| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/00150/И |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-12-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: “Т банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Н, В.Н нарт холбогдох
Гэрээний үүрэгт 11 720 077.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч О.Н, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч О.Н, Хамтран зээлдэгч В.Н нар нь Төрийн банктай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 641 тоот зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэн авсан.
Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.
Зээлийн барьцаанд: 5 ханатай гэр, пин, цалин зэргийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч О.Н, Хамтран зээлдэгч В.Н нар нь 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.
Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч зээл төлөх орлого байхгүй гэх шалтгаанаар зээлийг төлөлгүй байсаар өдий хүрсэн. Зээлдэгч О.Н, Хамтран зээлдэгч В.Н нар нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 11 172 025.51 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 545 477.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 574.19 төгрөг нийт төлөх дүн 11 720 077.56 төгрөг байна.” гэжээ.
Хариуцагч О.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Н миний бие Өмнөговь аймаг Ханбогд сумын Төрийн банкинд 12 сая төгрөгийн цалингийн зээл авсан нь үнэн төлөх нь үнэн болно. Энэ хүү мөнгийн өөрийн хүсэлтээр сард хэмжээ заахгүй өөрийн боломжоор сар сард нь хийж байх хүсэлтэй байна. Учир нь нөхөр бид хоёр хоёулаа эрхэлсэн ажилгүй хөдөө малжих зорилгоор айлын мал маллаж байгаа давхар. Өвчтэй өндөр үнэтэй эм хэрэглэдэг хүүхэдтэй байдаг тул их хэмжээгээр төлж чадахгүй байна. Иймд сар болгон боломжоороо хийж байгаад 3 жилийн хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Төрийн банк” ХХК-ийн захиралын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/5391 дугаартай итгэмжлэл, “Төрийн банк” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, “Т банк” ХХК-д гаргасан өргөдөл, хариуцагч О.Н, В.Н нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Барьцаат зээлийн гэрээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Н нь хамтран зээлдэгч В.Н нар нь Төрийн банкны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 641 тоот зээлийн гэрээ байгуулан 12000000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэн авчээ. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцжээ.
О.Н, В.Н нар нь зээлийн төлбөрт 2019 оны 07 сар хүртэл зээлийн төлбөрт нийт 2022561 төгрөг төлсөн байна. 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар О.Н, В.Н нарт зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг 2 удаа, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1 удаа хүргүүлж хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн байна.
О.Н, В.Н нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэдийгээр хариуцагч О.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна, гэхдээ гэрээнд заасан хэмжээгээр биш өөрийн боломжоор зээлийн төлбөрийг хийх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг хүлээн боломжгүй гэж үзэв.
Иймд Төрийн банкны 11 720 077,56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Н, В.Н нараас 11 720 077,56 төгрөгийг гаргуулж Т банкны Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь тооцооны төвд олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 471 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Наас 101 235,5 төгрөгийг, хариуцагч В.Наас 101 235,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА