| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0194/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/216 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Х ,
шүүгдэгч Б.Х , Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б-н Хт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-н М нарт холбогдох эрүүгийн 2334000910101 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, Б овогт Б-н Х,
регистрийн дугаартай гэв.
2.Монгол улсын иргэн, Б овогт Д-н М,
регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Б.Х нь Д.М тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын Хайрхан 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Ахуй үйлчилгээн” дотор иргэн Г.Д тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.М нь Б.Х тай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын Хайрхан 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Ахуй үйлчилгээн” дотор иргэн Г.Д тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Субару форестер маркийн ... улсын дугаартай авто машинаар Г.Д гийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, автомашины урд болон хойд гуфер, зүүн баруун хойд крыло, баруун хойд хаалга зэрэг эд ангиудыг хагалж, устгасны улмаас бусдад 2.017.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Х : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Д.М : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь Д.М тэй бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын Хайрхан 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Ахуй үйлчилгээн” дотор иргэн Г.Д тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.М нь Б.Х тай бүлэглэн бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Төв аймгийн Цээл сумын Талын Хайрхан 2 багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Ахуй үйлчилгээн” дотор иргэн Г.Д тай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Субару форестер маркийн ... улсын дугаартай авто машинаар Г.Д гийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, автомашины урд болон хойд гуфер, зүүн баруун хойд крыло, баруун хойд хаалга зэрэг эд ангиудыг хагалж, устгасны улмаас бусдад 2.017.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг С.Батбаатартай бүлэглэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл баримт тогтоогдсон байна.
Энэ нь эрүүгийн 2334000910101 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Д гийн өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 30 минутын үед Цээл сумын төв рүү орж ирээд эхнэр, хүүхдээ эмнэлэгт үзүүлтэл хатгаа тусах гэж байна гээд шууд хэвтүүлсэн. Тэгээд би хэвтэхэд нь хэрэг болох юмнуудыг нь авах гээд ахуйн үйлчилгээ дотор байх эмийн сан ороод эм асуутал байхгүй гэсэн. Тэгээд буцаад гараад иртэл намайг Өвөрхангайн писдануудыг ална гэхээр нь ахаа мөрөөрөө яваа хүнийг зүгээр явуулаач дээ гэтэл ХААН банкны тийшээ гүйгээд явчихаар нь би машиндаа суугаад соёлын төвийн тийшээ хөдлөөд явж байтал араас нэг улаан машин ирээд мөргөөд, буцаж эргээд урд талаас мөргөөд дахиж эргээд жолооч талын хойд хэсгийг шүргээд нэг тийшээ яваад өгсөн. Тэгээд ахуйн үйлчилгээ дээр ирээд хэн мөргөсөн талаар асуух гэж ороход...намайг нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Тэгээд ахуйн үйлчилгээний үүднээс ахуйн үйлчилгээний хойд талын хаалга хүртэл нүдүүлсээр байгаад ухарсан. Тэгээд намайг үүд хүртэл чирээд нүдээд үүдэн дээр ирэхэд дээлтэй ах нь машиныг нь шатаагаад энгэр бараадуулж хаяна гэж хэлсэн. М гэдэг хүн хуйтай хутга гаргаж ирээд чамайг ингээд дүрнэ шүү гээд үзүүлж байна лээ. Ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан хүмүүс юу болсон талаар мэдэж байгаа. Миний зүүн хөмсгөндөө 1 оёдол тавиулсан. Эрүү, шанаа, дагз, толгой дээгүүр, хамар гээд бие бүхэлдээ хөндүүртэй хавдсан байдалтай байна. Би Тоёота приус 20 маркийн цагаан өнгөтэй 50-26 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшил дээр байдаг 2006 онд үйлдвэрлэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 04-нд Монгол улсад орж ирсэн. Би уг тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 18 сая төгрөгөөр авсан. Миний тээврийн хэрэгслийн ард талын гүперний зүүн талын болон банкны доод талын хэсэг улаан будагаар зурагдаж, хагарсан байгаа. Урд талын гүперний жолооч талын урд хэсэг хагарч цуурсан, кирланы үзүүр хэсэг нь хонхойсон байдалтай, жолооч талын хойд талын хаалга болон кирлантай нь цуг шүргэж, хонхойж, зурагдсан байдалтай байгаа. Би машинаа мөргүүлсний дараа аавын төрсөн дүү Ганболд ахтай хамт ахуй үйлчилгээ орж ахуй үйлчилгээнд байсан хүмүүсээс миний машин мөргөсөн хүмүүсийг мэдэх санаатай ороход улаан машинтай хүмүүс эргээд яваад ирсэн. Тэгээд үгийн зөрүүгүй ахуй үйлчилгээнд орж ирээд намайг зодсон. Ирэхдээ 5-уулаа байсан. Тэгээд намайг зодсон мөн манай ах Ганболдыг зодсон. Мөн ахуйн үйлчилгээнд ажилчид байсан. Би өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо үнэлгээний газраар гаргуулж өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо буруутай этгээдээр гаргуулах болно." гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,
Гэрч О.Г өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн нутагт гэртээ байж байхад Элбэрэлт гэх манай дүү Мийн машиныг хүн мөргөчихлөө гэнэ гээд над руу утсаар ярихаар нь би Амараагийн хамт Цээл сумын талын хайрхан 2 дугаар багийн нутаг ахуй үйлчилгээний гадаа явж ирээд дотогш ортол Өвөрхангайн отрын залуу коридорт нь зогсож байсан. Яасан юу болсон гэж асуухад миний зүүн талын шанаа руу баруун гараа цохчихоод миний толгой эргээд гадаа гарч байгаад буцаад ороод иртэл Өвөрхангай аймгийн залуугийн зүүн талынх нь хөмсөгнөөс цус гарч байсан. Яагаад цус гарчихсан юм гэхэд хаалга мөргөчихсөн гэж хэлсэн. Бас Амараа надад хэлэхдээ М ах бид хоёрыг бас цохьчихлоо гэж хэлсэн. Амараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Би тухайн үйл явдал эхлэхээс өмнө Улаанбаатар хотоос найз маань ирээд бид хоёр 0,5 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж уучихаад байж байсан. Миний толгой өвдөөд байсан болохоор гараад машин дотроо ороод суусан. Удалгүй араас М , Амараа хоёр гарч ирээд гэр лүүгээ явцгаасан. Би Д гэх залууг цохиогүй. Намайг юу болсон талаар асуух гэж ороход нэг цохисон.” гэх мэдүүлэг /хх 20-21/,
Гэрч Ч.Б өгсөн: "...ахуй үйлчилгээ рүү ороход М , Ганбаатар, Хүрэлээ гурав нэг отрын залуутай барьцалдаад авчихсан байж байсан. Хүрэлээ гэх залуу Мийг дэвэргээд М нь хөөрөөд тал талд нь гараад байсан. Хүрэлээ гэх залуу 2-3 удаа цохиж байхыг би харсан. Ганбаатар нь М , Хүрэлээ 2-ыг салгах гээд дунд нь болиоч гээд дунд нь зогсож байгаа харагдсан. Би сайн анзаараагүй. Аль талынх нь хөмсөг гэдгийг мэдэхгүй байна. Нэг талынх нь хөмсөг шалбарчихсан цус гоожиж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Т.Т өгсөн: "Би 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Талын хайрхан 2 дугаар багийн нутаг ахуйн үйлчилгээн дотор оёдлынхоо өрөөнд юм оёод байж байхад манай эсрэг талын Хаалган дахь эмийн сан дотор хүмүүс муудалцаж байгаад шуугилдсан, тэгээд гараад хартал нэг отрын залууг М , Хүрэлээ хоёр нийлээд нүүр амгүй нүдээд байсан. Тэгээд М арай гайгүй болоход Хүрэлээ гэх залуу хэрүүл өдөж Мийг дэвэргээд нийлж нүдээд байсан. Тэгээд ахуй үйлчилгээн дотор байсан Болороотой нийлээд гадаа гарахад бүгдээрээ машиндаа суугаад явцгаасан. Явуулсныхан дараа отрын залуугийн цусыг арчиж өгөөд нэлээн суулгаж байгаад гарцгаасан. М , Ганбаатар хоёр согтуу байсан. Бусад нь согтуу байсан уу эрүүл байсан уу би сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Шүүгдэгч Д.Мийн өгсөн: “2023 оны 01 сарыі 13-ны өдөр би Төв аймгийн Цээл сумын төвд ахуйн үйлчилгээний төв дотор явж байгаад гараад иртэл үл таних залуу ахуйн үйлчилгээний гадна талд зогсож байсан. Тэгэхээр нь би наашир дүү гээд дуудаж авчраад хаанаас явна гээд асуутал чамд ямар хамаатай юм пизда минь гэхээр нь чи муу юу гээд байгаа юм гээд маргалдаж эхэлсэн. Тэгтэл нөгөө залуу машин руугаа яваад өгөхөөр нь би машиндаа суугаад хөдлөхдөө би тухайн үл таних залуугийн урд талаар өөрийн эзэмшлийн Субару Форестер маркийн улаан хүрэн өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй очиж мөргөсөн. Мөргөчхөөд машинтайгаа цаашаа яваад буцаж эргээд ард нь ирээд тормос гишгэтэл гулгаж очоод араас нь мөргөсөн. Тэгээд нөгөө үл таних залуу машинаасаа буугаад ахуйн үйлчилгээ рүү орохоор нь би араас нь яваад ортол миний нүүр хэсэг рүү цохиод унага: сан. Би цохиулаад газар унаад босож ирээд барилцаад автал Х гаднаас сэж ирээд боль гээд нөгөө зүс таних залууг бариад автал Х ыг цохиод унагасан. Тэгтэл Х босож ирээд нөгөө зүс таних залуутай маргалдаж зодолдсон. Тэгээд гадагшаа тараад явцгаасан. Би тухайн залуугийн машиныг нь зогсоох гээд урдуур нь машинтайгаа ороод мөргөсөн. Цаашаа яваад буцаж ирээд ард талд нь зогсох гээд тормос гишгэтэл гулгаж ирээд ахиад мөргөсөн. Тухайн машиныг мөргөхдөө би машин дотроо ганцаараа явж байсан. Тэгээд мөргөчхөөд Амарбаян гэх дүүрүүгээ залгаад яваад ир гэхэд Х , Амарбаян нар ирсэн. Би цаашид хохирлыг төлж барагдуулах болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 63-34/,
Шүүгдэгч Б.Х ын өгсөн: “Би 2023 оны 01 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар багийн нутаг Зүүн дэнж гэх газар Ганбаатар нарын хамт гэртээ 0,5 литрийн Хараа гэх нэртэй архийг уугаад байж байсан. Бас Амараа гэх залуу байсан архи уугаагүй бид хоёрын хажууд байж байтал гадаа М машинтай ирээд ахыг чинь хүн дээрэлхээд зодчихлоо гэж хэлэхээр нь бүгдээрээ ахуй үйлчилгээний төв дээр ирэхэд өндөр, махлаг залуу байсан. Тэр залуугаас юу болоод байгаа юм бэ үүдэнд очоод учраа олцгооё гээд мөрнөөс нь барьтал яагаад байгаа юм бэ гээд гараараа нударсан. Би чи яагаад байгаа юм гэж хэлэхэд миний духан дундуур баруун талын гараараа цохисон. Тэгтэл Амараа, М , Ганбаатар гурав гаднаас орж ирээд үүдэнд очоод учраа олий гээд маргалдаж байтал ахуй үйлчилгээний эгч нар та нар гадаа гарцгаа энд та нарын зодолддог газар биш гэж хэлсэн. Тэгээд ахуй үйлчилгээний үүдэнд очтол М тэр залуугийн дээр нь гарчихсан цохиж байсан. Амараа дундуур орж салгаад бид нар тэгээд явцгаасан. Одоо надад гомдол санал байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Цаашид хохирлыг төлж барагдуулах болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 36-37/,
Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1550 дугаартай шинжээчийн: “1.Г.Д гийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуудас/,
"Хөрөнгө Эстимэйт" ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №12651 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “эзэмшигч Г.Д гийн Тоёота Приус-20 маркийн 50-26 ӨВР улсын дугаартай авто машины үнэлгээгээр тогтоогдсон дүн 2,017,000." гэх тайлан /хх-ийн 50-51 хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Х , Д.М нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч маргадаггүй бөгөөд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, хэргийн зүйчлэлийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэргийн материалд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х , Д.Х нар нь бүлэглэн хохирогч Г.Д тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
Мөн шүүгдэгч Д.Х нь Субару форестер маркийн ... улсын дугаартай авто машинаар хохирогч Г.Д гийн Тоёота Приү-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тээврийн хэрэгсэлд “автомашины урд болон хойд гуфер, зүүн баруун хойд крыло, баруун хойд хаалга зэрэг эд ангиудыг хагалж, устгасны улмаас 2.017.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Х , Д.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, хохирол хор уршгийг зориуд хүргэсэн байна.
Шүүгдэгч Б.Х ыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Мийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.Х , Д.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Д гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, түүний эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.017.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хавтаст хэргийн 83, 84, 125 дугаартай талд авагдсан хохирлын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон 2.017.000 төгрөг, үнэлгээ гаргуулсан 110.000 төгрөг, үзлэг хийлгэсэн 30.000 төгрөг, авто машин засварын 60.000 төгрөг, бензиний зардал 503.400 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 169.600 төгрөг, нийт-2.895.000 төгрөгийн хохирлыг хохирогч Г.Д д төлсөн, хохирогчоос тус шүүхэд “2.890.000 төгрөг авсан гомдол саналгүй.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, хохирлоо авсан талаар шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаар ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээр тогтоох,
Шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрээр тогтоох“ дүгнэлт гаргасныг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Х : “Шүүхээс ял эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо бүрэн төлсөн, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж өгнө үү. Өнөөдрийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нар биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь байгаль цаг уурын байдал, отор нүүдэл хийх зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.Х , Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Х нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /хх 87/, шүүгдэгч Д.М нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй /хх 88/ болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсуудаар тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Х , Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар,
шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Х т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.Х т оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Мөн шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч болно гэж заасан бөгөөд
шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелэгдэх хүртэл хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн 2334000910101 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х , Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б-н Хыг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Д-нМийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б овогт Б-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч Б овогт Д-нМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Х т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хугацаанд, шүүгдэгч Б.Х т оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Х , Д.М нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлэх 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлэх 2 /хоёр/ жилийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х , Д.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
8.Эрүүгийн 2334000910101 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х , Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х , Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ