нислэгийн үед цугларсан бүх бохирыг нислэг дууссаны дараа зориулалтын бохирын машин ирж соруулдаг. Ийм болохоор гадаад паспортыг ураад урсгасан л бол олдох боломж байхгүй." гэх мэдүүлэг /1-р хх 88-90/,

Гэрч Н.С ын өгсөн: “Би Г.Б тэй 2022 оны 03 дугаар сар орчимд уулзсан. 2022 оны 3 сард авга эгч Х.Ууганбаяр миний гадаад паспортыг үзье гэж хэлж байсан. Тэгээд би номын тавиур дээр байгаа гэж хэлээд хичээлдээ явсан өөр надад мэдэх зүйл байхгүй. Түүний дараа 5 сард өөрийн хүсэлтээр хугацаат цэргийн албанд татагдсан.” гэх мэдүүлэг /1-р хх 96-97/,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/6947 дугаартай албан бичгийн дагуу Г.Б , Н.С  нарын үндэсний энгийн гадаад паспортын мэдүүлгийн баримт /1хх-ийн 130-137/,

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /1-р хх 147, 150/,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Истанбул- Улаанбаатар чиглэлийн ОМ162 дугаартай нислэгийн зорчигчдын нэрсийн жагсаалт /1-р хх 153-156/,

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1807 дугаартай “Н.С  /УО03220110/ нь нийслэлийн Хан-Уул дүүргээс 2022 оны 1-р ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдаж, хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байгаа болохыг үүгээр мэдэгдье.” гэх лавлагаа /1-р хх 158/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

   Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол улсын хилийг хуулиар хамгаална.” гэж,

   Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт  “зорчигч” гэж  Монгол улсын хил нэвтрэх эрхийн бичиг баримт бүхий, хилийн боомтоор нэвтэрч байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг.” гэж,

   мөн хуулийн уулийн 3.1.11 дэх хэсэгт “ улсын хил хамгаалах байгууллага гэж” Монгол улсын хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, түүний харьяа хилийн цэргийн анги, салбарыг” гэж тус тус хуульчлагдсан байна.

  

   Монгол Улсын иргэн Гадаадад хувийн хэргээ зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах бол түүнд үндэсний гадаад паспорт олгоно.” гэж заасан бөгөөд Гадаад паспорт гэж Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас олгосон иргэний гадаадад зорчих эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлдэг.

 

   Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэж зохих паспортгүй, визгүй буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эсхүл бусдын буюу хуурамч бичиг баримт ашиглах, түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх, байцаан өнгөрүүлэх боомтгүй газраар нууцаар Монгол Улсын хилээр орж ирсэн, гарч явсан, дамжин өнгөрсөн идэвхтэй үйлдлийг хэлнэ.

 

   Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийн улмаас гэмт хэрэг төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

   Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин явахдаа иргэн Н.С ын ...дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг зориуд устгасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “...гадаад паспорт устгасан...” гэж заасан гэмт хэргийн шинжийг,

улмаар шүүгдэгч нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-162 аяллын дугаартай онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсын хилийг нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан шүүгдэгч Г.Б н гэм буруутай үйлдэлд тохирсон, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгч Г.Б н үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн.”, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гадаад паспорт устгасан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, гэж тус тус заасан.

Монгол Улсын иргэн Гадаадад хувийн хэргээ зорчих, цагаачлах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын үндэсний гадаад паспорт нь Монгол Улсын төрийн өмч мөн.” гэж заасны дагуу мөрдөгч Төв аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч С.Мөнхзулыг түүнд тогтоож, эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авахад “ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй.” гэж, мөн тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд “Гадаад паспортыг тухайн иргэн өөрийн биеэр ирээд, үнэ хөлсөө төлөөд, хурууны хээгээ уншуулаад авах ёстой байдаг. Тэгэхээр Н.С  буюу тухайн хүн өөрөө л ирж захиалж авах ёстой. Шүүгдэгч нь өөр хүний паспортоор хил нэвтрээд түүнийгээ устгасан. Хэдийгээр гадаад паспорт нь төрийн өмч ч гэсэн тухайн хүн нь паспортоо нэхэмжлэх эсэх нь тухайн хүний асуудал. Бид хүний өмнөөс нэхэмжлэх эрхгүй.” гэж тус тус мэдүүлэг өгсөн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Улсын яллагчаас: “Шүүгдэгч Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 2.500.000 төгрөгөөр тогтоох.” дүгнэлт гаргасныг,

  Шүүгдэгч Г.Б н өмгөөлөгчөөс “Тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол хор уршиг учраагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруугаа маш их ойлгож, гэмшиж байгаагаа шүүх хуралдаанаар ч бас илэрхийлж байна. Дөнгөж 20 настай хүүхэд. Хэл сурах хүсэл эрмэлзэл байсан боловч талаар болж байх шиг байна. Мөн саяхан эцэг хүн болсон. Эрүүгийн хуулийн зорилго нь эргээд хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийг ялын хамгийн доод хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.450.000 төгрөгөөр тус тус торгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

  Шүүгдэгчээс: “Би торгууль төлөх боломжтой. Сар болгон ажил хийж байгаа, сар болгон төлбөрөө төлөөд явна.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

  Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  шүүгдэгч Г.Б  холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”,

   мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

  Эрүүгийн хуульд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Г.Б н хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар,

  мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх торгох ялыг 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр тогтоов.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн 2202004920616 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-н Бг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-“Гадаад паспортыг устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Г-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгж буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Г-н Бд оногдуулсан 2.500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Г.Б д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6. Эрүүгийн 2202004920616  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ